| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0379/и |
| Дугаар | 421 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 421
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 11 сарын 28 Дугаар 421 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХААН банкны Сүхбаатар салбарын харьяа Баруун-Урт тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 2-2 тоотод оршин суух С.Ууганбаяр, Д.Оюунтунгалаг нарт холбогдох,
зээлийн гэрээний үүргийн биелэлт 54202725.16 төгрөгийг барьцааны эд хөрөнгөөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Алтантуяа, хариуцагч С.Ууганбаяр, Д.Оюунтунгалаг нар оролцов.
Нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбарын харьяа Баруун-Урт тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжэгчийн төлөөлөгч Х.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХААН банкны тус салбараас Содномдаржаа овогтой Ууганбаяр, Дугарсүрэн овогтой Оюунтунгалаг нар нь 2015.01.21-ний өдөр 50,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийг авснаас хойш үндсэн төлбөрөөс 91482,97 төгрөг зээлийн хүүнд 13.938.663.58 төгрөг, ашиглаагүй зээлийн хүүнд 1701.11 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд -0 төгрөг нийт 14 031 847,66 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгчийн зээлийн гэрээний хугацаа 2016.07.20-ны өдөр дуусч хугацаа хэтэрсэн. 2016.11.21-ний байдлаар зээлийн үндсэн төлбөрт 49.908.517.03 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 3.644.554.96 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд 649.653.17 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 54202725,16 төгрөгийг барьцааны гэрээний зүйлийг зарж борлуулж хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. Ууганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус салбараас 2015.01.21-ний өдөр 50.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Би зээлийг авснаас хойш үндсэн төлбөрөөс 91.482.97 төгрөг зээлийн хүүнд 13.938.663.58 төгрөг, коммитмент хүүнд 1701.11 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд -0 төгрөг нийт 14 031 847,66 төгрөгийг төлсөн. ХААН банкнаас арав гаруй жил зээл авч ХААН банкны найдвартай харилцагч болсон тул надад эргэлтийн хөрөнгийн шугамын зээл олгосон. Зээл авахдаа гэр бүлийн хүн Д.Оюунтунгалагтай хамтран үүрэг гүйцэтгэгчээр хамтран зээл авч, өрхийн хэрэглээ, ахуй амьжиргаандаа хэрэглэж байсан тул нэхэмжлэлээс 34.000.000 төгрөгийг би өөрөө төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдлийг нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Оюунтунгалагаар төлүүлөх хүсэлтэй байна. Учир нь би банкнаас авсан зээлээ өөрөө хариуцаад төлж ирсэн. Гэтэл эхнэр Оюунтунгалаг 4 настай охиноо надад үлдээгээд, надаас тусдаа өөр хүнтэй амьдрах болсон нь намайг сэтгэл санааны дарамтад оруулсан. Мөн хямралын байдал нөлөөлснөөс бизнес алдагдалтай болсон. Тэгээд ч би зээлийн 50.000.000 төгрөгнөөс өмнөх зээлэндээ 20.000.000-30.000.000 төгрөгийг нь өгсөн. Оюунтунгалагт эмчилгээнд явахад нь 1000.000 төгрөг өгсөн, хамтын амьдралдаа зарцуулж байсан.Нэхэмжлэлийн шаардлага 54202725,16 төгрөгийн тухайд маргах зүйлгүй. Банк барьцааны хөрөнгөөр зээлийг төлүүлнэ гэж байна. Би 4 настай хүүхэдтэйгээ тэр байранд амьдарч байгаа. Бид хоёр гудамжинд гаралтай нь биш. Банк надад дахин боломж олгоно гэдэгт итгэж байна. Би 16 наснаасаа эхлэн арьс нэхий, түүхий эдийн бизнес хийж ирсэн. Энэ наймаандаа гаршсан. Урьд нь ХААН банкнаас зээл авч өгч байсан, итгэлийг нь олсон зээлдэгч байсан. Нэхэмжлэлээс 34.000.000 төгрөгийг би өөрөө төлөхийг зөвшөөрч байна. Үлдэгдлийг нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр төлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д.Оюунтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Ууганбаярын хамт 2015.01.21-ний өдөр тус салбараас 50.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, үл хөдлөх хөрөнгө болох хувийн хашаа байшин, газар, автомашинаа барьцаалж, зээл авсан ба миний бие нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан болохоос биш би энэхүү зээлээс нэг ч төгрөг аваагүй, ашиглаж зарцуулаагүй. Нөхөр Ууганбаяр нь надтай амьдарч байх хугацаандаа наймаа хийхээр зээл авдаг байсан ба авсан зээлээ өөрөө л захиран зарцуулж, чамд хамаагүй би төлнө гэдэг байсан, төлж ч байсан. Ууганбаяр энэ зээлийг авахдаа би чамаар нэг ч төгрөг төлүүлэхгүй гэж байнга шалж дарамталж байгаад гарын үсэг зуруулчихаад одоо болохоор тодорхой хувийг нь төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид тусдаа амьдраад 10 сар болж байна. Энэ зээлийг аваад 10 гаруй хоноод тусдаа амьдарсан. Зээлээс нэг ч төгрөг авч яваагүй. Барьцааны хашаа байшин хөрөнгө бол бидний хамтын амьдарлын явцад бий болсон хөрөнгө. Гэхдээ миний нэр байдаггүй. Би одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй тул нэхэмжилсэн мөнгийг төлөх боломжгүй. Барьцаа хөрөнгөөр төлүүлэхэд татгалзах зүйлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар аймаг дахь салбарын харьяа Баруун-Урт тооцооны төв нь хариуцагч С.Ууганбаяр, Д.Оюунтунгалаг нараас 2015 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн 76/15 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн үүргийн гүйцэтгэл 54202725,16 төгрөгийг барьцааны гэрээний Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 4 дүгээр баг Төмөртэйн 2-2 тоот хувийн 2 давхар орон сууц, 128мкв талбайтай Ү-1213002190, ГД-000166213-тай, эзэмших эрхтэй газар нэгж талбарын дугаар №1213001396 ГД-000104017 тоот дугаартай газар, суудлын машин Тoyota-Carina 83-83СҮА улсын дугаартай, телевизор 42 инч 1ш, хөргөгч 2 хаалгатай 1ш, буйдан 3 хос 1ш, ханын стенк 1ш, бараа материал 5000.000 төгрөгийн эд зүйл зэрэг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Нэхэмжлэгч ХААН банкны Сүхбаатар салбар нь хариуцагч С.Ууганбаяр, Д.Оюунтунгалаг нарт холбогдуулан 2015 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн 76/15 тоот зээлийн болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн төлбөрт 49908517,03 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 3.433.285.8 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд 609075.14 төгрөг нийт 53.950.877.97 төгрөгийн зээлийн төлбөр нэхэмжилснээ 2016.11.21-ний байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээлийн төлбөрт 49908517,03 төгрөг, үндсэн зээлийн хүүнд , 3.644.554.96 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд 649.653,17 төгрөг нийт 54.202.725.16 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч С.Ууганбаяр, Д.Оюунтунгалаг нар нь бизнесийн зориулалтаар 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 76/15 тоот зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Хаан банкны салбараас зээлсэн байна. Зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчтэй адил үүрэг гүйцэтгэж эрсдэлийг хамтран хариуцахаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэр бүлийн хүн Д.Оюунтунгалаг нь гарын үсгээ зээлийн гэрээнд зурж, зээлдүүлэгч ХААН банк нь зээлийн гэрээний зүйл болох 50.000.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шижүүлэх үүргээ биелүүлсэн, нэхэмжилсэн үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний 54202725,16 төгрөгийн тооцооллын талаар талууд маргаагүй болно.
Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээнд заасан “зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Зээлийн төлбөрийг хамтран хариуцах талаар хариуцагч Д.Оюунтунгалаг зээлээс нэг ч төгрөг гардаж аваагүй, захиран зарцуулаагүй тул төлөхгүй гэж, зээлдэгч С.Ууганбаяр бид хөрөнгөө барьцаалж зээл авч амьдрал ахуйдаа зарцуулж төлж чадахгүй байгаа тул хамтран хариуцах учиртай, би 34000000 төгрөгийг төлнө, үлдсэнийг нь төлөхгүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч С.Ууганбаяр нь 2015 оны 01 сарын 21-ний өдөр авсан 50.000.000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрөөс 91482,97 төгрөг зээлийн хүүнд 13938663,58 төгрөг, коммитмент хүүнд 1701,11 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд -0 нийт 14 031 847,66 төгрөгийг төлсөн үндсэн зээлийн төлөлтийг зохих ёсоор төлөөгүй, зээлийн үндсэн хүүг 6 сараас хойш төлөөгүй, дутуу төлөлттэй байсан нь нотлогдож байх тул үндсэн зээлд 49908517,03 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 3644554,96 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүүнд 649653,17 төгрөг нийт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 54202725,16 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж тооцох үндэслэлтэй байна.
76/15 тоот зээлийн гэрээний хугацааг талууд 18 сар гэж тогтоосон, зээлийн гэрээний хугацаа 2016.07.20-ны өдөр дуусгавар болсон боловч зээлийн гэрээний 3.3.6-д зааснаар зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон энэ талаар зохигчид маргаагүй тул зээлийн гэрээний хугацаа дууссан гэж үзэж зээлийн үндсэн хүүг зогсоох үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.
Зээлдэгч 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 76/15 тоот барьцааны гэрээний 1.5-д зааснаар барьцаагаар хангагдах үндсэн шаардлага нь талуудын хооронд байгуулсан 76/15 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 50 000 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хангахаар үүрэг хүлээсэн энэхүү гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэлийн хангагдсан дүн болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 54202725,16 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, барьцааны гэрээний зүйл Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 2-2 тоот хувийн 2 давхар орон сууц, 128м.кв талбайтай Ү-1213002190, ГД-000166213-тай, эзэмших эрхтэй газар нэгж талбарын дугаар №1213001396 ГД-000104017 тоот дугаартай, газрыг дуудлага худалдаагаар, суудлын машин Тoyota-Carina 83-83СҮА улсын дугаартай, телевизор 42 инч 1ш, хөргөгч 2 хаалгатай 1ш, буйдан 3 хос 1ш, ханын стенк 1ш, бараа материал 5000.000 төгрөгийн эд зүйл зэрэг барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ХААН банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435954 төгрөгийг улсын улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкинд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453.1-д зааснаар хариуцагч С.Ууганбаяраас 34000.000 /гучин дөрвөн сая/ төгрөг, хариуцагч Д.Оюунтунгалагаас 20202725,16 /хорин сая хоёр зуун хоёр мянга долоон зуун хорин таван төгрөг арван зургаан мөнгө/-ийг тус тус гаргуулж Сүхбаатар аймгийн ХААН банкны харьяа Баруун-Урт тооцооны төвд олгосугай.
2. Иргэний хуулийн 163, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар 76/15 тоот барьцааны гэрээний зүйл болсон Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 4 дүгээр баг Төмөртэйн 2-2 тоот хувийн 2 давхар орон сууц, 128мкв талбайтай УБД-1213002190, ГД-000166213-эрхийн улсын бүртгэлтэй, эзэмших эрхтэй газар №1213001396 ГД-000104017 тоот дугаартай, хувийн орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулсан суудлын машин Тoyota-Carina 83-83СҮА улсын дугаартай, телевизор 42 инч 1ш, хөргөгч 2 хаалгатай 1ш, буйдан 3 хос 1ш, ханын стенк 1ш, бараа материал 5000.000 төгрөгийн эд зүйл зэргийг худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангуулах учрыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дзаасныг баримтлан нэхэмжлэгч ХААН банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 435954 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ууганбаяраас 270291,48 /хоёр зуун далан мянга хоёр зуун ерэн нэгэн төгрөг дөчин найман мөнгийг/, хариуцагч Д.Оюунтунгалагаас 165662,52 /нэг зуун жаран таван мянга зургаан зуун жаран хоёр төгрөг тавин хоёр мөнгийг/ тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-тзааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА