Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1223

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч Б.Ундрах,

            шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Д овогт Тийн Уд холбогдох 1908052621675 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 09 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, .. дүгээр Цахилгаан станцад засварын мастер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-р байрны ... тоотод оршин суугаа хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д овогт Тийн У /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Т.У нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын Толгойт гудамж ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Ц.Цг “ах дүү нарыг минь хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ц.Цг зодож түүний эрүүл мэндэд нь зүүн тохой, баруун бугалга, хөхөнд цус хуралт, зүүн дунд хурууны өндгөнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр Т.У бид хоёр гэр бүлийн асуудлаас болж хоорондоо маргалдсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Угийн дүүгийнх нь хүүхэд болох М залгасан юм. Тэгсэн У хичээлээ хийж байна уу гэж асуухаар нь би “чи хүний хүүхдийн хичээл хийж байгааг нь асуухаар өөрийнхөө хүүхдийн хичээлийг хийлгээчээ, гадаадад зугаалж яваа эх нь санаа зовохгүй байхад чи яагаад санаа зовоод байгаа юм бэ” гэж хэлтэл У “хэрэлдвэл чи надтай хэрэлд, миний ах дүүсийг наад хэрүүлдээ битгий оруулаад бай” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хоорондоо муудалцаж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад сүү өргөчхөөд хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд хаалгаар гарах гэтэл миний хувцас хунараас татаад цохих явцад нь би зүүн тохойгоороо хатуу гадаргуутай зүйл дээр унасан юм. Тэгээд миний баруун талын мөрлүү, нурууны гол хэсэг рүү гараараа цохиод намайг өргөөд гэр лүү оруулсан юм. Тухайн үед хажууд хүн байгаагүй. Манай 2 том хүүхэд гадаадад сургуульд сурдаг, бага 2 нь сургуулийн аялалд явсан байсан юм. 1997 онд гэрлэлтээ батлуулж байсан. Албан ёсны гэр бүл мөн юм. Хамтран амьдраад 23 жил болж байна. Бид 2 дундаасаа 4 хүүхэдтэй юм. У нь намайг явуулахгүй гээд ардаас татаад гулдчаад байсан тэр явцад нь би зүүн тохойгоороо ямар нэгэн хатуу гадаргуу дээр унасан юм. Миний баруун талын бугалга орчим гараараа 1 удаа цохисон. Цээж хэсэг буюу хөхний хэсэгт гараараа нэг удаа цохисон юм. Тухайн гэмтлүүдийг манай нөхөр У учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10,14х/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12180 дугаартай:

 “...Ц.Ц-д зүүн тохой, баруун бугалга, хөхөнд цус хуралт, зүүн дунд хурууны өндгөнд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 18х/,

3. Шүүгдэгч Т.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 35х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36х/, ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /хх-ийн 37х, 38х/, голомт банкны дансны хуулга /хх-ийн 39-50х/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-ийн 51х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53х/,

4. Шүүгдэгч Т.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Ц бид хоёр хүүхэд хичээл хийлгэсэн, хийлгээгүй гэх асуудлаас болж хоорондоо маргалдсан. Удалгүй Ц чимээгүй болохоор нь би хэрүүл хийх гэж өдөж араас нь хэрүүл хийсэн. Тэгсэн Ц намайг алаад өг цохиод өг гэж хэлээд гартаа юм барьж хутга шөвөг барих гэж зүтгээд байхаар нь би түлхээд өрөө лүү оруулсан чинь Ц би хүнтэй уулзах ажилтай гээд гэрээс гэрийн хувцастайгаа зугтаж гарахаар нь би баруун гарын бугалганаас татахад Ц пилта шалан дээр зүүн тохойгоороо тохойлдоод уначихсан юм. Баруун гараас нь татаж босгоод сүйлэх маягтай буюу эхнэр Цгийн суган доогуур толгойгоо хийж хөхөнд нь толгойгоороо шахаж өргөөд гэртээ оруулсан. Цгийн биед учирсан зүүн тохой, баруун бугалга, хөхөнд цус хуралт, зүүн дунд хурууны өндгөнд шарх гэсэн гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.У нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын Толгойт гудамж ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Цг “ах дүү нарыг минь хэл амаар доромжиллоо” гэх шалтгааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 9-10х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12180 дугаартай дүгнэлт /хх-ийн 18х/, шүүгдэгч Т.Угийн мэдүүлэг /хх-ийн 71-72х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.У, хохирогч Ц.Ц нар нь 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан, 4 хүүхэдтэй болох тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Т.У, Ц.Ц нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэх ба Т.У нь өөрийн эхнэр Ц.Цтэй гэр бүлийн асуудлаас үүдэлтэйгээр маргалдаж түүний биед хүч хэрэглэн халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Т.Унь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Т.Уг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 9-10х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах нь Т.Уд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.Уд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Т.Уд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч Т.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Т.Угийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Тийн Уг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Унь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ