| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0359/и |
| Дугаар | 381 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 381
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 11 сарын 01 Дугаар 381 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, 27-А орон сууцны 2-15 тоотод оршин суух Тожил овогт Самдангийн Оюунцэцэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь боловсролын байгууллагад тасралтгүй 34 жил багшилж байна. Би 1982-1989 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1989 онд ар гэрийн шалтгаанаар Баруун-Урт хотод шилжин ирж, 1 дүгээр 10 жилд 2005 он хүртэл монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1982-1989 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга суманд монгол хэл, уран зохиолын багшаар, 1989-1995 он хүртэл Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын 1 дүгээр 10 жилд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байна. 2005 он хүртэл 1-р 10 жилийн сургуульд ажилласан боловч 1995-2005 он хүртэлх бичиг баримт бүрэн байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Тожил овогт Самдангийн Оюунцэцэг нь 1982 оны 07-р сарын 17-оос 1989 оны 08-р сарын 23-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1989 оны 08-р сарын 24-өөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн 10 жилийн бүрэн дунд сургуульд монгол хэл уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 07-р сарын 17-ны өдрийн 84 дүгээр тушаалын хуулбар /шинээр ирсэн багш нарыг ажилд томилсон тухай хавсралтын 8-т: Самдан овогтой Оюунцэцэгийг Дарьганга сумын 8 жилд багшаар гэх/, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 08-р сарын 21-ний өдрийн 104 тоот тушаалын хуулбар /багш нарын хуваарь батлах тухай 522-т: монгол хэл, уран зохиол С.Оюунцэцэг/ гэх, Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 08-р сарын 24-ний өдрийн 164 тоот тушаалын хуулбар /хичээлийн эрхлэгч, багш, хүмүүжүүлэгчдийг ажлаас чөлөөлөх, томилох тухай хавсралтын 42-т: /С.Оюунцэцэг Дарьганга сум, монгол хэлний багш/ гэх, Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09-р сарын 23-ны өдрийн 210 тоот тушаалын ё-д /багш С.Оюунцэцэгийг монгол хэл, уран зохиолын багшаар томилсон тухай/, С.Оюунцэцэгийн 1989-1994 онуудад Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуульд багшаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 20-ны өдрийн 231/15 тоот цалингийн лавлагаа, гэрч Ц.Оюуны шүүхэд өгсөн: “С.Оюунцэцэг 1982 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсөж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар хуваарилагдан очиж ажиллаж байсан. Би 1982 онд Багш нарыг бэлтгэх сургуулийг төгсөж Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд хөгжмийн багшаар хуваарилагдан очиж ажиллан 5-р анги даан авч ажиллаж байсан. С.Оюунцэцэг нь 1989 оныг хүртэл тус сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байгаад Сүхбаатар аймаг руу шилжиж орж ирсэн. Шилжиж орж ирээд Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар 1995 он хүртэл ажилласан. Би С.Оюунцэцэгтэй сургууль төгсөж ирээд Дарьганга сум руу хуваарилагдан очиж хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1982-2000 онуудад 18 жил Сүхбаатар аймгийн Дарьганга суманд хөгжмийн багшаар ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Б.Баянжаргалын шүүхэд өгсөн: “С.Оюунцэцэг нь 1982-1989 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байсан. Тухайн он жилүүдэд би Дарьганга сумын пионерийн зусланд хүүхдүүд аваад явдаг байсан. С.Оюунцэцэгтэй ажил хэргийн хувьд хамтарч ажиллаж байсан. С.Оюунцэцэг нь уйгагүй, хөдөлмөрч, хүүхдэд сэтгэлтэй, мэргэжилдээ үнэнч сайн багш юм. С.Оюунцэцэг нь 1989-1995 онуудад Баруун-Урт хотын 10 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байгаад 2005 онд Сүхбаатар аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд зөвлөх багшаар ажиллаж байгаа. С.Оюунцэцэгтэй 10 жилийн дунд сургуульд олон жил хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1979-2015 оны 10 сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Соёлын ордонд хөгжмийн багш, 8 жилийн 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багш, 1992-1995 онуудад 10 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуульд нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Тожил овогт Самдангийн Оюунцэцэг нь 1982 оны 07-р сарын 17-оос 1989 оны 08-р сарын 23-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1989 оны 08-р сарын 24-өөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн 10 жилийн бүрэн дунд сургуульд монгол хэл уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тожил овогт Самдангийн Оюунцэцэг нь 1982 оны 07-р сарын 17-оос 1989 оны 08-р сарын 23-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 8 жилийн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар, 1989 оны 08-р сарын 24-өөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн 10 жилийн бүрэн дунд сургуульд монгол хэл уран зохиолын багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА