Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ДШМ/052

 

С.Мд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 437 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар эсэргүүцлээр С.Мд холбогдох эрүүгийн 1714000500049 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сийн М, , эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

С.М нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: С.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрч, тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байхад прокурор хүсэлтийг шийдвэрлээгүй, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид ял оногдуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн бол прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулаагүй, яллагдагч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөвшөөрөөгүй байхад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Прокурорын саналыг танилцуулсныг яллагдагч өөрт нь оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд холбогдогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт гэх зэрэг хураангуйлсан байдлаар тусгаж байгаа нь ойлгомжгүй. Уг хэрэгт хэний юу гэж мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэг болсон болохыг нотлож байгаа нь тодорхой бус байгааг цаашид залруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-ээс 17.5 дугаар зүйлүүдэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байх бөгөөд С.Мд холбогдох хэрэгт уг хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.  

Улсын яллагч ******* 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар   эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал хэрхэн яаж шийдвэрлэх талаар заасан бөгөөд энэ хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доогуур хорих ял оногдуулж болох хэрэгт холбогдсон яллагдагчаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан заалт гэж ойлгогдож байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан хэргүүдэд яллагдагчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. С.Мд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт заасан хэрэгт хамаарагдаж байх бөгөөд яллагдагч С.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, шүүх хуралдаанд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг ойлгож байгаа, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, прокурорын сонсгож байгаа ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулах нөхцөл журам, хуралдаанаар хянан шийдвэрлэх асуудал, гаргах шийдвэрийг зааж өгсөн байхад дээрх заалт, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Иса нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг яллагдагч С.Мд танилцуулсны үндсэн дээр С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Б.Гтэй сайн дураараа эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Хэрвээ мөрдөгч нь яллагдагч С.Мд оногдуулах ял болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх талаархи журмыг танилцуулаагүй байсан бол яллагдагч С.М нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргахгүй байсан байх гэж үзэж байна.

Иймээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид ял оногдуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй гэсэн захирамжийн заалт нь үндэслэлгүй байна.

Прокуророос С.Мд холбогдох хэрэгт 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 134 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллах дүгнэлтэнд дэлгэрэнгүй бичиж яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулж, яллах дүгнэлтийн 1 хувийг гардуулан өгсөн байхад шүүгч захирамждаа энэ талаар танилцуулаагүй гэж заасан нь мөн үндэслэлгүй байна.

Яллагдагч С.Мд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний талаархи саналыг прокуророос бичиж яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулсан байхад яллагдагч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөвшөөрөөгүй байхад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу гэж дүгнэсэн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Мөн Прокурорын яллах дүгнэлтэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд холбогдогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэрэг хураангуйлсан байдлаар тусгаж байгаа нь ойлгомжгүй. Уг хэрэгт хэний юу гэж мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан болохыг нотлож байгаа нь тодорхой бус байгааг цаашид залруулах гэсэн заалт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаархи саналыг шүүхэд гаргаж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэх яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож байгаа учраас холбогдогч, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтийг нэг бүрчлэн яллах дүгнэлтэд бичих шаардлагагүй гэж үзэж байна. Ялангуяа хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа хэргийн тухайд прокурорын яллах дүгнэлтэд нотлох баримтуудыг ойлгомжтой, товч тодорхой бичих нь түргэн шуурхай байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн заалт нь үндэслэлгүй. С.Мд холбогдох хэргийн тухайд хэргийн холбогдогч С.М. хохирогч Б.Г нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн газарт гаргасныг мөрдөгч, дэслэгч цолтой Б.Иса хүлээн авч хүсэлтийг хангах тухай тогтоол гаргаж, тэдний хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагч С.Мд ял оногдуулах тухай болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг Прокурор, мөрдөгч нараас танилцуулсны үндсэн дээр тухайн хэргийн яллагдагч С.М, хохирогч Б.Г нар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно. Иймээс энэ талаар бичсэн шүүгчийн захирамжийн заалт нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харъяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүхий хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж заасан байхад хавтас хэргийн 53 дугаар талд авагдсан “Прокурорын яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулсан тэмдэглэл”-д яллагдагч С.Мд 2017 оны 9 дүгээр сарын хэдний өдрийн хэд дугаартай яллах дүгнэлтийг гардуулсан нь тодорхойгүй байх тул прокуророос хуульд заасан журмын дагуу яллах дүгнэлтийг гардуулсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд С.Мд холбогдох хэргийг прокурорт буцааж магадлалд заасан алдаа зөрчлийг арилгуулах нь зүйтэй гэж үзэв.  

Дээр дурдсан алдаа зөрчлийг прокуророос гаргасан байхад анхан шатны шүүхээс уг байдлыг анхааран үзэлгүйгээр хэргийг өөр үндэслэлээр буцаасан байх тул шүүгчийн захирамжид энэ магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийн дагуу хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр бус прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөр үндэслэлээр зөрчсөн гэж хэргийг прокурорт буцааж байгаа тул энэ удаагийн шүүх хуралдаанаар улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 26 тоот эсэргүүцлийг хэлэлцээгүй болохыг дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 437 дугаар шүүгчийн захирамжид энэ магадлалд үндэслэлээр өөрчлөлт оруулсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА    

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

       Н.ЭНХМАА