| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1166/Э |
| Дугаар | 1181 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1181
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч Ц.Х,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х о овогт Нын Мд холбогдох 1908019310651 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатарт тогтсон хаяггүй, урьд ял шийтгэлгүй, Х о овогт Нын М /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Н.М нь 2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” хорооллын ... дугаар баригдаж байгаа барилгаас буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч “Б Ц.Т” ХХК-ны эзэмшлийн 1x4 голчтой 3500 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Н.М нь 2019 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” хорооллын ... дугаар баригдаж байгаа барилгаас буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч “Б Ц.Т” ХХК-ны эзэмшлийн 1x25 голчтой 2000 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Н.М нь 2019 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” хорооллын ... дугаар баригдаж байгаа барилгаас буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч “Б Ц.Т” ХХК-ны эзэмшлийн 1x6 голчтой 600 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн санаатай үйлдэл хийсэн боловч Н.Мын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй ба хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдаж бусдад 720.000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах үйлдлийн улмаас бусдад нийт 4.820.000 төгрөгийн шууд хохирол учруулсан, цахилгааны утас суулгах зардалд нийт 3.361.100 төгрөгийн хор уршиг, нийт 8.181.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн Ц.Хаш- Эрдэнээс гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн “С” хороолол ...-р блок баригдаж байгаа барилгын...зэс кабель алдсан” гэх өргөдөл /хх-ийн 3х/,
2. Хохирогч Ц.Хий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б Ц.Т ХХК-д барилгын компанид цахилгааны инженер хийдэг юм. Манай компани Содон хорооллын ... дугаар байрыг барьж дотор засал болон цахилгааны ажлыг хийж байгаа юм. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2 дугаар орцны 4 давхар болон 3 давхрын цахилгааны утас алдагдсан, дараа нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 дугаар орцны 5, 8 дугаар давхрын цахилгааны утас хулгайд алдагдсан. Тэгээд бид нар хулгай ороод байна гэж ойр орчмын хяналтын камерыг шүүж үзэхэд ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй. Тэгээд орой болгон харуулаас гадна хүмүүс жижүүрлэж манаж хонодог байсан ба сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би цахилгаанчин ах Бгийн хамт барилга дотроо жижүүрийн үүрэг гүйцэтгэж, харуулаар Д.Ц хонож байсан. Бид нар 1 хоногийн давтамжтай хулгай гараад байсан болохоор манаачтайгаа шөнийн цагаар орох хүмүүс байвал бүгдийг нь оруулаад араас нь бид нарт хэлж бай гэж хэлж тохироод байж байтал шөнийн 3 цагт над руу харуул Д.Ц залгаад “би заслын хүн байна, барилга дотор орж хонох гэсэн юм” гэж хүн ирэхээр нь оруулчихлаа шүү гэж над руу ярихаар нь би за за гэж хэлээд утсаа салгаад тэгээд цахилгаанчин ах Бтэй хамт 2 дугаар орцны 2 давхрын шатны хонгилд нуугдаад зогсож байсан чинь доороос шатаар хүн гараад явсан. Тэгээд бид хоёр тэндээ чимээ чагнаад зогсож байсан ямар ч чимээ сонсогдохгүй байсан ба 5-6 давхарт гарч ирэхэд 7 давхарт юм шавхуурдаад байгаа юм шиг чимээ гарсан, тэгэхээр нь бид хоёр 7 давхар руу гараад гар утасны бичлэгийг тавиад гараад очтол нэг залуу цементний шуудайн ам боогоод зогсож байсан. Тэгээд нөгөө залууг дуудаад “ хөөе чи юу хийж байгаа юм” гэж хэлсэн чинь юу ч хийгээгүй гэж хэлсэн тэгээд шуудайтай зүйлийг үзтэл цахилгааны кабел утаснууд байхаар нь манаачийг дуудаж цагдаад дуудлага өгч ажилласан. ...Тухайн цахилгааны кабел утаснуудыг разетканы суурьнаас нь суга татаад гаргаад авчихсан байгаа юм. Тус утсыг дахиж суулгахад хүн хүч болон ажлын зардал нь 3.360.000 төгрөг болж байгаа юм. Энэ цахилгааны утсыг суурилуулахад шалны бетоныг цутгахаас өмнө нь хийгддэг учраас ахин хийх ажил гарч байгаа болохоор алдагдал ихтэй байгаа юм. Манай байгууллагын хохирол барагдаагүй. Хурааж авсан бусад утаснууд нь ямарч ашиглах боломжгүй болсон ба манай байгууллагын хаягдал болж байгаа. Дээрх хаягдал утсыг ашиглавал сүүлд нь янз бүрийн масс гарахыг үгүйсгэхгүй, мөн зардал илүү нэмэгдэж гарах тул ашиглахгүй шинэ утсаар ахиж сүвлэж хийсэн байгаа. Одоо бол байр ашиглалтанд орж айлууд орцгоосон байгаа. Одоо бид ажлын хөлс болон үнэлгээгээр тогтоогдсон кабелын үнэ зэргийг нэхэмжилж байна. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
3. Гэрч Д.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т контракшины харуул хийдэг. Тэгээд манай байгууллагын туслан гүйцэтгэх компани болох Б Ц.Т ХХК-ны барилгын цахилгаан хийж байгаа С хорооллын ... дугаар байрны цахилгааны утас өнжөөд л алдагдаад байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус компаний инженер Хтэй ярилцаад хулгай хийгээд байгаа хүнийг барья гэж яриад гаднаас оръё гэж байгаа хүнийг оруулаад бай гэж хэлсэн ба үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнө 02 цаг өнгөрөөгөөд харуулын байран дээр байж байхад нэг залуу гаднаас ороод ирсэн. Тухайн залуу нь би дотор засал хийж байгаа, жоохон юм хийж байгаад унтчихна гэж хэлэхээр нь би дотогш нь оруулаад Хд нэг залуу орлоо шүү гэж хэлсэн. Тэгээд байж байгаад 30 гаран минутын дараа Х надад хандан нөгөө оруулсан залууг чинь барьчихлаа, та цагдаа дуудчих, нөгөө залуу чинь цахилгааны утас шуудайлчихсан байна гэж хэлэхээр нь би 102 дугаарын утас руу залгаж цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,
4. Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б Ц.Т ХХК-д цахилгаанчин хийдэг юм. Манай байгууллагын барьж байгаа С хорооллын ... дугаар блок барилгын цахилгааны утас 3 өдөр дарааллаж алдагдаад байсан ба 3 дахь өдөр нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр инженер Х бид хоёр барилга дотор жижүүр хийсэн ба харуулаар Ц гарч байсан. Тэгээд шөнө 02 цагийн үед харуул утастаад нэг хүн дотогш орлоо засвар хийж байгаа гэж хэлээд орсон гэхээр нь бид хоёр тухайн байрны 2 дугаар орцны 2 давхарт очсон. Нөгөө хүн шатаар дээшээ 4 давхар луу гараад чимээгүй болчихоор нь бид хоёр шатаар араас нь 30 орчим минутын дараа гарахад 7 давхарт шажигнах чимээ гарсан. Бид утасны гэрлийг асаагаад камерыг нь асаагаад яваад орсон чинь нэг залуу буруу харчихсан шуудайнд цахилгааны кабель чихээд зогсож байсан. Тэгэхээр нь хөөе гэж дуудаад хэн юм чи гэж хэлсэн чинь эргэж харснаа сангийн хүн байнаа гэж хэлсэн, тухайн залуу нь туранхай бор царайтай залуу байсан. Тэгээд бид нар шуудайтай цахилгааны утсыг нь байлгаж байгаад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,
5. “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...цахилгааны утас залгах 6100 м нь 3.361.100 төгрөг” /хх-ийн 61-62х/
6. “Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...цахилгааны утас, нийт дүн 4.820.000 төгрөг” /хх-ийн 27х/
7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Тус бичлэгт нь Iphone 6 rap утаснаас бичиж авсан 2 минут 59 секундийн бичлэг байх ба тус бичлэгээр барилгын объект доторх явж байгаа бичлэг эхний 20 секундэд харагдах ба тус бичлэгт тар няр хийсэн чимээ сонсогдож байгаад хананаас цахилгааны утас татаж байгаа хар өнгийн савхин хүрэм өмссөн бор шаргал өнгийн саравчтай малгай өмссөн 20-25 орчим насны эрэгтэй хүн байх ба 1 минут 48 секунд дээр шуудайтай цахилгаан утсыг авах гээд хажууд нь очиж байгаа бичлэг байх ба түүнээс хойш 2 минут 59 секунд хүртэл хоорондоо ярилцаж байгаа бичлэг байв...” /хх-ийн 63х/,
8. Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 39х/, Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 46-48х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/, цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 50-51х/,
9. Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд байрлах нийтийн байр ганцаараа хөлсөлж амьдардаг ба байрны түрээсийн мөнгө нэхэгдээд байхаар нь Содон хорооллын ... дугаар баригдаж байгаа барилга руу өдрийг нь сайн санахгүй байна нууцаар ороод 3, 4 дүгээр давхрын цахилгааны сүвлэсэн байсан утаснуудыг гараараа суга суга татаад гаргаж авсан. Тэрийгээ шуудайнд хийж авч гараад газрыг нь хэлж мэдэхгүй байна төмөр замын призер даваад түүхий эд өгдөг цэг дээр аваачиж 40.000 төгрөгт зарсан. Дараа нь маргааш өдөр нь ахиж ороод 5, 8 дугаар давхрын цахилгааны сүвлэсэн утаснуудыг мөн адил суга татан авч мөн адил түүхий эд авдаг цэг дээр аваачиж тушаагаад 40.000 төгрөг болсон. Тэгээд түүнээс хойш 2 хоног байж байгаад ахиад нөгөө байрлуу очоод 6, 7 дугаар давхрын утаснуудыг суга татаад шуудайлаад байж байтал араас 2 хүн орж утсаар бичлэг хийгээд намайг бариад авсан...би тэр цахилгааны утасны мөнгөө хоол хүнс авахад бүгдийг нь зарцуулсан ...надад мөнгөний хэрэг гараад тухайн байгууллагаас хулгай хийсэн юм. Би өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаад цалингаа авч чадаагүй гарчихсан. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн. ...би сүүлд авсан цахилгааны шуудайтай утсыг байгууллагад буцаагаад өгчихсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Содон” хорооллын 116 дугаартай, хүн байнга амьдрах зориулалттайгаар баригдаж байгаа барилга руу хууль бусаар нэвтэрч, “Б Ц.Т” ХХК-ниас өрөөнүүдэд сүвэлж, суурилуулсан байсан цахилгааны кабель утаснуудыг сугалж, мулталж авах аргаар:
-2019 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 1x4 голчтой 3500 метр цахилгааны утсыг хулгайлан авч, 2.800.000 төгрөгийн,
-2019 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 1x25 голчтой 2000 метр цахилгааны утсыг хулгайлан авч, 1.300.000 төгрөгийн,
-2019 оны 04 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө 1x6 голчтой 600 метр цахилгааны утсыг хулгайлахыг завдсан боловч Н.Мын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, уг үйлдлээс болж бусдад 720.000 төгрөгийн буюу нийт 4.820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Хий өгсөн: “...Б Ц.Т ХХК нь Содон хорооллын ... дугаар байрыг барьж дотор засал болон цахилгааны ажлыг хийж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 2 дугаар орцны 4 давхар болон 3 давхрын цахилгааны утас алдагдсан, дараа нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2 дугаар орцны 5, 8 дугаар давхрын цахилгааны утас хулгайд алдагдсан. Тэгээд орой болгон харуулаас гадна хүмүүс жижүүрлэж манаж хонодог байсан ба сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би цахилгаанчин ах Бадамцэрэнийн хамт барилга дотроо жижүүрийн үүрэг гүйцэтгэж, харуулаар Д.Ц хонож байхад шөнийн 3 цагт над руу харуул Д.Ц залгаад “би заслын хүн байна барилга дотор орж хонох гэсэн юм гэж хүн ирэхээр нь оруулчихлаа шүү” гэж ярихаар нь би цахилгаанчин ах Бтэй хамт 2 дугаар орцны 2 давхрын шатны хонгилд нуугдаад зогсож байсан чинь доороос шатаар хүн гараад явсан. Тэгээд бид хоёр ...5-6 давхарт гарч ирэхэд 7 давхарт юм шавхуурдаад байгаа юм шиг чимээ гарахаар нь бид хоёр 7 давхар руу гараад гар утасны бичлэгийг тавиад гараад очтол нэг залуу цементний шуудайн ам боогоод зогсож байсан. Тэгээд нөгөө залууг дуудаад “ хөөе чи юу хийж байгаа юм” гэж хэлсэн чинь юу ч хийгээгүй гэж хэлсэн тэгээд шуудайтай зүйлийг үзтэл цахилгааны кабел утаснууд байхаар нь манаачийг дуудаж цагдаад дуудлага өгч ажилласан. ...Тухайн цахилгааны кабел утаснуудыг разетканы суурьнаас нь суга татаад гаргаад авчихсан байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
Гэрч Д.Цы өгсөн: “...манай байгууллагын туслан гүйцэтгэх компани болох Б Ц.Т ХХК-ны барилгын цахилгаан хийж байгаа С хорооллын ... дугаар байрны цахилгааны утас өнжөөд л алдагдаад байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тус компаний инженер Хтэй хулгай хийгээд байгаа хүнийг барья гэж яриад гаднаас оръё гэж байгаа хүнийг оруулаад бай гэж хэлсэн. Тэгтэл харуулын байран дээр байж байхад шөнө 02 цаг өнгөрөх үед нэг залуу гаднаас ороод ирсэн, тухайн залуу би дотор засал хийж байгаа жоохон юм хийж байгаад унтчихна гэж хэлэхээр нь би дотогш нь оруулаад Хднэг залуу орлоо шүү гэж хэлсэн. Тэгээд байж байгаад 30 гаран минутын дараа Хнадад хандан нөгөө оруулсан залууг чинь барьчихлаа, та цагдаа дуудчих, нөгөө залуу чинь цахилгааны утас шуудайлчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,
Гэрч А.Бгийн өгсөн: “...Тэгээд шөнө 02 цагийн үед харуул утастаад нэг хүн дотогш орлоо засвар хийж байгаа гэж хэлээд орсон гэхээр нь инженер Х бид хоёр шатаар араас нь 30 орчим минутын дараа гарахад 7 давхарт шажигнах чимээ гарсан. Тэгэхээр нь бид утасны гэрлийг асаагаад камерыг нь асаагаад яваад орсон чинь нэг залуу буруу харчихсан, шуудайнд цахилгааны кабель чихээд зогсож байсан. Тэгэхээр нь хөөе гэж дуудаад хэн юм чи гэж хэлсэн чинь эргэж харснаа сангийн хүн байнаа гэж хэлсэн. Тухайн залуу нь туранхай бор царайтай залуу байсан. Тэгээд бид нар шуудайтай цахилгааны утсыг нь байлгаж байгаад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...цахилгааны утас, нийт дүн 4.820.000 төгрөг” /хх-ийн 27х/,
“Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт: “...цахилгааны утас залгах 6100 м 3.361.100 төгрөг” /хх-ийн 61-62х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...тус бичлэгт тар няр хийсэн чимээ сонсогдож байгаад хананаас цахилгааны утас татаж байгаа хар өнгийн савхин хүрэм, бор шаргал өнгийн саравчтай малгай өмссөн 20-25 орчим насны эрэгтэй хүн байх ба 1 минут 48 секунд дээр шуудайтай цахилгаан утсыг авах гээд хажууд нь очиж байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 63х/,
Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голд байрлах нийтийн байр ганцаараа хөлсөлж амьдардаг юм. Тэгээд байрны түрээсийн мөнгө нэхэгдээд хэрэг болоод байхаар нь С хорооллын ... дугаар баригдаж байгаа барилга руу өдрийг нь сайн санахгүй байна нууцаар ороод 3, 4 дүгээр давхрын цахилгааны сүвлэсэн байсан утаснуудыг гараараа суга суга татаад гаргаж авсан. Тэрийгээ шуудайнд хийж авч гараад төмөр замын призер даваад түүхий эд өгдөг цэг дээр аваачиж 40.000 төгрөгт зарсан. Дараа нь маргааш өдөр нь ахиж ороод 5, 8 дугаар давхрын цахилгааны сүвлэсэн утаснуудыг мөн адил суга татаж тэр авсан утсаа мөн адил түүхий эд авдаг цэг дээр аваачиж тушаагаад 40.000 төгрөг болсон. Тэгээд түүнээс хойш 2 хоног байж байгаад ахиад нөгөө байрлуу очоод 6, 7 дугаар давхрын утаснуудыг суга татаад шуудайлаад байж байтал араас 2 хүн орж утсаар бичлэг хийгээд намайг бариад авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “С” хороолол цогцолбор нь хүн байнга амьдрах зориулалттайгаар баригдаж байгаа орон сууцны барилга байх бөгөөд гэмт хэрэг гарах цаг хугацаанд уг хорооллын ... дугаартай блок нь бүрэн ашиглалтад ороогүй ч гаднах блок нь бүрэн өрөгдөж дууссан, цонх, хаалгануудаа хийсэн, халаалтаа авч дотор заслын ажил хийгдэж байгаа байдалтай байсан байх ба уг цогцолбор хорооллын ашиглалтад орж дуусаагүй объектэд байгаа эд зүйл, хөрөнгө зэргийг харуулууд ээлжлэн хамгаалдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тусгайлан хамгаалсан байр гэж үзэх үндэстэй байна.
Мөн шүүгдэгч Н.М өмнө нь тус компаний сангийн ажил хариуцан хийж байсан туслах компанид ажилд орсон боловч цалингаа өгөөгүй учир гарсан, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан, 2 сая төгрөг авах ёстой байсан гэх боловч тэрбээр ямар нэртэй компанид юу хийж байсан нь тодорхойгүй, улмаар ажлаасаа гарсан байсан гэх тул Н.М нь тус Содон цогцолборын барилгын хашаа болон блок руу нэвтрэх эрхгүй этгээд байна гэж дүгнэхээр байна.
Шүүгдэгч Н.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалтаар баригдаж буй ашиглалтад ороогүй тусгайлан хамгаалсан байранд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Мыг “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд: “Б Ц.Т” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь 1х4, 1х25, 1х6м голчтой 6100м цахилгааны утасны үнэ болох 4.820.000 төгрөг, уг кабель утаснуудыг сүвлэж, суурилуулахад гарсан ажлын хөлс 3.361.100 төгрөг, нийт 8.181.000 төгрөгийг шүүгдэгч Н.Маас нэхэмжилснийг түүнээс гаргуулж хохирогч байгууллагад олгох нь зүйтэй байна. Учир нь, шүүгдэгч Н.М нь тухайн компаний блок руу 3 удаа нэвтэрснээс, эхний 2 удаагийн нэвтрэлтээр авсан 1х4, 1.25м голчтой 5500 м утаснуудыг зарж борлуулсан, сүүлийн үйлдлээр авахыг завдсан 1х6 м голчтой 600м утсыг гэмтээсэн, ахин ашиглах боломжгүй болгосон, хаягдал болгосон байгаа гэх тул дээрх нийт кабель утасны үнийн дүн болох 4.820.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар байна.
Түүнчлэн хохирогч Ц.Х нь “...дээрх цахилгааны утаснуудыг сүвлэж суурилуулсан байсан, тус утаснуудыг дахиж суулгахад хүн хүч болон ажлын зардал нь нэмэгддэг, бетонон зуурмагийг ахиж өрөмдөж нүхлэх зэргээр ажиллагаа ихтэй байдаг тул ажлын хөлс болох 3.360.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ” гэх тул шүүгдэгч Н.Маас энэхүү шууд бус зардлыг мөн гаргуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мд 5 жил, 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол төлбөрийг барагдаагүй, шүүгдэгчийн үйлдлийг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мд 03 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 32 (гучин хоёр) хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х о овогт Нын Мыг “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Мыг 03 /гурав/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 8.181.000 /найман сая, нэг зуун наян нэг мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Б Ц.Т” ХХК буюу итгэмжлэгдсэн төлөлөөгч Ц.Хд олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ