Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 12

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2017 оны 01 сарын 03                             Дугаар 12                                           Баруун-Урт

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Дэнжийн 9-8 тоотод оршин суух Б.Норжмаагийн нэхэмжлэлтэй, 

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Дэнжийн 13-10 тоотод оршин суух Б.Батхуягт холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Норжмаа, хариуцагч Б.Батхуяг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Норжмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батхуяг бид хоёр 2013 онд танилцаж, дотно харьцаатай болж, 2014 оны 05-р сарын 13-ны өдөр хүү Жадамбыг төрүүлсэн. Бид гурав манай аав Баярнямынд хамт амьдардаг байсан. Батхуяг нь манайд байхдаа байнга хэрүүл маргаан өдөж, аав, ээжийн хажууд ч хамаагүй зодож балбадаг байсан. Түүний хэд хэдэн удаа зодсоныг өмнө нь цагдаад мэдэгдэлгүй өнгөрөөдөг байсан. Гэтэл 2014 оны 11-р сард намайг болон аавыг минь зодсон. Ингээд Цагдаагийн газар хандаж, гомдлоо гаргаж, Б.Батхуягт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Бид тухайн үед Батхуягийг ял шийтгүүлээд яахав гэж бодоод Цагдаагийн газарт гаргасан гомдлоо буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэ үеэс эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байна. Батхуяг нь хүүхдээ эргэж тойрдоггүй, утсаар ч ярьдаггүй, ямар ч холбоогүй болсон. Миний хувьд бага насны хүүхэдтэй болохоор ажил төрөл хийдэггүй, аав маань хараагүй, ээж аавыг асардаг. Нэгэнт Б.Батхуяг бид хоёр дахин хамт амьдрах боломжгүй болсон тул хүү Жадамбын эцэг нь Б.Батхуяг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Батхуяг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Норжмаагийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Б.Норжмаа бид хоёр 2014 онд танилцаж, бидний дундаас 2014 оны 05-р сард хүү Жадамба мэндэлсэн. Би 2015 оны 03-р сар хүртэл тусдаа гарч амжаагүй учир хадам аавындаа амьдардаг байсан. Сүүлдээ Норжмаа бид хоёр хоорондоо таарч нийлэхгүй болоод бид хоёр 2015 оны 03-р сараас хойш тусдаа амьдрах болсон. Манай хадам аавынд ахуйн хүрээний архидалт их болдог байсан. Норжмаа нь надад хэлэхгүйгээр манай ажил дээр очоод миний цалинг авчихдаг байсан. Энэ шалтгаанаар сайдаж мууддаг байсан. Хүү Жадамба нь миний хүүхэд мөн тул хүүхдийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг төлнө. Маргах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Норжмаа нь хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Б.Норжмаа, Б.Батхуяг нар нь 2013 оноос эхлэн дотно харьцаатай болж тэдний дундаас хүү Жадамба 2014 онд төрж, эрүүл энх бойжиж байгаа ба хүү Жадамбын эцэг нь хариуцагч Б.Батхуяг мөн болохыг хүлээн зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, мөн  тэдний дундаас  хүү Н.Жадамба нь  2014 оны 05-р сарын 13-ны өдөр төрж, эрүүл энх бойжиж байгаа болох нь Н.Жадамбын №2201000232 тоот төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Норжмаа овогтой Жадамбын эцэг нь Бат-Өлзий овогтой Батхуяг мөн болохыг тогтоож, хариуцагч Б.Батхуягаар хүү Жадамбыг тэжээн тэтгүүлж,  хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Норжмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 982200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28123 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2014 оны 05-р сарын 13-ны өдөр төрсөн Норжмаа овогтой Жадамбын эцэг нь Бат-Өлзий овогтой Батхуяг мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 05-р сарын 13-ны өдөр төрсөн хүү Жадамбыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Бат-Өлзий овогтой Батхуягаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасныг баримтлан Б.Норжмаа, Б.Батхуяг нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх хүлээх учиртай болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Норжмаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2  дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогот, хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 982200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28123 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсвийн орлогот оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.БОЛОРМАА