Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ц.Амар, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910017110141 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын зам дагуу дугуй засварт ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Э-ын Б /РД: 0000000/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Б-ын толгойн тус газар нь архины шил, чулуугаар цохиж түүний дагзны хуйханд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, цээж, баруун, гуянд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.Б-: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Одоо дугуй засварт ажиллаж байгаа, сард 500,000 төгрөгийн цалин авдаг, цаашид дахиж ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, гэмшиж байна, цалингаа хувааж авдаг учир торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул голын эрэг дээр дүү Батмөнх болон түүний найз Бэкү гэх залуугийн хамт архи уусан. Тухайн үед Бэкү гэх залуу хамт явж байсан охиноо би чамайг ядраана, зовооно, бургас орьё гээд байхаар нь би ахын дүү эмэгтэй хүнтэй буруу харьцаж болохгүй уур амьсгал эвдээд байна гэж хэлэхэд “ахаа гээд хүндлээд байхад битгий дундаа ороод байгаарай” гэж над руу агсарч эхэлсэн. Тэгээд надтай ноцолдож байгаад намайг газарт унах үед толгойд чулуугаар болон архины шилээр цохиж гэмтээсэн...” /хх-ийн 12-14/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны орой 17 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул голын эрэг дээр таньдаг ах Батмөнх, талийгаач найз Билигт, түүний эхнэрийн хамт архи, пиво ууцгаасан. Тэр үед Л.Б- ах намайг хорхог хийхэд тусла гэхээр нь би чадахгүй гэхэд босч ирээд гэдэс рүү өвдөглөсөн. Энэ үед би гараараа нүүр рүү нэг удаа цохиж, чулуугаар толгойд нь нэг удаа цохисон. Дараа нь голын эрэг дээр нүүр, гараа угааж байхад нь пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохисон...” /хх-ийн 32/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №8674 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Л.Б-ын биед дагзны хуйханд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, цээж, баруун гуянд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/,

- Өргөдөл /хх-ийн 09/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 26/,  

- Шүүгдэгч  Э.Б-ий хувийн байдалтай холбоотой гэрч Б.Чулуунцэцэгийн  мэдүүлэг /хх-ийн 39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Б-ын толгойнд архины шил, чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, цээж, баруун, гуянд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Б-ын “...2019 оны 07 дугаар сарын 12-ны орой 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул голын эрэг дээр дүү Батмөнх болон түүний найз Бэкү гэх залуугийн хамт архи уусан. Тухайн үед Бэкү гэх залуу хамт явж байсан охиноо би чамайг ядраана, зовооно, бургас орьёо гээд байхаар нь би ахын дүү эмэгтэй хүнтэй буруу харьцаж болохгүй, уур амьсгал эвдээд байна гэхэд “ахаа гээд хүндлээд байхад битгий дундаа ороод байгаарай” гээд над руу агсарч эхэлсэн. Тэгээд надтай ноцолдож байгаад намайг газарт унах үед толгойд чулуу, архины шилээр цохиж гэмтээсэн...” /хх-ийн 12-14/ гэсэн, шүүгдэгч Э.Б-ий “...Б- ах намайг хорхог хийхэд тусла гэхээр нь би чадахгүй гэхэд босч ирээд гэдэс рүү өвдөглөсөн. Энэ үед би гараараа нүүр рүү нэг удаа цохиж, чулуугаар толгойд нь нэг удаа цохисон. Дараа нь голын эрэг дээр нүүр гараа угааж байхад нь пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохисон...” /хх-ийн 32/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №8674 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Л.Б-ын биед дагзны хуйханд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, цээж, баруун гуянд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 26/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-ын эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, баруун нүдний зовхинд зулгаралт, цээж, баруун гуянд цус хуралт, цээжинд зулгаралт  бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 51/ гэсэн тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.Б- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчтой сайн дураараа эвлэрсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Уг торгуулийн ялыг шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдал, түүний сард олдог орлогын хэмжээ, шүүмжлэлийн шатанд торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож өгнө үү гэсэн шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох бололмжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 1910017110141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910017110141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР