Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2017/0844/З |
Дугаар | 67 |
Огноо | 2018-01-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 67
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, Т, А-ын нэхэмжлэлтэй “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны 251 дүгээр “П” ХХК-нд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Ш х” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч, А-ын дарга Н.Б түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны 251 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Зүрхний амны “Шар хошуу” нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “.....тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.” Мөн тус зүйлийн 4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.” гэж тус тус заасан бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй тус орон нутагт мэдэгдэх, иргэдийн оролцоог хангах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрвөл олгон хууль зөрчсөн байна.
Монгол шуудангийн RD118712429МN дугаарт бүртгэгдсэн, дотроо Ашигт малтмалын газрын 2016 оны 6/1076, 1077, 1079, 6/1080 дугаар бүхий албан тоотуудыг агуулсан Ашигт малтмалын газраас Т-д илгээсэн бичгийг Т-ын Тамгын газрын бичиг хэрэг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, “6/1080 албан тоотыг 94 дүгээр картад дугаарлан Аймгийн Засаг даргын туслах Х.Ч т шилжүүлсэн байна. Аймгийн Засаг даргын туслах Х.Ч “Ирсэн бичгийн бүртгэлийн” дэвтэрт 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаарт бүртгэн авч “ГХБХБГ Хүрлээ даргад” шилжүүлж, А.Г д хүлээлгэн өгсөн” гэх боловч уг албан бичиг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “ирсэн бичгийн бүртгэлд” бүртгэгдээгүй, энэ байгууллагад өөр бусад хэлбэрээр хүрээгүй байна.
Монгол шуудангийн RD118712429MN дугаарт бүртгэгдсэн Ашигт малтмалын газраас Тд илгээсэн бичгийн хариуг Аймгийн Засаг дарга асан Д.Б Ашигт малтмалын газарт илгээхдээ дээр дурдсан албан тоотуудын хариуг өгсөн боловч 6/1080 дугаар бүхий албан тоотын хариуг өгөлгүй орхисон байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 зааснаар аймгийн Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар саналаа гаргах эрхтэй болно. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд ““хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна.” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл “Хурлын санал” гэдэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг асуудлаар хуралдаж саналаа албан ёсоор тогтоол хэлбэрээр гаргахыг ойлгож байна. Гэтэл тухайн үеийн Засаг дарга Д.Баярбат сумын болон аймгийн Хурлын байгууллагын санал авах ажиллагааг зохион байгуулаагүй, захиргааны актын үйлчлэлийн хүрээнд хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх бололцоогоор хангаагүй зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргаж аймгийн Засаг даргын чиг үүргийг биелүүлээгүй байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б д хандсан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01/1209 тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулах тухай албан бичиг хүргүүлсэн боловч Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/6109 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй тухай хариу ирүүлсэн.
Иймд хууль тогтоомж зөрчиж гарсан “П” ХХК-нд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Зүрхний амны “Ш х" нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны 251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч А-ын дарга Н.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмалын газраас уг тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар Тд 2016 оны 6/1080 дугаар албан бичгээр 2017 оны 02 дугаар сарын 17-нд мэдэгдэл хүргүүлсэн боловч аймгийн Засаг дарга асан Д.Б, Засаг даргын Тамгын газар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтнуудын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас уг албан бичгийг манайд хүргүүлэлгүй үрэгдүүлсэн байдаг. Үүний улмаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал санал авах ажиллагаа огт явагдаагүй төдийгүй бид энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаанд санал гаргаж оролцох эрхтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд дурдсанаар “Хурлын санал” гэдэг нь “хурлын тогтоол” байх ёстой. Өөрөөр хэлбэл сумын иргэдийн Төлөөөлөгчдийн Хуралд уг асуудлаар хуралдаж албан ёсны саналаа тогтоол хэлбэрээр гаргах учиртай. Гэтэл саналаа гаргах ёстой эрх бүхий этгээдэд огт мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчигдсөн болохыг харуулж байна.
Аливаа нэгэн захиргааны актыг сонирхогч этгээд буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэж байж, саналыг нь авч, түүнийг харгалзан үзэж байж шийдвэрээ гаргах зарчим, арга технологи төрийн албанд байдаг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, Ашигт малтмалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “сумын ИТХ, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын саналыг нь ав" гэж хуульчилсан. Холбогдох этгээдэд нь мэдэгдэхгүй, ялангуяа хуульд нэр заагдсан субъектээс санал авалгүй шийдвэр гаргаж, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хууль бус үйлдлээс болж сумын хүн амын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж, нийтийн чиг үүргээ хэрэгжүүлж чадсангүй.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны 251 дүгээр шийдвэрээр олгогдсон хайгуулын талбай нь 10 айлын өвөлжөө, хаваржааны газар болон бэлчээр газартай давхцалтай байгаа. Энэ асуудлаас шалтгаалж нэр бүхий 10 айл мал аж ахуй эрхлэх боломжгүй болох нь байдалтай байна. Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бэлчээр нутгийн хомсдол үүсэх, үүнээс шалтгаалж сумын дийлэнх иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нь илэрхий юм. Гэвч энэхүү асуудлаар эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж буй иргэд захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй бөгөөд энэ асуудлууд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас өөр агуулгатай юм.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал аваагүй, санал авахаар ирсэн бичиг үрэгдсэн тул тухайн тусгай зөвшөөрөл олгогдсон гэдгийг бид их хожуу мэдсэн. Нутаг орны хүмүүс хайгуулынхан яваад байна гэсэн дам мэдээл өгч анх дуулсан. Тэгээд энэ талаар ашигт малтмалын газарт гомдлоо гаргасан. Гэтэл хариуцагч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад хууль зөрчигдсөн болохыг мэдсээр байж, алдааг засахыг хүсээгүй.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны 251 дүгээр шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, Архивийн ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.7, 3.3.9 /Хавсралт 12/, 3.3.1. 3.3.4. 4.1.3. 4.1.4-д, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6-д заасан хэм хэмжээг зөрчсөн байх тул Авилгын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4-д заасныг баримтлан уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч А-ын өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг, эрх зүйн байдал нь Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлогддог, нийгмийн удирдлагын өндөр түвшний байгууллага. Энэ байгууллагын эрх, ашиг сонирхлын хувьд тухайн орон нутгийн хүн амын ашиг сонирхол хамт яригддаг бөгөөд нутгийн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалдаг. Иймд уг нэхэмжлэл нь Үндсэн хуулиар тогтоосон язгуур зарчмуудтай шууд холбоотой гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна.
Нэхэмжлэгч нарын зүгээс захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэж байна. Тодорхой хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газраас санал авах тухай мэдэгдлээ шуудангаар ирүүлж 30 хоногийн дотор хариу ирээгүй гэсэн үндэслэлээр шууд тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл мэдэгдэл явуулсны дараа ямар асуудал үүссэнийг судалж тогтоох нь захиргааны байгууллагад хамгийн их хамааралтай. Одоо өөрт хамааралгүй байдлаар тайлбар хийж болохгүй.
Төрийн байгууллага шийдвэр гаргахдаа орон нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэртэй уялдуулан гаргах ёстой. Аймгаас санал ирүүлээгүй гэх үндэслэлээр “П” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь Авлигын эсрэг хуульд мөн хамаарагдах бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан үйл ажиллагаа гаргахдаа хэн нэгэн этгээдэд давуу байдал үүсгэж ялгавартай хандаж болохгүй. Хэрэв энэ байдлаар шийдвэр гаргасан бол Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасны дагуу хүчингүй болох ёстой бөгөөд хүчингүй болгохгүй байгаа бол тухайн албан тушаалтан өөгшүүлсэн, хамгаалсан гэдэг үндэслэлээр ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Төрийн захиргааны аль ч шатны байгууллагууд холбогдох бүх хуулийг хатуу чанд мөрдөж, хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой. Өнөөдрийн энэ байдлыг хөндлөнгийн нүдээр харвал төрийн байгууллага хуулиа хэрэгжүүлэхийг төлөө хичээдэггүй, хариуцлагагүй, зарчимч байдлаас ухарсан байдал харагдаж байгаа тул эдгээр байдлыг харгалзан үзэж хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Ш х” нэртэй талбайд “П” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын газар Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан байна.
Уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хянаж, анхан шатны шүүлт хийж үзэхэд хуульд заасан шаардлагыг хангаж байсан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдоогүй.
Иймд Ашигт малтмалын газар /хуучнаар/-ын Кадастрын хэлтсээс “П” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дээрх өргөдлийг хянаад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1080 дугаартай албан бичгээр санал авах мэдэгдлийг Т Д.Б д хүргүүлсэн байна.
Тас санал авахаар албан тоотоор мэдэгдэл хүргүүлсэн тул нэхэмжлэлд дурдсан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй тус орон нутагт мэдэгдэх, иргэдийн оролцоог хангах үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл олгон хууль зөрчсөн байна...” гэсэн нь огт үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч дээр дурдсаны дагуу хариуцагчийг “орон нутагт мэдэгдэлгүй тусгай зөвшөөрөл олгосон” мэтээр нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан атал мөн нэхэмжлэлийн 2 дугаар талд “...Ашигт малтмалын газраас Тд илгээсэн бичгийг Т-ын Тамгын газрын бичиг хэрэг 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 6/1080 албан тоотыг 94 дүгээр картын дугаарлан Аймгийн Засаг даргын туслах Х.Ч т шилжүүлсэн байна...” гэх ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн тайлбар бичсэн нь нэхэмжлэл ямар ч хууль зүйн үндэслэлгүй болохыг тодорхойлж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Телөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ“ гэж заасан.
Тас дээр дурдсан Ашигт малтмалын газрын 2016 оны 6/1080 тоот албан бичгээр “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн өргөдөлд санал авахаар хүргүүлсэн мэдэгдлийн хариуг хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-нд ашигт малтмалын хайгуулын ХV-019484 дугаартай тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.
Нэхэмжлэлд "...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 зааснаар аймгийн Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар саналаа гаргах эрхтэй болно..." гэж бичсэн байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасан зохицуулалт нь нэхэмжлэлд дурдсанчлан “эрх”-ийн тухай зохицуулалт биш, харин тухайн нутгийн захиргааны байгууллагад үүрэг болгосон заалт болно. Нөгөө талаар, энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлэх нь тухайн аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаанд хамааралтай болохоос геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг биш юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга...30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж хуульд тодорхой заасан бөгөөд Тас хариу ирүүлээгүй тул “П” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV-019484 дугаартай тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэл бүхий акт болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Зүрхний амны “Ш х” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах ямар ч хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэлээс үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь огт тодорхойгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар 3.1.3, “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ заавал тодорхойлсон байхыг шаарддаг.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Т-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн талаар нэхэмжлэлд огт дурдаагүй байна. Дурдах ч үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд бичих тайлбар байхгүй байсан гэж үзэж байна. Мөн Т-ын нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн талаар нэхэмжлэлд дурдаагүй байна.
Нэхэмжлэлд "...6/1080 дугаар бүхий албан тоотын хариуг өгөлгүй орхисон байна,..”, мөн “...Засаг дарга Д.Баярбат сумын болон аймгийн Хурлын байгууллагын санал авах ажиллагааг зохион байгуулаагүй, захиргааны актын үйлчлэлийн хүрээнд хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх бололцоогоор хангаагүй зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргаж аймгийн Засаг даргын чиг үүргийг биелүүлээгүй байдаг” гэсэн байна. Уг үйл баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдал нь Ашигт малтмал, газрын тосны газрыг буруутгах ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харин ч нэхэмжлэл гаргасан Т-ын тамгын газрын өөрийнх нь дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудал болно.
Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолуудыг тус тус батлан гаргасан.
Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.
"П” компани нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Ш х” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган МЕ-026488 дугаарт бүртгүүлжээ.
Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийсэн.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй субъект гэж тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад материаллаг болон процессын хуулиудад аймгийн Засаг дарга болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийтийн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна.
Дээрх тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д "...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлийн дагуу хүлээн авахаас татгалзахгүй хэрэг үүсгэсэн нь хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.
“П” ХХК 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Ш х” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “П” ХХК-ийн гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн санал авахаар Тд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6/1080 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна. Гэтэл Т Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу 30 хоногийн дотор ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасантай нийцсэн шийдвэр болсон гэж үзэж байна.
Хариуцагч захиргааны байгууллага “хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж” орон нутгаас санал авахаар мэдэгдэл явуулсан байх бөгөөд уг мэдэгдлийг Т хүлээн авсан Харин Тас Алтанбулаг сум руу бичиг хүргэгдээгүй гэх асуудлыг нэхэмжлэгч Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дурддаг хэдий ч энэ нь Т, түүний ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой үүссэн асуудал тул үүнд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломж харагдахгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д "... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргах нь хууль үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т, А-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Ш х” нэртэй газар олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” гэж мэтгэлцсэн.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж...” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргыг өөрийн харьяа нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас гаргасан маргаан бүхий шийдвэрийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болно.
Хоёр. Гуравдагч этгээд “П” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын “Ш х”нэртэй 4959.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонирхлоо илэрхийлж, зохих журмын дагуу Ашигт малтмал газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан байна.
Хариуцагч гуравдагч этгээд “П” ХХК-ийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн шаардлага хангаж буй эсэхэд анхан шатны шүүлт хийж, хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй болохыг тогтоосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” /Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6/1080 дугаар албан бичгээр “П” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийн солбицлуудыг мэдэгдэж, зохих санал авахаар хүргүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” /Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ гэж заасны дагуу тухайн үед Т нь “П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Шар хошуу нэртэй газарт 4959.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр асуудлыг хэлэлцүүлж хариуг албан бичгээр хүргүүлэх ёстой байсан боловч тодорхойгүй шалтгаанаар мэдэгдлийг нутгийн өөрөө удирдах байгууллагаар хэлэлцүүлэлгүй орхигдуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Тухайлбал, Ашигт малтмалын газрын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 03-ны Төв аймгийн, Алтанбулаг Архуст, Баянжаргалан, Баянцагаан, Баян, Баян-Өнжүүл, Сүмбэр зэрэг сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд санал авахаар нийт 15 аж ахуйн нэгжид хамаарах мэдэгдлийг Т-д хүргүүлсэн байна. Гэтэл Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа гуравдагч этгээд “П” ХХК-иас бусад 14 аж ахуйн нэгжид хамаарах мэдэгдлийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “...хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэх зохицуулалтын хүрээнд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын “Ш х” нэртэй 4959.29 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-019484 дүгээр тусгай зөвшөөрлийг “П” ХХК-д олгосон байна.
Нэхэмжлэгч А-ын өмгөөлөгч нь “хариуцагч явуулсан мэдэгдлийн дагуу аймгийн Засаг дарга нь аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж зохих саналаа ирүүлсэн тохиолдолд шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж мэтгэлцсэн.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэдгээрийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэх, хугацааг нь сунгах, тусгай зөвшөөрөл шилжүүлэх, барьцаалалтыг бүртгэх, тусгай зөвшөөрлийн статистик мэдээ мэдээллийг боловсруулах, нийтэд мэдээлэх, тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь болон түүний тодорхой хэсгийг буцааж хүлээж авах өргөдлийг шийдвэрлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талбайн хилийн маргааныг шийдвэрлэх, геологи, уул уурхайн кадастрын бүртгэл хөтлөх үндсэн чиг үүрэг бүхий геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын нэгж болохын хувьд нутгийн өөрөө удирдах байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэггүй бөгөөд ийм хуулийн зохицуулалт байхгүй болно.
Иймээс мэдэгдэлд заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж гарсан шийдвэрт үндэслэн зохих хариуг Т өгөх үүргээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах боломжгүй юм.
Дүгнэхэд, хариуцагч нь тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтыг зөвөөр тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бүрэн нотлогдсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4 /Энэ зүйлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “П” ХХК-нд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Ш х” нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Т, А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ