| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0394/и |
| Дугаар | 435 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 435
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 12 сарын 02 Дугаар 435 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1-р баг, Сэргэлэн Халгайтын 4-1 тоотод оршин суух Орлойн алиа овогт Гаваагийн Ганболдын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганболд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оны 10-р сарын 30-аас 1988 оны 06-р сарын 15-ыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа юм. Нийгмийн даатгалын хэлтэс нь дээр дурдсан ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Иймд миний 1982 оны 10-р сарын 30-аас 1988 оны 06-р сарын 15-ыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Орлойн алиа овогт Гаваагийн Ганболд нь 1982 оны 10-р сарын 30-аас 1988 оны 06-р сарын 15-ыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1982 оны 10-р сарын 30-ны өдрийн 83 тоот тушаалын хуулбар /Г.Ганболдыг Түвшинширээ, Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ахлах нябогийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай/, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1983 оны 07-р сарын 15-ны өдрийн 23 тоот тушаалын хуулбар /Г.Ганболдод ээлжийн амралт олгосон тухай/, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 11-р сарын 01-ний өдрийн 27 тоот тушаалын хуулбар /Г.Ганболдод ажлын 26 хоногоор тооцож ээлжийн амралт олгосон тухай/, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1986 оны 12-р сарын 27-ны өдрийн 43 тоот тушаалын хуулбар / ажилд томилсон болон ээлжийн амралттай хүмүүсийн цалин хөлсийг тооцож олгохыг нябо Ганболдод зөвшөөрсөн тухай/, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 07-р сарын 27-ны өдрийн 1/19 тоот тушаалын хуулбар //ээлжийн амралт амарч байгаа хүмүүсийн цалин хөлсийг бодож, тооцон олгохыг нябо Ганболдод зөвшөөрсөн тухай/, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 10-р сарын 05-ны өдрийн 24 тоот тушаалын хуулбар /ахлах нягтлан бодогч Г.Ганболдод ажлын 26 хоногоор тооцож ээлжийн амралт олгосон тухай/, гэрч Л.Ичинхоролын шүүхэд өгсөн: Би 1984 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумыг төгсөж ирээд Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн Удирдах газрын даргын тушаалаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар томилогдон очсон. Намайг томилогдон очиход Г.Ганболд ах Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би тус ангид эдийн засагчаар ажиллаж байгаад 1988 оны 04-р сард эдийн засгийн мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курст яваад 1988 оны 06-р сард ирэхэд ангийн худалдаа бэлтгэлийн анги шатсан байсан. Юунаас болж шатсан шалтгаан нөхцлийг тодруулахаар Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн Удирдах газрын удирдлага болон цагдаагийн хэлтсээс хүмүүс очиж шалгаж, Г.Ганболд ах ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Тухайн асуудал нь шийдвэрлэгдэж Ганболд ах сумын нийгмийн даатгалын улсын байцаагч, нягтлан бодогч, төрийн сангийн захирагчаар ажиллаж байгаад 2015 онд тэтгэвэртээ гарсан. Г.Ганболд ахтай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1984-2005 онуудад Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, барааны мэргэжилтэн гэх мэт ажлуудыг хийж байсан гэх мэдүүлэг, гэрч Н.Лхагважамцын шүүхэд өгсөн: “Намайг 1983 онд анх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид өдрийн ажилтан, манаачаар ажилд ороход Г.Ганболд нь тус ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би 1986 онд тус сумын Худалдаа бэлтгэлийн ангиас гарч нэгдэл рүү өөр ажилд орж байсан. Г.Ганболд нь 1988 онд ажлаас чөлөөлөгдөж байсан. Би 1983-1986 онуудад Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид өдрийн ажилтан, 1986-2000 он хүртэл Түвшинширээ сумын “Мөнх-Манлай” нэгдэлд тракторчноор ажиллаж байсан. Г.Ганболдтой хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Орлойн алиа овогт Гаваагийн Ганболд нь 1982 оны 10-р сарын 30-аас 1988 оны 06-р сарын 15-ыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Г.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Орлойн алиа овогт Гаваагийн Ганболд нь 1982 оны 10-р сарын 30-аас 1988 оны 06-р сарын 15-ыг дуустал Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА