Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 169

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Я.Д, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Я-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20100001510071 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, нөхрийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Я-гийн Д /РД: 00000000/.  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Я.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 32 тоотод иргэн Н.Б-той маргалдаж, улмаар маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Я.Д: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй, тоглоомноос болж маргалдсан, их согтуу байгаагүй, маргааныг хэн эхлүүлснийг санахгүй байна, хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ялыг тодорхой хугацаанд төлж барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Я.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад хамаатан болох Мөнхжаргал ирж цай уу гэж дуудахаар нь 16 цагийн үед очоод 0,75 литрийн нэг шил архи, нэг шил дарс, пиво гаргаж ирснийг уугаад хөзөр тоглоод, юм ярьцгаагаад сууж байсан. Гэтэл сүүлдээ тоглоом нь шоглоом болж Д бид хоёр маргалдаж, ноцолдоцгоосон. Тэгтэл Д намайг хумсаараа самардаад байхаар нь толгой руу нь 1-2 удаа цохисон...” /хх-ийн 13-15, 16/ гэсэн,

 

Гэрч Ч.Мөнхчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед хамаатан Дынд очиж 0,75 литрийн нэг шил архи, нэг шил дарс, нэг пиво уух зуураа хөзөр тоглож байгаад 21 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд нэг сэрээд харахад манай нөхөр Д хоёр ноцолдоод салахгүй байсан. Гэтэл цагдаа нар орж ирээд Б-, Д хоёрыг аваад явсан...” /хх-ийн 19/ гэсэн,

 

Гэрч Ц.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Мөнхжаргалынд Б- эхнэр Мөнхчимэгийн хамт ирсэн. Би орой 19 цагийн үед Мөнхжаргалын гэрт орох үед шинэ жилийн баяраар авсан юм гээд 0,75 литрийн архи  гаргаж ирснийг ууж, хөзөр тоглоцгоосон. Тэгэхэд Б- эхнэр Мөнхчимэгийг хэл амаар доромжилоод байсан. Би 22 цагийн үед гэртээ орсон. Шөнө 04 цагийн үед хүмүүсийн дуу чангараад Б- манай хаалгыг онгойлгож орж ирчихээд цохисон гэх утгатай юм яриад байхаар нь би Мөнхжаргалын гэрт ороход Д уйлсан байсан. Тэгээд Б- араас орж ирээд тэр хоёр дахиад муудалцаад байхаар нь би цагдаа дуудсан...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Гэрч Ч.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад 05 цаг 37 минутад зодоон болоод байна гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 23-32 тоотод Хишигдоржийн хамт очиход Б-ын дух, хамрын хэсэгт халцарсан, Дд ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” /хх-ийн 73/ гэсэн,

 

Гэрч Г.Баяртогтоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-нд Буянжаргалынд байсан. Орой нь зурагт үзээд хэвтэж байхад хажуу айлын хүмүүс шуугилдаад байхаар нь би танай хажуу айл яагаад шуугиад байна гээд ороход Д, Б- хоёр барьцалдсан байсан. Б- Дын үснээс зуурсан, өөрийнх нь биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” /хх-ийн 74/ гэсэн,

 

Шүүгдэгч Я.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Б- эхнэрийн хамт ирэхээр нь шинэ жилийн баяраар авсан байсан пиво, дарс, архиа хувааж уугаад хөзөр тоглоцгоосон. Б- өөрийн эхнэр Мөнхчимэгийг тавин настай эмгэн, Жагаа эгч надад гологдол найзаа шахсан гээд эхнэрийгээ янхан, гичий гэх зэргээр хараагаад байхаар нь би эхнэрийг нь өмөөрөөд чи одоо авч суусныхаа дараа ингэж хэлээд байхдаа яадаг юм гээд ноцолдсон. Тэгтэл Б- та нар намайг нийлж бөөрөлхөөд байна гээд миний толгой руу 3-4 удаа цохихооор нь чи яаж байгаа юм гээд өөдөөс нь самардсан...” /хх-ийн 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №1053 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Б-ын биед баруун хацар, хоёр шанаа, баруун зовхи, дух хамрын нуруу, эрүү, хүзүү, зүүн сарвуу, цээж, хоёр бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Я.Дын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 40/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 44-63/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Я.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Я.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 32 тоотод иргэн Н.Б-той маргалдаж, улмаар маажиж, эрүүл мэндэд нь баруун хацар, хоёр шанаа, баруун зовхи, дух хамрын нуруу, эрүү, хүзүү, зүүн сарвуу, цээж, хоёр бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Я.Б-ын “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад хамаатан болох Мөнхжаргал ирж цай уу гэж дуудахаар нь 16 цагийн үед очоод 0,75 литрийн архи нэг шил, нэг шил дарс, пиво гаргаж ирснийг уугаад хөзөр тоглоод, юм ярьцгаагаад сууж байсан. Гэтэл сүүлдээ тоглоом нь шоглоом болж Д бид хоёр маргалдаж, ноцолдоцгоосон. Тэгтэл Д намайг хумсаараа самардаад байхаар нь толгой руу нь 1-2 удаа цохисон...” /хх-ийн 13-15, 16/ гэсэн, гэрч Ц.Буянжаргалын “...Шөнө 04 цагийн үед хүмүүсийн дуу чангараад Б- манай хаалгыг онгойлгож орж ирчихээд цохисон гэх утгатай юм яриад байхаар нь би Мөнхжаргалын гэрт ороход Д уйлсан байсан. Тэгээд Б- араас орж ирээд тэр хоёр дахиад муудалцаад байхаар нь би цагдаа дуудсан...” /хх-ийн 20-21/ гэсэн, гэрч Ч.Баярсайханы “...2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад 05 цаг 37 минутад зодоон болоод байна гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 23-32 тоотод Хишигдоржийн хамт очиход Б-ын дух, хамрын хэсэгт халцарсан, Дд ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” /хх-ийн 73/ гэсэн, шүүгдэгч Я.Дын “...Б- өөрийн эхнэр Мөнхчимэгийг тавин настай эмгэн, Жагаа эгч надад гологдол найзаа шахсан гээд эхнэрийгээ янхан, гичий гэх зэргээр хараагаад байхаар нь би эхнэрийг нь өмөөрөөд чи авч суусныхаа дараа ингэж хэлээд байхдаа яадаг юм гээд ноцолдсон. Тэгтэл Б- та нар намайг нийлж бөөрөлхөөд байна гээд миний толгой руу 3-4 удаа цохихооор нь чи яаж байгаа юм гээд өөдөөс нь самардсан...” /хх-ийн 33-34/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №1053 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Б-ын биед баруун хацар, хоёр шанаа, баруун зовхи, дух хамрын нуруу, эрүү, хүзүү, зүүн сарвуу, цээж, хоёр бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Н.Б-ын биед учирсан “...баруун хацар, хоёр шанаа, баруун зовхи, дух хамрын нуруу, эрүү, хүзүү, зүүн сарвуу, цээж, хоёр бугалганд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Я.Дын түүнийг самардаж, маажсанаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Я.Д-ын хохирогч Н.Б-ыг самардаж, маажсаны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Я.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд баруун хацар, хоёр шанаа, баруун зовхи, дух хамрын нуруу, эрүү, хүзүү, зүүн сарвуу, цээж, хоёр бугалганд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 13-15, 16/ гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Я.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй буй үйлдлээс шалтгаалсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Я.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010001510071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Я.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Я-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-гийн Д-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Я-гийн Д-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010001510071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Я.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Я.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР