Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1367

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Т,

            улсын яллагч Х.Анхцэцэг,

            хохирогч Л.Б,

шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал /ҮД-2714/

дохионы хэлний хэлмэрч Г.Г, сонсголгүй дохионы хэлний хэлмэрч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-гийн Гт холбогдох 1908045031511 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг гэх, ам бүл 8, ах, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал-Овоо ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, Урьд

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 345 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээрийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж 2 cap баривчлах, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 cap баривчлах, нийт 3 cap баривчлах ял,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 11 сарын 22-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Ц-гийн Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянбулагийн ... тоот Л.Бийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч Скайворд маркийн зурагт, Сансар кабелын хүлээн авагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тухайн зурагтыг төхөөрөмжийн хамт машинтай хүнд 5000 төгрөгөөр зарж, мөнгөөр нь хоол авч идсэн. Зарсан зурагтаа олж авах гээд хайсан ч олдоогүй. Хулгай хийх үед би ганцаараа байсан. Тухайн машины дугаарыг анзаараагүй, цайвардуу өнгөтэй машин байсан. Тэр машинд эрэгтэй эмэгтэй 2 хүн байснаас эрэгтэй нь буурал үстэй, эмэгтэй нь бага зэрэг махлагдуу намхан хүн байсан. Хохирогчийн гэрт орохдоо хойд талын хашааны жижиг хаалгаар нь орсон. Тэгээд газраас авсан байсан төмрөөрөө гэрийн цоожийг эвдэж ороод зурагт, төхөөрөмжөө авч гарахдаа жижиг хаалганы хажууд нөгөө төмрөө үлдээгээд гарсан. Би хохирогчид учирсан хохирлыг ажил хийгээд төлнө. Уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би уг 54 инчийн зурагтыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр лизингээр аваад одоо болтол сар бүр 150.000 төлж байгаа, төлбөр дуусаагүй байгаа. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Одоо хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3х, 4-5х/, хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17х/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 32х/, гэрч Д.М-ын мэдүүлэг /хх-ийн 36х/, гэрч Ц.Э-ын мэдүүлэг /хх-ийн 38х/, гэрч Н.А-ийн мэдүүлэг /хх-ийн 40х/, гэрч О.Б-ын мэдүүлэг /хх-ийн 42х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-56х/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-67х/, Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 1255 дугаартай дүгнэлт /хх-ийн 85х-87/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 156-157х/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46, 63х/,  Цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 57-62х/, шүүгдэгч Ц.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 90х, 94-108х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 110х/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 113х/, төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 118х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 134х/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 159-162х/ зэрэг болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянбулагийн ... тоотод оршин суух иргэн Л.Бийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Скайворд маркийн зурагт, Сансар кабелын хүлээн авагч зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3х, 4-5х/,

Хохирогч Л.Бийн: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед гадуур явж байсан чинь манай охин над руу залгаад ...манай гэрт хулгай ороод манай гэрийн зурагт, Сансар кабел алга болсон гэж хэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газраас эрүүгийн мөрдөгч гэх залуу ирээд манай зурагтыг хулгай хийсэн хүнийг олсон гэхээр нь ...би шууд цагдаагийн газар дээр ирсэн чинь манай зурагтыг хулгай хийсэн хүнийг хэлгүй, дүлий, бичиг үсэг мэдэхгүй хүн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай зурагтыг хулгай хийсэн хэлгүй, дүлий, хүнээс манай зурагтыг хаана зарсан талаар асуухад юм хэлэхгүй гөлийгөөд зогсоод байсан юм. Миний алдсан зурагт хар өнгийн 55 инчийн “Skyworth” загварын зурагт, Сансрын кабел нь улаан, цэнхэр алга төхөөрөмж байсан. ...Манай гэрийн хаалганы цагаан төмөр цоожийг эвдсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Б.Д-ийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянбулагийн ... тоотод үйл ажиллагаа явуулах Т нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа газар шорооны ажлыг дэлгүүрийн эзэн О.Б-тай хамтарч хийж байсан чинь хар малгай, ногоон эрээн өмд цамцтай үл таних эрэгтэй хүн хар өнгийн том зурагтыг баруун талын мөрөн дээрээ мөрлөсөн жижиг дөрвөлжин хавтгай зурагтын төхөөрөмжийг зүүн гартаа барьж ирээд ... зурагтаа буулгаад замын хажуугаас такси барих гэхэд тэр хүнд такси зогсоогүй. Тэгээд тэр хүн газар шорооны ажил хийсэн дэлгүүрийн эзэн О.Б-аас зурагт авах уу гэж дохиогоор ярилцаад байсан. Тэгсэн чинь О.Б энэ хүн хэлгүй, дүлий хүн байна. Ойлгохгүй байна гэж хэлээд зурагт авахгүй гээд толгойгоо сэгсрээд байгаа харагдсан. Тэгээд гудамжаар явж байсан хүмүүсийг газарт байсан зурагтаа сайн зурагт гэж эрхий хуруугаараа заагаад байсан. Тэгээд үнийг нь 50.000 төгрөг юм уу, 500.000 төгрөг зарах гээд байгаа нь мэдэхгүй 5 хуруугаа гозойлгоод байгаа харагдсан юм. Тэгээд зурагтыг нь гудамжинд явж байсан хүмүүсээс хэн ч аваагүй. Тэгээд зурагт авч явж байсан хүнд зурагтаа аваад Т дэлгүүрийн араар зам гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

Гэрч Д.М-ын: “...Би Т дэлгүүрийн урд хог ачуулах машинаа хүлээгээд байж байсан чинь үл таних хар малгайтай, ногоон эрээн хувцастай хүн зурагтыг баруун мөрөн дээрээ толгойгоо түшүүлээд барьсан зүүн гартаа хар өнгийн дөрвөлжин зурагтын төхөөрөмж барьсан Т дэлгүүрийн урд ирээд барьж байсан зурагтаа газарт тавиад засмал зам руу очиж такси барих гэж зогссон чинь такси зогсоогүй. Тэгээд тэр хар малгай ногоон эрээн хувцастай залуу гудамжинд явж байсан хүмүүсээс газарт байгаа зурагтыг энэ миний зурагт гэж зааж дохиогоор 50.000 төгрөгөөр зарна гэж хэлээд байсан. Тэгээд гудамжинд явж байсан хар цамцтай нэг залууд зурагт авах уу гэж дохиогоор ярилцаад тэр хар цамцтай залуу нь газарт байсан зурагтыг өргөж Т дэлгүүр рүү тэврээд орох гэсэн чинь Т дэлгүүрийн эзэн нь энэ хулгайн хулгайн эд зүйл байж магадгүй, би энэ зурагтыг дэлгүүртээ шалгуулахгүй гэж хэлээд дэлгүүртээ оруулаагүй. Тэгээд би зурагтыг нь авах байсан хар цамцтай залуугаас наад хүн зурагтаа хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь энэ чинь хэлгүй, дүлий хүн байна 50.000 төгрөг, 500.000 төгрөгөөр зарах нь мэдэгдэхгүй ойлгохгүй байна гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгэхээр нь би зурагт авч явсан хэлгүй, дүлий хүнийг гараараа өөрлүүгээ далласан чинь над дээр ирээд энэ зурагтыг хаанаас авсан бэ? хэний зурагт бэ гэж асуусан чинь дуугарахгүй, миний яриаг ойлгохгүй байсан. Тэгээд удаагүй хогний машин ирэхээр нь би суугаад цааш явсан юм. Тэр зурагт авч явсан хэлгүй дүлий хүн зурагт, төхөөрөмжийн хамт Т дэлгүүрийн хамт үлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,

Гэрч Н.А-ийн: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд Ц.Г гэх хэлгүй, дүлий хүн ... хэргийн холбогдолтой гэж эрүүлжүүлсэн байгаа, хэлгүй дүлий хүний үзлэгийн тэмдэглэлийг би өөрөө бичсэн. ...Тухайн хүний биед ямар нэгэн эд зүйл байгаагүй, өмссөн хувцас нь ногоон эрээн десант цоохор, өмд куртик хосоор өмссөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40х/,

 

Гэрч О.Б-ын: “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 08 цагийн үед би өөрийн ажиллуулдаг дэлгүүрийнхээ гадна талд хашааг барих гээд газар шорооны ажлыг Б.Д ах болон гудамжны ах нартай хийж байсан чинь ...11 цаг 50 минутын үед манай дэлгүүрийн зүүн хойд талаас хар малгай ногоон эрээн десант хувцас хосоор нь өмссөн хүн ганцаараа зүүн гартаа зурагтын хар төхөөрөмж барьсан, баруун талын мөрөн дээр хар өнгийн том зурагтыг мөрлөсөн байдалтай манай дэлгүүрийн зүүн урд талд ирээд замын хажууд зурагтаа газарт тавиад замын хажуугаас такси барих гээд 20 гаран минут зогсож байгаа харагдсан юм. Тэгээд зурагт авч явсан хүнд такси зогсоогүй. Тэгээд газар шорооны ажил хийж байсан хүмүүсээс дохиогоор ярилцаад зурагт авах уу? энэ сайн зурагт гэж эрхий хуруугаа дээш гозойлгоод байсан. Тэгээд тэр хүн зурагтаа аваад  манай дэлгүүрийн зүүн  хойд зүг рүү алхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-56х/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 156-157х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “...бичлэг бүхий СД 1 ширхэг, цоож зэргийг”  /хх-ийн 46, 63х/, Цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 57-62х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж , бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Ц.Г нь мөрдөн байцаалтад тухайн гэмт хэргийг 2 хүнтэй хамтарч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн мэтээр мэдүүлдэг боловч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэгт тусгагдсанаар тэрбээр ганцаараа уг зурагт болон төхөөрөмжийг тэвэрч барьсан байдалтай явж байсан төдийгүй авч явсан эд зүйлээ бусдад зарж борлуулах оролдлогыг дохио зангааны тусламжтайгаар илэрхийлэх гэж оролдож байсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Г нь дээрх хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Л.Бийн орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх, гэм буруутайд тооцох үндэслэл болох ба шүүгдэгч Ц.Г нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Гийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.  

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Л.Бэд тус гэмт хэргийн улмаас  985.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ц.Гөөс 985.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Ц.Г нь сонсолгүй, дүлий байдлын улмаас 100 хувийн группт байдаг, хог түүх, ажил хийх зэргээр ар гэрээ тэжээдэг, насанд хүрээгүй хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан хорих ялыг доод хязгаараар нь оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн сэтгэц эмгэг судлалын 1255 дугаартай дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ц.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, болсон үйл явдлыг дохионы хэлний тусламжтайгаар мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдсон /хх-ийн 85-86х/ байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэрбээр учруулсан хохирол төлбөрийг төлж барагдаагүй,  мөн түүний хувийн байдал  /өмнө 4 удаа ял шийтгэгдэж байсан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар дамжуулах ба сонордуулах мэдрэлийн дүлийрэл, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байдлын улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 100 хувиар хугацаагүй тогтоосон/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Г нь 13 настай охинтой гэх боловч энэ талаар нотолж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ц.Гийн насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг тухайн дүүргийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг цагаан өнгийн цоожийг тогтоол хүчин Т болмогц устгахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ц-гийн Гийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Гт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гөөс 985.000 /есөн зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Бэд олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, цагаан өнгийн цоожийг тогтоол хүчин Т болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийн насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлаа тухайн дүүргийн Засаг даргадаа хандаж шийдвэрлүүлэхийг  тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Ц.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ