Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 20

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ө” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Х” ТББ, иргэн Д.У ,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 дүгээр “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээхийг даалгах,

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/03 дугаар “шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн “Х” ТТБ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М , хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , Б.О , гуравдагч этгээд “Х ” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.М , гуравдагч этгээд Д.У , түүний өмгөөлөгч Ш.А , гэрч Б.У, Н.У, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт энэ хуулийн 40.1-д “заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.3 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасныг зөрчин Хан-Уул дүүргийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 25 дугаар захирамжаар “Х” ТББ-нд маргаан бүхий газраас 2 га газар олгохоор шийдвэр гарган, уг шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргаас 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 180 тоот захирамжаар баталгаажуулсан байдаг. Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газарт 2015 оны А/990 дүгээр захирамжаар дахин газар олгосон нь нэхэмжлэгчийн шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд нь хууль бус гэж үзэж байна.

2010 оны Хан-Уул дүүргийн Засаг даргын 90 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 401.5 дах хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон.

2011 оны газрын төлөвлөгөөний 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар “Дүүргийн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид зуслангийн газар эзэмшүүлэх, байр, орон сууцны барилга барихад газар эзэмшүүлэх сонгон эзэмшүүлэх” гэж заасан. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчид дээрх орон сууцыг барихад хамтран ажиллах гэрээг үндэслэн 2006 онд 3.5 га газрыг олгосон. Хэрэгт авагдсан баримтуудаас цохолт хийснийг үзвэл Нийслэлийн Засаг даргатай зөвлөлдөж, зөвшөөрсөн гэж байсныг нотлох баримт судлах явцад харагдсан. 

Хамтран ажиллах гэрээний захиалагч тал нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрыг оролцуулсан байдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасны дагуу хүсэлт гаргасан газрын байршил нь дүүргийн газрын төлөвлөгөөнд багтсан, иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлж болохоор гэсэн гол нөхцөлийг хангасан. Иймд нэхэмжлэгч “Ө” ХХК нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн гэдэг нь тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэл байдаг. Гэтэл энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн нь үүрэг болгосон зохицуулалт юм. Энэхүү гэрээг байгуулсан тохиолдолд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 болон 34.6.7 дахь хэсэгт заасан газрын төлбөрийн хэмжээ, төлбөрийг төлөх хугацаа тооцогдож хуулийн дагуу дагаж мөрдөж ёстой. Тодруулбал Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Тогтоосон хугацаа нь гэрээ байгуулагдсанаар л тоологдох ёстой. Төрийн эрх бүхий байгууллага хуулиар олгогдсон газар эзэмшүүлэх үүргээ биелүүлээгүй мөртлөө, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. “Ө” ХХК нь холбогдох дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь газрын төлбөрөө зохих хугацаанд төлөх үүргээ биелүүлсэн. 

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар “Х” ТББ-д 19.114 га газар, Нийслэлийн Засаг даргын 12 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар олгосон энэхүү 3.000 м.кв бүхий газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь “Ө” ХХК нь уг газрыг 2006 оноос эзэмшиж байсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 854 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад “Х” ТББ, иргэн Д.У  нарт олгосон нь “Ө” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

“Х” ТББ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Нийслэлийн өмчийн харилцааны газраас 19.114 га газрын дуудлага худалдааны анхны үнэ, 2007 оноос хойш “Ө” ХХК-ийн төлөөгүй байгаа газрын төлбөр зэргийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулсан тохиолдолд танай байгууллагад олгоно гэж хэлсний дагуу захирамж гарсан” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзвэл тус захирамж нь хууль зүйн үндэслэлгүй ба тус газар нь “Ө” ХХК-ийн эзэмшилд байсныг давхар нотолж байна. Мөн газрын төлбөрийг төлсөн тохиолдолд танай байгууллагын эзэмшилд шилжинэ гэсэн зохицуулалт Газрын тухай хуульд байхгүй. Хариуцагчийн болон “Х” ТТБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараас харахад маргаан бүхий газар нь “Ө” ХХК-ийн эзэмшилд байсан гэдгийг давхар нотолж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжаар “Х” ТББ-д олгосон 19.114 га газар нь 2015 онд батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, дүүргийн Засаг даргын саналыг аваагүй энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа дурдсан. Нийслэлийн Засаг дарга хуульд зааснаар шугам, сүлжээний газрыг олгох эрхтэй ч холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байх ёстой. Мөн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 163 дугаар захирамжтай 0.87 га газрыг “Х” ТББ-д шилжүүлэн нэгтгэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн. 

“Х” ТББ бие даасан шаардлагын хувьд 2006 онд “Ө” ХХК-д олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Засаг дарга захирамж гаргаснаар дүүргийн газрын алба хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу гуравдагч этгээд “Х” ТББ-ын нэхэмжлэлийн эхний шаардлага нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны нэгдүгээр захирамжийг хууль бус болохыг тогтооход л чиглэж байгаа. Тодруулбал газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актын үндэслэлийн талаар маргасан. Гэтэл нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бол 2006 онд газар олгосон захирамжийн үндэслэл, цаг хугацаа, агуулгын талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн маргааны үйл баримт биш гэж үзэж байна.

Маргаан бүхий захиргааны акт гуравдагч этгээд нарын хууль ёсны эрх ашгийг хөндөж байх ёстой. Дээр дурдсан 2010 оны Нийслэлийн засаг даргын 90 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үйл баримт нь 2011 оны захирамжтай холбогдож “Х” ТББ эрх ашгийг хөндөх үндэслэлгүй ба “Ө” ХХК-д газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамж “Х” ТББ-ын эрх ашгийг зөрчих ямар ч боломжгүй юм. Иймд дээрх бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.”

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...“Ө” ХХК 2006 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 215 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн. Тухайн захирамжийн 3 дугаар заалтаар “Ө” ХХК-тай гэрээ байгуулахыг Газрын албанд даалгасан. 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 90 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эдгээр үйл ажиллагааг Засаг дарга акт гаргаж хэрэгжүүлдэг. Мөн хүчингүй болгосон гэрээ, гэрчилгээг мэдэгдэх үүргийг Газрын алба хариуцдаг. 2010 оны 90 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хугацаанд “Ө” ХХК-тай гэрээ байгуулаагүй байсан. Мөн 2010 оны 90 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй байсан. Энэ нь манай хайхрамжгүй байдлаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан тогтоолын дагуу олгоно. Газар эзэмших эрхийн гэрчилгээ 2006 онд гарсан. Тухайн үед маргаан бүхий газар инженерийн шугам сүлжээгүй газар байсан. Мөн 2011 онд “Х” ТББ өөрөө тухайн газрыг Дүүргийн Засаг даргын захирамжаар авч байсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хүчин төгөлдөр бусад тооцуулах захиргааны актад хэд хэдэн үндэслэл байгаа. 216 дугаар захирамжийн хувьд илт хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна.”

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М  шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрийг биелүүлэх үүднээс 2015 оны 03 дугаар захирамжаар иргэн Д.У , “Х” ТББ-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс гаргасан.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд 2015 оны 854 дүгээр шүүхийн шийдвэрээр 2015 оны 03 дугаар захирамж хүчингүй болсон. Ингэснээр 2017 оны А/03 дугаар захирамжийн үйлчлэл зогссон гэж ойлгож болно. Тэгэхээр одоо эдгээр 3 акттай холбоотой маргаан шийдвэрлэгдсэнээр захирамжид өөрчлөлт орох боломжтой.”

Гуравдагч этгээд Д.У , түүний өмгөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заажээ. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д.У  нь 3000 метр газар эзэмших эрхтэй болж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 351 тоот шүүхийн шийдвэр гарсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр байгаа. Иймд учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Д.У д холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. 

2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.У д холбогдуулж даалгах шаардлага гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар буцаах ёстой гэж үзэж байна. Мөн 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа алдсан, Д.У д холбогдох маргааны үйл баримттай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан. Хэрэв шүүхийн шийдвэр “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байдлаар гарлаа гэхэд иргэн Д.У гийн хувьд хохиролтой болж үүсэх юм. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт  “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл гэрээ, эрхийн гэрчилгээ хамтдаа байх ёстой юм. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журам байдаг. Тус журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгосон этгээд энэ журмын 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан мэдэгдлийн дагуу газар эзэмших, ашиглах эрхээ газрын заагийг шилжүүлэн эргэлтийн цэгээ газарт бэхлэх, солбицол тодорхойлох ажлыг тусгайлсан эрх бүхий аж ахуй нэгжээр гүйцэтгүүлнэ”, 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт “Иргэн, хуулийн этгээд энэ журмын 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт дурдсан үйл баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө” гэж журамласан байдаг. Засаг даргын захирамж гарч кадастрын зургаа хийлгээд ир гэсэн шаардлага тавьдаг. Энэ маргаан 2 хариуцагчтай. Гэтэл хариуцагч нар шүүх хуралдаанд идэвхгүй байдалтай оролцож байгаад харамсаж байна.

Уг маргаан 2004 оноос хойш үргэлжилсэн. Кадастрын зургаа хийлгээд ирэхээр кадастрын санд бүртгэх талаар өөрсдөө шийддэг. Гэтэл “Ө” ХХК кадастрын зураг хийлгэлгүйгээр газар эзэмших гэрчилгээ, Засаг даргын захирамжийг яаж гаргуулж авсан нь тодорхойгүй, хувийн хэрэг ч байдаггүй. Иймд байдлаар газар эзэмших гэрчилгээ авч, эрхтэй болсон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч газрыг гэрээ байгуулж олгоогүй гэж хэлсэн. Гэрээг газрын албатай байгуулна гэсэн үг биш. Газар эзэмших тухай холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд ирсний дараа гэрээ байгуулж, гэрээ нь захирамж, гэрчилгээтэй цуг өргөдөл өгсөн ажилтанд ирдэг. “Ө” ХХК хуулийн этгээд мөн байсан эсэх талаар хариуцагч нар ямар ч тайлбар хэлэхгүй байгаад гайхаж байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 987 дугаар бичиг, холбогдох зургуудтай, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/1837 дугаар албан бичиг, холбогдох зургуудтай, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2002 дугаар албан бичиг, холбогдох зургуудтай, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн албан бичгээс харахад “Ө” ХХК анхнаасаа газар эзэмшиж байгаагүй, кадастрын зураг, мэдээллийн санд байхгүй байдаг. Үүнээс үзэхэд “Ө” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь харагдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн хуульд заасан эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг шаарддаг. 2006 оноос хойш кадастрын зураггүй, мэдээллийн санд бүртгэлгүй,  гэрчийн мэдүүлгээр ч нотлогдсон байхад “Ө” ХХК-ийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхойгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. 2016 оны А/74 тоот захирамжаар маргаан бүхий газар 3.5 га байж байгаад 2.5 га болсон гэж ярьсан. Энэ акт 2017 онд Захиргааны шүүхийн 52 дугаар тогтоолоор хүчингүй болчихсон. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагыг дураараа аашилж байгааг нь таслан зогсоох ёстой байгууллага.” гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

....“Х” ТББ-д холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсч байна. “Ө” ХХК 2007 оны 09 дүгээр сард бүртгэгдсэн байдаг. Гэтэл тухайн газрыг 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон. 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийг олгохдоо 5 жилийн хугацаатай олгогдсон. Гэтэл энэ компани газрын эрхийн хугацаагаа сунгахын тулд 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хандаж, сунгуулах үедээ мэдэх бүрэн боломжтой байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн 2015 онд гэрчилгээгээ сунгах гэж очоод мэдсэн гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм. Мөн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байна. Мөн 2006 онд газар эзэмших эрхтэй болсон гэж тайлбарлаж байгаа боловч кадастрын зургаар баталгаажуулсан талаарх баримт байхгүй. “Ө” ХХК-д Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21,5,3, 32 дугаар зүйлийн 32.4 гэх мэт заалтыг зөрчиж маргаан бүхий газар олгогдсон. Өнөөдрийн байдлаар бид албажуулсан кадастрын зураг, эрхийн гэрчилгээтэйгээр мөн газрын төлбөрийг жил болгон төлж тухайн газар дээр бүтээн байгуулалт хийн хамгийн багадаа 250 сая төгрөг гаргасан байгаа. “Ө” ХХК газар авахдаа ганц удаа газрын төлбөр төлснөөс өөр байдлаар дахиж төлбөр төлөөгүй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай хамааралтайгаар хугацааны асуудал яригдах ёстой энэ байдлыг шүүх анхаарч, мөн байршлын хувьд давхцаад байгаа эсэх, эсвэл газар зүйн хувьд давхцаад байна гэдэг үндсэн маргаан байгаа. Гэрчийн хэлснээр байршлын хувьд давхцаж байгаа бол эргэлтийн цэгийг олоод солбицлын цэгийг тогтоосноороо кадастрын зураг үйлдэгддэг. Энэ байдлыг эрх бүхий байгууллага хууль журамд заасны дагуу хийсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Мөн газрын хувийн хэрэг Хан-Уул дүүргийн Газрын албанаас гардаггүй. “Ө” ХХК нь 2007 онд байгуулагдаж, 2006 онд газар эзэмших эрх үүссэн. Газрын хувийн хэрэг байхгүй байгууллага нэхэмжлэгч гэж явж байгаа нь буруу юм.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад “Ө” ХХК 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрчилгээ авсан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр дэлгэрэнгүй лавлагааг авсан. Энэ дэлгэрэнгүй лавлагаан дээр компанийн регистрийн дугаар болон огноо ижил байгаа. Нэхэмжлэгч талаас 2002 онд байгуулагдсан гэдэг. Тийм бол Улсын бүртгэлийн лавлагаагаар яагаад тогтоогдохгүй байна вэ? Мөн нэрээ сольсон гэсэн тайлбар өгч байгаа боловч 2007 онд нэрээ сольсон байдаг. Нэхэмжлэгч талаас бид нар 2006 оны захирамжтай маргахгүй байгаа гэж байгаа нь нэхэмжлэгч компани байгуулагдсан огноотой холбоотой.

Мөн нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тодорхойлж байна. Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх хөндөгдсөн үү гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй. Сансрын зургаар давхцал тодорхойлогдоно гэж байгаа нь буруу юм. Мөн үйл баримтыг шүүх тогтоосон кадастрын зураг анхнаасаа хийгдээгүй. 3,9 га газраас маргаан бүхий 3 га газар аль хэсэг хэрхэн давхцаж байгааг нэхэмжлэгч тодруулаагүй. Мөн манай зүгээс төсөл сонгон шалгаруулах ажиллагаанд оролцоод мөнгөө төлөөд тус газрыг авсан.

Манай зүгээс 39114 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшиж авсан. Мөн газрын төлбөр болон дуудлага худалдааны үнэ зэргийг бодитоор төлж жил бүр газрын төлбөрийг төлж байсан. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн. Мөн 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ байгуулах хүсэлтийг өгсөн ч 4 хоногийн дотор газар эзэмших гэрчилгээ гарсан. Гуравдагч этгээд Д.У гийн хувьд 1998 онд тухайн газрыг эзэмших хүсэлтийг өгөөд 2001 онд шийдвэрлэгдсэн. Тэгэхээр эндээс харахад хардах эрхийнхээ хувьд танилаараа авсан гэж үзэхээр байна. Тийм учраас акт илт хууль бусаар гарсан гэж үзэх үндэслэлтэй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Нэхэмжлэгч анх тус шүүхэд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 дүгээр “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн № 854 дүгээр шийдвэрээр шийдвэрлэжээ.

Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдээгүй бол нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаануудад мэдүүлсэн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 01/715 дугаар албан бичиг  зэргээр нотолж байх тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучин/ 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.    Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 дүгээр “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  тус дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талд төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга барих зориулалтаар 3,5 га газрыг “Өрхтий” ХХК-нд эзэмшүүлж, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэгж талбарын дугаар №8008/50017 дугаартай № 0203273 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг  олгожээ.

Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар  газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.5.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасныг баримтлан 35000 кв.м талбай бүхий “Өрхтий” ХХК-ний газрыг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.6-д газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана гээд 34.6.6-д “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгжид газрын төлбөр төлөх үүрэг үүсэхээр байна.

Тус шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн № 1/12485 дугаар албан бичгээр “Ө” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан эсэх талаар нотлох баримтыг шаардсан боловч ирүүлээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг гэрээг байгуулаагүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10 дугаар зүйлийн 10.2-т “Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно” гэжээ.

“Ө” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга барих зорилгоор хамтран ажиллах гэрээ  байгуулсан байх ба уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар гүйцэтгэгчид барилга барихад бүхий л талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх бөгөөд уг барилга, хотхоныг барихад газрын зөвшөөрөл, бусад холбогдох бичиг баримтыг саадгүй бүрдүүлж өгөх үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүйд буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулаагүй ч 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр газрын төлбөрт 15,400,000 төгрөг төлсөн болох нь Хан-Уул дүүргийн Газрын албаны 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн № 13/873 тоот албан бичиг -ээр нотлогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж үзэх үндэслэлгүй байна.

 Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 дүгээр “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.    Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг давхцаж буй хэмжээгээр, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодруулсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгуулах гэж тодруулсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгчид Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо, Яармагийн гүүрний зүүн талд төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга барих зориулалтаар 3,5 га газрыг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн № А/74 дүгээр  “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ өөрчлөх, хугацааг сунгах тухай” захирамжаар 2500 м2 газрыг,

Гуравдагч этгээд “Х” ТББ-д Хан уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № 27 дугаар  “газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 2000 м2 газрыг,  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн № А/180 дугаар  2000 м2 газрыг, 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжаар7 2000 м2 газрыг 39114 м2 болгон өөрчилж,

Гуравдагч этгээд Д.У д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № А/191 дүгээр 180 м2 газрыг , Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № А/990 дугаар захирамжаар  3000 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус эзэмшүүлжээ.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчид цаг хугацааны хувьд гуравдагч этгээд нарынхаас түрүүлж газар эзэмших эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж буй газрууд нь байршлын хувьд давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № 1/1837 дугаар албан бичгээр ирүүлсэн тойм зураг,  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн № 1/2202 дугаар албан бичгээр ирүүлсэн тойм зургуудаар  тус тус нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байх тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” мөн хуулийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж тус тус заажээ.

            Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн № 09/99 дүгээр албан бичгээр маргаан бүхий газрыг мэдээлэл холбооны шугамтай давхцалтай гэжээ.

 Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн № 15 дугаар “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.3-т “Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, мөн зүйлийн 21.3.2-т тус тус заасан “... Инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар ...” гэдэгт аймаг, нийслэлийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, түүнчлэн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий, хэсэгчилсэн төлөвлөгөөнд барьж байгуулагдахаар төлөвлөгдсөн, дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан “барилгын техникийн нөхцөл”-ийг авч болох газар хамаарна” гэж тайлбарласан хэдий маргаан бүхий газар дээр байрлах  мэдээлэл холбооны шугам нь хэзээ тавигдсан эсэх, ажилладаг эсэх нь тодорхойгүй байх тул дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “маргаан бүхий газарт дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэх боломжтой” гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр Хан уул дүүргийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № 27 дугаар “газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамжаар гуравдагч этгээд “Х” ТББ-д 2 га газрын анх эзэмшүүлж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

4.  Хан-уул дүүргийн Засаг даргын даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс бие даасан шаардлагын үндэслэлээ “Ө ХХК нь 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан байхад газрыг 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эзэмшүүлсэн, мөн кадастрын зураггүй, гэрээгүй зөвхөн гэрчилгээгээр эзэмшсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.7-д зааснаар маргаан бүхий захирамжийг илт хууль бус болох” гэж тодорхойлжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” гэжээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар захирамжаар төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга барих зориулалтаар 3,5 га газрыг “Өрхтий” ХХК-нд эзэмшүүлж, 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэгж талбарын дугаар №8008/50017 дугаартай № 0203273 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх тул маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь “Ө” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай төрийн албан хаагчдын амины орон сууц, үйлчилгээний барилга барих зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг зорилгодоо нийцсэн, гүйцэтгэх этгээд тодорхой, бодит нөхцөлд биелүүлэх боломжтой гэж үзэхээр байна.

Харин Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн № 12/5273 тоот албан бичгээр ирүүлсэн “Ө” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаагаар  тус компанийг 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан гэж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн лавлагаагаар  тус компанийг 2002 оны 06 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн гэжээ.

 Хэдийгээр дээрх лавлагаануудаар нэхэмжлэгчийн үүсгэн байгуулагдсан огноо зөрүүтэй байгаа хэдий ч Хан-Уул дүүргийн газрын албаны 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 13/1591 дүгээр албан бичигт12 хавсаргаж ирүүлсэн тус компанийн дүүргийн Засаг даргад хандсан өргөдөл, ирсэн бичгийн хяналтын карт, ирсэн бичгийн бүртгэлийн карт зэргээр тухайн компани нь 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр газар хүссэн гэдэг нь нотлогдож байна.

Иймд Хан-уул дүүргийн Засаг даргын даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

5.  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/03 дугаар “шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн “Х” ТТБ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн № 854 дүгээр шийдвэрээр “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/03 дугаар захирамжийг гаргажээ.

Дээрх шийдвэрийг “Х” ТББ-ын хүсэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 52 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн № 854 дүгээр хүчингүй болгосон байх тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/03 дугаар “шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн “Х” ТТБ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлйин 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн № 90 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № А/990 дугаар захирамжийн Д.У д холбогдох хэсгийг бүхэлд нь, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн № А/128 дугаар захирамжийн “Х” ТББ-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаж буй хэмжээгээр тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас Хан-Уул дүүргийн Засаг даргын даргын 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн № 215 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № А/03 дугаар захирамжийн “Х” ТТБ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ