| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0408/и |
| Дугаар | 431 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 431
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 12 сарын 02 Дугаар 431 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Капитал банкны Сүхбаатар салбар
зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшин нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл ирүүлснийг 2016 оны 11-р сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, Капитал банкыг төлөөлж Капитал банкны Сүхбаатар салбарын захирал Б.Наранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алхаабаатар овогтой Цэрэнтогтох, Ариунсүх овогтой Амартүвшин нар нь Капитал банктай 2015 оны 03-р сарын 10-ны өдөр № 2042000077 тоот зээлийн гэрээ байгуулан 5900000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшин нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багт бүртгэлтэй боловч оршин сууж буй хаяган дээрээ оршин суухгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшин нарыг банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдохгүй байна. Иймд зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшин нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Капитал банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Зээлдэгч Эрхэт овогт Алхаабаатарын Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч Сосор овогт Ариунсүхийн Амартүвшин нар нь Капитал банкны Сүхбаатар салбараас 2015 оны 03-р сарын 10-ны өдөр 2042000077 тоот зээлийн гэрээ байгуулж 5900000 /таван сая есөн зуун мянган/ төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлжээ. Зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшин нар нь 2016 оны 06-р сараас хойш зээлээ төлөлгүй сураггүй алга болсон бөгөөд хаяг нь тогтоогдохгүй, холбоо барих боломжгүй заасан хаягтаа оршин суудаггүй, хаана яваа нь мэдэгдэхгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, оршин суугаа хаягтаа оршин суухгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран зээлдэгч А.Амартүвшин нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа хаягийг тогтоох хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Эрхэт овогт Алхаабаатарын Цэрэнтогтох, Сосор овогт Ариунсүхийн Амартүвшин нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшин нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
3. Зээлдэгч А.Цэрэнтогтохын төрсөн дүү А.Батсайхан нь Сүхбаатар аймгийн Спорт хороонд жижүүр хийдэг гэх, А.Цэрэнтогтох нь 2016 оны 08-р сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Улиастайн 26-р хороонд Жаргалболдын гэх айлд түр оршин сууж байсан гэх, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшингийн эцэг Ариунсүх нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багт оршин суудаг гэх утас нь: 53155850. Зээлдэгч А.Цэрэнтогтох, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Амартүвшин нар нь дээр дурдсан хаягт түр оршин сууж болзошгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
6.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА