| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1186/Э |
| Дугаар | 1215 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1215
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
хохирогч Ч.Х,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бын Бд холбогдох 1908000000850 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Э т т ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, тоосгын ... гудамж ... тоотод оршин суудаг,
Урьд 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн, С овогт Бын Б /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Дэнжийн ... тоот хашаанд байрлах иргэн Ч.Хын гэрт архи ууж байгаад түүний эзэмшлийн 5 үе дамжсан 18 дугаар зууны үеийн алтан бурханыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 48.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг яваад гэртээ 21 цагийн үед ирсэн. Тэгэхэд гэртээ ороод байж байтал манай эхнэр хойд цонх онгорхой байна гээд хэлэхээр нь очоод хартал цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн.
Манай гэрийн 2 ширхэг мөнгөн аяга, манай гэрт байдаг хүүхдийн цүнхэнд байсан 1 ширхэг мөнгөн аяга, шар мана хөөрөг, хүзүүнд зүүдэг сахиусны Жанрайсаг бурхан зэрэг зүйлүүд алдагдсан. Жанрайсаг бурхан маань манайд 5 үе дамжиж ирсэн бурхан байсан юм. Манай аав болон эмээ нар ярихдаа алтан бурхан гэж ярьдаг байсан, одоо бурханаа Баянхонгор аймгийн болон, Хөтөлийн хамба лам нараас асуухад 50.000.000 төгрөгийн үнэтэй гэж хэлж байсан. Би бурханаа түүх соёлын дурсгалт зүйлд бүртгүүлж байсан удаагүй, энэ тухай мэдэхгүй. Манай ганц хүү Гийг бид нар болон таних хүмүүс нь Г гэж дууддаг. Эхнэр бид хоёр хөдөө явахдаа өөрийн хүү Гт гэрээ харж байгаараа гэж үлдээсэн ба тухайн хэрэг болох үед манай хүү гэрээ эргэж очоод манай гэрт ороод хэсэг хүмүүстэй хоол хийж идээд архи уусан гэсэн. Манай алдсан эд зүйлээс мөнгөн аяга болон хөөргийг олж авсан. Мөнгөн аяганы мөнгийг буцааж авсан ба хөөргийг цагдаагаас олж авсан. Одоо олж аваагүй зүйл бол бурханыг аваагүй байгаа.
Алдсан бурхан маань манай 5 үе дамжиж ирсэн, манай өвөг дээдэс Буурал ноён гэж байсан бөгөөд түүнээс өвлөгдөж хүү Рэнцэнжанцан, түүний хүү Сэдбат, түүний хүү манай аав Ч, манай ааваас надад ирсэн бурхан юм. Манай өвөг Буурал ноёнд Өндөр Гэгээн Занабазар бэлэглэсэн гэж ярьж байсан. Намайг залуу байхад манай эмээ Д надаар уг бурханыг задлаад арчуулж цэвэрлүүлж байсан. Тэгэхэд би 20 гаран настай байсан бөгөөд намайг арчиж үзэхэд яалт ч үгүй шаргал өнгийн металл байсан. Тэгээд манай аав надад алтан бурхан гэж хэлж байсан. Миний бодлоор 2-3 лан алт орсон гэж үзээд 48.000.000 төгрөг гэж үнэлж байна. Хүмүүсээс асуухад бүр үнэтэй гэж байсан. Би бурханаа буцааж олж авахыг хүсч байна. Тэрнээс надад мөнгө сонин биш байна. Бурхан олдохгүй бол би 48.000.000 төгрөг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 42-44, 45-46, 48х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
2. Гэрч Ц.Юийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ ирээд хүүхдийн өрөөрүү ортол цонх нь онгорхой авдар сав онгорхой байсан. Тэгэхээр нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Гүнгэрваанд байсан хүзүүнд зүүдэг сахиусан бурхан зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Бурхан нь манай нөхөрт 5 үе дамжиж ирсэн бурхан байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50х/,
3. Гэрч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны хавар манай аав, ээж хоёр Баянхонгор аймаг руу яваад би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байдаг гэрийг нь харж үлдсэн. Тэгээд би гэрт нь 3 хоносон бөгөөд тухайн үед ... дугаар хороонд хувьцаа зарна гэсэн хүмүүс маш олон цугласан байсан. Тэгээд нэг өглөө босоход манай гэрт танихгүй 2 залуу гал тогооны өрөөнд орж ирсэн байсан. Тэгээд юун хүн болох талаар асуухад манай гэрт хамт хонож байсан Х Б гэдэг хүн шөнө хаалга нүдэхээр нь онгойлгож оруулсан байсан. Тэгээд би тоохгүй буцаад унтсан. Тэгээд өдөр нь би гэрээ цоожлоод явахад манай гэрт орж ирсэн хүмүүс гудамжинд машинтай сууж байсан. Тэгээд маргааш нь манай аав ээж хоёр ирэхэд манай байшингийн хойд цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. ...Би гэртээ оруулаагүй. Хамт архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би бурхан байсан эсэхийг анзаараагүй. Миний мэдэж байгаагаар том өрөөнд хүн ороогүй. Нүд хариулж байгаад орсон байхыг үгүйсгэхгүй. Би бурханыг харж байсан. Намайг бага байх үеэс манай гэрт байдаг байсан бөгөөд би задалж харж байгаагүй. Жижиг модон гуу дотор шаргал өнгийн металл бурхан байдаг байсан. Аав, ээж хэлэхдээ өвлөгдөж ирсэн бурхан бөгөөд алтан бурхан гэдэг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65х/,
4. Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би соёлын өвийн үндэсний төвд 21 дэх жилдээ ажиллаж байна. Одоогийн албан тушаал маань соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч гэсэн албан тушаалтай. Өндөр гэгээн Занабазарын 1635 оноос 1723 оны хооронд буюу 17 дугаар зууны дунд дахь 18 дугаар зууны эхэн үе хүртэл хугацаанд амьдарч байсан хүн юм. 82 насалсан. ...Өндөр гэгээний намтар, эх сурвалжуудад түүний өөрийн гараар бүтээсэн бүтээлүүдийг дурдсан байдаг. Энэ нь 28 гаруй бурханы бүтээл байдаг бөгөөд дан хүрэл цутгуураар хийж, алтаар шармалдсан 70 хүртэл ам өндөртэй бүтээл байдаг. Одоо музей сүм хийдэд хадгалагдаж байгаа. Жижиг бүтээл хийсэн түүхэн эх сурвалжид байдаггүй. Занабазарын дэг сургуулийн бүтээлүүдэд хийгдсэн байхыг үгүйсгэхгүй. Занабазарын бүтээл бол зэс, гууль, хүрлээр хийж алтаар шармалдсан бүтээл ихэнх нь байдаг бөгөөд мөнгөөр хийгээд алтаар шармалдсан бүтээл цөөхөн байдаг. Хөрөнгийн үнэлгээг эрх авсан байгууллагууд үнэлдэг, бид нар үнэлдэггүй. Түүхийн эд зүйлийг тогтсон үнэ ханш байхгүй. Надаас асууж байгаа бурханыг үзэж хараагүй болохоор үнэлэх боломжгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-71х/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3402 дугаартай: “...Шинжилгээний шаардлага хангах 1, 2 гэж дугаарласан Гүнгэрваагийн шилний урд талаас илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд 29020, 2555942, МИ000210020923 гэсэн бүртгэлийн дугааруудаар /хавсралтаас үзнэ үү/ бүртгэгдсэн Б овогтой Бын /овог нэр солигдсон байж болно/ баруун гарын эрхийн хурууны хээтэй тохирч байна. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардсууд болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 74-75х/,
6. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...алтан бурхан-48 сая төгрөг” гэх /1хх-ийн 85-87х/,
7. Гэрч Д.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд сан хөмрөг гэсэн ажил эрхэлдэг. Ажиллаад 12 жил болж байна. ...Тухайн үед Занабазар гуай гуунд хийх жижиг бурхан болон сүм хийдэд тахих том хэмжээтэй бурхан бүтээж байсан. Яг тоо баримт бол байхгүй. Тухайн үед хүрэл металлаар цутгаж алтаар шарж бүрсэн байсан. Одоо тухайн үеийн өөрийн мутраар хийсэн 4 том бурхан хадгалагдаж байна. Манай музейн ажилчид үнэлгээ тогтоох боломжгүй, үнэлгээ тогтоох эрх зүйн акт байхгүй. Манай музейд бол цул алтан бурхан байхгүй. Хэрэв байдаг бол маш ховор байдаг болов уу...” гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223х/,
8. Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээчин, шинжээч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээч томилсон тогтоолын дагуу алдагдсан бурханы талаар судалгаа хийсэн. Судалгаа хийхэд ижил төрлийн зэрэгцүүлэх боломжтой бурхан олдоогүй. Судалгааны хүрээнд алдагдсан бурханы эзэн, бурхан шашны талаар мэдлэг бүхий хүмүүсээс шинж байдлыг тодорхойлж Өндөр гэгээн Занабазарын үеэс хийгдсэн бурхан бол дэлхийн зах зээл дээр дуудлага худалдаагаар Монгол мөнгөөр 1 тэрбум хүртэл үнэлэгдсэн судалгаа байсан. Иймээс харьцуулах зэрэгцүүлэх зүйл нь түүхэн үнэт зүйл гэдэг утгаараа зах зээл дээр борлуулагдах үнэ, худалдагч, худалдан авагчийн харилцан тохиролцсон үнэлгээгээр тогтоогддог. Тиймээс хохирогчийн үнийг үндэслэлтэй гэж авч үзэх шийдвэрт хүрсэн. Бурхан биетээр байхгүй учир хохирогчийн үнэлгээ хамгийн бодит байсан. Судалгааг хийхдээ Өндөр гэгээн Занабазарын музейн мэргэжилтэн болон үнэт эдлэл худалдан авдаг, зардаг хүмүүстэй уулзсан. Соёлын Өв бүртгэх газарт очиж ижил төсөөтэй бурхан бүртгэгдсэн талаар лавлагааг авч харьцуулалт хийсэн.Ер нь бол өндөр үнээр үнэлэгддэг юм билээ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 26х/,
9. Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи ууж байхад Х ахын хүүтэй /одоо нэрийг нь сайн санахгүй байна/ танилцаад гэрт нь 2 удаа хоносон. Тэгээд тэнд танилцсан хүмүүстэй архи ууж байхдаа нэг шөнө Х ахын байшингийн вакум цонхоор ганцаараа орж 3 ширхэг мөнгөн аяга 1 хөөрөг авсан. Тэгээд би хулгай хийсэн талаараа хэнд хэлээгүй бөгөөд Улаанбаатар хотод ирээд ганцаараа явж ломбарданд тавьсан. ...Б-г бурхан хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Цагдаад баригдаад тэр талаар мэдсэн. Цагдаад баригдахаасаа өмнө Б-тай урт цагаан дээр тааралдсан бөгөөд бурхан зарна гээд явж байхад нь таарсан. Надад бурханаа үзүүлээгүй бөгөөд ямар бурхан зарах гэж байгаа талаар асуухад олон хүүхэдтэй Энх-Амгалан бурхан доороо тамгатай гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133х, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тусгаарласан эрүүгийн 201626011227 дугаартай хэргээс/,
10. Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1хх-ийн 139х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх-ийн 137х/, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 143-144х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 177х, 186-187х/,
11. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 05 дугаар сард гэж санаж байна би Б, Б гэдэг хүмүүстэй Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Эмээлт гэдэг газарт танилцсан. Би Эмээлтэд Эрдэнэс таван толгой 1072 хувьцааг хүмүүс өндөр үнэтэй авч байна гэхээр нь ганцаараа очоод 3-4 хоносон. Тэгэж явахдаа тэнд байсан хүмүүстэй танилцаад хамт архи уусан. Тэгээд архи ууж байхад Б гэдэг залуу Х ахын хүүтэй /одоо нэрийг нь санахгүй байна/ танилцаад гэрээ эргэж яваа гээд нэг танихгүй айлын хашаа руу машинтай орж, байшинд Б, Б, айлын эзэн, танихгүй 2-3 эмэгтэй хамт архи уусан. Тэр үед би байшингийн том өрөөнд байсан бурхан тахилын урдаас шүдэнзний хайрцагны хэмжээтэй жижиг бурханыг авсан бөгөөд өөр эд зүйл аваагүй. Тэгээд маргааш нь Улаанбаатар хотод ирж интернетээс эртний эдлэл бурхан авна гэсэн зарыг олж нэг танихгүй эрэгтэй хүнтэй ... гэсэн дугаараар холбогдож 11 дүгээр хороололд уулзаад айлаас авсан бурханыг үзүүлэхэд надтай уулзсан танихгүй эрэгтэй хүн бурханыг үзээд алт биш байна, зүгээр хуучин шавар бурхан байна 15.000 төгрөгөөр авна гэхээр нь би гуйж байгаад 20.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бурхан зарсан мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан. Бурхан зарах үед би ганцаараа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Б.Б нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Дэнжийн ... тоот хашаанд байрлах иргэн Ч.Хын гэрт хохирогчийн хүү Х.Г болон бусад хүмүүстэй нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусад хүмүүсийн согтуурсан байдлыг далимдуулан том өрөөний сервант дотор байсан гуутай шүдэнзний хайрцагны хэмжээтэй сахиусны бурханыг сэм авч гарсан болох тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн нь шүүгдэгч Б.Бын өөрийнх нь өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3402 дугаартай “...1, 2 гэж дугаарласан Гүнгэрваагийн шилний урд талаас илрүүлж бэхжүүлсэн 2 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд 29020, 2555942, МИ000210020923 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Б овогтой Бын баруун гарын эрхийн хурууны хээтэй тохирч байна” гэсэн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.
Хохирогч Ч.Х нь “хулгайд алдсан дээрх гуутай сахиусны бурхан нь өндөр гэгээн Занабазараас түүний өвөг дээдэс буурал ноёнд бэлэглэсэн алтан бурхан, 5 үе дамжиж ирсэн, өөрийнх нь хувьд үнэ цэнэтэй зүйл” гэж тогтвортой мэдүүлж ирсэн байх ба хулгайлагдсан бурхан нь алтан бурхан байсан тухай гэр бүлийн бусад гишүүдээс гэрчээр өгсөн мэдүүлэгт болон бусад хөндлөнгийн баримтуудад мөн адил дурдагдаж, гэрчлэгдсэн ажээ.
Түүнчлэн Соёлын өвийн үндэсний төв болон Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн ажилтан, албан хаагч болох Д.Н, Д.У нар нь “...Өндөр гэгээн Занабазар нь 1635 оноос 1723 оны хооронд буюу 17 дугаар зууны дунд дахь 18 дугаар зууны эхэн үе хүртэл амьдарч байсан. Тухайн үед Занабазар гуай нь гуунд хийх жижиг бурхан болон сүм хийхэд тахих том хэмжээтэй бурхан бүтээж байсан, тухайн үед ихэвчлэн хүрэл металлаар цутгаж, алтаар шарж бүрж хийж байсан ч цөөн тохиолдолд мөнгөөр хийж алтаар бүрж хийсэн бурхад байсан талаар дурдсан ба мөн цул алтаар бурхан урласан байхыг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлгүүдээс үзвэл, Өндөр гэгээн Занабазар нь өөрийн мутраар болон өөрийн нэрэмжит дэг сургуульд нь бурхан бүтээдэг байсан, уг бүтээсэн бурхадууд нь том бүтээлээс гадна гуунд зориулж жижиг хэмжээтэй хийгддэг байсан, хүрэл, мөнгөөр цутгаж, алтаар бүрж, шарж хийдэг төдийгүй цул алтаар цутгаж хийгдэж байсан байх боломжтой байх тул хохирогч Ч.Хын мэдүүлэгт дурдсан алдагдсан бурханы хэлбэр, хэмжээ, хийц, бүтцийн хувьд Өндөр гэгээн Занабазар гуайн амьдарч байсан үед хийгдсэн, бүтээгдсэн байхыг үгүйсгэхээргүй байна.
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч Ч.Хын 5 үе дамжиж ирсэн алтан бурханыг 48 сая төгрөгөөр үнэлсэн, тус үнэлгээг хийсэн шинжээч Д.А нь “...алдагдсан бурханы талаар судалгаа хийсэн, судалгааны хүрээнд алдагдсан бурханы эзэн, бурхан шашны талаар мэдлэг бүхий хүмүүсээс шинж байдлыг тодорхойлж, Өндөр гэгээн Занабазарын музейн мэргэжилтэн болон үнэт эдлэл худалдан авдаг, зардаг хүмүүстэй уулзах, соёлын Өв бүртгэх газарт очиж ижил төсөөтэй бурхан бүртгэгдсэн талаар лавлагааг авч харьцуулалт хийх замаар үнэлгээг хийсэн” гэж мэдүүлсэн зэргийг хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудтай харьцуулан үзсэний үндсэн дээр “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээ нь үндэслэл бүхий болсон, шүүхээс үнэлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгч Б.Бын эрхзүйн байдлыг дээрдүүлсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Бын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ч.Хт тус гэмт хэргийн улмаас нийт 48.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, одоогоор 47.000.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Баас 47.000.000 төгрөгийг түүний орлого, эд хөрөнгийн байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан 4 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Ч.Хт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн нь “...нийтэд тустай ажил хийлгэх ялын хувьд тусгайлан гаргах саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс, улсын яллагчаас гаргасан Б.Бд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай санал нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй гэж үзсэн тул шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно. Өөрөөр хэлбэл,
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б нь хохирогч Ч.Хын гэрт түүний хүү Х.Гболон бусад хүмүүстэй хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар тэдгээрийн согтуурсан байдлыг далимдуулан алтан бурханыг нь сэм авч гарсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 48.000.000 төгрөгийн хохирол учирсан, хохирол барагдаагүй, шүүгдэгч Б.Бын хувийн байдал зэргийг харгалзан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Бын Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөгийг 4 /дөрөв/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Ч.Хт олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ