Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 113/ШШ2018/0003

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: ГСА-ийн АН

Хариуцагч: ГСА-ийн  З

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны А/68 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ГСА-ийн АН дарга Д.С, хариуцагч ГСА-ийн З дарга  П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ардчилсан нам нь Монгол улсын нийт ард иргэдийн өмнө тулгамдсан татварын нэмэгдэл, хорт утааны асуудал, Үндсэн хууль өөрчлөх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гурван асуудлыг тусгаж, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол улсын Их хурлын дарга М.Энхболд нарт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1/10 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн.

Шаардлагын хариуг ирүүлээгүй, тулгаж ирүүлсэн ч биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байх тул шаардлага биелүүлээгүй, амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, улмаар Улсын их хурлыг тарааж, эрх барих улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан тайван жагсаал, цуглааныг Ардчилсан намаас хийж буйг Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид дэмжиж уг жагсаал, цуглааныг орон нутагтаа зохион байгуулах тухай Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэвч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга хууль бус үндэслэлээр “Цуглаан хийх тухай мэдэгдэл”-ийг бүртгэхээс татгалзсан.    

Иймд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/68 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргаас 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 03 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад хандан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр  аймгийн Тамгын газрын баруун талд цуглаан зохион байгуулах талаар мэдэгдсэн байдаг.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу бүртгэхээс татгалзсан. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно.” гэж заасны дагуу аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшиг тохиолдоогүй боловч Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг шат дараатай зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 11.3-т заасан албан тушаалтан холбогдох шийдвэрийн дагуу өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ” гэсний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/12 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж, төрийн болон орон нутгийн байгууллагууд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байх тул гамшиг тохиолдсонтой адилтган үзэж цуглаан хийх хүсэлтээс татгалзсан болно.

Иймд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд цуглаан зохион байгуулах боломжгүй, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч ГСА-ийн АН-ын дарга Д.С, хариуцагч тус аймгийн Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ГСА-ийн АН-ын дарга Д.С, нь тус аймгийн Сүмбэр сумын Засаг даргад “Цуглаан зохион байгуулах тухай” мэдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд тус тус гаргасан байх бөгөөд уг хүсэлтийн хариуг Сүмбэр сумын Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/68 дугаар албан бичгээр “Сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарч, аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/12 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа тул нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна” гэсэн хариу өгсөн байна.

Тус аймгийн Ардчилсан намын дарга Д.С “...амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, улмаар Улсын Их Хурлыг тарааж, эрх баригч улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан тайван жагсаал, цуглааныг Ардчилсан намаас хийж буйг Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид дэмжиж уг жагсаал, цуглааныг орон нутагтаа зохион байгуулах тухай 2018 оны 03 дугаар мэдэгдлийг тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Гэвч Сүмбэр сумын Засаг дарга хууль бус үндэслэлээр тус мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд хязгаарлалт, хорио цээр тогтоосон үед жагсаал, цуглаан хийхийг хориглосон ямар нэгэн заалт байхгүй байна” гэж;

Хариуцагч Сүмбэр сумын Засаг дарга “...Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 3-т заасны дагуу бүртгэхээс татгалзсан. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 3-т зааснаар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшиг тохиолдоогүй боловч Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/12 дугаар захирамжаар Гамшгаас хамгаалах өнөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж, төрийн болон орон нутгийн байгууллагууд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байх тул гамшиг тохиолдсонтой адилтган үзэж цуглаан хийх хүсэлтийг татгалзсан” хэмээн маргаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэсний дагуу Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг хууль тогтоогчоос баталж, уг хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг “цуглаан” гэж тодорхойлжээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйл. Жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох, мөн зүйлийн 3-т “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “гамшиг гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан хохирол учрахыг; мөн хуулийн 4.1.2-т “аюулт үзэгдэл гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг” ойлгоно гэж заажээ.

Мөн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “гоц халдварт өвчин гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнийг ойлгоно” гэж заасан байх бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/93 дугаар тушаалын хавсралт “Мал, амьтны шүлхий өвчинтэй тэмцэх заавар”-ын 1-д “Шүлхий нь ....зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гоц халдварт өвчин юм” гэж тодорхойлжээ. 

Дээрх хуулиуд болон тушаалд зааснаар Говьсүмбэр аймгийн “Мухрын ам”, “Мөнгөний хонхор” хэмээх газарт гарсан малын гоц халдварт шүлхий өвчнийг “аюулт үзэгдэл” гэж үзэхээр байх бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох заалтад хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч тус аймгийн Ардчилсан намын даргын “Цуглаан зохион байгуулах тухай” мэдэгдэлд “...тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр аймгийн Тамгын газрын баруун талд... цуглаан зохон байгуулах...” гэсэн байх бөгөөд уг цуглаан зохион байгуулж байгаа газар нь малын гоц халдварт шүлхий өвчин гарсан газар/халдварын голомтын бүс, сэжигтэй бүс/-т хамаарахгүй эрүүл бүсэд хамаарч байгаа нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймээс Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/12 дугаар “Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай” захирамж гарсан тул нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжгүй гэж үзэн татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нэхэмжлэгч тус аймгийн Ардчилсан намын даргын цуглаан бүртгүүлэх хүсэлтийг хууль бусаар татгалзсан нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын даргын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/68 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн жагсаал цуглаан хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг хариуцагч Сүмбэр сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ