Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1180

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч М.Амарзаяа,

            хохирогч Т.Г,

            шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /ҮД:1280/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Эы Эд холбогдох 1908039001412 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, сурагчийн ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Л овогт Эы Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Ханын Материалын эцэст Т.Гыг автобус шахлаа гэх асуудлаас болж маргалдан түүнийг араас нь тэвэрч газарт унагасны улмаас Т.Гын эрүүл мэндэд баруун зулай, чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээр, доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, суурийн хөндийн цус хуралдалт, баруун хацар ясны нумын хугарал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би юу болсон талаараа ерөөсөө санахгүй байна. Санах гэж хичээгээд санахгүй байгаа юм. Ямар ч байсан тухайн үед би автобустай явж байснаа санаж байна. Тэрнээс юунаас болж маргалдсанаа ч санахгүй байна. Миний бие тархины зүүн шанаанд цус хуралттай тархины яс бяцралттай гэж эмч хэлсэн. Би 2014 оны 03 дугаар сард С Б ХХК-д автобусны жолооч албан тушаалд ажилд орж тэрнээс хойш ажлаа хийгээд явж байсан юм. Энэ хэрэг гарахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл шарх сорви байгаагүй. Ямар нэгэн суурь өвчин байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө би ажил дээрээ очиж эмчид үзлэг хийлгэж аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч Ханын материал Хайлааст чиглэлд буюу ч-38 чиглэлд гарсан. Тэр өдөр 5 тойрсон. 22 цагийн орчим Ханын материал дээр ирсэн. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Ер нь гэмтэл авахаас өмнөх болон эмнэлэгт ухаан орсноос хойших зүйлээ санаж байна. Харин тухайн үеийн үйл явцын талаар юу ч санахгүй байгаа.  Би тэр бичлэгийг үзсэн. Тэр нэгдүгээр баазын жолооч залуу л миний биед гэмтэл учруулсан. Би тухайн гэмтлээ камераар харсан, намайг цемент дээр нэг залуу шидэж байгаа харагдсан. Тэрнээс болоод уг гэмтлээ авсан. Өөр ямар нэгэн хүн гэмтэл учруулаагүй. Тархиндаа гэмтэл аваад л санах ойгоо мартчихсан юм шиг байгаа юм. Би гомдолтой байна. Одоогоор эмчилгээний зардал гэж багцаагаар 1.300.000 төгрөгийн зардал баримтаар гараад байна. Мөн одоо ажлаа хийж чадахгүй. Ажлын сарын цалин 1.007.000 төгрөгийн цалинтай. Дор хаяж 6 сар хийх чадваргүй гэж гэмтлийн эмч надад хэлсэн. Би группт орсон. Би юм амархан мартдаг болсон. Намайг ийм болгосонд би маш их гомдолтой байна. Би ажилгүй байх хугацааны цалин хөлс, баримтаар нэхэмжилсэн хохирол зэргийг нэхэмжилж байна, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42х, 45х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

2. СД-д үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдаанаар үзсэн бичлэг зэрэгт: “...Бичлэгийг уншуулахад дүрсний хувьд тод дэлгэцийн зүүн дээд буланд 2019 оны 07 дугаар сарын 17-ны 22 цаг 04 минут гэж дүрс бичлэг эхлэх ба дүрсэнд ... 22 цаг 04 минут 32 секундэд тээврийн хэрэгслийн гэрэл тусаж төв замын нэгдүгээр эгнээгээр автобусны хоншоор /урд хэсэг/ гарч урд хаалганы харагдах байдалтай зогсож, мөн төв замын хоёрдугаар эгнээгээр уг автобусыг гүйцэд түрүүлж урд нь дарж зогсож буй хоёр автобус харагдах бөгөөд нэгдүгээр эгнээд зогссон автобусны урд хаалгаар жолооч /Э/ нь бууж хоёрдугаар эгнээнд зогсож буй автобусны урд хаалга руу алхаж байгаа, хоёрдугаар эгнээд зогсож буй автобусны урд хаалгаар богино ханцуйтай эрэгтэй хүн /Т.Г/ бууж дээрх жолооч /Э рүү/ руу эд зүйл шидэж, жолооч /Э/ нь тэр хүний толгой руу гараараа цохиж түлхэхэд дундуур нь автобуснаас буусан хоёр эрэгтэй хүн орж салгаж байх бөгөөд богино ханцуйтай эрэгтэй нь гар далайж, хоорондоо бие бие нь рүүгээ дайрсан байдалтай байх ба урд талаас мөн ажлын хувцастай нэг эрэгтэй хүн ирж хоорондоо зууралдаж буй хоёр хүний дундуур орж салгаж байх ба явган хүний зам дээр гарч богино ханцуйтай цамцтай эрэгтэй гутлаа тайлж гараараа жолоочийн шанаа руу цохиход нөгөө жолооч нь хүзүүнээс баруун гараараа уургалж явган хүний зам дээр хойш савж толгойгоор нь газар унагааж буй нийт 6 минут 01 секундийн бичлэг байв” /хх-ийн 35х/,

3. Гэрч Я.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны шөнө ажлаа хийгээд орой 21 цаг 40 минутын үед ажлаасаа буух гээд Ханын материалын эцэс дээр ирж автобусаа зогсоогоод байж байтал ардаас Автобус нэгтгэл баазын зүс таних жолооч Э ирж зогссон. Түүний араас С авто баазын шар автобус урдуур нь дарж зогсоод урд хаалгаар нь жолооч нь бууж ирээд усны сав нөгөө автобусны жолооч Э рүү шидсэн. Би яваад очтол тэр хоёр бие биеийнхээ цамцны захнаас зууралдчихсан байхаар нь “та хоёр одоо боль, нийтийн тээвэрт явж байж ингэж болохгүй” гэж хэлээд салгасан. С Бын жолооч нь “ална, тална” гээд дайраад гутлаа тайлж шидэж, Эг гараараа нэг удаа цохиод автал Э түүний ардаас нь тэвэрч аваад замын хажуу талын явган хүний замын боржур хэсэгт тархиар нь хойш савуулаад унагачихсан. Тухайн үед энэ үйлдэл нь түргэн хугацаанд болсон. Тэр жолоочийн хамарнаас нь цус гарчихсан дээшээ хараад хэсэг зуур хэвтсэн. Э сүүлд нь усаар цусыг цэвэрлэж өгсөн... Би яг тэр үед хажууд нь хараад зогсож байсан. Э үлдсэн. Би автобусандаа гар утсаа цэнэглэж байгаад буцаад очсон чинь Э нөгөө жолоочийн гар дээр ус хийж өгөөд хоорондоо юм яриад байсан. Яг юу ярьсныг нь би сайн сонсоогүй....Замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байр эзэлж явахаас болж маргалдсан юм  шиг байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,

4. Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан чинь Гын эхнэр утсаар залгаж ах чинь гэмтлийн эмнэлэг дээр хүнд зодуулаад ирчихсэн байна. Хүрээд ирээч гэхээр нь би яваад очтол Г ах тэрэгтэй орон дээр ухаангүй хэвтэж байсан. Хэнд зодуулчихсан юм гэж эхнэрээс нь асуусан чинь мэдэхгүй байсан. Ажил дээрээс нь хүргэж ирсэн гэж хэлсэн. Маргааш өглөө ажил болох С Б ХХК-д очиж камерын бичлэг үзсэн чинь Ханын материалын эцсийн зам дээр хоёр автобус хоорондоо бие биенээ шахаж урд хойно орж яваа бичлэг харагдсан. Хэргийн газар дээр яг юу болсон талаар мэдэхийн тулд тэр орчинд камерын хяналт байна уу гэж хайсан чинь хэрэг болсон газар луу харсан барилгын материалын дэлгүүрийн камерын бичлэгт миний ах Гыг тэр нэгдүгээр баазын автобусны жолооч “ардаас нь барьж байгаад замын боржурлуу хойш толгойгоор шидэж буй камерын бичлэгийг олсон”. Энэ камерын бичлэг дээр бүх юм тодорхой байгаа болохоор би энэ камерын бичлэгийг хуулбарлаж авч СД дээр буулгаж мөрдөгчид өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51х/,

5. Гэрч Т.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Тэр цаг хугацаанд би хэргийн газар дээр байгаагүй. Хүргэн С нь Г хүнд зодуулсан юм шиг байна, та надтай хамт явж хөөцөлдөх үү гэхээр нь тэгье гээд бид хоёр хамт Гын ажлаас өгсүүлээд явж байгаад ханын материалын эцэс дээр очиж нэг дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзсэн чинь миний дүү Гыг мөн автобусны жолоочтой маргалдаж явган хүний зам дээр хойш авч толгой орчмоор шидэж буй бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53х/,

6. Гэрч С.Ргийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны орой нөхөр ажлаасаа ирэх байсан боловч ирэхгүй бараг 23 цаг 30 минут хүртэл би гэртээ хүлээсэн боловч ирэхгүй байсан. Гар утас руу залгасан боловч гар утас нь холбогдох боломжгүй гээд байсан. Тэгж байтал ажлын газраас жижүүр нь миний утас руу залгаж Гын эхнэр мөн үү яаралтай Гын ажил дээр хүрээд ир биеийн байдал нь муу байна, түргэн дуудчихлаа гэж хэлэхээр нь би гэрээс гараад нөхөр Гын ажил болох Монос дээд сургуулийн урд талд байдаг Автобус авто бааз дээр нь очсон. Намайг ажил дээр очтол түргэний машинтай эмч ирчихсэн яаралтай гэмтлийн эмнэлэг орох шаардлагатай гэж хэлсэн. Урьдчилсан онош нь болохоор Гыг тархиндаа гэмтэл авсан байна, толгойн томографикийн зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд би түргэний машинтай Г бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Тэгээд шинжилгээ оношилгоо хийлгэсэн. ...Ухаан алдчихсан, түргэний машины орон дээр хэвтэж байсан. Би Гаас юм асуухад ухаангүй хариулж чадахгүй байсан. Гын баруун шанаа орчим шиг санагдаж байна хавдчихсан юм шиг харагдсан. Тухайн үед би сандарчихсан харанхуй байсан болохоор сайн анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55х/,

7. Гэрч Б.Үгийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Би С Б ХХК-д жолоочоор ажилд ороод 3 жил болж байна. 2019 оны 07 дугаар сарын 17-ны орой бааз дээр ажлаасаа буух гээд автобусаа гражид байрлуулчихаад баазын хашааны үүдэнд зогсож байтал Г ах гаднаас автобусаа барьчихсан орж ирж харагдсан. Намайг Г ах автобус дотроосоо гараараа даллаж дуудах шиг болсон. Би хашхирч автобусаа оруулчхаад гараад ир, цуг явъя гэж хэлсэн. Г ах автобусаа хөдөлгөснөө гэнэт зогссон, би яваад очтол хамарнаас нь цус гарчихсан, ухаангүй байдалтай нэг л эвгүй болчихсон харагдсан. Тэгээд би шууд эхнэр лүү нь утсаар хэлж танай нөхөр чинь эвгүй болчихсон байна. Та ажил дээр хүрээд ирээч, түргэн дуудчихлаа гэж хэлсэн. Төд удалгүй түргэний машин эмч ирсэн. Тэр үед эхнэр нь бас ардаас орж ирсэн. Тэгээд түргэний эмч үзээд гэмтлийн эмнэлэг орох шаардлагатай юм байна, хэн хамт явах юм гэхээр нь эхнэртэй нь би хамт түргэний машинд суугаад гэмтлийн эмнэлэгт очсон.. ...Тухайн үед Г ах хүнд зодуулж цохиулсан гэж юм яриагүй, согтуу хүн шиг сонин харагдсан. Хамарнаас нь цус гарчихсан, баруун бил үү зүүн шанаа нь бага зэргийн хавдчихсан харагдсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би яг сайн хараагүй. Г ах юм ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8873 дугаартай дүгнэлт:

 I. Т.Гын биед баруун зулай, чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хургалын харалдаах хатуу хальсны дээр, доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, /хурсан цусыг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал 2019.07.19/ суурийн хөндийн цус хуралдалт, баруун хацар ясны нуман хугарал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

II. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

III. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

IV. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

V. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 67х/,

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №1083 дүгнэлт:

I. Т.Г нь Ойгүйдлийн хам шинжтэй байна.

II. Т.Гын Ойгүйдлийн хамт шинж нь олдмол сэтгэцийн эмгэг юм.

III. Т.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна.

IV. Т.Гын Ойгүйдлийн хам шинж нь цаашид эдгэрэх боломжтой юм. Эдгэрэл нь эмчилгээний үр дүн, тухайн хүний бие физиологийн онцлог зэргээс хамаарна.

V. Т.Г нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй.

VI. Т.Г нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Харин гэмт хэрэг үйлдэгдэх үеийн үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.

VII. Т.Г нь одоогоор хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна.

VIII. Т.Г нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна.

IX. Т.Гад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

X. Т.Г нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байгаа тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-65х/,

10. Шүүгдэгч Э.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 85х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 86х/, голомт банкны дансны хуулга /хх-ийн 87-91х/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 91х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 92х/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 93-100х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 101-102х/,

11. Хохирогч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0320333 тоот актын хуулбар: “...Т.Гад гавал доторх гэмтэл оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12 сараар тогтоосон” тухай /шүүх хуралдааны тэмдэглэл/,

12. Хохирлын баримтууд, хохирогчийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 106х, 110-113х/,

13. Шүүгдэгч Э.Эгээс хохирогчид 1 сая төгрөг шилжүүлсэн тухай Голомт банкны орлогын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

14. Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэр өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Ч-59 шугаманд автобусаа бариад явж байсан юм. Ханын материалын эцэс рүү буух гээд явж байгаад лабораторийн автобусны буудал дээр хүн буулгаж байсан чинь урдуур шар өнгийн автобус шахаад зогссон. Буудлаас гарах гэсэн чинь тэр автобус хөдлөхгүй байхаар нь би сигнал дарж гэрлээрээ дохисон чинь 20 орчим секундийн дараа тэр автобус хөдөлсөн. Урд орчхоод удаан яваад болохгүй байхаар нь хажуугаар нь гарах гэсэн чинь дахиад шахсан. Буух гэж байгаа юм чинь хүнтэй маргаад яах уу гэж бодоод би ардаас нь явж байгаад цахилгаан тээврийн буудал дээр очсон. Цахилгаан тээврийн буудлаас хөдлөөд тэр нэгдүгээр эгнээгээр яваад би 2 дугаар эгнээ рүү орсон. Тухайн зам бага зэргийн түгжрэлтэй байсан. Би 2 дугаар эгнээгээр ороод 7-8 машин урдуур явж байгаад буцаж нэгдүгээр эгнээ рүү орж Содон хорооллын автобусны буудал дээр зогсож хүнээ буулгасан. Тэр үед нөгөө шар автобус /Ч-.../ ардаас мөн гүйцэж ирээд миний урдуур дарж зогсоод хүнээ буулгасан. Тэгээд гэрлэн дохио дээр ирээд бид хоёр зэрэг нэг хоёрдугаар эгнээгээр явсан. Тэгж яваад Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр иртэл мөн миний урдуур шахаж орж ирээд дарж зогсоод хүнээ буулгаад түрүүлээд явчихсан. Давхарын буудал дээр би хүнээ буулгасан чинь тэр автобусны жолооч давхарын буудал дээр зогсолгүй хэтэрч зогсоод хүнээ буулгахаар нь би хажуугаар нь түрүүлээд явсан. Би түрүүлж очоод Ханы материалын эцсийн буудал дээр зогсож байтал ардаас ирээд мөн урдуур автобусаа хааж зогсоод урд хаалгаар бууж ирээд хоёр гартаа нэг нэг усны устай сав барьчихсан над руу шууд шидэж “хөөе муу банди минь яагаад байгаа юм” гэхээр нь би таныг яасан юм, та өөрөө яагаад байгаа юм гэсэн чинь “чамайг ална шүү” гээд над руу ирэхээр нь бид хоёр зууралдсан. Тэгж байтал хажуугаас манай баазын жолооч та хоёр адилхан нийтийн тээвэрт явдаг байж яах гэж маргалддаг юм гэж хэлсэн. Бид хоёр салаад би тэр ах руу “мангар юм уу хаашаа юм” гэж хэлсэн чинь өмсөж байсан сандаалаа тайлаад гүйж ирээд гараараа миний шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд ардаас нь баруун гараараа хоолойг нь барьж аваад газар явган хүний зам дээр нэг удаа унагачихсан. Нөгөө жолооч босож ирэхгүй 10 гаруй секунд болж цээжээ өндийлгөсөн чинь хамраас нь цус гоожсон. Би автобусанд байсан усаар цусыг угааж өгтөл муу пизда чамайг харна гэж хэлээд автобусаа унаад хөдөлсөн. Би автобусаа унаад явсан.. Тухайн үед би уурласан, бас над руу дайраад байхаар нь би айж цочирдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул тус зүйл хэсгээр гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийн тухайд шүүгдэгчээс нийт 7.726.200 төгрөгийг гаргуулахаас түүний төлсөн 1 сая төгрөгийг хасаж, үлдэгдэл хохирлыг гаргуулах, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх тухай дүгнэлтийг,

            Хохирогч “...саналгүй” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэрэглээ талаас ярихад Э.Эгийн үйлдэлд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэн болохыг сайтар шалгаж тогтоогдоогүй. Тэрээр хохирогч өөрийг нь цохиж авахад айж цочирдсон, сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон байх магадлалтай байхад түүний сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг холбогдох байгууллагаар нь тогтоолгоогүй. Хохирогчийн зүй бус ажиллагаа нь шүүгдэгчийг сэтэл санааны өөрчлөлтөд ороход хүргэсэн гэж үзэж байгаа. Хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал байгааг харгалзан үзэж шүүгдэгч тухайн үед цочрон давчидсан эсхүл болгоомжгүй хоёрын аль ч нөхцөлд үйлдэгдсэн байхыг үгүйсгэхгүй тул энэхүү эргэлзээтэй байдлыг шүүхээс хараач ээ, хуулийн дагуу шийдвэрлээч ээ. Хохирлын хувьд баримтаар гарсан эмчилгээний зардлыг төлөхөөр байгаа, 1 сая төгрөгийг хохирогчид өгсөн. Харин шатахууны зардал нь хохиролд тооцогдохгүй, мөн цалин нэхэмжилсэн тодорхойлолт зэргийг үндэслэн ажилгүй байх хугацааны цалинг гаргуулах боломжгүй байна. Яагаад гэхээр хохирогч нь сард хэдийг авдаг, түүнээс суутгалууд хасагдаад яг гар дээр хэдийг авдаг болохыг илэрхийлсэн баримтгүй тул шүүхээс таамаглалд үндэслэж гаргах үндэслэлгүй юм” гэсэн саналыг тус тус гаргасан.

Санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан,  өөрийн үйл ажиллагааг  удирдан жолоодох, өөртөө хяналт  тавих чадваргүй  болсон байдлыг хэлнэ. 

Хэрэгт тухайн болсон нөхцөл байдал, үйл баримтыг тодорхой харуулсан камерын бичлэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ба тухайн бичлэг болон үйл явцыг харсан гэрч Я.Мын мэдүүлэг, шүүгдэгч Э.Эгийн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Э.Э нь өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдах, хяналт тавих чадвар, боломж нь алдагдаж, сэтгэл санааны гүн цочролд орсон гэж үзэх, мөн болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тодруулбал,

 “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ”-ын жолооч, шүүгдэгч Э.Э нь тухайн өдөр нийтийн тээвэр үйлчилгээнд явж байхдаа “С б” ХХК-ны жолооч, хохирогч Т.Гтай эгнээ байр эзлэх, булаацалдах асуудлаас үүдэлтэй, үйлдлээрээ бие биендээ эсэргүүцлээ илэрхийлж, хэн хэнийхээ жолоодож явсан тээврийн хэрэгслийг шахаж урд, хойноо орж явсаар Ханын материалын эцэс дээр ирсэн байх бөгөөд улмаар жолооч Э.Э, Т.Г нар нь тээврийн хэрэгслээсээ бууж ирэн харилцан бие биенийхээ эсрэг хүч хэрэглэх, хоорондоо маргалдаж, үг хэлээр доромжлох зэргээр хоорондоо харилцаж байгаа нь харагдах ба энэ явцдаа шүүгдэгч нь хохирогчид хүнд гэмтэл учруулсан байдалтай байх тул шүүгдэгч Э.Эг агшин зуур цочролд орсны улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Э, хохирогч нарын хэн алины буруутай үйлдэл нь камерын бичлэгээс тодорхой харагдах тул дан ганц хохирогчийн буруутай үйлдэл тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, уг үйлдлээс болж шүүгдэгчийг цочролд орсон гэж үзэхэд учир дутагдалтайгаас гадна шүүгдэгч Э.Эгийн удаа дараагийн мэдүүлэгт ч хохирогчтой юунаас болж маргалдсан, зууралдсан, цохилцсон, хохирогчийг ямар байдалтай байхад нь ар нуруугаар, толгойн ар хэсгээр нь замын боржур хэсэгт хэрхэн унагаасан, дараа нь хохирогчтой ямар харилцан яриа өрнүүлсэн талаараа тодорхой ярьсан, мэдүүлсэн нь түүнийг цочролд ороогүй, тухайн үед ямар үйлдэл хийснээ мэдэж байсан, үйлдлээ хянах чадвартай байсан болохыг илтгэж байна.

Шүүгдэгч Э.Э нь хохирогчийг ар нуруу хэсгээр хүчтэй савж газар унагааж буй үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэх буюу тэрбээр өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн, уг үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг зориуд хүргэсэн гэж үзэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл,

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материалын эцэст Т.Гтай “автобус шахлаа” гэх асуудлаас болж хоорондоо маргалдан түүнийг араас нь тэвэрч газарт савж унагасны улмаас эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

1. СД-д үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар үзсэн бичлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны 22 цаг 04 минут гэж дүрс бичлэг эхлэх ба дүрсэнд ... 22 цаг 04 минут 32 секундэд тээврийн хэрэгслийн гэрэл тусаж төв замын нэгдүгээр эгнээгээр автобусны хоншоор /урд хэсэг/ гарч урд хаалганы харагдах байдалтай зогсож, мөн төв замын хоёрдугаар эгнээгээр уг автобусыг гүйцэд түрүүлж урд нь дарж зогсож буй хоёр автобус харагдах бөгөөд нэгдүгээр эгнээд зогссон автобусны урд хаалгаар жолооч /Э.Э/ нь бууж хоёрдугаар эгнээнд зогсож буй автобусны урд хаалга руу алхаж очих үед хоёрдугаар эгнээнд зогсож буй автобусны урд хаалгаар богино ханцуйтай цамцтай эрэгтэй хүн буюу жолооч /Т.Г/ нь бууж жолооч руу /Э рүү/ савтай ус мэт зүйл шидэхэд жолооч /Э.Э/ нь Т.Гын толгой руу гараараа цохиж түлхэх үед дундуур нь автобуснаас буусан хоёр эрэгтэй хүн орж салгаж байгаа байдал тогтоогдсон. Дараагаар нь богино ханцуйтай цамцтай эрэгтэй /Т.Г/ нь гар далайж, /Т.Г, Э.Э хоёр нь/ хоорондоо бие бие нь рүүгээ дайрсан байдалтай байх бөгөөд урд талаас мөн ажлын хувцастай нэг эрэгтэй хүн ирж хоорондоо зууралдаж буй хоёр хүний дундуур орж салгаж байх ба явган хүний зам дээр гарч богино ханцуйтай цамцтай эрэгтэй /Т.Г/ нь гутлаа тайлж, гараараа жолоочийн /Э.Эгийн/ шанаа руу цохиход нөгөө жолооч /Э.Э/ нь Т.Гын хүзүүнээс баруун гараараа уургалж явган хүний зам дээр хойш савж толгойгоор нь газар унагааж буй нийт 6 минут 01 секундийн бичлэг байв” /хх-ийн 35х/,

2. Гэрч Я.Мын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны шөнө ажлаа хийгээд орой 21 цаг 40 минутын үед ажлаасаа буух гээд Ханын материалын эцэс дээр ирж автобусаа зогсоогоод байж байтал ардаас Автобус нэгтгэл баазын зүс таних жолооч Э ирж зогссон. Түүний араас Сутайн авто баазын шар автобус урдуур нь дарж зогсоод урд хаалгаар нь жолооч нь бууж ирээд усны сав нөгөө автобусны жолооч Э рүү шидсэн. Би яваад очтол тэр хоёр бие биеийнхээ цамцны захнаас зууралдчихсан байхаар нь “та хоёр одоо боль, нийтийн тээвэрт явж байж ингэж болохгүй” гэж хэлээд салгасан. С Бын жолооч нь “ална, тална” гээд дайраад гутлаа тайлж шидэж, Эг гараараа нэг удаа цохиод автал Э түүний ардаас нь тэвэрч аваад замын хажуу талын явган хүний замын боржур хэсэгт тархиар нь хойш савуулаад унагачихсан. Тухайн үед энэ үйлдэл нь түргэн хугацаанд болсон. Тэр жолоочийн хамарнаас нь цус гарчихсан дээшээ хараад хэсэг зуур хэвтсэн. Э сүүлд нь усаар цусыг цэвэрлэж өгсөн... Би яг тэр үед хажууд нь хараад зогсож байсан. Э үлдсэн. Би автобусандаа гар утсаа цэнэглэж байгаад буцаад очсон чинь Э нөгөө жолоочийн гар дээр ус хийж өгөөд хоорондоо юм яриад байсан. Яг юу ярьсныг нь би сайн сонсоогүй....Замын хөдөлгөөнд оролцохдоо эгнээ байр эзэлж явахаас болж маргалдсан юм  шиг байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47х/,

3. Хохирогч Т.Гын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө би ажил дээрээ очиж эмчид үзлэг хийлгэж аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч Ханын материал Хайлааст чиглэлд буюу ч-... чиглэлд гарсан. Тэр өдөр 5 тойрсон. 22 цагийн орчим Ханын материал дээр ирсэн. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Би юу болсон талаараа ерөөсөө санахгүй байна. Санах гэж хичээгээд санахгүй байгаа юм. Миний бие тархины зүүн шанаанд цус хуралттай тархины яс бяцралттай гэж эмч хэлсэн. Би тухайн гэмтлээ камераар харахад намайг цемент дээр нэг залуу шидэж байгаа харагдсан. Тэрнээс болоод уг гэмтлээ авсан. Тэр өдөр шугамд явсан талаараа мэдэж байгаа юм. Гэмтлийн эмнэлэг дээр хэвтэж байгаагаа мэдэж байгаа юм. Ер нь гэмтэл авахаас өмнөх болон эмнэлэгт ухаан орсноос хойших зүйлээ санаж байна. Харин тухайн үеийн үйл явцын талаар юу ч санахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42х, 45х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

4. Гэрч Б.Сын өгсөн: “...Би С Б ХХК-д очиж камерын бичлэг үзсэн чинь Ханын материалын эцсийн зам дээр хоёр автобус хоорондоо бие биенээ шахаж урд хойно орж яваа бичлэг харагдсан. Хэргийн газар дээр яг юу болсон талаар мэдэхийн тулд тэр орчинд камерын хяналт байна уу гэж хайсан чинь хэрэг болсон газар луу харсан барилгын материалын дэлгүүрийн камерын бичлэгт миний ах Гыг тэр нэгдүгээр баазын автобусны жолооч “ардаас нь барьж байгаад замын боржурлуу хойш толгойгоор шидэж буй камерын бичлэгийг олсон, би энэ камерын бичлэгийг хуулбарлаж авч СД дээр буулгаж мөрдөгчид өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51х/,

5. Гэрч Т.Пийн өгсөн: “...нэг дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзсэн чинь миний дүү Гыг мөн автобусны жолоочтой маргалдаж явган хүний зам дээр хойш авч толгой орчмоор шидэж буй бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53х/,

6. Гэрч С.Ргийн өгсөн: “...Т.Гын ажил дээр очтол түргэний машинтай эмч ирчихсэн, яаралтай гэмтлийн эмнэлэг орох шаардлагатай, урьдчилсан онош нь болохоор Гыг тархиндаа гэмтэл авсан байна, толгойн томографикийн зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн.. Би Гаас юм асуухад ухаангүй хариулж чадахгүй байсан. Гын баруун шанаа орчим шиг санагдаж байна хавдчихсан юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55х/,

7. Гэрч Б.Үгийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны орой бааз дээр ажлаасаа буух гээд автобусаа гражид байрлуулчихаад баазын хашааны үүдэнд зогсож байтал Г ах гаднаас автобусаа барьчихсан орж ирж харагдсан. Намайг Г ах автобус дотроосоо гараараа даллаж дуудах шиг болсон ба Г ах автобусаа хөдөлгөснөө гэнэт зогссон. Тэгэхээр нь яваад очтол хамарнаас нь цус гарчихсан, ухаангүй байдалтай нэг л эвгүй болчихсон харагдсан. ...Тухайн үед Г ах хүнд зодуулж цохиулсан гэж юм яриагүй, согтуу хүн шиг сонин харагдсан. Г ах юм ярьж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8873 дугаартай дүгнэлт:

 I. Т.Гын биед баруун зулай, чамархай, суурь ясыг хамарсан шугаман хугарал, хургалын харалдаах хатуу хальсны дээр, доорх цусан хураа, аалзан хальсны доорх цус харвалт, /хурсан цусыг авч тархи дарагдлаас чөлөөлөх мэс заслын дараах байдал 2019.07.19/ суурийн хөндийн цус хуралдалт, баруун хацар ясны нуман хугарал, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. II. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. III. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. IV. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. V. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 67х/,

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №1083 дүгнэлт:

I. Т.Г нь Ойгүйдлийн хам шинжтэй байна. II. Т.Гын Ойгүйдлийн хамт шинж нь олдмол сэтгэцийн эмгэг юм. III. Т.Г нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. IV. Т.Гын Ойгүйдлийн хам шинж нь цаашид эдгэрэх боломжтой юм. Эдгэрэл нь эмчилгээний үр дүн, тухайн хүний бие физиологийн онцлог зэргээс хамаарна. V. Т.Г нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Харин гэмт хэрэг үйлдэгдэх үеийн үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. VI.  Т.Г нь одоогоор үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн үйлдлээ удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай байгаа тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 63-65х/,

10. Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С б ХХК-ны жолооч нь миний тээврийн хэрэгслийг удаа дараа шахаж яваад байсан. ...Би түрүүлж Ханы материалын эцсийн буудал дээр очоод зогсож байтал ардаас ирээд мөн урдуур автобусаа хааж зогсоод урд хаалгаар бууж ирээд хоёр гартаа нэг нэг усны устай сав барьчихсан над руу шууд шидэж “хөөе муу банди минь яагаад байгаа юм” гэхээр нь би таныг яасан юм, та өөрөө яагаад байгаа юм гэсэн чинь “чамайг ална шүү” гээд над руу ирэхээр нь бид хоёр зууралдсан. Тэгж байтал хажуугаас манай баазын жолооч та хоёр адилхан нийтийн тээвэрт явдаг байж яах гэж маргалддаг юм гэж хэлсэн. Бид хоёр салаад би тэр ах руу “мангар юм уу хаашаа юм” гэж хэлсэн чинь өмсөж байсан сандаалаа тайлаад гүйж ирээд гараараа миний шанаа руу цохиод авахаар нь би зөрүүлээд ардаас нь баруун гараараа хоолойг нь барьж аваад газар явган хүний зам дээр нэг удаа унагачихсан. Нөгөө жолооч босож ирэхгүй 10 гаруй секунд болж, цээжээ өндийлгөсөн чинь хамраас нь цус гоожсон. Би автобусанд байсан усаар цусыг угааж өгтөл муу пизда чамайг харна гэж хэлээд автобусаа унаад хөдөлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Э.Э нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байх боломжтой, эсхүл тус хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн эсэхийг нягталж шалгах гэх санал”-ууд нь  дээрх нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдсэн тул хүлээн авах үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзсэн.

Шүүгдэгч Э.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 1.125.024 төгрөг, шатахууны зардалд 105,000 төгрөг, нийт 1.230.024 төгрөг /хх-ийн 110-113х/,  мөн гэмтэл авснаас хойш 6 сар ажилгүй байх үеийн цалин болох 6.448.200 төгрөгийг, нийт 7.678.224 төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэн болно.

Хохирогч Т.Гын нэхэмжилсэн хохирлоос эмчилгээнд зарцуулсан хохирлын үнийн дүн болох 1.125.024 төгрөгийг шүүгдэгч Э.Эгээс гаргуулах нь үндэслэлтэй байх ба харин шатахууны зардал нь цаг хугацааны хувьд болон бусад байдлаараа тухайн хэргийн хохиролтой шууд холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Эгээс гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 1.125.024 төгрөгийг хохирогч Т.Гад төлсөн байна. 

Харин хохирогч Т.Г нь тус гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсантай холбогдуулан цаашид ойролцоогоор 6 сарын хугацаанд ажилгүй байх хугацааны цалин болох 6.448.200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг энэ хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

хохирогч Т.Г нь “Сутай буянт” ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан байх бөгөөд тэрбээр тухайн компаний цалингийн тодорхойлолт, мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргийг гаргаж өгсөн, өөр баримт гаргаж өгөөгүй, дээрх баримтууд нь түүний цалин хөлс, орлогыг бүрэн  илэрхийлэх баримт бус, улмаар түүний сард авдаг цалингийн дүн, түүнээс хасагдах шимтгэл, суутгалуудын дүн, тэтгэврийн хэмжээ зэрэг нь тодорхойгүй тул түүний ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс, орлогыг, мөн цалин хөлс, тэтгэврийн зөрүүг зэргийг тооцож гаргах боломжгүй байна.

Иймд холбогдох баримтуудаа зохих ёсоор нь бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Мөн хохирогч Т.Г нь өөрийн  эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсантай холбогдуулан цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, бусад зардлаа нэхэмжилнэ гэх тул холбогдох баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 4 жилийн хугацаагаар ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч “... гомдолтой байна. Би группт орсон, хэдэн жил ажилгүй байх юм. Би юм амархан мартдаг болсон, надад хуулийн мэдлэг байхгүй, өмгөөлөгч авах боломж байгаагүй. Шүүгдэгч өвчтэй байхад уучлаарай ч гэж хэлээгүй, эмчилгээний зардлыг ч гаргаж өгөөгүй, өөрийнх нь хэрэг шийдэгдэх болоод ирэхэд л сая 11 дүгээр сарын 05-ны өдөр миний дансыг хаанаас ч юм олоод 1 сая төгрөг хийсэн байсан. Би эмчилгээ хийлгэх шаардлагатай, цалингаа ч нэхэмжилж авмаар байна. Энэ хүнд хорих ял оногдуулах тухай прокурорын саналтай нэг байна” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь 2 төрлийн санкцтай байгаа. Иймд шүүгдэгч нь ажил төрөлтэй, эхнэр нь ажил хийдэггүй, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцид заасан хүүхдийн эрх ашгийг бодож тэдгээр хүүхдүүдийг нь эцэгтэйгээ хамт байлгах боломжийг олгож торгох ялыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж, төлөх хугацааг 3 жилээр тогтоож өгнө үү. Хэрэв торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүхээс үзсэн тохиолдолд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар нэхэмжилсэн зардлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.Эгийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд  хэрэглэхээр зохицуулагдсан бөгөөд шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч нар нь “... сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан, эсхүл болгоомжгүйгээр учруулсан” гэж гэм буруугийн асуудал дээр маргаж оролцсон, хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдоогүй тул уг  зүйл, заалтыг хэрэглэх үндэслэлгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон гэж үзсэн. Учир нь,

шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирснаас гадна уг гэмтлийн улмаас хохирогчид ойгүйдлийн хам шинж гэсэн хор уршиг давхар учирсан, дээрх хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, шүүгдэгч нь цалин хөлс орлоготой, тогтсон ажил төрөлтэй атлаа хохирогчид гэмтэл учруулсан тухайн хугацаанд хохирлыг барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээс хохирогч эмчилгээгээ бүрэн хийлгэж чадаагүй нөхцөл байдалтай байх  тул Э.Эд торгох ял оногдуулах нь зохимжгүй, биелэгдэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч Э.Эд 4 жилийн хорих ялыг оногдуулж, түүний хувийн байдлын харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л овогт Эы Эг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Э.Э нь хохирогч Т.Гад 1.125.024 /нэг сая нэг зуун хорин таван мянга, хорин дөрвөн төгрөг/ төлсөн болохыг дурдаж, хохирогч Т.Г нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсантай холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлс, орлого, бусад зардлаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Эгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ