Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2019/1226/Э |
Дугаар | 1250 |
Огноо | 2019-11-25 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 1250
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Тт холбогдох 1908001101383 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил эрхэлдэг гэх, ам бүл 2, нагац эгчийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О.Т /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Т нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Н.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 83.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод хулгай орж, эд зүйл алдагдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 12х/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16х/,
3. Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод би эхнэр Н.Уийн хамт амьдардаг юм. Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн үед манайд манай микро автобусанд кондуктор хийдэг О.Т гээд хүүхэд, би, эхнэр Н.Уийн хамт гэрээс гарч Тахилтаас Шархадны чиглэлд яваад буцаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр хорооллын депогийн буудлын хажууд өдрийн 13 цагийн үед О.Т нь надад ажил гарлаа гэж хэлээд буугаад явсан юм. Тэгээд оройны 23 цагийн үед эхнэр Уийн хамт гэртээ орох гэтэл манай гэрийн хаалга онгорхой байхаар нь гайхаад харсан хүн байхгүй, гэрийнхээ эд зүйлийг гэрэл асаагаад харахад манай гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. Тэгэхээр нь би 102 дугаарын утсанд дуудлага өгөөд цагдаа дуудсан. ...Надтай хамт микронд явдаг С гэх залуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн үед над руу залгаад “танай микронд явдаг О.Т танай гэр лүү орох гээд явж байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би “наад хүүхэд чинь одоо манай гэрт очих хэрэг байхгүй, ажилтай гээд өдрийн 13 цагийн үед эхнэр бид хоёроос салсан” гэж хэлээд утсаа салгасан юм. О.Тийн гутлын мөр манай гэрийн үүдэнд байсан. Манай гэрээс цайны халуун сав, ус буцалгагч, эмчилгээний зориулалттай шампунь, ванны алчуур алдагдсан. Манай гэрээс өөр эд зүйл алдагдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52, 72х/,
4. Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б, У нарыг танина, тэр хоёр хананы материалаас шар хадны хооронд шугамд яваг хүмүүс байгаа юм. Харин Т гэдэг хүүхдийг сайн таньж мэдэхгүй, Н.У, Н.Б хоёрын микро автобусны кондуктор хийдэг хүүхэд гэдгийг нь мэднэ. Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т гэдэг хүүхдийг лабораторийн буудал дээр явж байхыг нь хараад Бт танай кондуктор 5 шарын автобусны буудлын зүг рүү алхаад явж байна, та хоёр кондукторгүй байгаа юм уу гэж асуусан чинь Б надад “сонин юм аа, наад кондуктор чинь дөнгөж сая цайз 16 орно гэж хэлээд явсан даа” гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын эхээр Бтой таарсан чинь манайхыг манай кондуктор хийдэг хүүхэд ухсан байна гэж хэлж байсан юм. Тухайн үед лабораторийн буудал дээр Тийг харахад хар цүнх үүрсэн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59х/,
5. Гэрч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О.Т гэх хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, нөхөр Н.Б бид хоёртой манай микро автобусны кондуктороор хэд хоног ажилласан хүүхэд байгаа юм. ...Манай гэрт О.Т 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр хамт амьдарсан, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай гэрийн хаалганы цоожийг хажуу тийш нь хөшиж байгаад цайны халуун сав 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, эмчилгээний зориулалттай шампунь 1 ширхэг, ванны том алчуур 1 ширхэг зэрэг эд зүйлийг аваад явсан байсан. Манай гэрээс шаазан аяганууд, хоолны халуун сав, хуванцар шанага, тос цулгуй зэс аяга, жижиг зэс аяга, хувцасны шүүгээнээс саарал өнгийн эрэгтэй хүний жинсэн өмд, 1 ширхэг ноосон алаг өнгийн эрэгтэй хүний цамц, орны хажууд байсан цэнхэр өнгийн том цүнх зэрэг эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74х/,
6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-86х/,
7. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...83,000 төгрөг” /хх-ийн 20-22х/,
8. Шүүгдэгч О.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай албан тоот /хх-ийн 34х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36х/,
9. Шүүгдэгч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Н.Б ахтай танилцаад микро автобусны кондукторыг нь хийж байгаад гэрт нь хамт 7 хоног хамт амьдарч байсан юм. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод суух хохирогч Н.Бийн 5 ханатай монгол гэрийн хаалганы төмөр зүүдэг цоожны даруулга төмрийг хажуу тийш нь гараараа хөшиж хаалгыг нь онгойлгоод гэрлүү нь орсон юм. ...Би гэрчээр мэдүүлэхдээ шаазан аяганууд, хоолны халуун сав, хуванцар шанага, цулгуй зэс аяга, жижиг зэс аяга, хувцасны шүүгээнээс саарал өнгийн эрэгтэй хүний жинсэн өмд, 1 ширхэг ноосон алга өнгийн эрэгтэй хүний цамц, ороны хажууд байсан цэнхэр өнгийн том цүнх зэрэг эд зүйл нь миний эд зүйл, би өөрийнхөө эд зүйлийг очиж авахдаа Н.Б ахын гэрээс цайны халуун сав 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, эмчилгээний зориулалттай шампунь 1 ширхэг, ванны том алчуур 1 ширхэг зэрэг эд зүйлтэй хамт аваад явсан юм. Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан №9 дугаараар дугаарласан гутлын мөр миний гутлын мөр байна. Би гэмт хэрэг үйлдэхдээ ганцаар үйлдсэн. ...Н.Б гэрээс авсан зүйл одоо бүгд байхгүй цайны халуун сав 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг нь эвдрээд дууссан. Эмчилгээний зориулалттай шампунь 1 ширхэг, ванны том алчуур 1 ширхэг зэргийг хэрэглэж байгаад дууссан юм. ...Би ганцаараа нийтийн байр түрээслэх хэрэг гараад тэгээд нийтийн байранд цайны халуун сав, ус буцалгагч, эмчилгээний зориулалттай шампунь, ваны том алчуур хэрэг болоод Н.Б ахын гэрээс зөвшөөрөлгүй хулгай хийгээд авсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Н.Бийн гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч цайны халуун сав 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, эмчилгээний зориулалттай шампунь 1 ширхэг, ванны том алчуур 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 83.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод хулгай орж, эд зүйл алдагдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 12х/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16х/,
хохирогч Н.Бийн “...орой 23 цагийн үед эхнэр Уийн хамт гэртээ иртэл манай гэрийн хаалга онгорхой, гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай байсан. ...Надтай хамт микронд явдаг С гэх залуу 17 цагийн үед над руу залгаад “танай микронд явдаг О.Т танай гэр лүү орох гээд явж байна” гэж хэлсэн, О.Тийн гутлын мөр манай гэрийн үүдэнд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/,
Гэрч Т.Аийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т гэдэг хүүхэдтэй лобарторийн буудал дээр явж байхыг нь хараад Бт танай кондуктор 5 шарын автобусны буудлын зүг рүү алхаад явж байна. Та хоёр кондукторгүй байгаа юм уу гэж асуусан чинь Б надад сонин юм аа, наад кондуктор чинь дөнгөж сая цайз 16 орно гэж хэлээд явсан даа гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын эхээр Бтой таарсан чинь манайхыг манай кондуктор хийдэг хүүхэд ухсан байна гэж хэлж байсан юм. Тухайн үед лабораторийн буудал дээр Тийг харахад хар цүнх үүрсэн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59х/,
Гэрч Н.Уийн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай гэрийн хаалганы цоожийг хажуу тийш нь хөшиж байгаад цайны халуун сав 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, эмчилгээний зориулалттай шампунь 1 ширхэг, ваны том алчуур 1 ширхэг зэрэг эд зүйлийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-86х/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-22х/,
Шүүгдэгч О.Тийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод суух хохирогч Н.Бийн 5 ханатай монгол гэрийн хаалганы төмөр зүүдэг цоожны даруулга төмрийг хажуу тийш нь гараараа хөшиж хаалгыг нь онгойлгож ороод Н.Б ахын гэрээс цайны халуун сав 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, эмчилгээний зориулалттай шампунь 1 ширхэг, ванны том алчуур 1 ширхэг зэрэг эд зүйлийг өөрийнхөө эд зүйлтэй хамт аваад явсан юм. Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан №9 дугаараар дугаарласан гутлын мөр миний гутлын мөр байна. Би гэмт хэрэг үйлдэхдээ ганцаар үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Т нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Н.Бийн эзэмшлийн монгол гэрийн цоожны даруулга төмрийг хөшиж нэвтэрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд О.Т нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Тийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлсийг 83.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч О.Т нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул 83.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг О.Тт хэрэглэж өгнө үү ” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч О.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар О.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 5 хоногтой байсан, түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал /эх нь архи согтууруулах ундааны зүйл эхээр хэрэглэдэг, бага насны 2 дүүтэй, эхийн зүгээс хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүйгээс гэмт хэрэгт холбогдсон/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 19 (арван ес) хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялаас хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт О.Тийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Тийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийн цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тээс 83.000 /наяан гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бт олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ