Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1164

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга П.Отгонжаргал,

           улсын яллагч Ж.Отгончимэг,

            шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ж овогт М.Тд холбогдох 1908026561659 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Төв аймгийн Зуунмод, ...-р баг, Нацагдорж, ... байр, .... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар орцны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт М.Т /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч М.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... дугаар орцонд хамтран амьдрагч Г.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Өндөр ... СӨХ-д ажиллаж,  2018 оны 09 дүгээр сараас эхэлж амьдарч байгаа юм. 2019 оны 02 дугаар сард Т гэх залуу манай байрны ... дугаар орцны жижүүрээр орсон боловч ажлаа хийхгүй, архи ууж байгаад халагдсан. Тэгээд 02 дугаар сараас эхэлж 5 дугаар орцонд надтай цуг амьдрах болсон юм. Бид хоёр 12 дугаар байрны 01 дүгээр орцны жижүүрийн өрөөнд хамт амьдарч байсан ба 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 10 цагаас эхэлж хамт архи ууж байгаад орой 20 цагийн үед архи дуусахад Т гарч яваад дэлгүүрээс архи авч ирээд агсрах шинжтэй “чи надад цай чанаж өг” гэхээр нь би уурлаад “би одоо чиний эхнэр юм уу? өөрөө цайгаа чанаж уу” гэтэл “чи пизда дандаа надаар орцоо цэвэрлүүлдэг, хоол цай хийж өгдөггүй” гээд агсраад эхэлсэн. Архиа шингээж чадахгүй бол зайл гэж хэлтэл Т уурлаад миний нүүрэн тус газар руу 3 удаа цохисон. Тэгээд манай СӨХ-н зөвлөлийн дарга Б орж ирээд цагдаа дуудсан, удалгүй цагдаа нар ирээд Тыг саатуулах байр руу аваад явсан. Нүүрэн тус газар 3 удаа толгой дух, баруун болон зүүн нүд рүү цохисон. Зүүн гуя руу бас цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,

2. Гэрч М.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өнөр 12 СӨХ-д 2019 оны 03 дугаар сард жижүүрээр ажилд ороход Т, Б хоёр хоёулаа ажиллаж байсан. Т нь ... дугаар орцны жижүүр, Б нь ... дугаар орцны ... дугаар орцны жижүүрээр тус тус ажиллаж байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын эхээр ... дугаар байрны ... дүгээр орцонд хамт амьдрах болсон. ...Он, сар, өдрийг сайн санахгүй байна, 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Г.Б хөх эрээн болоод хүнд зодуулсан, баруун гар хөхөрсөн байдалтай байрны гадаах цэвэрлэгээнд тааралдахаар чи яасан бэ? гэж асуухад намайг Т өчигдөр зодсон, би цагдаад өргөдөл гаргасан гэж хэлж байсан. Баруун болон зүүн нүд нь хөхөрсөн, зүүн хацар нь хөхөрсөн, баруун гуя хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,

3. Гэрч Ш.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би байрныхаа СӨХ-н иргэдийн удирдах зөвлөлийн дарга ажил эрхэлж байгаа юм. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны ... дугаар байрны ... дүгээр орцны жижүүрийн ажлыг 21 цагийн үед шалгах гээд ороход орцны жижүүр Г.Б нүдээ цохиулсан хөхрөөд хавдсан, Т гэх хамтран амьдрагч нь согтуу хоорондоо маргалдаад байж байхаар би өөрийнхөө ... дугаарын утаснаас цагдаагийн 102 тоот утас руу залгаж цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд Ты саатуулах байр руу аваад явсан. Дахиж Ттай уулзаагүй. Удалгүй Б нөгөө Таас айгаад байна гээд манай СӨХ-с 2019 оны 05 дугаар сарын эхээр гарсан. Би яг цохиж байхыг нь хараагүй, нүд нь хөхрөөд хамарнаас нь цус гарсан, нэлээн зодуулсан байдалтай байхаар нь би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

                  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5386 дугаартай:

 “...Г.Бын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31х/,

5. Шүүгдэгч М.Ты иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 59х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 61х/, эд хөрөнгөгүй тухай албан тоот /хх-ийн 62х/,

6. Шүүгдэгч М.Ты мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Өнөр ... СӨХ-д 2019 оны 01 дүгээр сараас эхэлж ажилд орсон байсан. Бтой танилцаад орцны жижүүрийн ажлаасаа гараад Бтой 5 дугаар орцонд хамт 02 дугаар сараас эхлэн хамт амьдрах болсон. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө босоод 10 цагийн үед дэлгүүрийн онгойхоор нь Бтой хамт архи ууя гээд 2 шил 0.5 грамм архи хувааж уусан. Хоёулаа согтоод дахин уумаар санагдаад дахин 1 шил 0.5  грамм архи ууж байгаад Бтой хэрэлдсэн. Би Бод хандаж олон хоног чи орцоо цэвэрлээгүй юм байна, орцоо цэвэрлэ гэж хэлсэн. Би болохоор гадна талбайгаа цэвэрлээд байнга хоол цай хийж байсан. Б тэгтэл би өөрийнхөө ажлыг өөрөө мэдэж байна, чи зайл, энэ тэр гээд намайг хөөсөн. Тэгэхээр нь уур хүрээд нүүрэн тус газар нь 3 удаа цохиод, эхний цохилтыг толгой, дараагийн цохилтыг дух руу, баруун болон зүүн нүдэн тус газар нь цохисон. Зүүн гуя руу гараараа бас нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Гэм буруугийн талаар:

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч М.Т нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... дугаар орцонд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Г.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч М.Цы мэдүүлэг /хх-ийн 25х/, гэрч Ш.Бы мэдүүлэг /хх-ийн 29х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5386 дугаартай дүгнэлт /хх-ийн 31х/, шүүгдэгч М.Ты мэдүүлэг /хх-ийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч М.Т, хохирогч Г.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 3 сарын хугацаанд хамтран амьдарч байсан  болох нь тэдгээрийн мэдүүлэг болон, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байсан гэж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч М.Т нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч М.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудасны ар тал/, хүсэлт /хх-ийн 69х/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэг нь М.Тд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тд 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг М.Тд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч М.Т нь ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Хэрэгт авагдсан М.Ты хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй,  хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч М.Ты дээрх хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч М.Ты иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт М.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тыг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ