Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ДШМ/053

 

Ш.Ат холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч Ш.А

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 438 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар эсэргүүцлээр Ш.Ат холбогдох эрүүгийн 1714000520047 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн Шийн А, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй,

Ш.А нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг, 3-12 тоотод иргэн Н.Зыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ш.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Ш.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрч, тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байхад прокурор хүсэлтийг шийдвэрлээгүй, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид ял оногдуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн бол прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулаагүй, яллагдагч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөвшөөрөөгүй байхад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Прокурорын саналыг танилцуулсныг яллагдагч өөрт нь оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд холбогдогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт гэх зэрэг хураангуйлсан байдлаар тусгаж байгаа нь ойлгомжгүй. Уг хэрэгт хэний юу гэж мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэг болсон болохыг нотлож байгаа нь тодорхой бус байгааг цаашид залруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-ээс 17.5 дугаар зүйлүүдэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байх бөгөөд С.Мягмарсүрэнд холбогдох хэрэгт уг хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гэж үзэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.  

Улсын яллагч ******* 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар   эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал хэрхэн яаж шийдвэрлэх талаар заасан бөгөөд энэ хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доогуур хорих ял оногдуулж болох хэрэгт холбогдсон яллагдагчаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан заалт гэж ойлгогдож байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан хэргүүдэд яллагдагчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. Ш.Ат холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт заасан хэрэгт хамаарагдаж байх бөгөөд яллагдагч Ш.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, шүүх хуралдаанд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг ойлгож байгаа, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, прокурорын сонсгож байгаа ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулах нөхцөл журам, хуралдаанаар хянан шийдвэрлэх асуудал, гаргах шийдвэрийг зааж өгсөн байхад дээрх заалт, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Иса нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг яллагдагч Ш.Ат танилцуулсны үндсэн дээр Ш.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.Зтай сайн дураараа эвлэрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байдаг. Хэрвээ мөрдөгч нь яллагдагч Ш.Ат оногдуулах ял болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх талаархи журмыг танилцуулаагүй байсан бол яллагдагч Ш.А нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргахгүй байсан байх гэж үзэж байна. Учир нь өмгөөлөгч сонгон аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэдгээ илэрхийлж шүүхэд хүсэлт гаргасан байсан болно.

Иймээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид ял оногдуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй гэсэн захирамжийн заалт нь үндэслэлгүй байна.

Прокуророос Ш.Ат холбогдох хэрэгт 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 133 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллах дүгнэлтэнд дэлгэрэнгүй бичиж яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулж, яллах дүгнэлтийн 1 хувийг гардуулан өгсөн байхад шүүгч захирамждаа энэ талаар танилцуулаагүй гэж заасан нь мөн үндэслэлгүй байна.

Яллагдагч Ш.Ат Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний талаархи саналыг прокуророос бичиж яллагдагчид танилцуулан гарын үсэг зуруулсан байхад Яллагдагч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөвшөөрөөгүй байхад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу гэж дүгнэсэн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Мөн Прокурорын яллах дүгнэлтэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд холбогдогчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт зэрэг хураангуйлсан байдлаар тусгаж байгаа нь ойлгомжгүй. Уг хэрэгт хэний юу гэж мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэг гарсан болохыг нотлож байгаа нь тодорхой бус байгааг цаашид залруулах гэсэн заалт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний талаархи саналыг шүүхэд гаргаж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэх яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож байгаа учраас холбогдогч, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтийг нэг бүрчлэн яллах дүгнэлтэд бичих шаардлагагүй гэж үзэж байна. Ялангуяа хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа хэргийн тухайд Прокурорын яллах дүгнэлтэд нотлох баримтуудыг ойлгомжтой, товч тодорхой бичих нь түргэн шуурхай байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн заалт нь үндэслэлгүй. Ш.Ат холбогдох хэргийн тухайд хэргийн холбогдогч Ш.А, хохирогч Н.З нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг цагдаагийн газарт гаргасныг мөрдөгч дэслэгч цолтой Б.Иса хүлээн авч хүсэлтийг хангах тухай тогтоол гаргаж, тэдний хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг. Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагч Ш.Ат ял оногдуулах тухай болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг Прокурор, мөрдөгч нараас танилцуулсны үндсэн дээр тухайн хэргийн яллагдагч Ш.А, хохирогч Н.З нар нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно. Иймээс энэ талаар бичсэн шүүгчийн захирамжийн заалт нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Ш.Ат холбогдох хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 438 дугаар шүүгчийн захирамж үндэслэл муутай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх хоёр тусдаа ойлголтыг хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулагдсан байна.

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас үзвэл хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй бөгөөд тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад зарим төрлийн хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч /жишээлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хууль тогтоогчоос арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон бөгөөд энэ төрлийн ялтай гэмт хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэж болохоор хуульчилсан/ хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргах, прокурор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах, хэрэв прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах, прокурор мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихаар хуульчлан тогтоожээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан ердийн журмаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаас гадна, шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэргийг хянан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар зохицуулагдсан байна. 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг хуульчилсан бөгөөд уг зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 12.4 /Бэлгийн дарамт учруулах/, 13.6 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 13.10 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 /Хувь хүний нууцыг задруулах/, 15.2 /Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хулгайлах/, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Дээрэмдэх/, 17.5 /Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтныг заналхийлэх/, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 27.11 /Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/ дүгээр зүйлүүдэд тус тус заасан гэмт хэргүүдийн зарим төрлийн гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зохицуулагдсан бол хорих ял оногдуулж болох зарим төрлийн гэмт хэргийнх нь хорих ялын дээд хэмжээ 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан, эдгээр гэмт хэргийн аль нэгийг үйлдсэн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичин, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулсан байх, шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор тухайн зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр буюу цагаатгах эсхүл шийтгэх тогтоол гаргахаар заасан байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн дээр дурдсан хоёр өөр төрлийн зохицуулалт зэргээс үзвэл хууль тогтоогчоос 2002 онд батлагдан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөн үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэн, шаардлагатай өөрчлөлтийг цар хүрээнд тохируулан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо, журмыг боловсронгуй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосон нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

Ш.Аийн холбогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богиносгосон хугацаагаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулсан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэх зэрэг яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцаасан нь хууль бус болжээ.

Шүүгчийн захирамжид дурдагдсан яллах дүгнэлтийн талаар авч үзвэл Улсын ерөнхий прокуророос Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6 дахь хэсэг /...прокурорын хяналтын аргачилсан заавар, журам батлах.../-т заасны дагуу “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар батлах тухай” 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр А/96 тоот тушаал гаргасан, уг тушаалын 16.5 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтийн талаар баталсан, хэрэгт авагдсан яллах дүгнэлтээс хуулийн дагуу батлагдсан дээрх аргачилсан зааврын дагуу гарсан байх тул буруутган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн цаашид шүүхээс шүүх хуралдааны тов тогтоохтой зэрэгцэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэйг анхаарвал зохино.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ш.Ат холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 438 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, Ш.Ат холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА   

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

         Н.ЭНХМАА