Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1335

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Т.Болор-Эрдэнэ /томилолт/,

            шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт С.Гд холбогдох 1908022461593 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, орбит ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай,

урьд 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Зүүнбаян цэргийн тусгай  шүүхийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 11 хоногийн хорих ялыг тэнсэж  сулласан,

1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар,

1994 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 60 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд заасныг журамлан 1993 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас заримыг болох 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 5 жилээр тогтоосон, 1998 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял эдэлж, 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр суллагдсан,

2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулж, 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоосон, тэрбээр 2009 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Е овогт С.Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой иргэн А.Оийг “миний шуудайтай юм хаана байгааг мэдэхгүй байна” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, тархи доргилт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17х, 18х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4933 дугаартай дүгнэлт /хх-ийн 22х/,  С.Гы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 36х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 39х, 41-53х/, хохирогчийн гаргасан “...С.Гд гомдол санал байхгүй бид хоёр эвлэрсэн...” гэх хүсэлт /хх-ийн 61х/, шүүгдэгч С.Гы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн А.Оийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч А.Оийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, орбитын ... тоотод ганцаараа амьдардаг ба манай тэнд шуудай үүрээд ундааны сав түүдэг Г гэдэг залуу байдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны орой манай гэрт Гээ цай байна уу гэж орж ирэхээр нь цай хийж өгөөд цай уулгасан чинь Г нь ундааны савтай архи гаргаж ирээд уугаад байсан. Бас надад өгөхөөр нь би тэрнээс нь жоохон уусан. Тэгтэл С.Г надаас шуудайтай юм аа асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн чинь яагаад мэдэхгүй байгаа юм, пизда чинь гэж хэлээд миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд миний хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17х, 18х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4933 дугаартай: “...А.Оийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нүүрээр мохоо зүйл дээр унах, мөн тухайн хэсэгт цохих үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22х/,

Шүүгдэгч С.Гы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр би түүхий эд түүгээд явж байсан чинь манайхаас 3 гудамжны зайтай хашаанд амьдардаг О гээд авгай Б /Г/ бид хоёрыг дуудаад гэртээ 1 шил архи хувааж уусан. Тэгснээ Б бид хоёрыг гэрээсээ хөөгөөд бид хоёр гараад явсан. Би тэгээд Оийн гэрт шуудайтай түүхий эдээ мартсанаа санаад гэрт нь очоод нэхсэн чинь О байхгүй, мэдэхгүй гээд байхаар нь би нэг удаа нүүр лүү нь гараараа цохисон. Би Оийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч С.Г нь бусадтай муудалцах, хүч хэрэглэх хэмжээний асуудал үүсээгүй байхад ялимгүй зүйлээр шалтаглан хохирогч А.Оийн нүүрэн тус газар гараараа цохисон нь хохирогч болон шүүгдэгчийн хэн алиных нь мэдүүлэгт тусгагдсан, улмаар шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл нь шинэ гэмтэл буюу тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзнэ.

Шүүгдэгч С.Гы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.О нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй байх тул хохирол, хор уршгийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон 28 хоногийг ял эдэлсэнд оруулан тооцох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч С.Гы үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан С.Гы хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч С.Гы дээрх хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 28 хоног цагдан хоригдсон  /хх-ийн 82, 87х/ байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, энэ тогтоолоор цагдан хоригдсон 28хоногх8цаг=224 цагаар тооцож, түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Гы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е овогт С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гы цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон, цагдан хоригдсон нийт  28хоногх8цаг=224 цагаар тооцож, түүнд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч А.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.АЛТАНЦЭЦЭГ