Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 164

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч М.М, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт М- М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000180065 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалант суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт М- М- /РД: ОМ77031802/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч М.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “120 Мянгат”-ын автобусны буудал дээр М.Э-тай таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар түлхэн унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.М-: “...Мэдүүлэг гаргана, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 13 дугаар хорооллын Нарны замаар явж байхад 2-3 ширхэг хайрцагтай зүйл барьсан эмэгтэй хүн зогсож байсныг аваад 19-ийн автобусны буудлын хажууд буусан, тэгээд 4 км гарсан гэхэд мөнгө хүрэхгүй байна гээд машинаас буугаад хэн нэгэнтэй утсаар яриад байсан. Тэгээд цаашаа явах шиг болохоор нь би зугатаах гэж байна гэж бодоод гадуур хувцаснаас нь татаад тавьсан чинь уначихсан. Тэгээд босож ирээд “эгч ээ, би жирэмсэн” гэж хэлэхээр би “яана аа” гээд уучлал гуйгаад хохирогчийг эмэгтэйчүүдийн эмнэлэгт хүргэж өгөөд эмчид үзүүлээд базлалтын эсрэг эм 38,000 төгрөгөөр авч өгсөн...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Саруул төвийн орчмоос таксинд суугаад ...120 мянгатын Нисэх рүү явдаг талд нь буух гэхэд таксины жолооч 4,000 төгрөг нэхэхээр нь “энэ хоёрын хооронд би байнга явдаг, 2500-3000 төгрөг л гардаг” гэж хэлсэн. Тэр эгч км-ээ хараад 4,000 төгрөг гарсан байна гэсэн. Надад тухайн үед 3,000 төгрөг байсан болохоор нь нөхөр рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би машинаас ачаагаа буулгачихаад дахиад нөхөр рүүгээ залгаж байхад тэр эгч намайг зугтах гэж байна гэж бодоод машинаасаа бууж ирээд түлхэж унагаасан. Би тухайн үед эгчээ би жирэмсэн гэж хэлэхэд “өө тийм үү, яанаа, уучлаарай” гэж хэлээд намайг дагуулж эмнэлэг орсон...” /хх-ийн 8/ гэсэн,

 

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Саруул захын орчмоос нэг эмэгтэй аваад ...120 мянгатын автобусны буудал дээр буулгасан. Би тухайн иргэнд таксины төлбөр 4000 төгрөг гарлаа гэхэд би байнга явдаг гэж хэлээд надад байсан 3000 төгрөгөө өгчихөөд буусан. Би тэр үед нэмж 1000 төгрөг өг гэж хэлэхэд буучихаад утсаар яриад зогсоод байсан. Би тухайн үед мөнгөө яасан бэ гэхэд хүлээж бай, чадахгүй бол зайл гэж хэлсэн. Би дахиад жоохон хүлээж байгаад мөнгөө яаваа гэж хэлээд түлхтэл газар уначихсан. Тэр эмэгтэйг жирэмсэн гэдгийг мэдсэн бол ...түлхэхгүй байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №634 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Э-ийн биед умайн доргилт, зулбахыг завдсан байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 14-15/ гэсэн дүгнэлт,

- Өргөдөл /хх-ийн 02/,

- Шүүгдэгч М.М-ын хувийн байдалтай холбоотой гэрч Х.Өнөр, Л.Гандирмаа нарын мэдүүлэг /хх-ийн 29-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 35/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 39/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч М.М нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “120 Мянгат”-ын автобусны буудал дээр М.Э-тай таксины мөнгөнөөс болж маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь умайн доргилт, зулбахыг завдсан байдал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Э-ийн “...Таксины жолооч 4000 төгрөг нэхэхээр нь энэ хоёрын хооронд би байнга явдаг 2,500-3,000 төгрөг л гардаг гэж хэлсэн. Тэр эгч км-ээ хараад 4,000 төгрөг гарсан байна гэсэн. Надад тухайн үед 3,000 төгрөг байсан болохоор нь нөхөр рүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би машинаас ачаагаа буулгачихаад дахиад нөхөр рүүгээ залгаж байхад тэр эгч намайг зугтах гэж байна гэж бодоод машинаасаа бууж ирээд түлхэж унагаасан. Би тухайн үед эгчээ би жирэмсэн гэж хэлэхэд “өө тийм үү, яанаа, уучлаарай гэж хэлээд намайг дагуулж эмнэлэг орсон...” /хх-ийн 8/ гэсэн, шүүгдэгч М.М-ын “...Би тухайн иргэнд таксины төлбөр 4000 төгрөг гарлаа гэхэд би байнга явдаг гэж хэлээд надад 3000 төгрөг өгчихөөд буучихсан. Би тэр үед нэмж 1000 төгрөг өг гэж хэлэхэд буучихаад утсаар яриад зогсоод байсан. Би тухайн үед мөнгөө яасан бэ гэхэд хүлээж бай, чадахгүй бол зайл гэж хэлсэн. Би дахиад жоохон хүлээж байгаад мөнгөө яаваа гэж хэлээд түлхтэл газар уначихсан. Тэр эмэгтэйг жирэмсэн гэдгийг мэдсэн бол ...түлхэхгүй байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №634 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Э-ийн биед умайн доргилт, зулбахыг завдсан байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна...” /хх-ийн 14-15/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч М.Э-ийн биед учирсан “...умайн доргилт, зулбахыг завдсан байдал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.М- түүнийг түлхэж унагааснаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.М-ын хохирогч М.Э-ийг түлхэж газар унагааж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-ийн эрүүл мэндэд биед умайн доргилт, зулбахыг завдсан байдал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч М.Э- хохиролтой холбоотой баримт гаргаагүй, төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч М.М- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхлэлт, хохирогчид тэр даруйд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг нөхцөлийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010000180065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт М-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-н М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 таван зуун мянга төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010000180065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч М.Э- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР