| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1187/Э |
| Дугаар | 1237 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 1237
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Т.Ц, өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ҮД-1476/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Тийн Цад холбогдох 1908049341553 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, М Ү их сургуулийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал-Овоо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Тийн Ц /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Б т" караоке бааранд “Ахыг цохисон” гэх шалтгааны улмаас хохирогч Ч.Быг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, духны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэн Ч.Баас гаргасан 2019 оны 09 дүгээр 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Караокед зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2х/,
2. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3х/,
3. Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн орой манай ажлын газрын хамт олон намайг амралтаа аваад гэртээ амарч байхад эргэж ирж байна гээд гэрт ирж пиво ууцгааж байгаад орой 00:30 цагийн үед манайхаас гарч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б т” нэртэй караоке бааранд орж нэмж ууж идэж байгаад манай ажлын газрынхан түрүүлээд явсан. Би ганцаараа нөхрийгөө хүлээгээд караоке баарны зааланд булангийн ширээнд ганцаараа сууж байтал зүс таних Наня сүүлд нэрийг мэдсэн Ц голын ширээнд үл таних залуу сүүлд нэрийг мэдсэн Н-гийн хамт архи ууж сууж байснаа намайг хараад Ц надтай мэнд мэндлээд явсан, удалгүй дахин ууж байсан архиа бариад ирэхээр нь би Золзаяа ах нь ирж байгаа миний дүү, сууж байсан ширээндээ суу, энд суух хэрэггүй гэж хэлээд байж байтал гаднаас нөхөр Золзаяа орж ирээд миний дэргэд суутал Цтай хамт сууж байсан Н манай нөхрийг заамдаад байхаар нь би болиочээ гээд салгах гээд түлхсэн чинь хажуунаас Ц гэнэт баруун гараараа миний зүүн хөмсөг орчимд нэг удаа цохиод авахаар нь яаж байнаа гээд хэлтэл та хоёрыг хоёуланг чинь ална шүү гэж байх үед миний цохиулсан газраас цус гарч эхэлтэл нөхөр цагдаа дуудлаа гэж хэлтэл Ц гараад явчихсан. Амбулаторийн картанд бичсэн эмчийн бичиж өгсөн эм болон гэмтлийн эмчийн бичиж өгсөн эмнүүдийг авч уусан ойролцоогоор 80.000 төгрөг болсон өөр баримт байхгүй. Ц надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8х/,
4. Гэрч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр айлд пиво ууж байгаад гэртээ ирсэн ирэх замдаа дэлгүүр орох гэтэл хаачихсан байсан. Гэртээ орж ирээд хэсэг байж байгаад хамар хашаанд амьдардаг аавын дүүгийн хүү болох Цын гэрт ороод түүнийг дуудаж хоёулаа ойрхон гарчхаад ирье гэж хэлээд дүүг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны эцсийн буудал дээр байх Болортааз нэртэй караоке бааранд орж пиво архи захиалж ууж байгаад 00 орчхоод гараад иртэл дүү Ц танихгүй хоёр эрэгтэй эмэгтэйтэй маргалдаж барьцалдаж авчихсан зогсож байхаар нь би явж очоод нөхрийг нь заамдаж барьцалдаж авсан чинь эхнэр нь сүүлд нэрийг мэдсэн Б намайг хөлөөрөө өшиглөж цохих үед Ц намайг өмөөрч Быг нэг удаа цохисон чинь удалгүй Бын зүүн хөмсөгнөөс цус гарчихсан байдалтай болчихсон байхаар нь би дүүг одоо яв гээд гэрлүү нь явуулчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,
5. Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн орой намайг унтаж байтал нөхрийн дүү Н манайд орж ирээд хүү Цыг дагуулж гараад явсан орой 23 цагийн үед хүү гэртээ ирээд унтсан. Өглөө нь Н надруу утсаар залгаад танай хүүгээс болж би эрүүлжүүлэх байранд хонолоо ирж ав гэхээр нь би ирж авсан. Тэгээд хүүгээсээ юу болсон талаар асуухад тэр эгч Н ах бид хоёрыг цохиж аваад байхаар нь би нэг удаа цохичихсон юм гэж хэлсэн өөр юм хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11337: “...Ч.Бын биед тархи доргилт, духны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20х/,
7. Шүүгдэгч Т.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 41х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 42х/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 43х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 54х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55х/,
8. Шүүгдэгч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой гэртээ амрах гээд байж байтал авга ах Н гаднаас халамцуу байдалтай орж ирээд ахын дүү хоёулаа ойрхон гарчхаад ирье гэхээр нь би хамт гартал ойрхон караоке бааранд оръё гэж хэлээд намайг дагуулж орсон тэнд ороод ах Сэнгүр пиво, Соёрхол нэртэй архи авч өөрөө ууж надад татчих гээд архинаасаа өгөхөөр нь би 3 хундага уучихсан. Тэгээд сууж байтал нөгөө ширээнд зүс танил Б эгч хүмүүстэй хамт сууж байснаа сүүлдээ ганцаараа үлдчихсэн байхаар нь би очоод сайн байна уу эгч гэж мэндлээд юм яриад сууж байтал түүний нөхөр З ах гаднаас орж ирээд хажууд суусан чинь миний араас ах Н ах хүрч ирээд энэ юун хүн юм гэхээр нь би З гэдэг ах байгаа юм гээд хэлтэл ах үгийн зөрөөгүй З ахыг заамдаж аваад цохих гэхээр нь би урдуур нь орж салгах гэтэл Б эгч босож ирээд та нар больцгоо гэж уурлаж байгаад Н ахыг гараараа түлхээд цохиод авахаар нь би ахыгаа өмөөрч Б эгчийн зүүн хөмсөг орчимд гараараа нэг удаа цохисон чинь хөмсөг нь сэтрээд цус гараад ирэхээр нь би ахыг орхиод гэрлүүгээ явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Б т" караоке бааранд “Ахыг цохисон” гэх шалтгааны улмаас хохирогч Ч.Бын зүүн хөмсөг орчимд нь цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, духны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Бын мэдүүлэг /хх-ийн 8/, гэрч Э.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 15х/, гэрч Б.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 17х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11337 дүгнэлт /хх-ийн 20х/, шүүгдэгч Т.Цын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Ц нь хохирогч Ч.Быг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Т.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Ч.Б нь “...Амбулаторын картанд бичсэн эмчийн бичиж өгсөн эм болон гэмтлийн эмчийн бичиж өгсөн эмнүүдийг авч уусан ойролцоогоор 80.000 төгрөг болсон өөр баримт байхгүй. Ц надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж барагдуулсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-ийн 8х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “... шүүгдэгч Т.Ц нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол барагдуулсан, оюутан хэдий ч хувиараа яндан хийж зарж орлого олдог зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд торгох ялыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Т.Цыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.Ц хувийн байдлын хувьд оюутан, мөн хувиараа яндан хийж зарж орлого олдог зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Т.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Тийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ