| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1281/Э |
| Дугаар | 0012 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 0012
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Н.Одгэрэл /ҮД-2794/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П овогт Сгийн Эд холбогдох 1908047181625 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Рашаант, ... дугаар баг, Улаан шивээт, ... гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Яргайтын ... дугаар байр, ... тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, П овогт Сгийн Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555” зочид буудлын үүдний өрөөнд иргэн Н.Уыг “зочид буудалд цуг хоноё, гар утсаа өгч бай, хүнтэй яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан самсунг нөүт 8 маркийн гар утсыг авч, бусдад 480 000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “555” зочид буудлын үүдний өрөөнд иргэн Н.Уыг “зочид буудалд цуг хоноё, гар утсаа өгч бай, хүнтэй яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Н.Уын эзэмшлийн самсунг нөүт 8 маркийн гар утсыг залилан авч, 480 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найз Бын хамт Сонгинохайрхан дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавхлант төвийн хоёр давхарт байрлах бааранд орж нэг шил архи, ус, ундаа авч ширээнд суусан бөгөөд тэнд бүжиглэж байсан Э гэж танилцуулсан эмэгтэйтэй танилцсан юм. Тухайн эмэгтэйтэй би хамт бүжиглэж байхад манай найз Б гэрлүүгээ харих гээд явсан юм. Би тухайн Э гэх эмэгтэйтэй танилцаад бид хоёр хоорондоо ойр зуурийн зүйл ярилцаж би Эг хаа хүрэх талаар асуухад Э гараад хонох газар байхгүй гэхээр нь би буудалд хонох талаар санал тавихад зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 555 зочид буудал руу такси бариад явсан бөгөөд буудал руу явж байхад Э надаас утсаа өгчих нэг яриад өгье гэж хэлээд миний утсаар дуудлага хийгээд нэг хүнтэй танайд очоод хоночихъё, хаана байгаа юм гэж яриад надад буцаагаад гар утас өгсөн. Буудлын үүдэн дээр буугаад бид хоёр тухайн 555-ийн үйлчлэгч гэх эмэгтэйтэй уулзаж хоногийн хэдэн төгрөг байдаг талаар асуухад 35.000 мянга байдаг гэж байсан ба иргэний үнэмлэхээ шалгуулах талаар надад хэлсэн. Надад тухайн үед иргэний үнэмлэх болон бичиг баримт байгаагүй бөгөөд би үйлчлэгчээс буудалд оруулчих талаар ярилцаж байтал Э хажууд зогсож байгаад надад гар утсаа өгчих гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгсэн тэр миний гар утас аваад буудлын хаалгаар гарсан. Би буудлын үйлчлэгчтэй ярилцаж байгаад Эг хартал байхгүй байхаар нь араас нь буудлаас гарч хартал Э ойр орчимд байхгүй байсан. Би буудлын үйлчлэгч эмэгтэйн гар утаснаас өөрийнхөө 89553355 гэсэн дугаар луу 20 гаран удаа залгахад утсаа авахгүй байсан. Миний гар утасны дуудлаганы хонх нь их чанга дуугардаг байсан болохоор тухайн эмэгтэй сонсоогүй байна гэж байхгүй. Би буудлын ойр орчмоор нэлээд хайсан боловч олдоогүй бөгөөд би буцаад Жавхлант төвийн хоёр давхарт байдаг бааранд очиход мөн адил байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...хохирогч Н.У нь хар өнгийн куртиктэй, цагаан өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй бор өнгийн гуталтай 30 орчим насны эмэгтэйн хамт 03 цаг 15 минут 47 секундэд буудлын үүдний өрөө хэсэгт орж ирж байгаа байдалтай ба хэсэг хугацааны дараа Н.Уыг буудлын үйлчлэгчтэй ярилцаж байх хооронд Н.Уаас Э гэх эмэгтэй нь гар утсыг нь аваад цааш явж байгаа” дүрс бүхий зураг. /хх-ийн 9-14х/,
Гэрч Л.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Мон хурд ХХК-н 555 нэртэй зочид буудалд ээлжээр ресепшин буюу хүлээн авагчаар ажилладаг юм. Тухайн өдрийн шөнө 02-03 цагийн орчим эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд өрөө асуугаад эрэгтэй нь өрөө авах гэхэд эмэгтэй нь орохгүй гээд эрэгтэйгээ гар утсаа өгчих, утсаар яриадахъя гээд гар утсыг нь аваад тэр эмэгтэй гарсан. Тэгээд эрэгтэй нь өрөө авах гээд эмэгтэйгээ хүлээгээд зогссон боловч эмэгтэй нь орж ирээгүй. Тэгээд уг эрэгтэй хүн гүйж гарч хайгаад эргэж орж ирээд би энэ эмэгтэй хүнийг танихгүй, 21 дүгээр хорооллын пабаас цуг ирсэн гэж хэлсэн. Тэгээд би уг залууд цагдаад ханд гэж хэлсэн. Тэгээд уг хүн гараад явсан. Хурдан хугацаанд болоод өнгөрсөн юм. Эрэгтэй хүн согтоогүй байсан. Эмэгтэй нь нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,
Гэрч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын эхээр ажлаа хийж байгаад орой 20 цагийн орчим тараад цуг жаахан юм ярьж сууя гээд У, Б, С, Ц бид 5 цугтаа 21 дүгээр хороололын Жавхлант төвийн бааранд ороод нэг шил 075 литрийн соёрхол архи, хүн тус бүр нэг пиво захиалсан. Тэгээд бид 5 хувааж уугаад сууж байхад манай найз намайг дуудаад би уулзахаар болоод түрүүлээд явсан. Тэгээд маргааш нь ажил дээрээ ирэхэд У эмэгтэй хүнтэй танилцаад буудал орох гэж байгаад гар утсаа алдсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,
Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би эхнэр Эгийн хамт гэртээ байж байхад эхнэрийн найз Т манай гэрт ирсэн. Тэгээд удаан уулзаагүй гээд нэг шил архи бид 3 хувааж уусан. Тэгээд Т гарч караоке оръё гэхээр нь би орохгүй гэсэн чинь Э уурласан. Тэгэхээр нь би Эг яваад ир гэж хэлсэн чинь уурлаад Тын хамт гараад явсан. Тэгээд үүрээр хувцас нь шороо болсон байдалтай, Э ганцаараа орж ирсэн. Тэгээд би юу болсон бэ гэж асуухад би санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,
Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Самсунг нөт 8- 480.000 төгрөг” /хх-ийн 40-42х/,
Шүүгдэгч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ нөхөр Оын хамт байж байхад Булган аймгаас манай найз Т ирсэн. Удаан уулзаагүй болохоор нэг шил архи, 2 литрийн 1 пиво аваад нөхөр О, Т бид 3 хувааж уусан. Тэгээд найз Т орой 23 цагийн орчим гараад гэрлүүгээ явсан. Би нөхрийн хамт байж байгаад нөхөртэйгээ маргалдаад би гэрээсээ ганцаараа гараад 21 хороололд байдаг Жавхлант төвийн бааранд ороод пиво авч уусан. Тэгээд нэлээн согтсон байсан ба уг бааранд байсан эрэгтэй хүнтэй танилцсан. Би нэрийг нь санахгүй байна. Тэгээд бид 2 уг бааранаас гараад би нэлээн согтсон ба бид 2 буудал явахаар болсон. Тэгээд такси бариад буудалд ирээд бид 2 цуг орсон. Тэгээд би цуг орсон залуугаа гар утсаа өгч бай гэж хэлээд утсыг нь аваад найз Труу залгаад гарсан. Тэгээд би согтоод юу ч санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь гэртээ сэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.
Шүүгдэгч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн ...-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавхлант төвийн хоёр давхарт байрлах бааранд бүжиглэж байхдаа хохирогч Н.Утай танилцсан, улмаар хохирогчтой /хохирогчоос тавьсан саналын дагуу/ хамт буудалд орж хонох бодол санаагүй атлаа түүнд “очих газар байхгүй” хэмээн худал хэлж, хохирогчийн саналыг хүлээн авсан мэтээр хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн үйлдэл хийж хамтдаа зочид буудалд очсон байх бөгөөд уг буудалд орсон даруйдаа хохирогчийг бусадтай харилцаж байгаа байдлыг далимдуулан “хүнтэй утсаар яриадахъя” гэж худал хэлэн хохирогчоос гар утсыг нь авч гарсан тухайн үйлдлийг “Залилах” гэмт хэргийг хуурч, зохимол байдлыг зориуд бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэх шинжээр үйлдэгдсэн байна гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Самсунг нөт 8 маркийн гар утас 480.000 төгрөг” /хх-ийн 40-42х/ үнэлэгдсэн, шүүгдэгч С.Эгаас 480.000 төгрөгийг төлсөн тухай баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Эгийн өмгөөлөгч нь “...С.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлж барагдуулсан, мөн хувийн байдлын хувьд 1 нас 7 сартай хүүхэдтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд оногдуулах хорих ялыг биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хойшлуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч С.Эгийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан С.Эд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтож, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Учир нь,
С.Эгийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэх тухай баримтгүй, тэрбээр Улаанбаатар хотод тогтсон хаяггүй, нийтийн байранд амьдардаг, мөрдөн байцаалтанд болон шүүхийн шатанд дуудсанаар ирдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхлэх боломжтой эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зохимжгүй, боломжгүй байх тул түүний энэхүү байдлын харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 12 дугаар сарынг 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 8 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр төрсөн Оын Төгсжаргал гэдэг 1 нас 7 сартай хүүхэдтэй буюу бага насны хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр тогтоогдсон, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлуудыг тус тус харгалзан түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Э нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тайлбарлаж, шүүгдэгч С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгч С.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П овогт Сгийн Эг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эгийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Э нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ