Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1327

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга М.Сосорбарам,

           улсын яллагч М.Сүхчулуун,

            шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн У овогт С-гийн Цт холбогдох 1908058531823 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улааанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Т-У” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо, Баянхайрхан ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У овогт С-гийн Ц /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч С.Ц нь Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Баянхайрхан ... тоот хашаанд байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн оройн 14 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч хохирогч Г.Сг бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний хоолойг боож, нүүр хэсэгт нь 2 удаа мөргөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар С.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал,

Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Баянхайрхан ... тоот хашаанд байх өөрийн гэртээ согтуурсан үедээ хамтран амьдрагч Г.Сг бусадтай хардан түүний хоолойг боож, нүүр хэсэгт нь 2 удаа мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Сгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн үед хамтран амьдрагч С.Цын хамт нийтийн караоке орж 0.5 литрийн архи 1 шил, 0.75 литрийн 1 шил архи тус тус хувааж уугаад  караокенээс гараад хамтран амьдрагч С.Цын хамт ....гэртээ очиж унтацгаасан. Тэгээд маргааш өдөр нь 14 цагийн үед сэрээд Ц намайг “чи өчигдөр өөр хүмүүсийн ширээн дээр очиж суугаад байсан биз дээ” гэж хэлээд маргалдаад байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан шилэн аяга аваад Ц руу шидсэн чинь толгойн баруун хэсэгт нь оночихсон. Тэгтэл Ц орон дээр хэвтэж байгаад гэнэт босож ирээд над руу уурлаад “янхан минь чи алуулав” гээд миний хоолойг боогоод арагшаа ор руу түлхэж суулгаад эхлээд миний баруун нүдэн тус газар нэг удаа мөргөөд дараа нь зүүн шанаа хэсэг рүү толгойн дух хэсгээрээ нийтдээ 2 удаа мөргөсөн. Тэгтэл миний баруун нүд тэр дороо хавдаад эхэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Л-ийн өгсөн: “...Би хэрэг гарсан өдрийг мэдэхгүй байна, ямарч байсан би өөрийнхөө өрөөнд утсаар оролдоод сууж байтал манай хойд аав болох С.Ц согтуу ээж С руу орилоод мөргөчхөөр нь би ааваа болиоч гэж хэлсэн чинь манай хойд аав С.Ц намайг өөрөөсөө холдуулахаар нь би хараад зогсож байтал ээж цагдаа дуудна гэсэн чинь хойд аав Ц цагдаа дууд дууд гээд цагдаа дуудуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13365 дугаартай:

 “...Г.Сгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбэн, хүзүүнд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31х/,

Шүүгдэгч С.Цын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Сд урьд шөнө өөрийг нь танихгүй залуучуудтай сээтгэнээд байсан биздээ гэж хэлсэн чинь С миний толгой руу аяга аваад шидсэн чинь миний толгойн хэсэгт оночихсон. Тэгээд би орон дээрээ хэвтэж байтал миний толгой өвдөөд байсан ба би тэр үедээ уур хүрээд С руу очоод хоолойг нь боож байгаад орон дээр суулгаад би толгойгоороо эхлээд Сгийн баруун нүд хэсэг рүү нэг удаа мөргөөд дараа нь зүүн шанаа хэсэг рүү нь мөн нэг удаа нийтдээ 2 удаа мөргөчихсөн. Тухайн үед би Сг мөргөсний дараа хартал Сгийн баруун нүд нь нэлээн том хавдчихсан байсан. ...Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч С.Ц, хохирогч Г.С нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 10 жилийн хугацаанд хамтран амьдарсан дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С.Ц нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч С.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудасны ар тал/, хүсэлт /хх-ийн 71х/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сүхчулуун нь С.Цт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүхэд гаргажээ.

Шүүгдэгч С.Ц нь ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүхээс шүүгдэгч С.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Цын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт С-гийн Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ