Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2021/0298

 

 

Ч.Б-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийдвэртэй, Ч.Б-ы нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: “...1. Нийгмийн даатгалын тухай 8 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ийн 1/ дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ч.Б-ы өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ч.Бы өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “... Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Бы ажилласан байдлыг тогтоохдоо Архангай аймгийн Хангай сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Ч.Б нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосон хугацаанд буюу 1980 оноос 1983 онд цэргийн жинхэнэ алба хаасан /Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас ирүүлсэн “Ч.Б нь Архангай аймгаас НАХЯ-ны сайдын 1980 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргээс халагджээ” гэх лавлагаагаар, мөн 036725 тоот хөдөлмөрийн дэвтрийн бичилтээр нотлогдоно/ мөн 1985 оноос 1987 онд Хангай сумын Ардын зориг нэгдлийн сүү тосны заводод ажилчин, конторын галч, нэгдлийн аж ахуйд манаачаар ажиллаж, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл авто сургуульд сурч байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгджээ. Гэтэл Ч.Б энэ нөхцөл байдлаа нуун дарагдуулж шүүхийн шийдвэрээр дээрх онуудад малчнаар ажиллаж байснаа тогтоолгон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-д зааснаар хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авах боломжтой байсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 1-д “Нийт 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол” гэж заасан бөгөөд Ч.Бы хувьд шүүхийн шийдвэрээр 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгосон 10 жил 1 өдөр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жил нөхөн тооцуулсан 11 жил, нийт 21 жилээс 1980-1983 онд цэргийн алба хаасан хугацаа болон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1985-1988 онуудад Хангай сумын Ардын зориг нэгдлийн сүү тосны заводод ажилчин, конторын галч, нэгдлийн аж ахуйд манаач, авто сургуульд сурсан зэрэг хугацааг хасаж тооцоход түүний малчнаар ажилласан хугацаа хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгаа болно. Өнөөдрийн байдлаар Ч.Б нь хуурамч үйл явдал тогтоолгож, нийгмийн даатгалын санд 8.923.333 төгрөгийн хохирлыг учруулаад байна.

Мөн Ч.Б нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэж, түүнийг хүлээж авахаас татгалзаж, гарын үсэг зурахгүй гэж бичгээр тайлбар гаргасан байхад түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, түүнийг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Жич: Ч.Б нь өргөдлөө бичихдээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар актын доорх 0026355 шифр дугаарыг актын дугаартай, 2021 оныг 2020 он гэж тус тус андуурч бичжээ.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Ч.Бы энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан асуудлаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ гомдлын дагуу зохих ажиллагаа хийж байгаа. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх баримтыг гаргуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2021/0019 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.”, 23 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын байгууллага ... нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, ..., даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална.”, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Нийгмийн даатгалын байцаагч дараахь эрх эдэлнэ: 1/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах” гэж заасан.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол”, 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.”  гэж тус тус заасныг баримтлан маргаан бүхий хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Б-аас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ч.Б-ы өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ч.Бы өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг[1] гаргажээ.

Анх хариуцагч Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, шинээр малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан 1544 иргэдийн  материалыг шалгах, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс явуулжээ[2].

Шалгалтаар нэхэмжлэгч Ч.Б-ы тэтгэврийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэн түүний тэтгэврийг хариуцагч Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон байна[3].

Үүний дараа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нараас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар акт[4] гаргаж “хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон” гэж нэхэмжлэгч Ч.Баар 8.923.333 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг зогсоож, түүнд нөхөн төлбөр оногдуулсан үндэслэлээ “...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ч.Б-ыг Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон нь Ч.Б-ы 1986 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэр, хувийн өргөдөл, архивын лавлагаа зэрэг баримтаас зөрж байгаа тул тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай, хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулсан” гэж тайлбарлажээ.

Гэвч эдгээр маргаан бүхий акт гаргахаас өмнөх цаг хугацаанд Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Б-ы Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 726 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг дээд шатны шүүх, тодорхой тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хүчингүй болгосон нөхцөл байдал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад  нэхэмжлэгч Ч.Б-ыг Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй.

Уг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлийг мөн эрх бүхий этгээдээс тогтоосон гэж үзэхээргүй байхад уг үйл баримтыг захиргааны байгууллагаас хуурамч гэж үгүйсгэх үндэслэлгүй, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч Ч.Б нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэдэг нь шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан тухай тамга бүхий тэмдэглэгээ[5], Захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 32 дугаар захирамж[6] зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн гомдолдоо “Ч.Б нь ...ЗХШХШТ хуульд заасан хугацааг хэтрүүлж 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргаж, түүнийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.” гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн тэтгэврийг 2020 оны 12 дугаар сарын сарын 01-ний өдрөөс түр зогсоох мэдэгдлийг[7] хүргүүлж, уг мэдэгдэлд “Цар тахлын улмаас хорио цээр тогтоосон байгаа тул цуцлагдсаны дараа Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрийн биеэр ирэхийг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

Үүний дараа хариуцагчаас “нэр бүхий тэтгэвэр авагч нарын бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байх тул 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хавсралтад заасны дагуу нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоох болсныг мэдэгдье.” гэсэн агуулга бүхий Сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдөр 1/635  албан бичгийг хүргүүлж, уг албан бичгийн хавсралтын 4-т нэхэмжлэгч Ч.Бы нэрийг дурджээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Б-ы тэтгэврийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн зогсоосон, уг хугацаанаас хойш 27 хоногийн дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан байх тул түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч гомдол үндэслэлгүй юм.

Үүнээс гадна, нэхэмжлэгчээс хариуцагчийн гаргасан “Ч.Б-ы өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актыг хүчингүй болгуулах””-аар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа энэхүү үйлдэл, захиргааны актыг хариуцагчаас гаргахдаа тухайн цаг хугацаанд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй бөгөөд энэ цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримтыг хуурамч эсэхийг тогтоолгох гомдлыг гаргаагүй харин маргаан бүхий акт гарснаас хойш тус гомдлыг гаргасан.

Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй үйл баримт, маргаан бүхий захиргааны акт гарах цаг хугацаанд хамааралгүй үйл баримт, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах үүрэггүй тул хариуцагчийн “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Ч.Б-ы энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан асуудлаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргаж, энэ гомдлын дагуу зохих ажиллагаа хийж байгаа. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ талаарх баримтыг гаргуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 9, 163 дахь тал

[2] Хэргийн 124-125, 127 дахь тал

[3] Хэргийн 126, 127, 129 дэх тал

[4] Хэргийн 146 дахь тал

[5] Хэргийн 1-р хуудас арын нүүр

[6] Хэргийн 8-9 дах тал

[7] Хэргийн 126