| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/0873/Э |
| Дугаар | 868 |
| Огноо | 2019-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 868
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Тын Бод холбогдох 1908 03016 1125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-нд манаач ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Эмээлтийн ... дугаар гудамж ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Тын Б /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Эмээлтийн ... дугаар гудамж ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Х.Уийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Т.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Т.Б нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Эмээлтийн ... дугаар гудамж ... тоотод 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Х.Уийн баруун эгэм хэсэгт нь машины түлхүүрээр хатгаж, баруун талын дал руу нь гараараа нэг удаа цохиж, баруун болон зүүн талын гуя шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө нэг нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Х.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны байранд хамтран амьдрагч Т.Б нь намайг “лаларын янхан минь зайл” гээд байхаар нь би гэрээс гараад явах гэтэл” лаларын янхан минь чамайг зүгээр явуулахгүй” гээд хоолой боох гээд байхаар нь эсэргүүцэж байгаад гэрээс гарах гэтэл гарандаа машины түлхүүр бариад миний баруун эгэм хэсэг рүү түлхүүрээр хатгаж, шалбалсан, баруун далан дээр гараараа 1 удаа цохисон, баруун, зүүн талын гуя шилбэ хэсэг рүү хөлөөрөө нэг, нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 24-27х, 28-32х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6621 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун эгэмэнд эдгэрч эхэлсэн 2х0,8см шархтай, шарх тойрсон шимэгдэж эхэлсэн цус хуралттай. Баруун даланд 9х9см шаргал өнгийн цус хуралттай. Баруун гуяны гадна захаараа шаргал өнгийн 10х10см, 8х8см, зүүн гуяны гадна 9х9см, шилбэний гадна 12х9см цус хуралтуудтай.
“...Х.Уийн биед баруун эгэм, дал цус хурсан, 2 гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэжээ. /хх-ийн 34х/
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9-10х/,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 11-15х/,
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 16-17х/,
Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны манаач Ц гэх хүнтэй хамт 0.5 литрийн Ерөө архи хувааж уусан. Тэгээд орой эхнэр Уийн ажил тарахаар нь эхнэрийн цуг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Эмээлтийн ... дугаар гудамж ... тоотод гэр рүүгээ явсан. Бид 2 гэртээ ирээд би эхнэр Уийн утсаар оролдож байхад манай эхнэр Уийн хуучин нөхөр У гэх залуу манай эхнэрийн гар утас руу залгасан байхаар нь би тэр асуудлаас болж эхнэр Уранчимэгтэй маргалдаж янхан, гичий гэх мэт үгээр доромжилж бид 2 харилцан хоорондоо хэрэлдсэн. Тэгээд ...нэг удаа нүүр рүү нь гараараа алгадахад шүргээд өнгөрсөн, гарт байсан машины түлхүүрээр баруун эгэм хэсэгт санаандгүй хатгачихсан, дал хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон бас баруун зүүн талын гуя шилбэ хэсэг рүү хөлөөрөө нэг нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-85х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогчийг худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Т.Б, хохирогч Х.У нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байх буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай, үл ойлголцол, шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс болсон байна.
Шүүгдэгч Т.Б нь тус гэмт хэргийг шууд санаатай үйлдлээр үйлдсэн байх бөгөөд хохирогч Х.Уийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, мөн шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байх тул дээр зүйл хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар хэргийг зүйлчилсэн нь зөв байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хуульзүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд нь Т.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.Бод танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.
Шүүх хуралдаанд Т.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Т.Б нь ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг нь гэр бүлийн гишүүд хоорондын маргаан, зүй бус харьцааны улмаас үйлдэгдсэн байх тул шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байна.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.У нь эрүүл мэндийн хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Т.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний тогтмол ажил эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тын Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ