| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1194/Э |
| Дугаар | 1216 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 1216
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Д.Нямбат /томилолт/,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Дгийн Гт холбогдох 1908044611422 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, захчин, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тоосгоны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хохирогч М.Ттой харилцахыг хязгаарлах”, 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” үүрэг, хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосон албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоосон, Я овогт Дгийн Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 58а байрны орчим иргэн Б.Бтэй “намайг доромжиллоо" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Д.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 46-48х/,
2. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Ханын материалын комбинатын ... дүгээр байрны тэнд явж байтал Г гэх зүс танихгүй залуу 3 залуутай хамт юм яриад зогсож байх шиг харагдсан, тэгээд Г намайг дуудахаар нь би чи цаашаа зайл, эртээд намайг дуудахад чи намайг шаамий гэж доромжлоод зугтаасан, чи тийм царайлаг юм уу, очихгүй гэсэн чинь Г над руу гүйж ирэхээр нь би гартаа байсан машины лапаткаар нь гэдэс рүү түлхсэн чинь Г гараараа миний нүүр рүү хоёр удаа цохиод боогоод авсан. Тэгээд би тэндээс шууд гэрлүүгээ ороод хамраас гарсан цусаа угаачхаад гараад иртэл Г явсан байсан. …Би Гийг цохиж зодсон зүйл байхгүй ээ. Харин намайг Г цохих гээд гүйгээд ирэхээр нь би Гийг гартаа барьж явсан машины лапатка төмрөөр гэдэс рүү нь түлхэж холдуулсан. Өөрөө цохиж зодоогүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,
3. Гэрч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэрэг гарсан өдрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан би гэртээ байж байтал Б гаднаас нүүрнээс нь цус гоожчихсон орж ирэхээр нь би юу болсон бэ? гэсэн чинь нэг хүн намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд Б нойл ороод цус угаачхаад гараад явчихсан. Тэгээд орой нь гэртээ орж ирсэн. Өдөр нь хаашаа явсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10245 дугаартай: “...Б.Б-н биед зүүн нүдний алимны салстын улайт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23х/,
5. Шинжээч эмч Ө.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь зүүн нүдний алимны салстын улайт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл нь зуурах, зулгаахад үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
6. Шүүгдэгч Д.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 63х, 74-75х, 81-85х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 68х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 67х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70х/,
7. Шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр...Б явж байхаар нь би хөөе “Төрөө” гэж дуудсан чинь эргэж хараад намайг чи эртээд намайг “шаамий” гэж дуудаад байсан биздээ, чи тийм царайлаг юм уу? “морио” гэхээр нь миний уур хүрээд би Бийг цохих гээд очтол Б намайг холдуулах гээд машины лапатк төмрөөр гэдэс рүү түлхэхээр нь би Бтэй барьцалдаж аваад би Бийн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохиод дахиж барьцалдаж авч байгаад жоохон маргалдаж байгаад дахиад би Бийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон чинь Б газар нүүрээ дараад суучхаар нь би Ханын материалын эцэс рүү алхаад яваад өгсөн....Б намайг гэдэс рүү түлхсэнээс өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй ээ...бид хоёр тоглоомоор бие биенээ хочоор нь дуудаад, бие биенийхээ үгийг даагаагүйгээс болж миний уур хүрээд намайг “морио” гэж доромжлохоор нь миний уур хүрээд очоод цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны орчим иргэн Б.Бтэй “намайг доромжиллоо" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, хөнгөн хохирол учруулсан болох нь Д.Гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 46-48х/, хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 9х/, гэрч Х.Бын мэдүүлэг /хх-ийн 17х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10245 дугаартай дүгнэлт /хх-ийн 23х/, шинжээч эмч Ө.Сийн мэдүүлэг /хх-ийн 26-27х/, шүүгдэгч Д.Гийн өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Гнь хохирогч Б.Бийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Д.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан боловч тэрбээр “...надад нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй, одоо санал гомдол байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон 19 хоногийг ял эдэлсэнд оруулан тооцох, мөн өмнөх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт 1440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх, өмнө нь цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.Гийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Хэрэгт авагдсан Д.Гийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Д.Гийн дээрх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Г нь өмнө 2 удаа гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдсэн байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг тэрбээр тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлж дуусгасан болох нь эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 18/2212 дугаартай тогтоолоор тогтоогдсон байна. /хх-78х/,
Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хохирогч М.Ттой харилцахыг хязгаарлах”, 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” үүрэг, хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтоосон байх боловч Д.Г нь дээрх ял болон албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхлээгүй нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3/22021, 3/23942 дугаартай албан бичгүүдээр /хх-ийн 77, 92х/ тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлж болох”-оор зохицуулагдсан байх тул шүүгдэгч Д.Гт энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон албадлагын арга хэмжээнүүдийг тус туст нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгтээ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 19 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолд дурдсанаар 28 хоног цагдан хоригдсон байх тул түүний тус туст нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн ялд нь оруулан тооцох үндэслэл тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл,
шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 28хоногх8цаг=224 цагаар тооцож өмнөх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох, энэ тогтоолоор цагдан хоригдсон 19хоногх8цаг=152 цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 36.11, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Дгийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт энэ тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/560 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хохирогч М.Ттой харилцахыг хязгаарлах”, 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” үүрэг, хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосон албадлагын арга хэмжээг тус туст нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, өмнөх шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 28хоногх8цаг=224 цагаар тухайн тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас, энэ тогтоолоор цагдан хоригдсон 19хоногх8цаг=152 цагаар тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ