Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1344

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

           улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Д.Э,

            шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Эд холбогдох 1908056011719 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо хоршооллын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Эын Э /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Shine” нэртэй пабын урд талын зам дээр Д.Эийг “ахыгаа өдөөд байна уу” гэж маргалдан хөлөөрөө хавсарч унаган, нүүрэн тус газар нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Д.Эийн мэдүүлэг /хх-ийн 13-14х, 16х/, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 02х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12958 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27х/, шүүгдэгч Э.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 44х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/, шүүгдэгч Э.Эгийн мэдүүлэг /хх-ийн 37-40х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Shine” нэртэй пабын урд талын зам дээр Д.Этэй маргалдан хөлөөрөө хавсарч унаган, нүүрэн тус газар нь нэг удаа хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 02х/,

Хохирогч Д.Эийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шайн” пабад хуурай ах Э, З, У, С, Ч нарын хамт ороод би Э ахаар пабын зөөгчид хэлүүлээд өөрийнхөө нэр дээр нэг шил архи ус ундаа зээлж авсан юм. Тэгээд архи уугаад сууж байхад Э “ахаа өдөөд байна уу” гээд надтай маргаан хийх гээд байсан. Тэгээд пабаас архи дуусаад эхлээд Э бид хоёр гараад явсан, араас нөгөө хэд цуварч гарч ирсэн. Тэгээд Э бид хоёр зам дээр такси барих гэж зогсож байхад Э “ахаа өдөөд байна уу” гээд намайг хөлөөрөө хавсарч унагасан, би унахдаа зүүн талын хөмсгөө замын боржуран дээр цохиж шалбарсан. Тэгээд би унаад дээшээ харахад дахиад Э нүүр рүү өшиглөсөн. Энэ үед Э ах ирээд Зг татаад намайг харж байгаад таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. ... Би өмнө гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14х, 16х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12958: “...Д.Эийн биед тархи доргилт, зүүн хацрын шонтонд зулгарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт. /хх-ийн 26-27х/,

Шүүгдэгч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед ... хуурай ах Эийн гэрт нь очиход Э.Э гэдэг залуу ирчихсэн байсан. Тэгээд бид гурав Э ахын гэрт 2.5 литрийн том Боргио пиво хоёр савыг уугаад сууж байгаад .... 17 цагийн үед хамтдаа Э ахын гэрээс гараад “Шайн” пабад очиж 0.75 граммын архи нэг шилийг зээлээр авч уусан. Тухайн үед би найз Улайкаа, С, Ч гуравыг дуудсан байсан юм. Тэгээд тэр гурав ар араасаа цуварч пабад орж ирээд бид зургаа нөгөө 0.75 граммын архи хувааж уугаад “shine” пабаас орой 19 цагийн үед гарсан. Тэгээд зам дээр очоод такси барих гээд замын хажууд зогсож байхад Э.Э над руу агсраад байхаар нь “ах нар нь одоо гэр лүүгээ явлаа, чи гэр лүүгээ яв” гэж хэлэхэд Э.Э муухай инээснээ “ийм өлөн банди нар байсан юм уу” гэж хэлэхэд нь “өлөөн, өлөн бид нар явлаа” гэж хэлээд эргэж хараад алхахад Э нь миний араас татахаар нь би хөлөөрөө хавсраад Э.Эийг унагаахад замын боржурны хажууд унасан. Тэгтэл Улайкаа ирээд намайг аваад явсан. Э ах Д.Эийг босгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-40х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Э, хохирогч Д.Э нарын аль аль нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байх үедээ бие бие рүүгээ дайрч, янз бүрийн үг хэллэг хэрэглэн маргалдсан, ингэх явцдаа шүүгдэгч Э.Э нь хохирогчийг хөлөөрөө хавсарч унагаах, өшиглөх зэргээр идэвхтэй, санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч Д.Эийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Эгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Э нь “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээ хийлгэсэн баримт ч байхгүй, нэхэмжлэлээсээ татгалзаж байна ” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...тогтсон ажил байхгүй ч одоо баярын захиалга авсан байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан Э.Эгийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг дээрх нөхцөл байдлуудыг  харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Эын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ