| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1266/Э |
| Дугаар | 1270 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1270
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Л.Ч, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-гийн Чад холбогдох 1908048891567 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо С хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, Төв аймгийн Жаргалант сумын ... дүгээр баг, Буурал, замт ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдсэн, Б овогт Л-гийн Ч /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Л.Ч нь согтуугаар 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо С хорооллын ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.З-ыг “уух гэж байсан архийг цонхоор шидлээ” гэх асуудлаас үүдэн маргалдаж, хэл амаар доромжилж, толгой руу нь гараараа нэг удаа цохиж, алгадан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай:“...Г овогтой З-аас 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 00 минутад хүлээн авав” тэмдэглэл /хх-ийн 5х/,
2. Иргэн Г.З-аас цагдаагийн байгууллагад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 6х/,
3. Хохирогч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 13-ны 22 цагийн үед гэртээ согтуу гаднаас хамт орж ирээд гэр бүлийн бүлийн маргаан болоод хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудсан. ...Намайг толгой руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Мөн баруун хөл рүү өшиглөсөн. 2 удаа хацар руу алгадсан зүүн шанаа хавдаж улайсан. ...Намайг янхан, нохой, гичий гэж доромжлон хараалын үгээр дайрч давшилсан. Бусадтай хардаж элдэв үгээр доромжилсон. ...Над руу жижиг устай сав шидэлсэн, намайг оноогүй. ...Миний бие Ч-тай 2014 оноос хойш 5 жил хамт амьдарч байгаа. Бид хоёр ямар нэгэн гэр бүлийн баталгаа байхгүй, бид хоёрын дундаас 1 хүүхэд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-13х, 28х/,
4. Аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 14х, 67-68х, 69-73х/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11175 дугаартай:
“...Г.З-ын биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18х/,
6. Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “Ачит-10”-аас Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо С хороолол ... тоотод нөхөр агсам тавиад байна гэх дуудлага орж ирсэн. Тэгээд тухайн дуудлагын дагуу тухайн хаягт очиход эхнэр нь гээд З гэх эмэгтэй байсан. Тэгээд эхнэрээс нь юу болсон талаар асуухад манай нөхөр архи уучхаад намайг зодчихлоо гэж байсан. Тэгсэн нөхөр нь том өрөөнд нь байхаар нь авч яваад эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. ...Намайг ороход эхнэр нь нэлээн ууртай зүүн талын шанаа нь хавдсан байдалтай байсан. Тухайн үед нөхөр нь гээд Ч нь нэлээн согтчихсон байсан. ...Эхнэр нөхөр хоёр хүүхэдтэйгээ хамт байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 115х/,
7. Шүүгдэгч Л.Чын тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 33х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34-65х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 66х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 86х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 87х/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 88х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91х, 93-95х/,
8. Шүүгдэгч Л.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сайн өдөр байсан болохоор манай нэг найз хүүхдийн үс авч байгаа ирж цай уугаарай гэхээр нь эхнэр бид хоёр орой 18 цагийн үед нөгөө айлдаа очсон юм. Тэгээд бид хоёр нөгөө айлдаа хоол цай идэж уучхаад архи хийж өгөхөөр нь эхнэр бид хоёр хэд татчихаад тэгээд гаднаас хүмүүс ирхээр нь бид хоёр явлаа гээд гэрлүү явсан. Тэгээд бид хоёр гэртээ очоод гэрт нэг тал “Эдэн” нэртэй архи байхаар нь эхнэр бид хоёр нэг нэг татсан байх би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байна.Тэгээд эхнэр бид хоёр архиныхаа халуунд гэр бүлийн маргаан үүсгэж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгсэн манай эхнэр чи согтоод байна гэснээ нөгөө тал шилтэй архи гэрийн цонхоор гаргаад шидсэн. Тэгсэн эхнэр би явлаа гэхээр нь би гарнаас нь татаад чамайг явуулахгүй гээд жаахан ноцолдож маргалдсан. Эхнэрт учирсан гэмтэл миний үйлдэлтэй холбоотой. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо С хорооллын ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Зтай “уух гэж байсан архийг цонхоор шидлээ” гэх асуудлаас үүдэн маргалдаж, хэл амаар доромжилж, толгой руу нь цохих, зүүн хацран тус газар алгадах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.З-ын мэдүүлэг /хх-ийн 8-13х, 28х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11175 дугаартай дүгнэлт /хх-ийн 18х/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 115х/, шүүгдэгч Л.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.Ч, хохирогч Г.З нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 5 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа дундаасаа нэг хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүд, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзнэ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай, хардалт, үл ойлголцол, шүүгдэгч Л.Ч нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс болсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Шүүгдэгч Л.Ч нь мөрдөн байцаалтад хохирогчид учирсан гэмтэл ноцолдож байх явцад үүссэн байж магадгүй, түүнээс санаатай цохиж учруулаагүй гэж мэдүүлж байсан байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тэрбээр хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан, өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх тул түүнийг гэм буруу дээр маргасан гэж үзээгүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...одоо гомдол санал гэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 101х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Л.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг 6 сарын хугацаанд авах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Л.Ч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн хүчирхийллийн үйлдлийг удаа дараа давтамжтай байдлаар үйлдсэн асуудал байхгүй, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэггүй тул торгох ялыг хамгийн доод хязгаараар нь оногдуулж, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнүүдийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Л.Чад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан шүүгдэгч Л.Чад оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Харин шүүгдэгч Л.Ч нь архи согтууруулах ундааны зүйлийг байнга, ихээр хэрэглээд байдаггүй, гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдлийг анх удаа гаргасан талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон Аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 14, 67-68, 69-73х/ зэрэгт тусгагдсан байх тул шүүгдэгч Л.Чад дээрх албадлагын арга хэмжээнүүдийг хэрэглэх шаардлагагүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Чын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Чад оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн буюу 1.500.000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ