| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0361/и |
| Дугаар | 422 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 422
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 11 сарын 30 Дугаар 422 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Онгон сумын 1-р баг, “Хөтөл элс” гэх газар нутаглах Сартуул овогт Бурамын Уранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бадарчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бадарчин шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Уранчимэг нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 1-р багт “Хөтөл элс” гэх газарт нутагладаг. Хөдөө байдаг болохоор олон дахин ирж очих боломжгүй байгаа тул би Б.Уранчимэгийн өмнөөс энэ шүүх хуралдаанд итгэмжлэлээр оролцож байна. Б.Уранчимэг нь 1983 онд Завхан аймгаас ажиллах хүч дутагдалтай байсан Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар хуваарилагдан ирж байсан юм. Тэрээр 1983 оны 07-р сарын 15-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар, 1991-1993 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” ХХК-д тус тус малчнаар ажиллаж байсан. Энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдсэн байгаа боловч нийгмийн даатгалын хэлтэс нь түүний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна, ажиллаж байсан байдлыг нь шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн юм. Харин аймгийн архивын тасгаас цалингийн түүвэр хийх явцад Б.Уранчимэг нь аав, ээжийнхээ хамт ажиллаж байсан болохоор түүний аав Бурам, ээж Бямба нарын цалингийн цэсэн дээр Уранчимэгийн нэрийг Урнаа гэж бичиж цалин олгосон байсныг би Б.Уранчимэгийнх мөн гэж түүвэрлэж авсан. Иймд Б.Уранчимэгийн 1983 оны 07-р сарын 15-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар, 1991 оны 01-р сарын 01-ээс 1993 оныг дуустал Онгон сумын “Хөгжилт” ХХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Сартуул овогт Бурамын Уранчимэг нь 1983 оны 07-р сарын 15-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар, 1991 оны 01-р сарын 01-ээс 1993 оныг дуустал Онгон сумын “Хөгжилт” ХХК-д малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 11-р сарын 07-ны өдрийн 256/15 тоот цалингийн лавлагаа, /Б.Уранчимэг, Урнаа нэртэй бичигдсэн /1984-1989 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/ түүвэр нь Б.Уранчимэг нь аав, ээжийн хамт Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн аав Бурам, ээж Бямба нарын нэр хамт бичигдсэн цалингийн цэснээс түүвэрлэж авсан Урнаа нэртэй цалингийн лавлагаа нь Б.Уранчимэгийн цалингийн лавлагаа мөн гэж шүүх үнэлсэн болно. Гэрч З.Далантайн шүүхэд өгсөн: “Намайг 1983 онд цэргийн алба хаагаад Онгон суманд ажиллахаар очиход Завхан аймгаас олон айл мал маллахаар шилжин ирсэн байсан. Тэдний дотор Бурамынх гэдэг айл ирсэн байсан. Бурамын охин Уранчимэг Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд хонин суурьтай, хонь маллаж байсан. Б.Уранчимэг нь аав, ээж, эрэгтэй дүү нарынхаа хамт ажилладаг байсан. Сүүлд Бат-Өлзий гэдэг хүнтэй суусан. Сүүлийн он жилүүдэд нөхөртэйгөө мал маллаж байсан. 1991 онд нэгдэл тарж өмч хувьчлал явагдсан. Энэ үед Б.Уранчимэг нь малчнаар ажиллаж байсан. Эхлээд нэгдэл тараад, “Хөгжилт” компани байгуулагдахад мөн компанид малчнаар ажиллаж байсан. Б.Уранчимэгийн аав, ээж нь манай хадам аавынхтай ойролцоо нутагладаг байсан, би өөрөө сумын орлогч даргаар ажиллаж байсан болохоор сууриудаар байнга явдаг байсан, Бурам гуайнхаар очдог байсан. Б.Уранчимэг нь ерөнхийдөө 1983-1994 онуудад Онгон сумын “Хөгжилт” нэгдэл болон “Хөгжилт” компанид малчнаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. 1-р бригадад өөр Уранчимэг нэртэй хүн байсныг мэдэхгүй. Уранчимэгийг бол Урнаа л гэж дууддаг байсан. Би 1983 оны 07-р сараас 1991 оныг дуустал Онгон сумын санхүү тасгийн нягтлан бодогчоор, 1991-996 онуудад Онгон сумын санхүү тасгийн даргаар ажиллаж байсан болохоор Б.Уранчимэгийн ажилласан байдлыг нь мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Д.Намжилдоржийн шүүхэд өгсөн: 1983 оны 07-р сард Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд Завхан аймгийн Алдархаан сумаас хэсэг айл мал маллахаар ирж байсан. Бурамынх төллөх хонин суурь маллаж байсан айл. 1991 онд нэгдэл тарсан. Нэгдэл тараад “Хөгжилт” нэгдлийн суурин дээр Эрхэмбаяр даргатай “Хөгжилт” ХХК гэж байгуулагдаж Бурамынх энэ компанид мал маллаж байсан. Б.Уранчимэг нь аав, ээж, дүү нарынхаа хамт мал маллаж байсан. Манайхан айл аймаг, ах, дүүс шиг сайхан байсан улс. Би соёлын ажилтан байсан болохоор хөдөө сууриудаар их явдаг байсан. Б.Уранчимэг нь 1983-1994 онуудад Онгон сумын “Хөгжилт” нэгдэл болон “Хөгжилт” компанид малчнаар ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. 1-р бригадад өөр Уранчимэг нэртэй хүн байсныг мэдэхгүй. Энэ Уранчимэгийг бол Урнаа л гэж дууддаг байсан. Би 1958-1961 онуудад цэргийн алба хаасан. 1962-1992 онуудад Сүхбаатар аймгийн Онгон сумын клубын эрхлэгч, кино механикч, соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Сартуул овогт Бурамын Уранчимэг нь 1983 оны 07-р сарын 15-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар, 1991 оны 01-р сарын 01-ээс 1993 оныг дуустал Онгон сумын “Хөгжилт” ХХК-д малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сартуул овогт Бурамын Уранчимэг нь 1983 оны 07-р сарын 15-аас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар, 1991 оны 01-р сарын 01-ээс 1993 оныг дуустал Онгон сумын “Хөгжилт” ХХК-д малчнаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА