Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1282

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

            улсын яллагч Б.Дэлгэрмаа,

            иргэний хариуцагч О.Г,

            шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Я овогт У-ын Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903009790444 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн байцаалт

  Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, хилчин хотхон ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Согоотын ... тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Я овогт У-ын Г /РД:.../

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч У.Г нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны 22 цаг 25 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудлын замд “Хюндай аеро сити-540” маркийн ... УБД улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно”, мөн дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөний улмаас уг автобусанд суухаар явж байсан явган зорчигч Н.Б-ыг баруун хойд дугуйгаараа дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Иргэний хариуцагч О.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Манай компаний жолооч осол гаргасан. У.Гтэй уулзахад хохирогчтой уулзаж байгаа гэсэн. Манай компаний зүгээс цалингийн урьдчилгаа гэж 500.000 төгрөг У.Гэд шилжүүлсэн байгаа. Хохирогчийн баримттай нэхэмжлэх хохирлыг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хавтаст хэргээс:

1. 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 9-13х/,

2. Хохирогч Н.Б-ын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, 120 мянгатын тэмээтэй хөшөөний хажууд явж байхад манай найз Стай тааралдаж С тухайн үед 4-5 тортой хувцастай явж байсан тэгээд надаас гэрт хүргээд өгөөч ачаагаа даахгүй байна гэхээр нь би за гээд Сгийн тортой хувцаснаас өргөлцөөд автобусанд суугаад явсаар байгаад Толгойтын эцсийн буудлын наахан талд буудал дээр автобус хүлээсэн. Тухайн үед бид хоёр Алтан овоо руу явах байсан юм. Тэгээд автобус ирэхгүй маш удсан. Бид хоёр буудал дээр автобус хүлээгээд байж байхад нэг автобус ирэхээр нь С бид хоёр тортой хувцасаа аваад автобусанд суух гэтэл гэнэт хаалга хаагдаад автобус хөдлөөд би хойшоогоо газарт унасан. Тэр үед автобусны хойд дугуйгаар зүүн хөлний шагай шилбэ хэсгээр дайрч маш их өвдсөн. Баруун хөлний шууны яс 3 газар яс зөрж хугарсан. ...Гомдолтой байна. Эмчилгээний зардалд маш их мөнгө гаргаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй дахиад тахир дутуу болж байна, бүрэн эдгээхийн тулд маш их зардал цаг хугацаа орно. Тийм учраас 5 сая төгрөг нэхэмжилж байна. Жолоочийн зүгээс эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10248 дугаартай “...Н.Б-ын биед баруун шант, тахилзуур ясны доод 1/3-ын арьсны дутмагшил үүсгэсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 72х/,

4. Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаартай “...Х.Аеро-540 маркийн ... УБД дугаартай автомашиныг жолоодон явсан У.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.”, Мөн дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль дүрмийн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 82х/,

5. Гэрч Б.Сгийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найз Бтой тааралдаад ...Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад дахиад автобусанд суух гээд автобус хүлээсэн чинь автобус ирэхгүй маш удсан бараг нэг цаг болсон байх, нэг автобус ирсэн тэр автобус бид хоёрын суух ёстой автобус биш байхаар нь за за дөхөөд бууя гэж бодоод бид 2 суух гээд автобус руу гүйсэн юм. Тэр үед Б миний урд, би араас нь явж байсан. Тэгсэн Быг автобусанд суух гээд урд хаалга руу ойртох үед автобус гэнэт хаалгаа хаагаад огцом хөдлөх үедээ Быг мөргөж газарт унагааж, Б автобусанд дайруулсан. Б 2 гартаа тортой зүйл барьчихсан би бас барьчихсан байсан учраас би Быг дайруулах үед нь татаж авч чадаагүй ээ. Тэр жолооч эхлээд урд хаалгаараа хүн оруулчхаад Быг орох гэтэл оруулахгүй хаалгаа хаагаад хөдөлсөн. Тэгээд Бын хөлнөөс нь цус гараад Б орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х/,

6. Иргэний хариуцагч О.Г-ын өгсөн: “...Манай байгууллагын эзэмшилд Х.Аеро маркийн ... УБД дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Би Э т ХХК-д хэсгийн дарга тушаалтай ажил хийдэг. Тухайн автобус манай хэсгийн автобус байгаа юм. Манай хэсгийн жолооч У.Г осол гарсан өдөр над руу залгаад эцсийн буудал дээр буултаа хийх гээд явж байгаад нэг согтуу хүн шүргэчихлээ цагдаа, түргэн дуудчихаад байж байна гэж хэлсэн. Ослын улмаас учирсан хохирлыг барагдуулна..” гэх мэдүүлэг /хх-ийн 52х/,

7. Гэрч Д.М-ийн өгсөн: “...У.Г гэж хүнийг танина. Манай найз байгаа юм. 1993 онд Өвөрхангай аймагт төрсөн. Дээрээ нэг ахтай 2 дүүтэй юм. Бид Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд нэг сургуульд сурч байсан багийн найзууд юм. Одоо Э т ХХК-д жолооч ажилтай, цэрэгт явж байгаагүй, урьд өмнө нь гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй. Өвөрхангай аймагт амьдарч байгаа одоогоос 9-н жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн. Дээд сургууль төгсөөгүй. 2018 оны 10 сард Э т ХХК-д жолоочоор ажилд орсон, тэрнээс өмнө С Б ХХК-д кондуктор болон жолооч хийж байсан. Хүүхэд шиг зан ааштай хүний аясаар зөөлөн зан ааштай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Г-ийн ээж аав нь хөдөө Өвөрхангай аймагт байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58х/,

8. Гэрч Ж.А-ын өгсөн: “...У.Г гэж хүнийг танина. Манай хүргэн байгаа юм. 1993 онд Өвөрхангай аймагт төрсөн. Дээрээ нэг ахтай 2 дүүтэй юм. Манай охин Цтэй 2017 онд танилцаад 2018 онд гэр бүл болсон юм. Нэг хүүхэдтэй одоо Э т ХХК-д жолооч ажилтай, цэрэгт явж байгаагүй, урьд өмнө нь гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй. Өвөрхангай аймагт амьдарч байгаад одоогоос 9-н жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн. Дээд сургууль төгсөөгүй, 2018 оны 10 сард Э т ХХК-д жолоочоор ажилд орсон. Тэрнээс өмнө С Бт ХХК-д кондуктор болон жолооч хийж байсан. Хүүхэд шиг зан ааштай хүний аясаар зөөлөн зан ааштай, үг дуу цөөтэй хүүхэд байгаа юм. Одоо бид нар хамт нэг гэрт байдаг юм. Г-ийн ээж аав нь хөдөө Өвөрхангай аймагт байдаг юм. Осол гарсан өдрөө над руу залгаад ослын талаар хэлээд одоо гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/,

9. Шүүгдэгч У.Гийн цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 95х/, “Э т” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 100х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 101х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102х/, шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт /хх-ийн 104х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 105х/, техникийн тодорхойлолт жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 106х/, нийгмийн даатгалын ерөнхий газар архивын мэдээлэл /хх-ийн 107х/,

10. Шүүгдэгч У.Гийн өгсөн: “...Би Э т ХХК-д том оврын автобусны жолооч ажилтай юм. 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Толгойт Ботаник чиглэлд том оврын автобусны жолоочоор ажиллаж байсан юм. Манай эцсийн буудал нь Толгойтын 65 гэдэг буудал юм. Тэгээд 22 цаг 21 минутын үед эцсийн буудал дээр буултаа хийх гэтэл цаашаагаа ганц буудал яваад буух нэлээн их хүн байхаар нь цаашаагаа буюу Толгойтын Шөнийн дэлгүүр гэдэг буудал руу Толгойтын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд яваад тухайн буудал дээр ирж зогсоход 2-3 хүн буугаад дахиад хэдэн хүн үлдсэн юм. Тэгээд хүнээ буулгачхаад хойд хаалгаа хаачхаад зүүн талынхаа толинд хараад хөдлөх үедээ буцаад баруун талын толиндоо хартал нэг эрэгтэй хүн баруун талын хойд хаалга хэсэг рүү гүйгээд ороод ирэхээр нь тоормос гишгээд зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь тухайн хүний баруун хөлний шилбэ хэсэг дээгүүр автобусныхаа баруун хойд дугуйгаар гарчихсан байсан. Тэгээд өөрийн ... гэсэн дугаараас түргэнд дуудлага өгсөн. Явган зорчигч нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан тэр 2 хүн хэлгүй ярьж чадахгүй байсан.

...тэр хүмүүсийг суулгачихаар буухгүй цаашаагаа явах гээд байдаг дээрээс нь ажлаасаа буух гээд байсан учраас би суулгахгүй хөдөлчихсөн юм... ... 2018 оны 10 дугаар сард ажилд орсон. Том оврын автобус 3 жил гаруй жолоодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92х/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 2 хуудас баримтыг шинжлэн судалсан  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

“Э т” ХХК-ны жолооч У.Г нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус компаний эзэмшлийн “Хюндай аеро сити-540” маркийн ... УБД улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж, 22 цаг 25 минутын орчимд  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудал дээр ирж зогсон зорчигчдыг буулгах, суулгах үйлдэл хийхдээ болон цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж орчин тойрноо шалгаж нягтлаагүйгээс зам тээврийн осол гарах, хохирогчид хохирол учруулахад хүргэсэн байна. Тодруулбал,

Хохирогч Н.Б-ын өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ... би Сгийн тортой хувцаснаас өргөлцөөд автобусанд суугаад Толгойтын эцсийн буудлын наахан талд буудал дээр бууж автобус хүлээсэн. ...автобус ирэхгүй маш удсан. ...нэг автобус ирэхээр нь С бид хоёр тортой хувцсаа аваад автобусанд суух гэтэл гэнэт хаалга хаагдаад автобус хөдлөөд би хойшоогоо газарт унасан. Тэр үед автобусны хойд дугуйгаар зүүн хөлний шагай шилбэ хэсгээр дайрч маш их өвдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

гэрч Б.Сгийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр найз Бтой тааралдаад ...Толгойтын шөнийн дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад дахиад автобусанд суух гээд автобус хүлээсэн, нэг автобус ирэхээр нь  дөхөөд бууя гэж бодоод бид 2 суух гээд автобус руу гүйсэн юм. Тэр үед Б миний урд, би араас нь явж байсан. Тэгсэн Быг автобусанд суух гээд урд хаалга руу ойртох үед автобус гэнэт хаалгаа хаагаад огцом хөдлөх үедээ Быг мөргөж газарт унагааж, Б автобусанд дайруулсан. Тэр жолооч эхлээд урд хаалгаараа хүн оруулчхаад Быг орох гэтэл оруулахгүй хаалгаа хаагаад хөдөлсөн. Тэгээд Бын хөлнөөс цус гараад Б орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х/,

Шүүгдэгч У.Гийн өгсөн: “...Толгойтын Шөнийн дэлгүүр гэдэг буудал  дээр ирж зогсоход 2-3 хүн буугаад дахиад хэдэн хүн үлдсэн юм. Тэгээд хойд хаалгаа хаачихаад зүүн талынхаа толинд хараад хөдлөх үедээ буцаад баруун талын толиндоо хартал нэг эрэгтэй хүн баруун талын хойд хаалга хэсэг рүү гүйгээд ороод ирэхээр нь тоормос гишгээд зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь тухайн хүний баруун хөлний шилбэ хэсэг дээгүүр автобусныхаа баруун хойд дугуйгаар гарчихсан байсан. ...тэр хүмүүсийг суулгачихаар буухгүй цаашаагаа явах гээд байдаг, дээрээс нь ажлаасаа буух гээд байсан учраас би суулгахгүй хөдөлчихсөн юм...” /хх-ийн 91-92х/ гэсэн мэдүүлгүүд,

мөн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 9-13х/, Тээврийн цагдаагийн алба шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 465 дугаартай дүгнэлт /хх-ийн 82х/ зэрэг бичгийн бусад баримтууд нь  шүүгдэгч У.Гийн  гэм буруутайг нотолжээ.

У.Гийн гэм буруутай дээрх үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд баруун шант, тахилзуур ясны доод 1/3-ын арьсны дутмагшил үүсгэсэн ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10248 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 72х/,

Шүүгдэгч У.Гийн нийтийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган зорчигч Н.Б-ыг дайрч, эрүүл мэндэд хүнд гэмтэл  учруулсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч У.Гийн үйлдлийн улмаас иргэн Н.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нь 614.810 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн /хх-ийн 38-41х, 45-50х/ байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчид 500.000 төгрөг шилжүүлсэн тухай баримтыг гаргаж өгсөн байх тул дээрх хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцохоор байна.

Иргэний хариуцагч “Э т” ХХК-иас дээрх хохирлын зөрүү болох /614.810-500.000=/114.810 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь,

“...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...., эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ээр бусдад учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., “...Зорчигч ...тээвэрлэх зориулалт бүхий тээврийн  хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ...бол тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан тул хохирлыг иргэний хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Н.Б нь цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарах зардлуудаанотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Э т” ХХК  болон шүүгдэгч У.Г нараас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагч нь “...шүүгдэгч У.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч У.Гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан түүнд  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч У.Гэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс, шүүгдэгч У.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Учир нь,

Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хохирлыг бүрэн барагдуулаагүй, үлдсэн хохирлыг цаашид хэрхэн яаж төлөх талаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлээгүй, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодруулахад тодорхойгүй байдлаар хандсан, нөгөө талаас шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэдийгээр болгоомжгүй байдлаар үйлдэгддэг, хөнгөн  төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа хэдий боловч тухайн хэргээс болж /сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй/ хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн зүгээс түүнд хохирлыг барагдуулах талаар санаа санаачилга гаргаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул  шүүгдэгч У.Гэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч У.Гэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоож, түүний ВCD ангиллын 1011372 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт У-ын Гийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гэд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Гэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч У.Гийн ВCD ангиллын 1011372 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч У.Гээс хохирогч Н.Бод 500,000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Э т” ХХК-иас 114.810 /нэг зуун арван дөрвөн мянга, найман зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бод олгож, хохирогч Н.Б нь цаашид эмчилгээтэй холбогдуулан гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч “Э т” ХХК болон шүүгдэгч У.Г нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд У.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор,оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г. АЛТАНЦЭЦЭГ