| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1248/Э |
| Дугаар | 1267 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1267
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч И.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х а овогт Иы Эд холбогдох 1908047861588 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Согоотын ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х а овогт Иы Э /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч И.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын эцэст замын урд “Д” худалдааны төв, “Ө Х” дэлгүүрийн дунд байрлах “Хаан” банкны ATM дотор иргэн Н.Т-гийн эзэмшлийн “Хаан банкны” виза карт болон картанд байсан 601.910 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар картнаас нь 595.000 төгрөгийг уншуулан авч, бусдад нийт 600.350 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг талуудаас шинжлэн судалсныг үнэлж дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын эцэст замын урд “Д” худалдааны төв, “Ө Х” дэлгүүрийн дунд байрлах Хаан банкны ATM дотор иргэн Н.Т-гийн согтуурсан байдлыг далимдуулан түүний эзэмшлийн 601.910 төгрөгтэй “Хаан банкны” виза картыг хулгайлсан болох нь:
Хохирогч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр найзуудтайгаа уулзаж архи уугаад орой нь 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаагийн орчмоос улсын дугаар, марк тодорхойгүй автомашинаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхдээ Хаан банкны виза картаа алдсан. ...Сонгинохайрхан дүүргийн Толгойтын эцсийн АТМ-ээс 5000 төгрөг авч таксины залууд өгсөн санагдаж байна. Тухайн АТМ-ээс мөнгө авч байх үед тухайн таксины жолооч ар талд хараад зогсож байсан. Буцаж таксинд суугаад гэртээ ирэх замдаа унтчихсан байсан. ...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 595.000 тус тус зарлага гарсан байсан. Сүүлийн 2 гүйлгээг бол миний картыг хулгайлсан хүн авсан гэж бодож байна. ...Би И.Эг миний картыг авахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй. Би И.Эг миний хаан банкны картыг авсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10х, 11-13х/,
Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Хаан банкны ногоон өнгөтэй виза карт-5000” /хх-ийн 38-40х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-53х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-67х/,
Хаан банк бэлэн мөнгөний АТМ бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 84х/,
Хохирогч Н.Т-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 28, 87х/,
Шүүгдэгч И.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ... УБК улсын дугаартай автомашиндаа Чингэлтэй дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээрээс цэнхэр өнгийн малгай, цэнхэр өнгийн куртиктэй бараан өнгийн өмдтэй 50 гаран насны эрэгтэй хүн суулгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Толгойтын эцэс ороод тэндэхийн автобусны буудлын ATM дээр ирээд би тэр хүнд ATM ороод мөнгөө аваад ир гэхэд согтуу байсан болохоор чадахгүй байсан. Би машинаа орхиод хамт бууж ATM орсон. Тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан болохоор тухайн хүний АТМ-д уншуулаад мөнгө авсан карт нь АТМ-ээс гарч ирэхэд авч чадахгүй байсан болохоор нь би картыг нь аваад өгье гээд картыг нь авч өгөөд энгэрийн халаасанд нь хийгээд өгье гэж худлаа хэлээд зүүн гараараа аваад өөрийн халаасанд байсан ногоон өнгийн картаа бэлдэж байгаад баруун гараараа өөрийн картаараа сольж өгөөд энгэрийн халаасанд нь хийсэн. Тэр хүн картаа энгэрийн халаасанд хийсэн үү гэхээр нь хийсэн гэж хэлсэн. Тэгээд АТМ-ээс бид 2 гараад тэр хүнийг Сонгинохайрхан дүүргийн цэргийн хотхоны автобусны буудал дээр буулгасан. Би тэндээсээ хөдлөөд дэнжийн 1000 захын доод талд байрлах АТМ-ээс нүүрээ малгайгаараа дараад 550.000 төгрөгөөр, 45.000 төгрөгөөр тус тус уншуулж 595.000 төгрөгийг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 59-62х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх байдлыг дүгнэвэл, хохирогч Н.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, бие авч явах чадвар сул байсан талаар хохирогч, шүүгдэгчийн хэн алиных нь мэдүүлэгт дурдагдсан, камерын бичлэгт бичигдсэн байх бөгөөд шүүгдэгч И.Э нь хохирогчийн энэхүү согтуурсан байдлыг далимдуулан түүнд мэдэгдэлгүйгээр нууц, далд аргаар 601.910 төгрөгийн орлоготой виза картыг хууль бусаар авсан болох нь тогтоогдсон байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч И.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч И.Э нь хохирогч Н.Т-д 600.350 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 98х/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Эд 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч И.Э “...гэмшиж байна, оногдуулах ял шийтгэлийн тухайд гаргах хүсэлт байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч И.Эг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан И.Эд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно. Учир нь,
И.Эн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй, мөн анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл тогтоогдсон тул түүний энэхүү байдлын харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтсон болно.
Шүүгдэгч И.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч И.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгч И.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х а овогт Иы Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Эд 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шүүгдэгч И.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ