| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0377/и |
| Дугаар | 429 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 429
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 12 сарын 01 Дугаар 429 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р баг, “Жаргалант-Зүүн булаг” гэх газар нутаглах Түвдэн овогт Ишжамцын Амгалангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Амгалан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1978 онд Бүрэнцогт суманд 8-р анги төгсөж, Дорнод аймгийн Техник мэргэжлийн сургуулийг цахилгаан монтажийн чиглэлээр суралцаж төгссөн. 1980-1991 онуудад Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан. Би өөр ажил хийж байгаагүй. Тухайн үед цалин хөлсийг сар бүр олгодог байсан боловч тус сумын архив нь шатсан учир цалингийн лавлагаа гарах боломжгүй байгаа гэсэн тодорхойлолтыг аймгийн Архивын тасгаас хийж өгсөн. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1980-1991 онуудад Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түвдэн овогт Ишжамцын Амгалан нь 1980 оны 01-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Ишжамц овогтой Амгалангийн МХЗЭ-ийн гишүүний № 108416 тоот бат илэрхийлэхийн хуулбар, гэрч Д.Мөнх-Очирын шүүхэд өгсөн: “И.Амгалан нь 1981-1992 онуудад Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайд 120 хүүхдийн цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан. Ахлах тогооч нь Чулуун гэдэг хүн байсан. Чулуун нь одоо Бор-Өндөрт байдаг. Энэ хүүхэд бол Ишжацын Амгалан гэдэг хүн.Бүрэнцогт сум нь 1992 онд татан буугдсан. Би И.Амгаланг ажилд орохоос өмнө Бүрэнцогт хорооны цэцэрлэгт миний бие угаагчаар ажиллаж байсан. Би 1992 онд Сүхбаатар аймаг руу шилжиж ирсэн. И.Амгалантай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Д.Отгоны шүүхэд өгсөн: И.Амгалан нь 1981-1992 онуудад Сүхбаатар аймгийн Бүрэнцогт хорооны цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан. Бүрэнцогт хорооны материал нь архивт хүлээлгэж өгөөгүй устаж алга болсон юм шиг байналэй. Тэгээд л хүмүүсийн архивын материал нь олдохгүй байна гээд байдаг. Ер нь бол Амгалан ажиллаж байхдаа сайн ажилласан гээд Хэнтий аймгийн “Гурван нуур”-ын амралтанд амрах эрхийн бичгээр шагнуулж байсныг нь мэдэж байна. Мөн баярын бичгээр ч гэсэн шагнуулж байсан. Оныг нь сайн санахгүй байна. Би 1985-1994 онуудад Бүрэнцогт хорооны цэцэрлэгт туслах багшаар ажилласан. Амгалан нь цэцэрлэгт хүүхдээ өгөөд явдаг байсан. И.Амгалантай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Түвдэн овогт Ишжамцын Амгалан нь 1980 оны 01-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 1990-1992 он хүртэл Бүрэнцогт сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч И.Амгалан нь 1990 оны 01-р сарын 01-ээс 1992 оныг хүртэлх хугацаанд ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа цуглуулж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч И.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Түвдэн овогт Ишжамцын Амгалан нь 1980 оны 01-р сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Бүрэнцогт сумын цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч И.Амгалан нь 1990 оны 01-р сарын 01-ээс 1992 оныг хүртэлх хугацаанд ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа цуглуулж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА