| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1197/Э |
| Дугаар | 1197 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 1197
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхтуул,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ж овогт Бий Гт холбогдох 1908033391681 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, И М констракшн ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны ... байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Бий Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 23 цагийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Гийг “архинд явуулсангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн Б.Гийн цагдаагийн байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан: “...Манай нөхөр Б.Г 2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 19 цагт ажлын газраасаа согтуу ирээд 23 цагийн үед архинд гарна гэхээр нь гаргахгүй гэж байгаад нүдэн тус газраа цохиулсан...” гэх өргөдөл /хх-ийн 10х/,
2. Аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 14-15х, 16-20х/,
3. Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад хамт олонтойгоо архи уусан гэж орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот гэртээ ирсэн 23 цагийн орчим архинд гарна гэхээр нь би “гарахгүй” гэж үүдэнд зогсож байхад намайг хэл амаар доромжилж “пизда минь” гэж хэлээд нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод би нүүрээ дараад үлдсэн ба тэр хооронд гараад зугтсан. Нөхөр намайг нүүр лүү цохих үед хажууд өөр хүн байгаагүй ба манай 6 настай, 13 настай хоёр хүүхэд нөгөө өрөөнд унтаж байсан. Мөн нөхөр маань хааяа хааяа архи уудаг ба архи уусан үедээ үглээд дэмийрээд хэрүүл нэхээд байдаг ба гэхдээ өмнө нь намайг зодож гар хүрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7664 дугаартай:
“...Б.Гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдантанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 42х/,
5. Шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 73х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 74х/,
6. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2002 оноос хойш эхнэр Б.Гтэй хамтран амьдарч эхлээд дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. 2019 оны 06 дугаар сард яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна, нэг өдөр би ажлынхаа хүмүүсийн хамт яармагт “Харамафүжи” сургуулийн хажуу талын нэг барилга дээр ажиллаж байгаад ажлынхаа хүмүүстэй яармагт голын зах дээр хорхог хийж идээд архи уусан юм. Тэгээд 19, 20 цагийн үед гэр рүүгээ явж байсан санагдаж байна. Тэгээд тасарчихсан байсан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ...Би эхнэрийнхээ нүүр рүү цохисон эсэх ээ өөрөө санахгүй байна. Учир нь би ажлынхантайгаа архи уугаад гэр рүүгээ явж байх замдаа тасарчихсан байна лээ. Гэхдээ согтуудаа эхнэрийгээ цохиж гар хүрсэн байж магадгүй гэж бодож байна. Би өөрийн гэм бурууг ойлгож, эхнэрээсээ уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Бас манай эхнэр надаас ямар нэгэн эмчилгээний төлбөрийн мөнгө нэхэмжилсэн асуудал байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны орой 23 цагийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал харилцаатай эхнэр Б.Гийг “архинд явуулсангүй” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 36/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7664 дугаартай дүгнэлт /хх-ийн 42х/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 14-15х, 16-20х/, шүүгдэгч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 52-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Г, хохирогч Б.Г нар нь 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан, 2 хүүхэдтэй болох тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Б.Г, Б.Г нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол, шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс болсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/, хүсэлт /хх-ийн 81х/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нь Б.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Гт танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Б.Г нь ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Бий Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ