Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1334

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

            шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Пд холбогдох 1908034761300 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Милл Хаус ХХК-д ачигч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилт ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б овогт Бын П /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаа,р сарын 30-ны өдөр Сонгинохайрхан ... дугаар хороо, Мандал-Овоогийн ... тоот  нийтийн байранд, гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Г.Птай эр эмийн хардалтын улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8144 дугаартай дүгнэлт /хх-ийн 29х/, гэрч Л.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 126х/,  Аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 76-77х, 80-82х, 83-89х/,  яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 94-95х/,  Шүүгдэгч Б.Пгийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 53х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 58х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59х/, Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 46х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан ... дугаар хороо, Мандал-Овоогийн ... тоот  нийтийн байранд гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Г.Птай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Г.Пгийн өгсөн: “...Би нөхөр Б.Пгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал-Овоо ... тоотод байх нийтийн байранд амьдардаг байсан юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би нийтийн байрны 1 тоотод байх өөрийн өрөөндөө байж байхад манай хажуу 2 тоот өрөөнд амьдардаг Б намайг “би өнөөдөр амарч байгаа, манай өрөөнд орж ирж цай уу” гэхээр нь би Бийн өрөөнд ороход тэдний өрөөнд нэг танихгүй залуу байсан. Б нэг пиво гаргаж ирснийг бид гурав уугаад сууж байгаад би нөхөр Пг дуудсан. ...Б дэлгүүр ороод нэг шил 0.75 литрийн архи авчирсныг  манай нөхөр П, Б, түүний найз гэх нэг залуу бид дөрөв хамт хувааж уугаад тэгээд Б, түүний найз гэх нэг залуу манай нөхөр П бид дөрөв хамт гарч ... Од гэх караокед орж өрөө аваад 2 цаг захиалаад 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, 2 цэвэр ус, нэг ундаа захиалаад суусан. Удалгүй манай нөхөр уурлаад байхаар нь би нөхөр Пд олон нийтийн газар чи бид хоёр хоорондоо маргалдаад яах юм бэ гэж хэлээд би караокенээс гарч гэрлүүгээ алхаад очсон. Өрөөндөө орсон чинь манай хоёр хүүхэд унтаж байхаар нь би Бийн хүүхдийг хайгаад өрөөний үүдээр нь ороод харсан чинь манай нөхөр П, Б хоёр нүцгэн нэг орон дээр хамт хэвтэж байсан. Би өрөөнд нь ороод уурлаад нөхөр Птэй маргалдахад нөхөр П намайг үснээс зулгаагаад толгой хэсгээр шал мөргүүлээд тавихгүй байхаар нь би үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд нүүр болон цээжин хэсгээс нь самардаж маажсан. Тэгсэн нийтийн байрны эзэн нь орж ирээд цагдаа дуудсан. ...Намайг манай нөхөр П гараараа үснээс зулгаагаад газар мөргүүлсэн, баруун болон зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа цохисон, 2 гуя хэсэгт гараараа цохисон. Б гараад зугтаасан. Нийтийн байрны жижүүр эгч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8144 дугаартай:

 “...Г.Пгийн биед зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булангийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, амь насанд аюул учруулахгүй гэмтэл болно. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29х/,

3. Гэрч Л.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны орой би гэртээ байсан чинь П, П хоёр хоорондоо маргалдаад байсан. Би өрөөнд нь орсон чинь П газар унасан, П дээр нь гарсан цохиод байсан. Тэгээд би 102 дугаарт дуудлага өгсөн. Намайг ороход Б байхгүй байсан. Юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. П, П хоёр хэн нь хэнийгээ хаана нь хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй. Б манай нийтийн байранд нэг хүүхдийн хамт амьдардаг байсан ба манай байрнаас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 126х/,

4. Аюулын зэргийн үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 76-77х, 80-82х, 83-89х/,

5. Шүүгдэгч Б.Пгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би тухайн өдөр архи уугаад тасарсан болохоор сайн санахгүй байна, тухайн өдөр эхнэр Пг үстээд газар  унагаагаад дараад  зодсон юм. Г.Пгийн биед учирсан гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46х, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.П, хохирогч Г.П нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн 8 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзнэ.

Шүүгдэгч Б.П нь тухайн өдөр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь хамтран амьдрагч Б.П, Г.П нарыг хоорондоо муудалцах шалтгаан болсон байх ба тэдгээр нь дээрх асуудлаас үүдэн харилцан бие биедээ хүч хэрэглэсэн шинжтэй, улмаар Б.П нь өөрийн хамтран амьдрагчийнхаа үснээс зулгааж, газар мөргүүлсэн, баруун болон зүүн шанаа, гуя хэсэгт гараараа цохисон зэрэг үйлдлээс болж хохирогч Г.Пд хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн үйл баримтаар тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл болсон болно. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Пгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад гомдол санал, нэхэмжлэх гэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 23 дугаар хуудасны ар тал/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ял шийтгэл дээр ямар нэгэн хүсэлтгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс, орлоготой эсэхийг тодорхойлсон баримтууд /хх-ийн 53, 58х/  авагдсан байх тул  дээрх нөхцөл байдлыг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн /сарын цалин 600,000 төгрөг гэх/ цалин хөлс, орлогын хэмжээг харгалзан шүүгдэгч Б.Пд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Б.Пгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Пг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ