| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0144/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 178
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, хохирогч З.Э, түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, шүүгдэгч Б.Ц, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910029760068 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Ц /РД: НЮ82092639/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трий хаус” бааранд хохирогч З.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл гараараа цохиж учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч З.Э: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр найз Цолмонгийн хамт “Трий Хаус” лоунжид 0,5 литрын архи уусан, шөнө 2 цагийн орчим Б.Цд хандаж “хүмүүсийг битгий дарамтлаад бай, аятайхан амьдарцгаая” гэж хэлсэн, би байраа зараад түр байранд амьдарч байгаа юм, Б.Ц бид хоёр нэг айлын хүргэнүүд учир зөвлөгөө өгсөн юм, өөрөөр би дайраагүй, доромжлоогүй, “эмэгтэй хүнийг битгий дээрэлхээд бай” гэж л хэлсэн, “танай хүүхэд намайг андуураад аав аа гэж байна” гэж хэлэхэд араас ирээд цохисон, хүнийг хайрлах ямар ч сэтгэлгүй, ахын жудаггүй гудамжны хүн шиг л намайг зодсон, өөрөө пиво уучихсан байсан. Зодуулаад би гэмтлийн эмнэлэг явсан. Би 250 грамм архи уусан, би өөрөө масстай хүн учир архи даах чадвартай, эмчилгээний зардалд мөнгө аваагүй, гарсан эмчилгээний зардлынхаа баримтыг мөрдөгчид өгсөн байсан, гэтэл хавтаст хэрэгт авагдаагүй байна, хамрын хагалгаанд орно, гарсан эмчилгээний зардлаа болон гарах зардлаа нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Ц: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй, хүнийг ийм байдалтай болгосондоо харамсаж байна, хамрын хагалгаанд орсны дараа гарсан зардлыг бүгдийг нь төлж барагдуулна, баримт нь гараад ирвэл заавал шүүх, цагдаа гэхгүйгээр төлж барагдуулна, торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч З.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Трий хаус лоунжид найз Цолмонгийн хамт ороод юм яриад сууж байхад Цолмон түрүүлээд явсан. Тэгээд би Чингис нэртэй 0,5 литрийн пивоноос хоёрыг авч уугаад үүрийн 03 цагийн үед Б.Цд битгий эмэгтэй хүн дээрэлхээд бай, хүүхдээ сайн хар намайг бараг ааваа гэж бодож байх шиг байна гэж хэлээд гарах гэхэд Б.Ц араас хамар хэсэгт олон удаа цохиж, дух руу өвдөглөсөн...” /хх-ийн 17-19/ гэсэн,
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагийн үед манай эхнэр Энх-Оргилын дүү Энхсувдын нөхөр Э- нэг хүнтэй хамт манай лоунжид орж ирсэн, гартаа 0,75 литрийн архи барьчихсан орж ирснийгээ ууж байгаад удалгүй хамт байсан нь хүн нь гараад явчихсан. Тэгтэл Э- намайг хамт уугаач гээд хамт архи ууж байхад намайг хэл амаар доромжилсон. Тэгээд эхнэр Энх-Оргил руу залгаж Э- согтчихсон байна, чи орж ирж аваад гэрт оруулаад унтуулчих гэж хэлсэн. Энх-Оргил Э-ыг аваад гарах гэхэд явахгүй байхаар нь би лоунжны хаалгаар гаргаж өгөх үед Э- намайг цохих гэхээр нь би бултаад Э-ы хамар, нүд рүү гараараа цохисон...” /хх-ийн 63-65/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №13970 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. З.Э-ы биед хамар ясны хугарал, хамар зовхинд хаван цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 05/,
- Шүүгдэгч Б.Цгийн хувийн байдалтай холбоотой гэрч О.Гарьдбаатар, З.Мөнхбат нарын мэдүүлэг /хх-ийн 24-25, 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, депозит дансны хуулга /хх-ийн 41-52/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Трий хаус” бааранд хохирогч З.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэнд нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Э-ы “...Цд битгий эмэгтэй хүн дээрэлхээд бай, хүүхдээ сайн хар намайг бараг ааваа гэж бодож байх шиг байна гэж хэлээд гарах гэхэд Ц араас хамар хэсэгт олон удаа цохиж, дух руу өвдөглөсөн...” /хх-ийн 17-19/ гэсэн, шүүгдэгч Б.Цгийн “...2019 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө ...Э-тай хамт архи ууж байхад намайг хэл амаар доромжилсон. Тэгээд эхнэр Энх-Оргил руу залгаж Э- согтчихсон байна, чи орж ирж аваад гэрт оруулаад унтуулчих гэж хэлсэн. Энх-Оргил Э-ыг аваад гарах гэхэд явахгүй байхаар нь би лоунжны хаалгаар гаргаж өгөх үед Э- намайг цохих гэхээр нь би бултаад Э-ы хамар, нүд рүү гараараа цохисон...” /хх-ийн 63-65/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №13970 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. З.Э-ы биед хамар ясны хугарал, хамар зовхинд хаван цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч З.Э-ы биед учирсан “...хамар ясны хугарал, хамар зовхинд хаван цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Цгийн түүний нүүрэнд гараараа цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Цгийн хохирогч З.Э-ы нүүрэнд нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.Э-ы эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамар зовхинд хаван цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал гарсан, уг эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч цагдаагийн дэслэгч Н.Хосцэцэгт өгсөн гэх боловч хэрэгт авагдаагүй, энэ талаар улсын яллагч мөрдөгчөөс тодруулахад “...тус материалыг ...Хан-Уул дүүргийн прокурорын газарт 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн үед хохирогч, хохирлын баримт гарган өгч байсныг тэмдэглэл үйлдэн авч материалд хавсаргаж үдэн шилжүүлсэн болно...” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хохирогч нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардал болон ирээдүйд гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.Цэвэдсүрэнгээс нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхлэлт зэрэг шүүгдэгчйн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910024760068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Ц-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуу мянга/ торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910024760068 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хохирогч З.Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР