| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1145/Э |
| Дугаар | 1145 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1145
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Бгийн Гд холбогдох 1908046791469 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Ө б” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Өнөр хороолол ... дүгээр байр, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Бгийн Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд иргэн Д.Гтой “урдуур алхаж, холхилоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг хавиран унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчин ... тоотод байх гэрээс гараад дэлгүүр орж нэг пиво авч уух санаатай явж байсан чинь 2 цагдаа ирээд намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирч эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэх байранд ороход дотор нь 5-6 орчим хүн байсан. Би эрүүлжүүлэх байр дотор ороод алхаж байсан чинь нэг танихгүй залуу намайг “чи битгий урдуур яваад бай” гэхээр нь би “энэ орчинд чөлөөтэй алхаж болно, чамаар би эрхээ хасуулах юм уу” гэсэн чинь тэр залуу босож ирээд намайг хавираад газар унагасан. Би газар унаад босоод ирсэн чинь намайг дахиад хавираад газар унагасан. Тэгээд босох гэсэн чинь миний зүүн хөл даагдахгүй өвдөөд байсан. Тэгсэн эрүүлжүүлэх байрны цагдаа ирээд намайг нөгөө талын өрөөнд оруулсан. ...Миний биед учирсан гэмтлийг Г гэх залуу хөлөөрөө 2 удаа хавираад газар унагааж учруулсан. Намайг зодсон гэх залууг би цагдаагийн газар ирээд нэрийг нь мэдсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6х/,
2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10685 дугаартай: “...Д.Гын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14х/,
3. Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 31х/, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 34х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 36х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-50х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51х/, хохирогчийн гаргасан “...Б.Г нь миний эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг өгсөн. Надад одоогоор Б.Гас нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй болсон...” гэх хүсэлт /хх-ийн 56х/,
4. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоноос болж Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн бүрэлдэхүүнд баригдсан юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа намайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулсан юм. Эрүүлжүүлэх байранд ороход миний орсон өрөөн дотор танихгүй 7-8 хүмүүс байсан. Би өрөөнд ороод хэвтэж байсан чинь нэг танихгүй залуу согтуу орилоод байхаар нь би чи чимээгүй байгаач, би унтмаар байна гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Би тэр танихгүй залууг чи юу гээд байгаа юм, чи энд ганцаараа байгаа юу гэсэн чинь тэр залуу над руу чамд хамаагүй, чи зүгээр бай гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр танихгүй залууг хавирсан чинь тэр залуу шалан дээр унасан. Шалан дээр унаад босож ирээд намайг дахиад хэл амаар доромжлоод байхаар нь би дахиад хавираад шалан дээр унагасан юм. Тэгсэн тэр залуу хөлөө бариад байсан. Тэгсэн цагдаа ирээд миний зодсон гэх залууг өрөөнөөс гаргаад нөгөө өрөөнд оруулсан. Би Г гэх хүнийг 2 удаа хөлөөрөө хавираад шалан дээр унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Б.Г нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд иргэн Д.Гыг “орилж чарлаад тайван амраасангүй” гэх шалтгаанаар 2 удаа хавирч унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Гын мэдүүлэг /хх-ийн 6х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10685 дугаартай дүгнэлт /хх-ийн 14х/, шүүгдэгч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 27х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Гыг 2 удаа хавирч унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Б.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Г нь шүүгдэгч Б.Гаас 2.500.000 төгрөгийг авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн хүсэлт гаргасан /хх-ийн 6х, 56х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Гд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Б.Г нь ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байдал, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл, шүүгдэгч Б.Г нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Бгийн Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ