Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 133

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,  улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д.ын А-т холбогдох эрүүгийн 1910025990001 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, ганцаараа, иулсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 274 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн улмаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай магадлалаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 13 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д.ын А /РД: 0000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 484 тоот иргэн Н.Оын өвлийн сууц, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн Эл Жи загварын 32 инчийн зурагт хулгайлан 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.А: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, С.Үүрцайх гэдэг хамтран амьдрагчийн хамт амьдарч байгаа, хохирогч нь манай найз, гэрээр нь орж гардаг байсан, архи уугаад унтаж байгаад гэрээс нь гарахдаа зурагтыг нь аваад гарсан, тэгээд 15,000 төгрөгөөр зарсан. Цаашид ажил хийгээд амьдрах боломжтой, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би хүүхдээ сургуульд өгчихөөд гэрээ шалгах гээд ирсэн чинь гэрийн хаалга цоожгүй байхаар нь хорооныхоо цагдаад очиж гэрт хулгай орсон юм шиг байна. Хаалганы цоож байхгүй, гэрт байсан зурагт алга болсон байна гэж хэлээд өргөдөл бичиж өгсөн. Цагдаа нар гэрт очиж үзлэг хийсэн. Д.А манай нөхөртэй найзалдаг, хаяа манайхаар ирдэг байсан. Нүүснээсээ хойш манайхаар бараг орж ирээгүй байж байгаад 9 сарын сүүлээр эхнэртэйгээ нэг удаа ирсэн...” /хх-ийн 17/ гэсэн,

 

Гэрч А.Цэгмэд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр хөдөөнөөс орж ирээд хашааныхаа үүдэнд зогсож байхад А 32 инчтэй хар өнгөтэй  зурагт ил тэвэрчихсэн хүрч ирээд “ах, надад ганц шил архины мөнгө өгчих, энэ зурагтыг таньд үлдээчихье, таны мөнгийг өгөхдөө ирээд авчихья” гэж хэлсэн. Тэгэхээр нь  өөрт байсан 13,000 төгрөгөө өгөөд зурагтыг нь гэртээ оруулаад тавьсан. Хоёр хоногийн дараа А манайд ирээд энэ зурагтыг буруу замаар авчихсан байсан юм, одоо цагдаад аваачиж өгөх гэсэн юм, 13,000 төгрөгийг танд дараа өгье, зурагтаа аваад явья гэхээр нь өгөөд явуулсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...Яармагийн эцэст, Нүхтийн 27 дугаар гудамжинд байдаг найз Суман-Эрдэнийнд очиж ганц шил юм хувааж уух санаатай очсон. Суман-Эрдэнийд очиход гэр нь цоожтой байхаар нь ...амбаарын хажууд өрсөн байсан тоосгоноос нэг тоосго аваад байшингийнх нь хаалганы цоожыг цохиж онгойлгоод хар өнгөтэй зурагтыг аваад гарсан...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №05/192, №05/189 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 45-49, 58-62/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/,

- Шүүгдэгч Д.Аын хувийн байдалтай холбоотой гэрч С.Үүрцайхын мэдүүлэг /хх-ийн 19-20/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 47-61/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 27 дугаар гудамжны 484 тоот хүн байнга амьдрах зориулалттай орон байран буюу иргэн Д.Оын өвлийн сууцанд нууцаар, хууль бусаар нэвтэрч Эл Жи загварын 32 инчийн зурагтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Оын “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би хүүхдээ сургуульд өгчихөөд гэрээ шалгах гээд ирсэн чинь гэрийн хаалга цоожгүй байхаар нь хорооныхоо цагдаад очиж гэрт хулгай орсон юм шиг байна, хаалганы цоож байхгүй, гэрт байсан зурагт алга болсон байна гэж хэлээд өргөдөл бичиж өгсөн. Цагдаа нар гэрт очиж үзлэг хийсэн...” /хх-ийн 17/ гэсэн, гэрч А.Цэгмэдийн “...2019 оны 11 дүгээр сарын эхээр хөдөөнөөс орж ирээд хашааныхаа үүдэнд зогсож байхад А 32 инчийн хар өнгөтэй  зурагт ил тэвэрчихсэн хүрч ирээд “ах, надад ганц шил архины мөнгө өгчих, энэ зурагтыг таньд үлдээчихье, таны мөнгийг өгөхдөө ирээд авчихья” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрт байсан 13,000 төгрөгөө өгөөд зурагтыг нь гэртээ оруулаад тавьсан. Хоёр хоногийн дараа А манайд ирээд энэ зурагтыг буруу замаар авчихсан байсан юм, одоо цагдаад аваачиж өгөх гэсэн юм, 13,000 төгрөгийг танд дараа өгье, зурагтаа аваад явья гэхээр нь өгөөд явуулсан...” /хх-ийн 23-24/ гэсэн, шүүгдэгч Д.Аын “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...Яармагийн эцэст, Нүхтийн 27 дугаар гудамжинд байдаг найз Суман-Эрдэнийнд очиж ганц шил юм хувааж уух санаатай очсон. Суман-Эрдэнийн гэр цоожтой байхаар нь ...амбаарын хажууд өрсөн байсан тоосгоноос нэг тоосго аваад байшингийнх нь хаалганы цоожыг цохиж ойнголгоод хар өнгөтэй зурагтыг аваад гарсан...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-12/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Д.Аын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ын эд хөрөнгөд 200,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 29/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүдэгч нь зурагтыг хохирогч Д.Оад буцааж өгсөн /хх-ийн 15/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 1910025990001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Д-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д-ын А-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1910025990001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР