| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1169/Э |
| Дугаар | 1206 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1206
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч Н.Ундрах /томилолт/,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Гд холбогдох 1908039841343 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ‘С э э э Г” ХХК-д ажилладаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Х овогт Бын Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Таван шарын угсармалын ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ц.Өг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр намайг согтуу очсон гэж байна. Хэрэг гарсан өдөр би Оюу толгой буюу ажил руугаа явсан. Ямар нэг байдлаар согтуу байсан зүйл байхгүй. Хэрэг гарахын өмнөх орой би ажлын газрын залуутай уулзах гээд гэрээс гарсан. Харин Ө найзтайгаа Солонгос ресторанд ормоор байна гэхээр нь би “хоолонд ороорой” гээд мөнгө шилжүүлсэн. Би ажлынхаа газрын залуугийн гэрт очиж уулзаад тал шил виски, 2 шил пиво уусан, дараа нь Ө руу залгатал утсаа аваагүй. Маргааш нь буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 00 минутын нислэгээр ажил руугаа явах байсан. Би ажил дээрээ согтуу очих юм бол ажлаасаа халагдана. Бид нарыг онгоцноос буусан даруйд драйгер үлээлгэдэг. Хэрэг гарахын өмнөх өдөр би ажлын нөүтбүүкээ Өгийн гэрт нь орхичихсон байсан болохоор орой нь очиж авах гээд 4-5 удаа залгатал утсаа аваагүй. Маргааш нь 11 цаг өнгөрч байхад очиход Ө өөрөө согтуу байсан ч байж магадгүй, урдаас 3-4 удаа цохихоор нь би хоёр гарыг нь дээш нь түлхсэн, би гараас нь бариагүй, биед нь хүрээгүй. Цохисон асуудал байхгүй. Гар утас эвдсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Би Өтай 3 сар хамт байхдаа 5.600.000-5.700.000 орчим төгрөг хэрэглээнд нь зориулж өгч байсан. Ө тухайн гар утасны эзэн нь өөр хүн байтал мэдүүлэг өгөхдөө миний утас гэж худал мэдүүлсэн. Мэдүүлэхдээ манай найзын утас гэж үнэн зөв мэдүүлэг өгөөгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хавтаст хэргээс:
1. Иргэн Ц.Өгаас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан: “...бусдад зодуулсан...” гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2х/,
2. Хохирогч Ц.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Бын Г гэдэг хүнтэй 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр танилцаж тэрнээс хойш бид хоёр үерхдэг, уулздаг болсон юм. Б.Г нь Ө аймгийн О т уурхайд ажилладаг бөгөөд 14 хоног ажиллаад 7 хоног амардаг юм. Б.Г Улаанбаатар хотод амарч байх хугацаанд манай гэрт хүү бид хоёртой хамт амьдардаг байсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа ер нь таарамж муутай, жижигхэн зүйлээс болон хардалтаас болж их хэрүүл маргаан хийдэг байсан. Тэрнээс зодолдож байсан удаа байхгүй. 2019 оны 06 дугаар сарын дундуур Б.Г надаас далдуур өөр хүүхэнтэй явалдаж байж таараад тэр хүүхэн нь над руу залгаад энэ асуудлаас болж бид хоёр хоорондоо муудалцаж салцгаасан юм. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Г амарч ирээд манай гэрт цүнхтэй эд зүйлсээ үлдээчхээд гараад явсан юм. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр над руу Г согтуу залгаад эд зүйлсээ авмаар байна гээд байхаар нь би маргааш 13 цагт ирж аваарай гэж хэлсэн. Яагаад ингэж хэлсэн бэ гэвэл Б.Гсогтуу ирвэл гэрт хэрүүл болно гэж бодсон юм. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед манай гэрт ирэхэд нь том өрөөнд цүнхтэй эд зүйлсийг нь бэлдээд тавьсан байсан юм. Б.Г миний цэнэглэгч хаана байна гэхээр нь наагуур чинь байгаа, өөрөө олоод ав гэж хэлсэн чинь “чи цэнэглэж байсан биз дээ” гээд намайг унтлагын өрөөнд байхад ирээд цэнэглэгч олоод ир гээд миний хувцаснаас зулгаагаад байхаар нь зүгээр бай гээд би түлхсэн чинь миний үснээс зулгаагаад атгасан гараараа миний нүүр лүү цохисон. Би тонгойсон чинь хамраас цус гараад би тонгойгоод сууж байсан чинь Б.Г цонхны тавцан дээр байсан миний I phone 6 plus маркийн гар утсыг авч шал руу шидсэнээ “чи миний чихэвчийн үнэнд ч хүрэхгүй шүү” гэж хэлээд гараад явсан. Миний биед учирсан гэмтлийг Б.Г нь гараа атгаж байгаад нэг удаа цохиж учруулсан. Миний биед өөр хэн ч гэмтэл учруулаагүй. ...Би гомдолтой байна. Утасны 290.000 төгрөг болон эмчилгээнд зориулж томографикийн зураг 120.000 төгрөгөөр, нүдний оношилгоо 20.000 төгрөгөөр, нүдний шинжилгээнд хамрагдсан болон шатахуунд 200.000 төгрөг, эмийн сангаас барагцаагаар 40.000 төгрөг, одоо ухархайн цөмөрсөн ясны хугарлаа эмчлүүлэхээр мэс засал хийлгэх ёстой учир эмчилгээний мөнгийг нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9131 дугаартай:
“...Ц.Өгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12/,
4. Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: “...Iphone 6 plus 290.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 8х/,
5. Хохирогч Ц.Өгийн эмчилгээнд зарцуулсан гэх 171.920 төгрөгийн баримтууд /хх-ийн 55-56х/,
6. Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 44х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 48х/,
7. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цын Ө гэдэг хүүхэнтэй 2019 оны 03 дугаар сард танилцаж үерхээд 3 сар орчим хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Угсармалын ... дугаар байрны ... тоотод амьдарсан юм. Тэгэхдээ би 14 хоног Ө аймгийн Х суманд ажиллаад 7 хоног Улаанбаатар хотод амьдардаг. Ц.Өгийн бид хоёр хэрүүл маргаан хийгээд байдаггүй, хэвийн харилцаатай байсан юм. Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны орой хамт ажилладаг найзтайгаа архи уучхаад 21 цаг өнгөрч байхад Өгийн гэр лүү очиж юмаа авах гээд залгахад утсаа авахгүй байсан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өглөө Ө руу залгаад нөүтбүүкээ авч ажил руугаа би явна гэж хэлээд 11 цагийн үед яваад гэрт нь очсон чинь Ө надтай хэрүүл хийгээд миний цээж рүү 2 гараараа 2-3 удаа цохихоор нь би 2 гарыг нь буцаагаад дээш нь түлхээд цохихдоо нүүрэнд нь цохичихсон. Тэр нүүрээ дараад газар суухаар нь би гар утсыг нь хана руу шидчихээд гэрээс нөүтбүүкээ аваад гараад явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би Өтай хэрүүл маргаан хийгээд зодоон хийж байсан удаа өмнө нь байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Таван шарын угсармалын ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Ц.Өг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ц.Өгийн “...Б.Гнь намайг унтлагын өрөөнд байхад ирээд цэнэглэгч олоод ир гээд миний хувцаснаас зулгаагаад байхаар нь зүгээр бай гээд би түлхсэн чинь миний үснээс зулгаагаад атгасан гараараа миний нүүр лүү цохисон. Би тонгойсон чинь хамраас цус гараад тонгойгоод сууж байсан чинь Б.Г цонхны тавцан дээр байсан миний I phone 6 plus маркийн гар утсыг авч шал руу шидсэнээ “чи миний чихэвчийн үнэнд ч хүрэхгүй шүү” гэж хэлээд гараад явсан. Миний биед учирсан гэмтлийг Б.Г нь гараа атгаж байгаад нэг удаа цохиж учруулсан. Миний биед өөр хэн ч гэмтэл учруулаагүй ” мэдүүлэг /хх-ийн 26х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9131 дугаартай дүгнэлт: “...“...Ц.Өгийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 12/
Шүүгдэгч Б.Гын үйлдсэн хэргийн талаар яллагдагчаар өгсөн “...Ө надтай хэрүүл хийгээд миний цээж рүү 2 гараараа 2-3 удаа цохихоор нь би 2 гарыг нь буцаагаад дээш нь түлхээд цохихдоо нүүрэнд нь цохичихсон. Тэр нүүрээ дараад газар суухаар нь би гар утсыг нь хана руу шидчихээд гэрээс нөүтбүүкээ аваад гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.Г, хохирогч Ц.Ө нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 3 сарын хугацаанд хамтран амьдарч байсан болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч байсан гэж үзнэ.
Хэдийгээр шүүгдэгч Б.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт “... би Ц.Өгийн нүүр лүү цохиогүй, миний цээжнээс самардаад байхаар нь хоёр гарыг цааш түлхсэн, түүний биед хүрээгүй, өөр үйлдэл хийгээгүй” гэж мэдүүлсэн боловч энэ нь бусад нотлох баримтуудаар нотлогдогдож тогтоогдоогүй байна.
Тус хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч хэн алиных нь мэдүүлэгт “Б.Гнь хохирогч руу чиглэсэн үйлдэл хийсний дараагаар хохирогч нь нүүрээ дарж доош суусан” талаар дурдагдсан, шинжээчийн 9131 дугаартай дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулан үзсэн төдийгүй гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дурдсан байх тул хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Гын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Өгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ц.Ө нь тус гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсантай холбоотойгоор эмчилгээ, оношилгоо хийлгэсэн тухай 171.920 төгрөгийн баримт, мөн шүүгдэгчийн үйлдлээс эвдэрсэн гэх гар утасны үнэлгээ буюу Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр үнэлүүлсэн I phone 6 plus утасны үнэ болох 290.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, уг хохирлууд төлөгдсөн эсэх талаар хэрэгт ямар нэгэн баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.Гас нийт 461.920 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч Ц.Ө нь ухархайн цөмөрсөн ясны хугарлаа эмчлүүлэхээр мэс засал хийлгэнэ, уг зардлаа нэхэмжилнэ гэх тул тэрбээр нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч Б.Гас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг,
шүүгдэгч нь “...Улсын яллагчаас гаргаж байгаа торгуулийн хэмжээ нь өндөр байна. Надад бага ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал түүнд тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Б.Гнь тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан түүнд 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Гын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бын Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1100 /нэг мянга, нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.100.000 /нэг сая, нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 1100 /нэг мянга, нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.100.000 /нэг сая, нэг зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гас 461.920 /дөрвөн зуун жаран нэгэн мянга, есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Өд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар шүүгдэгч Б.Гас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ