| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2016/00182/И |
| Дугаар | 28 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 28
Ч.Цэндсайханы нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.Энхмаад холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар :
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1314 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Ч.Цэндсайханы нэхэмжлэлтэй
Хариуцагч :Б.Энхмаад холбогдох,
Гэм хорын хохирол 2.952.890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Энхмаа нэхэмжлэгч Ч.Цэндсайханаас 488.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч Б.Энхмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ч.Цэндсайхан нь 2015 оны 11 сарын 06-ны өдөр УБ хотоос галт тэргээр гарч, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Эрдэнэтэд ирсэн. Гэртээ харих гэж ОР 32-30 дугаартай, японы приус-20 маркийн машинд суух гэж байтал жолооч Б.Энхмаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, журмыг зөрчин хайхрамжгүй, хариуцлагагүй, хүнээ бүрэн суулгалгүй үйлдэл хийж, машинаа гэнэт огцом хөдөлгөж, хойшоогоо ухарсанаас би унаж, осолд орж, гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт гарч хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон. Би тархины гэмтэл, ууц нурууны зөөлөн эдийн няцрал зэргийг хэвтрийн дэглэмд эмчилгээ хийлгэж эмчийн хяналтанд байсан. Эмчилгээг дуусгаад УБ хот руу явж MRI оношилгоо хийлгэлээ. Зүүн өвдөгний үений MRI дүгнэлтэнд: Дотор талын хагас саран жийргэвчний их биед ба арын эвэрт хөндлөн урагдалттай ба дотор хэсэг рүү хагас мултарсан, шилжсэн, хавантай, үений хөндийд шингэнтэй гэсэн онош гарсан. Thermograping оношлогооны дүгнэлтэнд: Зүүн өвдөгөнд хөндлөн 2 шугам халуун бүс тодорхойлогдоно. Ууц бүсэлхийн ромбо алдагдсан онош гарсан. Дээрх оношилгоо шинжилгээ, эмчилгээнүүдийг 2015 -12-10-наас 2015-12-24-нд хийлгэсэн ба үрэвсэл дарах, өвдөлт намдаах блок эмчилгээг хэвтэрийн дэглэмд 3 удаа хийлгэсэн, курсийг гүйцээж хийх эдийн засгийн боломжгүй болсон. Дээрх оношлогоо шинжилгээ эмчилгээ хийлгэхэд нийт 827.600 төгрөг, оношлогоо эмчилгээ, эм тариа, замын зардал /2016.01.27-2016.05.09-ний өдөр хүртэл хийлгэсэн эмчилгээ/ 956.290 төгрөг, ажилгүй болсон хугацааны нөхөн төлбөр /192 000х5 сар=960 000 төгрөг/, өмгөөлөгчид төлсөн хөлс 200.000 төгрөг нийт 2.125.290 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж байна. Нийт 2.952.890 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Энхмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Энхмаа би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Ч.Цэндсайханы биед бүсэлхийн өвдөлт үүссэн. Энэ нь хөнгөн гэмтэл гэж шинжээч эмч дүгнэсэн. Нэхэмжлэлд дурьдсанаар бол зүүн өвдгөндөө гэмтэл авсан гэжээ. Угаасаа архаг өвчтэй гэж хавсарган өгсөн баримтанд нь дурьдсан байна. Ч.Цэндсайханы биед учирсан хөнгөн гэмтэл нь бүсэлхийн өвдөлт, энэ нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарагдана гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хөнгөн гэмтэлтэйгээ холбоотой шууд зардлыг гэм хорын хохирлоор нэхэмжлэх байтал шүүх эмнэлгийн дүгнэлтэнд бичигдээгүй зүүн өвдөгтэй холбоотой эмчилгээний зардлуудыг надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Би Ч.Цэндсайханы зүүн өвдгөнд гэмтэл учруулаагүй бөгөөд харин 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 460 дугаартай шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр зүүн өвдөгний үений үрэвсэл зэрэг нь архаг хууч өвчин болохыг тогтоосон байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эмчилгээний зардал, ажилгүй хугацааны нөхөн төлбөр, өмгөөлөгчийн зардлыг төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Энхмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Ч.Цэндсайхан гуайг машинд гүйцэж сууж амжаагүйг анзааралгүй хойш аажимхан ухартал хойшоо бөгсөөрөө суусан байсан. Тэгээд машиндаа суулгаад гэрт нь ачааг нь буулгаад дараа нь шууд эмнэлэг явж үзүүлсэн. Рентгэн зураг авахуулж гэмтлийн эмчид үзүүлэхэд зүгээр байна гээд өвчин намдаах эм бичиж өгсөн. /ibuprofen авч өгсөн-2800 төгрөг/, гэмтлийн эмч томограф зураг авахуулах шаардлагагүй гэхэд өөрөө энэ хүн авахуулна гэж дайрсаар байгаад авахуулсан /110.000 төгрөг/ тэрээр зургаар мөн л зүгээр гэв. Ч.Цэндсайхан гуай улсын эмнэлэгээр яваад зүгээр гэсэн учраас сайн дураараа хувийн эмнэлэгүүдээр явж баахан баримт бүрдүүлээд мөнгө нэхсэн. Энэ хүн надаас нийт 488.400 төгрөгний эмчилгээний зардал гэж авсан. Алхам дутамдаа мөнгө нэхэж, хэл амаар доромжилж, дарамт шахалтанд оруулж эдгээр зардлыг надаас авсан. Тиймээс энэ хүнд зарцуулсан зардал нийт 488.400 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Би Эрдэнэтийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, “Артроз” үе мөч, уламжлалын эмнэлэгүүдийн туслалцаатайгаар ослоос үүссэн тархины болон ууц нурууны гэмтлээ эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн. Харин MRI оношлогоог хийлгэх шаардлагатай байсан боловч Эрдэнэтэд байхгүй учраас Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгт оношлогоо хийлгүүлж, дүгнэлт гарч, эмчилгээ хийлгэсэн. Энэ бүхэн нь дүрэм журмын дагуу ёс журмаараа хийгдсэн. Баримт болгон шүүхэд өгсөн байгаа. Б.Энхмаатай энэ хугацаанд 2015.11.07-нд 1 удаа, 11.09-нд 1 удаа, 11.24-нд 1 удаа, 12.03-нд 1 удаа, нийтдээ 4 удаа л уулзсан. Цаг үргэлж алхам тутамдаа мөнгө нэхсэн асуудал байхгүй. Миний нэхэмжлээд байгаа эмчилгээний төлбөр нь Б.Энхмаагийн гаргасан ослоос үүдэлтэй учраас л би нэхэмжилж байна. 2015 оны 11-р сарын 24, 12-р сарын 03-нд Б.Энхмаа нь эмчилгээний хохиролын төлбөр болгож 380,000 төгрөгийг 2 удаа салгаж өгсөн. Томографийн 110,000 төгрөгийг эмнэлэгт өгсөн байх. Эдгээрийг МИГ даатгалаас гаргуулсан ба МИГ даатгалаас нөхөн төлбөр авахын тулд надаар 2 хувь тодорхойлолт хийлгүүлсэн. Энэхүү тодорхойлолтыг зориулалтын бусаар ашигласанд харамсалтай байна. Энэхүү асуудал нь одоо шалгагдаж байна. Хариуцагч Б.Энхмаа нь МИГ даатгалаас дээрх хохирлын төлбөрийг гаргуулж өөрөө авсан. Б.Энхмаагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1314 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 586.890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.366.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 18.257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2.366.000 төгрөг буюу Сонгдо эмнэлэгт үзүүлсэн 510.000 төгрөг, Сонгдо эмнэлгээс авсан 27.720 төгрөгний эм, Чулуунаа эмнэлэгт эмчилгээний төлбөр 224.880 төгрөг, биохимийн шинжилгээ 65.000 төгрөг өмгөөлөгчийн зардал 200.000 төгрөг ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 960.000 төгрөгийг хангах үндэсгүй гэж үзсэн ба хариуцагчаас төлсөн гэх 378.400 төгрөгийг хангасан үнийн дүнгээс хасч шийдвэрлэсэн. Эдгээр 2.366.000 төгрөгний шаардлага нь хангалттай нотлох баримтаар батлагддаг бөгөөд хариуцагчаас гаргуулах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан нь 2017.11.07-ны өдөр жолооч Б.Энхмаагийн машинд сууж амжаагүй байхад жолооч хөдөлгөөнд оролцож өрөөсөн хөлөө машины хаалганд хавчуулснаас чирэгдэж унаж, үүнээс хойш зүүн хөл нь гишгэж болохгүй болж одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна. 2015.11.17-ны өдрийн ШША-ны шинжээч эмч Буянзаяагийн дүгнэлтэнд зүүн хөлний өвдөгний саран жийргэвчний урагдлын гэмтэл нь MRI хийгдээгүй учраас тогтоогдоогүй байсан тул энэхүү гэмтэл орхигдсон.
Харин энэхүү гэмтлийг 2015.12.16-ны өдрийн Чулуунаа хоспитал эмнэлгийн бүтэн биений томограф оношлогоонд орсноор зүүн хөлний өвдөгний гэмтэл тогтоогдож улмаар энэ эмнэлгийн эмчийн зөвлөснөөр өвдөгний үений MRI гэгчийг хийх шаардлагатай гэсний дагуу 2015.12.17-ны өдөр Сонгдо эмнэлэгт өвдөгний үений MRI хийлгэснээр түүний биед зүүн өвдөгний дотор хэсэгт хүнд зэргийн дотор талын хагас саран жийргэвчний их биед ба арын эвэрт хөндлөн урагдалтай ба дотор хэсэг рүү хагас мултарсан шилжсэн гадна талын хагас саран жийргэвчинд дегенераци, чагтан холбоос архаг хэсэгчилсэн урагдал бүхий гэмтэл авсныг тогтоосон. Сонгдо болон чулуунаа хоспитал эмнэлгүүдийн энэхүү оношилгоог тогтоолгосон эмчилгээ хийлгүүлсэн баримтыг шүүхэд өгч нэхэмжлэхэд үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болголоо. Мөн 960.000 төгрөний нөхөн төлбөр нэхэмжилсэн. Энэ нь Иргэний хуулийн 505.2-д зааснаар хохирогч цалин хөлсгүй, орлого олоогүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардөх эрхийг заасан дагуу нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан нь 2015-11-7-ноос өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн ажил хийж, орлого олох ямарч боломжгүй хөл дээрээ арай гэж явж, одоог хүртэл эмчилгээ хийлгэж явсаар байна. Гэтэл 960.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Энхмаа нь 378.400 төгрөг төлсөн. Энэ төлбөр нь 2015-11-7ны өдөр эмнэлэгт үзүүлэх толгойн зураг авахуулах ор хоног зэрэгт зарцуулагдаад дууссан.
Нэхэмжлэгч Ч.Цэндсайханы нэхэмжилсэн 2.952.890 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага бол Б.Энхмаагаас авсан мөнгөөр хийгдсэн эмчилгээ биш юм. Энхмаа нь тийм учраас сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байхад шүүх энэ мөнгийг нь нэхэмжпэлийн шаардлагаас хасч байгаа нь үндэслэлгүй юм. Тэгээд ч хариуцагч Б.Энхмаа нь энэхүү 378.400 төгрөгний хохирлоо МИГ даатгалаас өөрийн нөхөр Эрдэнэбулганы нэрээр буцаан авч хохиролгүй болсон байгаа. Энэ тухай баримтыг МИГ даатгал ХХК шүүхэд 2016.04.15-нд ирүүлсэн байсантай танилцаж хуулбарлан авсан баримт нь Ч.Цэндсайханд байгаа. Харин хэргийн материалаас энэхүү баримт алга болсон байна.
Мөн Б.Энхмаагийн 2015.11.17-ны өдөр жолоодож явсан 32-30 ОРА приус 20 машин нь түүнии нөхөр Эрдэнэбулганы нэр дээр бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан машины гэрчилгээний хуулбараар батлагдаж байхад шүүх иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчийг хариуцагчаар татах ажиллагаа хийгээгүй нь ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:
Шүүх Ч.Цэндсайханы нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж хариуцагч Б.Энхмаагаас 586.890 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ мөнгө нь нэхэмжлэгч Ч.Цэндсайханы зүүн өвдөгний үрэвсэл, бүсэлхийн 1-5-р нугалааны түвшинд мурийлт үүссэн архаг хууч өвчин сэдэрч түүнд өвчин шаналал бий болсон нь Б.Энхмаагийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас төлөгдөх ёстой гэж үзсэн байна. Гэтэл шүүх дараах нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. Үүнд: хариуцагч Б.Энхмааг гэм буруутай гэдгийг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон нотлох баримт байхгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хэрэг үүсгээгүй явдал нь /эрүүгийн хуулийн зохицуулалт/ хөнгөн гэмтэл нь ХЗДДХ сайдын 2010.10.29-ний өдрийн 189/385 дугаар тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох” журмын 2.4.1-д заасны дагуу “гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ бол хөнгөн зэрэгт тооцох тухай заалттай холбоотой юм. Өөрөөр хэлбэл хөнгөн гэмтэл нь 4 долоо хоногийн дотор эдгэрнэ шүү гэсэн зохицуулалт юм. Гэтэл шүүх нөхцөл байдал зохицуулалтыг харгалзахгүй эмчилгээ, оношилгоо, эм тариа, замын зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шинжээчийн 2016.09.23-ны өдрийн 1133 дугаартай дүгнэлтийн 1-д “Ч.Цэндсайханы биед тухайн үед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ” гэж заажээ. Гэтэл шүүх зөвхөн энэ гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээ оношилгоо, эм тарианы зардлыг гаргах ёстой байтал зөрчил гаргаснаас хойш 1 сар 10 хоногийн дараа хийгдсэн MRI-ийн шинжилгээний /зүүн өвдөгний үений/ үнэ болох 370.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Осол болох үед нэхэмжлэгч Ч.Цэндсайханы зүүн өвдөгний үений архаг үрэвсэл сэдэрч өвчин шаналал зовиур үүсгэсэн тухай шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдаагүй байна. Мөн түүнчлэн “Чулуунаа” эмнэлэгт төлсөн томографикийн 100.000 төгрөгийг ямар үндэслэлээр төлүүлэхээр шийдвэрлэснээ шийдвэртээ дурдаагүй. Мөн дахин давтан оношлуулаад байгаа Улаанбаатар хот явсан замын зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.Хариуцагч Б.Энхмаа сөрөг нэхэмжлэлээ татан авч байхад түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгохоор шийдвэрлээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.Цэндсайхан нь хариуцагч Б.Энхмаад холбогдуулан гэм хорын хохирол 2.952.890 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Энхмаа нэхэмжлэгч Ч.Цэндсайханаас 488.400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 586.890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.366 .000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэг цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Энхмаа нь нэхэмжлэгчийн биед тархи доргилт, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны 1011 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1133 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Хариуцагч Б.Энхмаа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Тоёото приус маркын 32-30 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ зорчигч Ч.Цэндсайханыг автомашинд бүрэн гүйцэт сууж амжаагүй байхад нь хойш ухрах хөдөлгөөн хийж унагаан Замны хөдөлгөөний дүрмийн 21.2 дахь заалтыг зөрчиж захиргааны арга хэмжээ авагдсан болох нь зөрчлийг хянан шалгасан тухай хариу мэдэгдсэн тэмдэглэл /х/х-ийн 20 дугаар хуудас/, захиргааны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /х/х-ийн 34 дугаар хуудас/, Ч.Цэндсайханы тайлбар /х/х-ийн 35 дугаар хуудас/, захиргааны шийтгэл ногдуулах тухай шийдвэр /х/х-ийн 36 дугаар хуудас/, шийтгэврийн хуудас /х/х-ийн 37 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /х/х-ийн 38 дугаар хуудас/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.
2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 460 тоот, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1133 тоот шинжээчийн дүгнэлтүүдэд ...Ч.Цэндсайханы биед зүүн өвдөгний үений үрэвсэл, бүсэлхийн 1-5-р нугалмын түвшинд мурийлт, бүсэлхийн нугаламуудад ясны ургалт, хүзүүний остреохондроз/ нугалмын жийргэвч мөгөөрсний хатуурал/ хөлийн венийн судасны өргөсөл, бүсэлхий ууцны мэдрэлийн ёзоорын эмгэгшил зэрэг архаг хууч өвчин тогтоогдлоо гэж дүгнэжээ.
Хэдийгээр хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ч.Цэндсайханы биед зүүн өвдөгний үений үрэвсэл, бүсэлхийн 1-5-р нугалмын түвшинд мурийлт үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч Ч.Цэндсайханы дээрхи архаг хууч өвчин сэдэрч, Ч.Цэндсайханд өвчин, шаналал бий болсон нь хариуцагч Б.Энхмаагийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой учраас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцагч хариуцах үндэстэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх ямар эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй тул эмчилгээний гэх зардалд Сонгодо эмнэлэгт төлсөн нийт 510.000 төгрөг, ямар эм авсан нь тодорхойгүй байх тул Сонгодо эмнэлэгээс эм авсан гэх 27.720 төгрөг, Чулуунаа эмнэлэгт эмчилгээний гэх төлбөрт төлсөн нийт 224.880 төгрөг, биохимийн шинжилгээ хийлгэхэд төлсөн 65 000 төгрөгийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч хариуцагчаас хохиролд 378.400 төгрөг авсан талаар маргаагүй тул нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 965.290 төгрөгнөөс дээрхи дүнг хасаж хариуцагчаас гаргуулах дүнг 586.890 төгрөгөөр тогтоов гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Энхмаагаас Сонгодо эмнэлэгт төлсөн нийт 510.000 төгрөг, Сонгодо эмнэлгээс авсан эмний үнэ 27. 720 төгрөг, хохирол 378.400 төгрөг нийт 1.503.010 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Б.Энхмааг сөрөг нэхэмжлэлээ татан авсныг шүүхийн тогтоолоор шийдвэрлэлээ гэсэн боловч шийдээгүй орхигдуулсан, шийдвэрийн тогтоох болон тодорхойлох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн талаар заагаагүй байгааг тэмдэглэх зүйтэй байна.
Хариуцагч Б.Энхмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.230 төгрөг, Ч.Цэндсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.400 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1314 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг”...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 586.890 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.366.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...”, гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхмаагаас 1.503.010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.449.880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...”, гэж
2 дугаар заалт нэмж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч Б.Энхмааг сөрөг нэхэмжлэлээ татан авсныг дурдсугай.
3 дугаар заалт нэмж хариуцагч Б.Энхмаагийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.310 төгрөгийг буцаан олгосугай.
2 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 18 257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгосугай...”, гэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 385 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхмаагаас 38.998 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Цэндсайханд олгосугай гэж, шийдвэрийн дугаарыг 1-4 гэснийг 1-6 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Энхмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.230 төгрөг, нэхэмжлэгч Ч.Цэндсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.400 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.БАТТӨР