Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 33

 

 

 

                                 Орхон аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт Чандмань ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1473 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Орхон аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч :   Эрдэнэт Чандмань ХХК-д холбогдох,

 

Инженжерийн шугам сүлжээний засварын ажлын зардал 128.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          Хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунгэрэл, прокурор Б.Бүжинлхам, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 2-28-р байрны иргэдээс Орхон аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад гаргаж байсан удаа дараагийн гомдол хүсэлтийг үндэслэн холбогдох арга хэмжээг авахаар тухайн байрны нөхцөл байдалтай танилцахад уг байрны инженерийн шугам сүлжээг стандартын шаардлага хангаагүй материалаар хийж гүйцэтгэсний улмаас оршин суугчид хүнд нөхцөлд амьдарч байгаа болох нь тодорхой болсон юм. Тухайн байрны засварыг “Эрдэнэт-Чандмань” ХХК хариуцан хийх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 577 дугаартай захирамж биелэгдээгүй буюу “Эрдэнэт-Чандмань” ХХК нь үүргээ биелүүлээгүйгээс оршин суугчид хохирч байсан учраас Орхон аймгийн Засаг дарга “Хөрөнгө гаргах” тухай захирамж гаргаж засварын ажпыг 128,000,000 /нэг зуун хорин найман сая/ төгрөгний төсвөөр хийж гүйцэтгэсэн. Иймд хариуцлага алдаж иргэдийг хохироож байсан компанийн хийх ёстой ажлыг Орхон аймгийн Засаг даргын төсвийн хөрөнгөнөөс гаргаж хийгдсэн тул дээрх зардлыг “Эрдэнэт-Чандмань” ХХК-иас гаргуулж, төсөвт буцаан өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт-Чандмань” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаагийн нэхэмжпэлийг хангах үндэслэлгүй гэж үзэн тайлбарлах нь: 1. Орхон аймгийн 2-28 дугаар байрыг 2009 оны 8 дугаар сард техникийн комиссоор ашиглалтанд оруулж 2010 оньг01 дүгээр сарын 21-нд Улсын комиссоор давтан оруулсан бөгөөд 2009 оноос хойш дулаан ба цэвэр ус хэвийн ажиллагаатай байсан ба Барилгын тухай хуулиар барилгын баталгаат хугацааа 2013 оны 01 дүгээр сарын 21-нд дуусаж түүнээс хойш дахин 3 жил өнгөрсөн байна.2.2009 оноос 2010 оны өвлийг гэмтэл согоггүй өнгөрөөсөн. Сантехникийн систем Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн техникийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас эвдэрч, ажиллагааны горим алдагдсанаас маргаан үүссэн бөгөөд энэ талаар 2012 онд Эрдэнэт-Амьдрал ХХК-ийн нэхэмжлэлээр шүүх уг маргааныг хянан үзээд Сум дундын шүүхийн 577дугаар захирамж гарч, уг захирамжийн 3-рт “Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүйг дурьдсугай” гэсэн байгааг анхааран үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжпэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байгаа.Эрдэнэт чандмань ХХК чанар муутай барилга ашиглалтад өгсөн.Энэ асуудлаар 2013-12-06-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж,2015-12-03-нд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болгосон.Нэхэмжлэлийн шаардлагаас 2012 оны 577 дугаартай шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажлын үнийг хасаж болох юм.Уг байрны эршин суугчдад учирсан гэм хорыг Эрдэнэт чандмань ХХК хариуцах нь зүйтэй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1473 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Орхон аймгийн Засаг даргын 128 000 000 төгрөг Эрдэнэт чандмань ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч хурамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаа давж заалдсан гомдолдоо:

Даргалагч шүүгч Д.Ариунцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох болсон дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: "... Эрдэнэт Чандмань ХХК-ны хийж гүйцэтгэсэн 2-28-р байрны инженерийн шугам сүлжээнд чанарын доголдол илэрч оршин суугчдаас гомдол гарч байсан, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцсан Эрдэнэт-Амьдрал ХХК-наас шүүхэд хандаж байсан, Орхон аймгийн Цагдаагийн газар захирал С.Мишигт холбогдуулан "чанар муутай барилга бариулах, ашиглалтад оруулсан" үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг нь хэрэгг авагдсан баримтуудаар нотлогдож байх боловч эдгээр нөхцөл байдал нь шүүгчийн 577 дугаартай захирамжийн биелэлтийг хангахын тулд Эрдэнэт Чандмань ХХК-ны хийх ёстой ажлыг өмнөөс нь Засаг дарга гүйцэтгэсэн гэж дүгнэх үндэслэл болохгүй..." гэсэн нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгаа нь шүүх хэрэгг авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дох заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна.

Хариуцагчаас анх шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн агуулгаар бичигдсэн бол шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа:"...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ...Сантехникийн системийг хүлээлгэн өгсөний дараа гарсан зөрчлийг засаж байсан..." гэжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " ... Хариуцагч шүүх хуралдаанд, дээрхи хийх ёстой ажлуудаас, хэрэглээний халуун усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих, 2К худгаас байрны оруулгын шугамыг резив тавьж цэвэрлэх боломжтой болгох гэсэн ажлуудыг хийсэн, хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих, давхар хоорондын босоо шугамыг БНБД-д зааснаар бэхлэх ажлуудыг хийгээгүй гэж тайлбарласан..." гэж тусгагдсан байна. Эдгээрийг харьцуулж үзвэл хариуцагчаас дээр яригдсан зүйлсийг нотлох нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэлд хамааруулан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах заалт зөрчигдсөн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар чанарын шаардлага хангаагүй материалаар барилга бариулсан нь хангалттай нотлогдож байхад шүүх өөр ажил гүйцэтгэсэн нь нэхэмжлэл гаргах үндэсгүй гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдагдсан Засаг даргаас хөрөнгө гаргахтай холбоотой шийдвэр хууль зөрчигдсөн мэтээр тайлбарласан / ... төсвийг хуулийн дагуу хийгдсэн эсэхийг хянаагүй, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй этгээд зураг төсөл хийсэн эсэх нь тодорхойгүй ... гэх мэтээр / нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй бөгөөд Засаг даргын шиидвэр захирамж хууль зөрчигдсөн эсэхииг тогтоох асуудлыг харъяалан шиидвэрлэх шуух тусдаа тул шүүх ИХШХШ тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5-301 дугаартай прокурорын тогтоолоор "... С.Мишиг нь чанарын шаардлага хангаагүй, батлагдсан зураг төсөлгүй хийгдсэний улмаас шугам сүлжээнд гэмтэл гарч, ус алдан оршин суугчдын ая тухтай амьдрах эрх зөрчигдөн, эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.." гээд " ...С.Мишигийн уйлдэлд эрүугийн хариуцлага хулээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгосугай..." гэсэн байхад шүүх " ... гэм буруутай этгээд тогтоогдоогүйг харуулна..." гэж энэхүүтогтоолыг иш татсан нь шүүх хэргийн нотлох баримтыг бодитойгоор үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.

Иймд Орхон аймгийн Засаг даргын төсвийн хөрөнгөнөөс гаргасан 128,000,000/ нэг зуун хорин найман сая / төгрөгийг "Эрдэнэт-Чандмань" ХХК-иас гаргуулж, төсөвт буцаан оруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 142/ШШ2016/01473 дугаартай шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож хэргийг анхан шатаар дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг дарга хариуцагч Эрдэнэт Чандмань ХХК-нд холбогдуулан инженжерийн шугам сүлжээний засварын ажлын зардал 128.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Орхон аймгийн Засаг даргын 128.000.000 төгрөг Эрдэнэт чандмань ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116  дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

          2012 оны 07 дугаар сарын 07 ны өдрийн 577 дугаар захирамжийн үндэслэх болон захирамжлах хэсэгт “...хариуцагч нь 2-28 дугаар байранд хэрэглээний халуун усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих, 2К худгаас байрны оруулгын шугамыг резив тавьж цэвэрлэх боломжтой болгох,  хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих, давхар хоорондын босоо шугамыг БНБД-д зааснаар бэхлэх, нэмэлт насосны хэвийн ажиллагааг халаалт тавьсан хойно шалгаж хийх...”-ээр болжээ.

          Шүүх хариуцагч  шүүх хуралдаанд, дээрхи хийх ёстой ажлуудаас хэрэглээний халуун усны температур мэдрэгчийг өгөх шугамд тавих, 2К худгаас байрны оруулгын шугамыг резив тавьж цэвэрлэх боломжтой болгох гэсэн ажлуудыг хийсэн хаягдал ус зайлуулах насосыг дулааны узельд тавих, давхар хоорондын босоо шугамыг БНБД-д зааснаар бэхлэх ажлуудыг хийгээгүй байна гэжээ.

          Захирамжинд заагдсан ажлуудаас “...өөр ажил шинээр гүйцэтгүүлсэн буюу инженерийн  шугам сүлжээг гадна тунелийн сувагт угсрах, барилгын дотор шугам угсрах ажлыг гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл  2-28 р байрны инженерийн  шугам сүлжээг урьд хийснээс өөр байдлаар шийдэж шинээр угсралт хийсэн байна гэжээ.

          Нэхэмжлэгч болон хариуцагч талаас  яг ямар ажлыг хийж гүйцэтгэсэн болон хийгээгүй мөн өөр ажил шинээр гүйцэтгүүлсэн талаарх тодорхой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад дээрх дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй байна.

          Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс  хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн заалтыг  зөрчжээ.

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баярмаагийн  давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1473 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

                                                                                                  Б.БАТТӨР