| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0420/и |
| Дугаар | 416 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 416
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 11 сарын 23 Дугаар 416 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р баг, отрядын орон сууцанд оршин суух Мөнх овогт Содномцогийн Энхцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 1961 онд төрсөн. Одоо тэтгэврийн насанд хүрч өндөр настны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь миний хөдөлмөрийн дэвтрийг зөрчилтэй байна гэсэн. Би 1980 оны 06-р сарын 29-өөс 1989 оны 07-р сарын 02-ыг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн овог нэрийг баллаж бичсэн байна. Мөн төрсөн өдрийг 27 гэхийг 26 гэж андуурч бичсэн гээд шүүхээр баталгаажуул гэсэн. Би бол засаагүй. Анх бичсэн хүн зассаныг мэдэхгүй, доторхи бичилт нь миний ажиллаж байсныг бичиж тэмдэглэж, тамга тэмдэг дарж баталгаажсан миний л дэвтэр байгаа. Энэ дэвтэрт миний л ажиллаж байсан байдал бичигдсэн. Миний ажиллаж байсан байдал нь энэ дэвтрийн бичилттэй тохирч байгаа, тамга тэмдэг, бичилт нь ямар нэгэн засваргүй байгаа. Иймд 1980 оны 06-р сарын 29-өөс 1989 оны 07-р сарын 02-ыг дуустал Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ нь эзэмшигч нь Содномцог овогтой Энхцэцэг миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1980 оны 06-р сарын 26-ны өдөр нээсэн Содномцог овогтой Энхцэцэг нэртэй төрсөн өдрийг нь 1961 оны 11-р сарын 26 гэж бичсэн, 1980 оны 06-р сарын 29-өөс 1989 оны 07-р сарын 02-ны өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Содномцог овогтой Энхцэцэг мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Содномцог овогтой Энхцэцэг нэртэй иргэний үнэмлэхний хуулбар, гэрч Х.Наранцэцэгийн шүүхэд өгсөн: С.Энхцэцэг нь 1987-1989 онуудад Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт хүнсний нярваар ажиллаж байсан. Намайг 1988 онд нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт тогоочоор ажилд ороход ажиллаж байсан. Би 1988 оноос одоог хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт тогоочоор ажиллаж байна. С.Энхцэцэг эгчтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Энхцэцэг эгчийг Содномцог овогтой Энхцэцэг гэдэг. Тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс Нэгдсэн эмнэлгийн архивыг шатсан, материал олдохгүй байна гэдэг юм” гэх мэдүүлэг, гэрч Ш.Дуламсүрэнгийн шүүхэд өгсөн: Содномцог овогтой Энхцэцэг гэдэг хүүхэдтэй 1980-1989 онуудад Аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасагт ариутгагчаар хамт ажиллаж байсан. Анх залуухан хүүхэд манайд ажилд орж байсан. Ер нь бол сүүлд бас нярав, гал зууханд туслах ажилчнаар ажиллаж байсан. Яг хэдэн онд хүнсний нярав, гал зууханд туслах ажилтнаар ажиллаж байсныг он, сар, өдрөөр нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Цаг хугацаа нэлээдгүй өнгөрсөн болохоор 1980-аад оны юмыг нарийн санахгүй байна. Би 1980-2008 онуудад аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасагт бага эмчээр ажилаж байсан. Содномцог овогтой Энхцэцэгтэй хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд 1980 оны 06-р сарын 26-ны өдөр нээсэн Содномцог овогтой Энхцэцэг нэртэй төрсөн өдрийг нь 1961 оны 11-р сарын 26 гэж бичсэн, 1980 оны 06-р сарын 29-өөс 1989 оны 07-р сарын 02-ны өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Содномцог овогтой Энхцэцэг мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1980 оны 06-р сарын 26-ны өдөр нээсэн Содномцог овогтой Энхцэцэг нэртэй төрсөн өдрийг нь 1961 оны 11-р сарын 26 гэж бичсэн, 1980 оны 06-р сарын 29-өөс 1989 оны 07-р сарын 02-ны өдрийг дуусталх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Содномцог овогтой Энхцэцэг мөн болохыг тогтоосугай.
2.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА