Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1205

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

           улсын яллагч Т.Мөнхжаргал,

            шүүгдэгч П.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Пийн Зд холбогдох 1908031911651 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, А А ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, хайрхан ... гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... гудамж ... байрны ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Пийн З /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч П.З нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянхошууны ... гудамж ... байрны ... тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий Б.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр П.З нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговьд ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирж байна, ирээд аваадах гээд 16 цагийн үед над руу залгасан юм. Тэгээд би очоод авъя гээд цамбын арын “Ц” гэх буудлаас очиж авах гэсэн чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан. Тэгээд би нөхрөө аваад гэртээ аваачиж унтуулсан. Тэгээд унтаж байгаад 2-3 цагийн дараа сэрээд босож ирснээ 2019 оны 05 дугаар сарын 31-нд чи хаана хоносон юм гээд над руу уурлаад сандал аваад миний зүүн гар луу цохиод авсан. Тэгсэн миний үснээс зулгааж намайг элдвээр хэлээд байсан. Тэгсэн миний гар утсыг аваад газар шидээд дээрээс нь дэвсээд гэрийнхээ эд зүйлийг өшиглөж эвдээд байсан. Тэгээд би маргааш нь цагдаад өргөдөл өгсөн юм. ...Миний зүүн гарын шуу болон зүүн тохой зулгарч, хөл бас гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

2. Ц.Цгийн цагдаагийн байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдөл /хх-ийн 9х/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7011 дугаартай:

“ Б.Цгийн биед зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн шуу, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30х/,

4. Шүүгдэгч П.Зийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 50х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54х/, эд хөрөнгийн эрхийн бүртгэл /хх-ийн 55х/, гэрлэлт бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 56х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 57х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-61х/,

5. Шүүгдэгч П.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт ажиллаж байгаад өглөө 07 цагийн үед Улаанбаатар хотод ирээд шууд найзтайгаа уулзаад буудалд архи ууж байгаад орой эхнэр рүүгээ яриад би буудалд байна ирээд аваадах гэж яриад манай эхнэр Цогзолмаа ирж авсан. Тэгээд бид 2 гэртээ хариад би гэртээ унтаж байгаад нэлээн орой сэрээж босож ирээд чи 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүн залгаад байхад яагаад утсаа авдаггүй юм бэ гээд архиныхаа халуунд эхнэрээ цохиод авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-75х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.З нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянхошуу ... тоотод өөрийн эхнэр  Б.Цг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Цгийн мэдүүлэг /хх-ийн 21-22х/, Ц.Цгийн цагдаагийн байгууллагад өргөдөл /хх-ийн 9х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7011 дугаартай дүгнэлт /хх-ийн 30х/, шүүгдэгч П.Зийн  хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-75х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч П.З, хохирогч Ц.Ц нар нь 2008 оны 04 дүгээр  сарын 20-ны өдөр гэр бүл болсныг илтгэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар авагдсан /хх-ийн 56/, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 58х/ зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзнэ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай, хардалт, үл ойлголцол, шүүгдэгч П.Знь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс болсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч П.З нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч П.Зийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цд эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/, хүсэлт /хх-ийн 79/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнхжаргал нь П.Зд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.Зд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч П.Знь ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүхээс шүүгдэгч П.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч П.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч П.Зийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Пийн Зийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Зд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Знь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ