Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00777

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03155 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00309 дүгээр магадлалтай,

Г.Бгийн нэхэмжлэлтэй

ЭХЭМҮТхолбогдох

Гэм хорын хохиролд 15 690 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 настай охин Б.Очирмааг дагуулан 2017-06-07 өдөр ЭХЭМҮТийн нүдний шилний кабинетэд охиныхоо нүдэнд шил тааруулуулахаар очсон. Б.Очирмаагийн эцэг П.Батбилэг, эх Г.Б нар техникч Ж.Цэцэгмаатай ярилцаж байхад нүдний шилнүүд байршуулсан шилэн хоргоны голын хаалт шил унаж охин Б.Очирмаагийн хөлийг зүсэж гэмтээсэн. Охиныг яаралтай тусламжийн хүлээн авахад аваачиж хөлийн рентген зургийг авахуулж, өвчин намдаах лаа хийж, хөлийг нь боолгосон. Гэсэн ч охин маш их зовиуртай, 3 цаг гаруй хугацаанд уйлж байсан учраас мэс заслын тасгийн эрхлэгч Ганбаяр гэх хүнтэй уулзаж хэвтэж эмчлүүлэхээр болсон. Тэр өдрийн орой 20 цагийн үед охины эмчлэгч эмч А.Цэнджав Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч дуудаж, охиныг үзүүлсэн. Тус төвөөс ирсэн эмч Мөнхбат хүүхдийг үзэж, оёо тавьж, үе нь зайтай болж, судас тасарч шөрмөс нь сунасан учир хадаас тавьж, оёно гипс хийнэ гэж хэлсэн. Үүний дараа хагалгаанд орохоос өмнө рентген зураг авахуул гэсний дагуу харуулахад ЭХЭМҮТийн эмч нар шил үлдээж оёсон байсныгаа ясны хэлтэрхий гэж тайлбарласан төдийгүй хагалгаанд орохын өмнө хадаас хийсэн гэж хэлсэн боловч 20 граммын шприцийн зүү хийсэн байсан. Тухайн үед эмчлэгч эмч А.Цэнджав хагалгаанд орсон эмчид гипсний үнэ 50 000 төгрөг шаардаж авсан. Хүүхдийн зовиур арилаагүй ч 6 сарын 14 өдөр эмнэлгээс гаргасан. Охин ЭХЭМҮТхэвтэж байхдаа байнгын зовиуртай уйлж байсан. Эмнэлгээс гарахад ямар нэгэн эмчилгээ бичиж, зааварчилгаа өгөөгүй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Мөнхбаттай уулз гэсэн. Энэ эмчтэй уулзах гэтэл амарсан гэсэн тул эмч Жаргалсайханд үзүүлж, томографийн зураг авхуулахад өмнө нь ясны хэлтэрхий гэж байсан зүйлийг шил байна гэсэн. Охины хөл дотроо шилтэй бугалчихсан байсан. Иймээс охинд 2017-06-25 өдөр хагалгаа хийж, 2017-07-05 өдөр охины цавьнаас нь арьс авч, арьс нөхөж, дахин хагалгаа хийсэн. Эцэг эх нь хүүхдээ эмчлүүлж, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд багагүй хохирол амсахын зэрэгцээ охин Б.Очирмаагийн хөлийн эрхий хуруу дээрхи гэмтлийн улмаас үеэрээ хөдлөхгүй, муруй болсон. Охины эцэг эх нь ЭХЭМҮТийн захиргаанд 2017 оны 08 сарын 17 өдөр хандаж гомдол гаргасанд 2017 оны 10 сарын эхээр хариу өгөхдөө охины эмнэлгийн үйлчилгээнд ар гэрээс нь зарцуулсан нэхэмжилж буй зардлыг нь шийдэх боломжгүй гэсэн. Охин Б.Очирмааг эмчлүүлэхэд эм тариа, эмчилгээ хийх, зураг авхуулах, арчилж асрах, сахих, шаардлагатай хоол хүнсээр хангах зэрэгт гарсан зардал, олох ёстой байсан орлого зэрэгт 15 690 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нүдний шилний кабинетыг 2015 оны 10 сарын 26 өдөр байгуулсан бөгөөд байрлалын хувьд Хүүхдийн Зөвлөх Поликлиникээс 10 минутын зайд байрладаг. Нүдний шилний кабинетэд оптотехникч ажилладаг боловч оптотехникч нь бие даан үзлэг хийдэггүй, зөвхөн ХЗП-ийн нүдний эмчийн бичсэн жорын дагуу нүдний шилийг үйлчлүүлэгчид тохируулан сонгож, угсарч өгөх үүрэгтэй ажилтан. Иймд нүдний шилний кабинетэд нүдний эмч ажилладаггүй, хараа шалгах үзлэг хийдэггүй тул нэхэмжлэлд дурдсан нүд үзэх, нүдний эмчтэй уулзах үйлчилгээг үзүүлсэн байх боломжгүй. Б.Очирмаа нь энэ өдөр ХЗП-д үзүүлээгүй, харин 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үзүүлээд Миопи онош тавигдаж, харааны шилний жор бичүүлж байсан нь ХЗП-ийн цахим бүртгэлээс харагдаж байна. Нүдний шилний хүрээ хадгалах шилэн шүүгээ нь 2 хэсгээс тогтоох бөгөөд нүүр хэсэг нь гурван шилэн хавтастай, 2 захын шилэн хавтас нугастай тул нээгдэж онгойдог, цоожтой, голын хавтас дээд талдаа төмөр бэхэлгээтэй, доод талдаа силиконоор нааж тогтоосон байсан. Шилэн шүүгээг хүлээн авснаас хойш баталгаат хугацааны засварын хугацаанд ямар нэгэн эвдрэл гарч байгаагүй. Шүүгээний хавтас унах үед оптотехникч болон эхний үйлчлүүлэгч, иргэн П.Батбилэг нар ширээний хажууд байсан, нэхэмжпэгч Г.Б охины хамт шилэн шүүгээний хажууд зогсоод нүдний шилний хүрээ сонгоод зогсож байсан. Түүнчлэн шилэн шүүгээний нүүрэнд шилэнд болгоомжтой хүр гэсэн анхааруулах бичиг наагдсан байсан. Хараа муутай хүүхдийг асран хамгаалж байсан эцэг, эхийн анхаарал сул, болзошгүй эрсдлээс хүүхдээ урьдчилан сэргийлж чадаагүй байна. Үйлчлүүлэгч Г.Б, П.Батбилэг нар нь 4 настай Б.Очирмааг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас нүдний шилний кабинетийн шилэн шүүгээний хавтсыг татаж унагасны улмаас өөрсдийн охин Б.Очирмаагийн хөлийг гэмтээсэн үйлдэлд манай байгууллагын ажилтны буруутай үйлдэл байхгүй. ГССҮТ-ийн эмч Б.Мөнхбатын үзлэгт үе үүсгэгч ясны ирмэгт жижиг хэмжээний сэлтэрхийтэй гэж дурдсан байдаг. Түүнчлэн эмч мэс ажилбар хийхээс өмнө эмгэг хөдөлгөөнтэй үеийг бэхлэхийн тулд ясан дотуур бэхлэх аргыг ар гэрт тайлбарласныг хэлж байгаа. Лавлагаа шатлалын эмнэлгийн мэргэшсэн эмч нь ясан дотуур бэхлэх аргыг стандарт, удирдамжийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг бид тодорхойлох боломжгүй. MNS 4621:2008 Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдпүүд" стандартын 2.1.2-т "... хагалгаа удирдах эмч нь ... хагалгааны бэлтгэл, тухайн хагалгаатай холбогдох стандартад заагдсан бүх хариуцлагыг хүлээнэ..." гэж заасан тул Б.Очирмаагийн мэс заслын улмаас үүссэн аливаа асуудлыг ГССҮТ-ийн эмч Б.Мөнхбат хариуцах үүрэгтэй. 2017 оны 6 сарын 14-нөөс хойшхи хугацаанд Б.Очирмаад үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь ГССҮТөвөөр хийгдсэн байх тул манай байгууллагатай хамааралгүй бөгөөд энэ талаар хариу тайлбар өгөх боломжгүй. Дээр дурдсан тайлбар үндэслэлээс харахад 4 настай Б.Очирмаагийн биед гэмтэл үүссэн шалтгаан нь манай байгууллагын ажилтантай хамааралгүй бөгөөд харин эцэг эх болох Г.Б, П.Батбилэг нар өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдэл болон охин Б.Очирмааг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас охины хөлийг гэмтээсэн үйлдэлд манай байгууллагын ажилтны буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хагалгаа хийлгэснээс хойш гарсан өвчний хүндрэлийн асуудал нь мэс засал удирдсан эмч ГССҮТ-ийн эмч Б.Мөнхбат болон ГССҮТ -д хамааралтай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03155 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ЭХЭМҮТөөс 906 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 14 783 768 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 276 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 26 299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00309 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2017/03155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 906 232 гэснийг 5 437 547 гэж 14 783 768 гэснийг 10 252 453 гэж, 2 дах заалтын 26 299 гэснийг 101 951 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг үл зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт “...Хариуцагч байгууллагын зүгээс хүүхдэд үйлчлэх зориулалтай ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажиллагаагүйн улмаас нэхэмжлэгчийн охин Б.Очирмаагийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн ЭХЭМҮТийн эмч нар хүүхдэд учирсан гэмтэл, шарханд анхны цэгцлэлт хийх арга хэмжээ авахдаа дотор нь шил үлдээсэн, эмчилгээ, мэс засал хайхрамжгүй хийсний улмаас шил буюу гадны биет хүүхдийн хөлийн хуруунд үлдэж, буглаж, буруу эмчилгээний улмаас дахин хагалгаанд орж, цавины арьснаас нь авч хөлийн хуруунд нөхөх эмчилгээ хийгдсэн. Хүүхдийн хөлний хуруу муруйж гоо сайхан, эрүүл мэндэд хохирол учирсан, өвчин шаналал үүсгэсэн, эх нь хүүхдээ асарч ажлаа хийж чадаагүй үйл баримт тогтоогджээ...” гэжээ. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгчийн тооцооны дэвтрээс үзэхэд сар бүр харилцан адилгүй зарим сард 3 сая төгрөгөөс илүү орлого олж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн 2 сар ажилгүй байсан гэж үндэслэж олох ёстой орлогод 6 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ...”  Шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 505 дугаар заалтуудыг үндэслэн шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 497.1-д “...бусдын ...эрүүл мэндэд... санаатай буюу болгоомжгүй үйлдлээр ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заасан бөгөөд тухайн үед болсон үйл явдлын талаар ЭХЭМҮТ-ийн Нүдний шилний кабинетын оптотехникч Ж.Цэцэгмаагийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба /цаашид ЭТҮЧА гэх/-нд бичгээр өгсөн тэмдэглэл болон тухайн үед болсон явдлаас харахад “...2017 оны 6 дугаар сарын 7-ны өдриин 15 цагийи орчимд ...Энхбат овогтой Сэрчмаа гэх 12 настай, эмэгтэй хүүхдэд баруун, зүүн нүдний харааны шилний жор бичсэн байсан ба нүдний шилний хүрээг сонгоход нь туслаад ярилцаж байтал гаднаас охиноо дагуулсан эцэг, эх хоёр /нэхэмжлэгч/ орж ирсэн. Иргэн Г.Б “Нүдний шил хийх үү?” гэж асуухад оптотехникч “Хийнэ” гэж хариулаад компьютерын ард сууж эхний хүүхдийн шилний захиалгыг тэмдэглээд захиалсан шилээ хэзээ авах тухай ярьж байтал иргэн Г.Б нүдний шилний шилэн шүүгээнээс зөвшөөрөлгүй нүдний шилний хүрээ авахаар нь оптотехникч очоод ямар хүрээ сонирхож байгааг асуугаад нэг хүрээ үзүүлсэн. Иргэн Г.Б хүрээг “том байна” гээд ахин шилэн шүүгээнээс хүрээ авч охиндоо сонгож эхэлтэл эхний үйлчлүүлэгч “Түрүүлж ирснээрээ би эхэлж үйлчлүүлмээр байна” гэхээр оптотехникч буцаж ширээний ард очоод жорыг дэвтэртээ хуулж бичээд эхний хүүхдийн нүдний хүүхэн харааны хоорондын зайг хэмжсэн. Эхний үйлчлүүлэгчид үйлчилж дуусаагүй байхад иргэн н.Батбилэг хажуу талаас орж ирээд маш их зүйл асуугаад байсан. Оптотехникч эхний хүүхдэд үйлчилж байсан учир асуулт бүрт хариулах боломж байгаагүй. Яг энэ мөчид “тар, няр” хийх чимээ гарч шилэн шүүгээний зүг харахад шилэн шүүгээний голын, хөдөлгөөнгүй хавтас унаад доод хэсгээрээ 2 хэсэг болсон бөгөөд хүүхдийн хөл гэмтсэн байсан...” гэжээ. Иймд шүүгээний хавтас унах үед оптотехникч болон эхний үйлчлүүлэгч, иргэн ч.Батбилэг нар ширээний хажууд байсан бөгөөд нэхэмжлэгч Г.Б охины хамт шилэн шүүгээний хажууд зогсоод нүдний шилний хүрээ сонгоод зогсож байсан. Түүнчлэн шилэн шүүгээний нүүрэнд “Шилэнд болгоомжтой хүр” гэсэн анхааруулах бичиг наагдсан байсан. Тухайн үед хараа муутай хүүхдийг асран хамгаалж байсан эцэг, эхийн анхаарал сул, болзошгүй эрсдлээс хүүхдээ урьдчилан сэргийлж чадаагүй байна. Нүдний шилний оптотехникч нь Эрүүл Мэндийн Сайд /цаашид ЭМС гэх/-ын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 тоот тушаал буюу “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-ний 1-р хавсралтын 4.5 заалтанд “Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд эхэнд ирсэн нь эхэлж үйлчлүүлэх буюу тэгш эрхийг хангасан хуваарилалтын зарчмыг баримтлана” гэж заасны дагуу эхэлж ирсэн үйлчлүүлэгч 12 настай Э.Сэрчмаад үйлчилгээ үзүүлж байсан байна. Дээр дурьдсан тайлбар болон болсон явдлаас харахад Үйлчлүүлэгч Г.Б, Батбилэг нар нь охин 4 настай Очирмааг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас нүдний шилний кабинетийн шилэн шүүгээний хавтсыг татаж унагасны улмаас өөрсдийн охин Очирмаагийн хөлийг гэмтээсэн үйлдэлд ЭХЭМҮТөвийн ажилтны буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтаас харахад нэхэмжлэгч Г.Б нь шил унасан талаар чанарын албанд өгсөн өргөдөлдөө “өөрийн охин Очирмаа нь шилийг татаад унагасан” гэж бичсэн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “шил нь өөрөө унасан” гэж 2 өөр янзаар өгүүлсэн байх бөгөөд оптотехнич Ж.Цэцэгмаа нь нэхэмжлэгчийг өөрөө татаад унагасан гэж нийт 3 өөр янзаар шил унасан талаар ярьж, хэлж байгаа нь уг шилийг хэн унагасан талаар тодорхой баримт байхгүй байхад шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дан ганц байгууллагын буруутай үйлдлийн улмаас шил унасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т “...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ...” гэсэн заалтыг зөрчин нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 505.1-д "... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хөөр өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байх бөгөөд хохирогч нь 4 настай Очирмаа охин бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь гэмтээгүй учир түүний олох ёстой байсан орлогын гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус хуулийн заалтын буруу хэрэглэж, тайлбарлан олох ёстой байсан орлого гэж 6 000 000 гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхээс олох ёстой байсан орлогыг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооны дэвтэр гэхийг үндэслэсэн байх бөгөөд уг дэвтэр нь гараар бичиж тэмдэглэсэн үнэхээр нэхэмжлэгчийн орлого зарлагын тооцоо мөн эсэх нь эргэлзээтэй, уг дэвтэрт бичигдсэн мөнгөнд барааны үнэ нь орсон, мөн нэхэмжлэгч нь уг олсон орлогодоо Монгол улсын хууль тогтоомжийн дагуу “хувь хүний орлогын албан татвар” төлдөггүй болох нь тогтоогдсон хууль бус, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн төлбөр гаргуулахаар ч шйдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4-т “...хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргахыг... хориглоно...”, мөн хуулийн 38.5-д “...нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэсэн хуулийн заалтуудыг зөрчин мөн хуулийн 40.2 дах заалтыг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө нэг сард олох орлогоо 300 000 төгрөг олдог болохоо тодорхойлсон баримтыг үндэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн орлогыг буруу тодорхойлон 6 000 000 төгрөгийг олох ёстой орлогод тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурьдсан тайлбар, гомдлыг харгалзан магадлалыг хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Б нь хариуцагч ЭХЭМҮТхолбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 15 690 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо”...нэхэмжлэгч нь хараа муутай хүүхдээ анхаарч асарч хамгаалаагүй, ...оптотехникч байхгүй байхад дур мэдэн шилэн тавцанд хүрсэн, ...шүүх хэрэглэх ёсгүй хууль буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг хэрэглэсэн, ...нэхэмжлэгч орлогоо хангалттай нотлоогүй байхад шүүх хохирол гэж үзэж гаргуулсан...” тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж дүгнэв.

Хэрэгт байгаа баримтаар 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Г.Б нь 4 настай охин Б.Очирмаагийн хамт ЭХЭМҮТийн хүүхдэд зориулсан нүдний шилний кабинетаар үйлчлүүлэх үед шилэн тавцан унаж охины зүүн хөлийн эрхий хуруу шилэнд зүсэгдэж гэмтсэн, ЭХЭМҮТийн эмч нар хүүхдэд учирсан гэмтэл, шарханд анхны цэгцлэлт хийх арга хэмжээг авахдаа дотор нь гадны биет үлдээсэн, үүний улмаас дахин хагалгаанд орж, арьс нөхөх эмчилгээ хийгдсэн, хүүхдийн хөлний хуруу муруйж гоо сайхан, эрүүл мэндэд хохирол учирсан, эх нь хүүхдээ асарч ажлаа хийж чадаагүй үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч байгууллагын зүгээс хүүхдэд үйлчлэх зориулалттай ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчийн охин Б.Очирмаагийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэж гэм хорын шалтгаан нөхцөл, гэм буруугийн талаарх давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч нь шилэн тавцангаас учирч болох аюул эрсдлийг урьдчилан харж, арга хэмжээ авсан, үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулсан гэдгийг нотлоогүй учир гэм буруутай гэж үзнэ. Шилэн тавцан дээр анхааруулах тэмдэг бүхий бичиглэл тавьсан боловч ердийн хэрэглээний явцад унах, хагарах талаар сэргийлсэн арга хэмжээ авснаа хариуцагч  нотлоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан тул хариуцагч нь гэм хорыг хариуцах үүрэгтэй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн олох байсан орлого 5 010 000 төгрөг, эм тарианы зардалд 427 547 төгрөг нийт 5 437 547 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь хуульд бүрэн нийцжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм буруутай этгээдээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахаас гадна түүнийг асарч сувилсан зардал, ...зайлшгүй зардлыг төлүүлэхийг заасан тул нэхэмжлэгч нь хүүхэд асрах хугацаанд олох байсан ашгаа шаардах эрхтэй, шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг баримталсан нь үндэслэлтэй байна.  

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 210/МА2018/00309 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА