| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0557/Э |
| Дугаар | 880 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 880
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ҮД:1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Оөд холбогдох 1908 01311 0556 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Гацуурт өргөө ХХК-нд ковшийн оператор ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хангайн ... дугаар гудамжны ... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бгийн О /РД: .../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны арын замд тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа “эгнээ шахлаа” гэх шалтгаанаар иргэн Х.Бтэй маргалдан Х.Бийг автомашины толь болон хаалганаас гараараа зүүгдсэн байхад нь автомашинаар чирч унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад 18 цаг 45 минутын үед УБД улсын дугаартай Тоёота Витц маркийн машинтай 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын зам дээр явж байхад мөнгөлөг саарал өнгийн Верна Аксент маркийн автомашин намайг шахаад яваад байсан, тэгээд түгжрээд зогссон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад чи хүний машин мөргөлөө ш дээ гээд тэр хүнтэй маргалдсан. Тэгтэл тэр жолооч залуу бууж ирээд миний машины урд гуфер, улсын дугаар руу өшиглөж унагаасан.Тэгэхээр нь би” чи хүний эд хөрөнгө эвдчихлээ, төлж өг” гэхэд намайг заамдаж аваад хүзүү маажсан. Тэгээд тэр залуу энийг чинь боогоод өгье гэж хэлээд овтерка авна гээд машин руугаа явсан. Би тэр залуугийн хамт машин дээр нь яваад очтол тэр залуу машиндаа суугаад хаазлаад байсан. Чи машины улсын дугаар боож өгнө гэсэн яасан гэхэд тэр залуу машиныхаа хаалгыг түгжээд онгойлгохгүй байсан. Би түүнийг явуулахгүй гээд зүүн гараараа тольноос нь, баруун гараараа хаалганы бариулаас барьтал тэр залуу огцом хаазлаад хөдөлсөн. Би чирэгдээд 10 орчим метр газар яваад газар унасан...тэр залуугийн машинд чирэгдсэнээс болж би асфальтан зам дээр унаж миний нүүрний хэсэг, хамар, хацар, дух, эрүү, уруулын дээд хэсэгт дотор гадар хэсэгт хэгзэрсэн. 2 хөлийн өвдөг халцарч, шалбарсан, мөн 2 гарын сарвууны ар болон алга хэсэгт шалбарч хөхөрсөн. Тархи доргиж нэг хэсэг ухаан алдсан...312.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 12х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2850 дүгнэлтэд: “...Х.Бийн биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, зүүн алганд цус хуралт, хоёр сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 20х/,
Ашид Билгүүн ХХК-ийн автомашинд техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32х/,
Хохирогч Х.Бийн эмчилгээнд зарцуулсан гэх 183900 төгрөгийн баримтууд /хх-ийн 33х/,
Шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед байх би өөрийн Аксент Верна маркийн автомашинтайгаа Сонгинохайрхан дүүрэгт Ханын материалаас Баянзүрх дүүрэг орох гээд 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын замд явж байтал мөнгөлөг өнгөтэй жижиг тэрэг орж ирээд миний машиныг шахаж ирж зогсоод дотроос нь нэг эмэгтэй бууж над дээр ирээд “чи яаж яваад байгаа юм бэ” гээд загнаад хаалга онгойлгож савчхаад явсан. Би түүний араас очоод та өөрөө яаж яваад байгаа юм гэхэд өмнөөс чичрээд дайрч ирээд нүүр рүү гараараа нэг цохисон. Бид хоёр тэгээд хэрэлдээд салсан. Би тэгээд машиндаа очоод суутал тэр эгч ирээд миний машины жолооч талын арын хаалгыг 2 удаа өшиглөсөн. Би тэгэхээр нь таны машиныг ингэвэл ямар байна гээд урд гуферийг нь өшиглөсөн чинь номер нь унаад өгсөн. Би тэгээд тэр эгчийн номерыг нь тогтоож өгөх гэтэл элдэв янзаар хараагаад доромжлоод байхаар нь дургүй хүрээд машиндаа очоод суусан. Тэгээд тэр эгч хэрэлдээд байхаар нь цонхоо хаачихсан. Тэр эгч тольноос бариад явуулахгүй гэж байсан. Би тэгэхээр нь зөөлөн хөдлөөд яваад өгсөн. Тэр эгч толь хуга татаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
Шүүгдэгч Б.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38х/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/,
Хохирогч Х.Бээс гаргасан эвлэрлийн гэрээ /хх-ийн 61х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны арын замд тээврийн хэрэгсэл жолоодож явж байхдаа “эгнээ шахлаа” гэх шалтгаанаар иргэн Х.Бтэй маргалдан түүнийг автомашины толь болон хаалганаас гараараа зүүгдсэн байхад нь автомашинаар чирч унаган хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь:
Хохирогч Х.Бийн “...Би түүнийг явуулахгүй гээд зүүн гараа толиноос нь, баруун гараараа хаалганы бариулаас нь барьтал тэр залуу огцом хаазлаад хөдөлсөн ба би чирэгдээд 10 орчим метр газар яваад газар унасан. ...Машинд чирэгдсэнээс болж би асфальтан зам дээр унаж миний нүүрний хэсэг хамар, хацар, дух, эрүү, уруулын дээд хэсэгт дотор гадар хэсэгт хэгзэрсэн, 2 хөлийн өвдөг халцарч, шалбарсан, мөн 2 гарын сарвууны ар болон алга хэсэгт шалбарч хөхөрсөн. Тархи доргиж, тухайн үед ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2850 дугаар “... “...Х.Бийн биед тархи доргилт, нүүрэнд зулгаралт, цус хуралт, дээд уруулын салстад язрал, цус хуралт, зүүн алганд цус хуралт, хоёр сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20х/ зэргээр хангалттай нотлогдсон байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт би гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа гэх боловч тэрбээр хэргийн үйл баримтын талаар маргаж “...тэр эгч миний машины толиноос бариад явуулахгүй гээд байсан ба би зөөлөн хөдлөөд яваад өгсөн. Тэр эгч толь хуга татаад үлдсэн. Тэр эгчийг чирэгдэж газар унасныг мэдээгүй, хараагүй. Би яарч явж байсан...” гэж мэдүүлсэн /хх-ийн 28-29х, шүүх хуралдааны тэмдэглэл/ болно.
Шүүгдэгч Б.Оийн энэхүү байдлыг гэм буруу дээр маргасан гэж үзэх үндэстэй ба түүний дээрх мэдүүлэг нь хохирогч Х.Бийн “...Би түүнийг явуулахгүй гээд зүүн гараа толиноос нь, баруун гараараа хаалганы бариулаас нь барьтал тэр залуу огцом хаазлаад хөдөлсөн ба би чирэгдээд 10 орчим метр газар яваад газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/-ээр, мөн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хохирогчид учирсан гэмтлүүдийг тодорхойлсон үйл баримт зэргээр үгүйсгэгдсэн болно.
Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч нь хохирогчийг өөрийнхөө жолоодож явсан автомашины жолооч талын хаалганы бариул болон толиноос барьсан байхыг мэдсээр байж автомашинаа хөдөлгөж явсан, зогсоох арга хэмжээ аваагүйгээс хохирогч нь чирэгдэж унан гэмтэл авсан байх тул шүүгдэгч Б.Оийг хохирогчийн эрүүл мэндэд /аливаа хэлбэрээр/ халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй, уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэв.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, автомашинд нь гэмтэл учирсан, хохирогч Х.Б нь 312,000 төгрөгийг Б.Оөөс нэхэмжилснийг тэрбээр төлж барагдуулсан баримттай /хх-ийн 7-8х/, мөн хохирогчийн “...миний бие гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 61х/ зэрэг баримтууд тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оөд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгч Б.О нь ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой, өндөр настай эцгээ асардаг зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Оийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан байдал, Б.О нь “Гацуурт өргөө” ХХК-нд ажилладаг, цалин хөлс, тодорхой орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Оөд 900 нэгж буюу 900.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бгийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 900 /есөн зуу/ нэгж буюу 900000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оөд оногдуулсан 900 нэгж буюу 900000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ