Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1291

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч А.Ганзориг /томилолт/,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан прокурорын газраас Б овогт Н-ийн Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б овогт О-ын От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908019161504 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошууны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Б /РД:.../

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Хустайн ... тоотод оршин суух,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт О-ын О /РД..../

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Н.Б нь О.Отай бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар сургуулийн арын гудамжинд иргэн Г.Г-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэн авч улмаар бэлэн мөнгөний машинд уншуулан 1.000.000 төгрөг авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Мөн яллагдагч Н.Б нь иргэн Г.Г-ын эд зүйлийг дээрэмдэн авахдаа хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь дух, хацар, шанаа, эрүү, чихний дэлбээ, нүдний алиманд цус хуралт, хүзүү, шанаанд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн,

Яллагдагч О.О нь Б-тэй бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаар сургуулийн арын гудамжинд иргэн Г.Г-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэн авч улмаар бэлэн мөнгөний машинд уншуулан 1.000.000 төгрөг авч дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Оын шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүх хуралдааны тэмдэглэл” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тус хэргийн улмаас тухайн  үед сэтгэл санаагаар унаад шоконд орсон. 500.000 төгрөг мөрдөгчөөс хүлээн авсан. Одоо үлдэгдэл 620.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Мөн хавтаст хэргээс:

1. Хохирогч Г.Г-ын өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 04-ний шөнө Жагаа ахынд архи ууж байгаад тэдний гэрээс 01 цаг өнгөрөөд гараад такси барих гээд зам дээр гарч зогссон. Такси зогсохгүй болохоор нь 7 дугаар хорооны буудал хүртэл алхсан. Тэгээд нэг машин зогссон. Ямар маркийн ямар улсын дугаартай машин зогссон талаар мэдэхгүй байна. Би өөрөө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаараа сайн санахгүй байна. Ямар ч байсан хуучин эцэс дээр байдаг С төвөөс 3 шил пивоны мөнгөө өгөх гээд мөнгө авсан. Тэгээд тэндээ Х-ийн дэлгүүрээс архи авахаар такси бариад явсан. Тэндээс архи аваад 105 дугаар сургуулийн хажууд байрлах буудлын үүдэнд сууж байгаад архиа уусан. Би нэлээд согтсон байсан болохоор дээр нь нэмж архи уугаад бүр согтсон. Яаж гэртээ очсоноо мэдэхгүй байна. ...Данснаас мөнгө гарсан байхаар нь үлдэгдэл 66.000 төгрөгийг авч магадгүй гээд дансаа хаалгасан. Яг картнаас гарсан нь 1.000.000 төгрөг гарсан байсан. Би картаа хүнд өгөөгүй, нэгэнтэй нь хамт гарсан. Одоо миний биед ямар гэнэ гэмтэл шарх байхгүй, харин баруун талын чих заримдаа бага зэрэг шуугиж байгаа. Өөр ямар нэгэн зовиур байхгүй...” гэсэн мэдүүлэг хх-ийн 13-14, 15, 151х/,

2. Хохирогч Г.Г-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...2019 оны 04 дүгээр сарын 4-ний өдрийн 06:00-д 100.000 төгрөг, 06:01-д 500.000 төгрөг, 06:03-д 400.000 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай” /хх-ийн 123х/,

3. СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9х/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4266 дугаартай: “...Г.Г-ын биед дух, хацар, шанаа, эрүү, чихний дэлбэн, нүдний алиманд цус хуралт, хүзүү, шанаанд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 57х/,

5. Шүүгдэгч Н.Бийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 71х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 73х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 74х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 75х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79х/,

6. Шүүгдэгч О.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 85х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90х, 159-162х/,

7. Шүүгдэгч О.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр найз болох Н.Б миний өөрийн ... дугаарын утас руу өөрийнхөө ... дугаарын утсаар залгаж чи хаана байгаа би ... нэртэй бааранд ганцаараа ууж байна хүрээд ир гэж хэлэхээр нь би С төвийн зогсоол дээр унаж явсан автомашинаа байрлуулж тавьчхаад 888 нэртэй бааранд орж найз Б-тэй уулзаж Нийслэл нэртэй 0.5 литрийн шилтэй пивоноос хүний 2 ширхэгийг уусан юм. ... нэртэй бааранд байж байгаад би жорлонгийн өрөөнд хохирогч Г.Г-тай танилцаж ширээн дээрээ дагуулж ирж суугаад Н.Б, хохирогч Г.Г-тай танилцуулж бид гурав тэндээ архи ууж байгаад гараад 999 нэртэй караокед орж дахин архи ууж сууж байгаад тэндээс гарч тухайн үед миний унаж явсан 92-31 УБЕ улсын дугаартай автомашиныг Баянхошууны тойрогийн Шунхлай нэртэй бензин колонкийн зогсоолд байрлуулж тавьчихаад Баянхошууны хуучин эцсийн Гарьд нэртэй караокед орж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч хувааж уучихаад тооцоогоо хийх болсон чинь мөнгө дутахаар нь өөрт байсан 20.000 төгрөгөө өгсөн чинь хохирогч Г.Г, Н.Б нар АТМ-рүү мөнгө авахаар явчихаад ирье гээд гарч яваад удалгүй буцаж ирээд хохирогч Г.Г үлдсэн тооцоог нь хийгээд бид гурав тэндээс гарч Баянхошууны Х-ийн урд талд байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн хажууханд байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудал руу орж өрөө асуусан чинь бичиг баримтгүй хүнд үйлчлэхгүй гэж хэлэхээр нь буцаж гарч, хажууханд нь байсан дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад гадаа гудамжинд уусан. Тэгтэл Н.Б надад хохирогч Г.Г-ын дансанд нэлээн хэдэн төгрөг байна. Би түрүүнд ATM хамт орохдоо харсан, хоёулаа архи ахиухан өгч байгаад тасрааж байгаад мөнгийг нь авъя гэж шивнэж хэлэхээр нь за гэж хэлээд Г.Гт бид хоёр ахиухан архиа хийж өгч байгаад үлдсэн архийг нь ууж дуусгаад зам дээрээс такси бариад Баянхошууны хуучин эцэс дээр ирж буугаад хохирогч Г.Г, Н.Б бид гурав Баянхошууны хуучин эцэст байрлах ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн арын гудамж руу ороод Н.Б хохирогч Г.Г-ын хоолойг гараараа боож байгаад хашаа руу шахаж байгаад цээж хэсэгт нь баруун гараараа 5-6 удаа цохиод намайг нааш ир хармаанаас нь виза картыг нь авчих гэж хэлэхээр нь чи өөрөө ав гэж хэлсэн чинь чи хашааны буланд байж бай гэхээр нь би хашааны буланд очоод суусан, тэгтэл Н.Б удалгүй араас гүйж ирээд би Хаан банкны виза картыг нь авчихлаа хурдан зугтаая гэж хэлээд Н.Б бид хоёр гудамжаар дээш өгсөж Баянхошууны жанцан дээр ирээд Хаан АТМ-ээс хохирогч Г.Г-ын виза картыг уншуулж 3 хувааж 1.000.000 төгрөгийг нүүрээ нууж байгаад авсан юм. Тухайн үед өглөөний 06 цаг болчихсон гадаа гэгээ орчихсон байсан. Н.Б бид хоёр мөнгөө АТМ-ээс авчихаад шууд манай гэрт очиж манай аав Ш.Н-д бид хоёр хөдөө ажилд явлаа гэж худлаа хэлээд хохирогч Г.Г-ын данснаас авсан мөнгөнөөсөө 200.000 төгрөгийг цалингийн урьдчилгаанд авсан гэж өгчхөөд та энэ мөнгөөр банкны зээл төлчихөөрэй гээд гэрээс гагнуурын аппаратаа авч гараад 7 буудалд айлд тавьчхаад Н.Б бид хоёр Шарга морьт руу амралтын газар очиж амарч архи пиво уусан тэгээд ууж байгаад Н.Б би хоол авчихаад ирье гэж хэлэхээр нь би надад мөнгө өгөөчээ чи гэж хэлтэл 70.000 төгрөг өгчхөөд чи согтуу байна архиа гаргаад ахиад мөнгө нэмж аваарай гэж хэлчихээд үлдсэн бүх мөнгөө аваад намайг хаяж яваад алга болсон юм... ...Тухайн үед Н.Б бид хоёр хохирогч Г.Г-ын виза картыг авч мөнгө авна гэж ярьсан болохоос зодно гэж ярьж тохироогүй. Н.Б хохирогч Г.Гыг зодоод эхлэхээр нь би болиоч битгий зод гэж хэлэхэд чи тэгвэл хармаанаас нь виза картыг нь авчих гэж хэлэхээр нь чи өөрөө ав би хүн зодож чадахгүй гэж хэлсэн чинь намайг чи гудамж тойроод зогсож бай гэж хэлээд удалгүй араас гүйж ирсэн. ...Н.Б хохирогч Г.Г-тай хамт АТМ орж мөнгөө авахдаа дансанд нь хэдэн төгрөг байгааг нь хараад нууц дугаарыг нь цээжилсэн гэсэн. Н.Б надад хэлэхдээ хохирогч Г.Г-ын дансанд 1.000.000 төгрөг байна картыг нь хоёулаа авъя гэж хэлэхээр нь би за тэгье гэж хэлсэн. Дээрэм хийх санааг Н.Б гаргасан. ...Би хохирогч Г.Гыг цохиж зодсон зүйл байхгүй. Цамцныхаа захнаас 1 удаа л боогоод тавьсан. Тухайн үед ямар учраас боосон талаараа сайн санахгүй байна. Би хохирогч Г.Г-ын виза картнаас 270.000 төгрөг авч, 280.000 төгрөгийг Н.Бтэй архи, пиво, хоол унд авч идэж үрсэн. Үлдсэн 450.000 төгрөгийг нь Н.Б авч яваад дахин надтай уулзаагүй явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-134х/,

8. Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...О.О бид хоёр 888 нэртэй бааранд Нийслэл нэртэй пивоноос хүний 2 ширхэгийг уучхаад байж байтал О.О жорлон орлоо гэж хэлээд явсан удалгүй хохирогч Г.Гыг дагуулж ирээд танилцуулсан. Тэгээд О.О хохирогч Г.Г бид гурав архи ууж байгаад тэндээс гараад 999 нэртэй караоке руу орж пиво ууж байгаад гарч Гарьд нэртэй караокед бид гурав орж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уучихаад тооцоогоо хийх болтол мөнгө дуусчихсан, О.О өөрөөсөө 20.000 төгрөг гаргаж өгтөл хүрээгүй, хохирогч Г.Г намайг хоёулаа АТМ-рүү хамт яваад мөнгө авчихаад ирье гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд хамт Баянхошууны хуучин эцсийн Хаан банкны АТМ-ээс очиж шөнийн 03 цаг өнгөрч байхад 20.000 төгрөг авчихаад буцаж караокед ирээд тооцоогоо хийчихээд О.Оыг аваад бид гурав ...дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи авч гадаа гудамжинд ууж байгаад О.Оыг дуудаж би ATM орохдод Г.Г-ын дансанд 1.000.000 гаран төгрөг байгаа нь харлаа, нууц дугаарыг цээжилчихсэн, хоёулаа архи ахиухан өгч байгаад тасрааж унагааж байгаад виза картыг нь авъяа гэж хэлтэл О.О надад тэгье гэж хэлээд нөгөө авсан архинаасаа Г.Гт бид хоёр арай ахиухан хийж өгч согтоож байгаад такси бариад баянхошууны хуучин эцэс дээр ирж Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн арын гудамж руу орж би хохирогч Г.Г-ын хоолойг нь боож газар унагааж байгаад цээжинд нь 5-6 удаа баруун гараараа атгаж байгаад цохиж, баруун хөлөөрөө нүүр, толгой хэсэгт 3-4 удаа өшиглөж байгаад куртикныхэн хармаанаас ногоон өнгийн Хаан банкны виза картыг нь аваад О.Оыг гудамжны үзүүр дээр зогсож бай гэж хэлчихээд араас нь гүйж очоод хамт жанцангийн уулзвар дээр байрлах Хаан банкны АМТ орж хохирогч Г.Г-ын виза картыг уншуулж 3 хувааж эхлээд 100.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, 400.000 төгрөг уншуулж нийт 1.000.000 төгрөгийг авахад өглөөний 06 цаг болж байсан гадаа гэгээ орчихсон байхаар нь О.О бид хоёр АТМ-ээс мөнгөө авчихаад шууд О.Оын гэрт нь очиж аав Ш.Н-д нь мөнгөнөөсөө 200.000 төгрөгийг цалингийн урьдчилгаанд авсан гэж өгөөд ...бид хоёр Шарга морьт руу амралтын газар очиж амарч архи пиво ууж байгаад О.От би хоол авчихаад ирье гэж худлаа хэлж ганцааранг үлдээгээд 70.000 төгрөг өгчихөөд үлдсэн мөнгөө аваад гадуур дэмий тэнэж тансаглаж өөрийнхөө хувийн хэрэгцээнд үрж дуусгасан юм. ...Би хохирогч Г.Г-ын Хаан банкны виза картыг Баянхошуунд гудамжинд явж байгаад хаячихсан. ...Тухайн үед намайг Г.Гыг зодож байхад О.О салгаагүй. Харин болиоч ээ битгий зод гэж хэлсэн. О.О Г.Гыг зодож цохисон асуудал байхгүй. Цамцных нь захнаас боосон өөр үйлдэл хийгээгүй. ...Би хохирогч Г.Г-тай хамт АТМ ороод 20.000 төгрөг авахдаа дансанд нь хэдэн төгрөг байгааг нь хараад нууц дугаарыг нь цээжилсэн юм. ...Би хохирогч Г.Г-ын картнаас нийт 1.000.000 төгрөг авч 450.000 төгрөгийг ганцаараа хэрэглэж 280.000 төгрөгийг О.Отай идэж уух юм авч архи тамхи авч хэрэглэсэн. 270.000 төгрөгийг О.От өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 142-144х/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б О.О нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний шөнө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 67 дугаар сургуулийн арын гудамжинд иргэн Г.Г-ын Хаан банкны виза картыг хүч хэрэглэн дээрэмдэж, бэлэн мөнгөний машинд уншуулан 1.000.000 төгрөгийг авсан, мөн шүүгдэгч Н.Б нь хохирогч Г.Г-ын эд зүйлийг дээрэмдэх явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 15, 151х, шүүх хуралдааны тэмдэглэл/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4266 дугаартай дүгнэлт /хх-ийн 57х/, хохирогч Г.Г-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “...2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 06:00-д 100,000 төгрөг, 06:01-д 500.000 төгрөг, 06:03-д 400.000 төгрөгийн гүйлгээ хийсэн тухай”  /хх-ийн 123х/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9х/, шүүгдэгч О.О, Н.Б нарын өөрсдийн үйлдлийг болон харилцан бие биенийхээ үйлдэл, оролцооны талаар харилцан зөрүүгүй нотолж мэдүүлсэн мэдүүлгүүд //хх-ийн 132-134, 142-144х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Б, О.О нар нь хохирогчийг мөнгөтэй гэдгийг мэдсэн даруйдаа мөнгийг нь авахаар харилцан ярилцаж тохиролцон, хохирогч Г.Гт архи уулган согтоож, хүн амьтны хөл татарсан, эл хуль гудамжинд түүнийг аваачин картыг нь хүч хэрэглэн авсан, Н.Б нь дээрх үйлдлийг хийх явцдаа хохирогчийн хоолойг нь боож газар унаган цээж, нүүр, толгой хэсэгт нь өшиглөж, цохисноос хохирогчид хөнгөн гэмтэл учирсан тухай, хохирогчоос авсан картаараа хэдэн цагт, хэрхэн ямар байдлаар гүйлгээ хийсэн, мөнгөө хэрхэн зарцуулсан талаараа тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүд нь бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул шүүгдэгч нарын мэдүүлгийг шүүхээс үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Н.Б, О.О нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хуульзүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.Б, О.О нарын үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс шүүгдэгч О.О нь хохирогчид 500.000 төгрөгийн хохирол барагдуулсан, шүүгдэгч Н.Б нь хохирол барагдуулаагүй байна.

Мөн Н.Бийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Г.Г нь ... эмнэлэгт томографийн шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийн  баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулсан байна.

Иймд шүүгдэгч Н.Бөөс 620.000 төгрөгийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.От 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Н.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон, 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 3 сарын  хугацаагаар,

Шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 5  жил 2 сарын хугацаагаар тогтоож,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч “ 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хувьд хэлэх тайлбаргүй. Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан дээрэмдэх гэмт хэрэгт нь 2 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоож өгнө үү” гэсэн санал,

            Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч “...Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэл юу вэ гэвэл гэм буруугаа ойлгож гэмшсэн,  хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд О.Оын үйлдэл оролцоо бага байсан, энэ гэмт хэргийг санаачилсан нөхцөл байдал байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хөнгөрүүлж өгнө үү. Мөн өмнө ял шийтгэгдсэн боловч тэнссэн, үүнээс хойш 1 жил 9 сар өнгөрсөн байх тул бүгдийг биш заримыг нь нэмж нэгтгэх боломжтой юм” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч О.Оын хувьд хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Н.Бөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ялгамжтай оногдуулж шийдвэрлэсэн болно. Тухайлбал,

Шүүгдэгч Н.Бийн хувьд тэрбээр хохирогчийг бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдсэн, уг хэргийг үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол учруулсан нийлмэл гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 720:8=90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын  хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч О.Оын хувьд тэрбээр хохирогчийг бусадтай бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдсэн нь хэргийн үйл баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой гэж үзсэн болно. Иймээс шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч О.О өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн  61.1, 61.4-т зааснаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх боловч тэрбээр энэ хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул дээрх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх нь үндэслэлтэй байна. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4, 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 жил 9 сарын хугацаагаар тус тус тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.О нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолд дурдсанаар  87 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Б, Б овогт О-ын О нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б овогт Н-ийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Оыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4, 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2  дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу 720:8=90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сарын  хугацаагаар,

Шүүгдэгч О.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 3 /гурван/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б, О.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оын өмнө цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Н.Б, О.О нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөөс 620.000 /зургаан зуун хорин мянга/ төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогч Г.Гт олгож, шүүгдэгч О.О нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Н.Б, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ