| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1319/Э |
| Дугаар | 1370 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 1370
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Х-ын Гд холбогдох 1908053861700 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1998 оны 09 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Үндэсний биеийн тамирын дээд сургуульд волейболын багш, дасгалжуулагчийн 4 дүгээр курсэд суралцдаг, “Жи бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, жамсран уулын өвөр ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягийн тодорхойлолттой боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, АОС-ын ... тоотод оршин суудаг гэх,
урьд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүхийн 967 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, Н овогт Х-ын Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х-ын Г нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” баарны гадаа Б.Д-ыг гараа атгаж байгаад цохисны улмаас зүүн чихний хэнгэргэн хальсыг цоолж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 7-8х/, гэрч О.Мын мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч М.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 10-11х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12531 дугаартай дүгнэлт /хх-ийн 16х/, шүүгдэгч Х.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 35х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 36х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44х, 45-48х/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 49х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 54х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 55х/, шүүгдэгч Х.Ггийн мэдүүлэг /хх-ийн 26-27х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” баарны гадаа Б.Д-ыг “хувцаснаас татаж чангаалаа” хэмээн уурлаж гараараа Б.Дын зүүн чих болон толгойн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Ж караокед найз О.Мтай хамт пиво ууж байгаад караоке хаалгаа бариад О.М бид хоёр караокегаас гарч ирээд байж байгаад миний О.М гар утас нь алга болсон байна гээд Жавхлант караокены хамгаалагч нараас асуухаар очсон чинь манай найзыг нэг хамгаалагч нь зодоод байхаар нь би яаж байгаа юм бэ гээд салгах гээд очсон чинь намайг тэр хамгаалагч залуу бас цохиж зодоод байхаар нь цагдаа дуудсан юм. ...Би тэр хамгаалагч залууг танихгүй. Тэр хамгаалагч Г гэх залуу миний зүүн чихэнд гараараа цохиод намайг газар унах үед дээрээс нэмж толгой руу цохих үед нөгөө хамгаалагч салгасан. Одоо миний зүүн чихний хэнгэргэний халь цоорсон байна. ...миний хоёр чих л шуугиад байна. Өөр өвдөж байгаа зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8х/,
Гэрч О.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз Б.Д намайг өмөөрч Гтай маргалдаж байгаад түүнд толгой чих рүүгээ цохиулж хэнгэрэг нь хагарчихсан гэж байсан. Би бол хүнд гар хүрээгүй, танихгүй залуустай муудаж агсам тавьсан нь үнэн. Миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Намайг бааранд орох үед гар утас байсан ч хүмүүстэй маргалдаад гадаа гарах үед алга болсон байсан тул олж авах гэснээс уг асуудал үүссэн. Одоо гар утсаа хаана хаяснаа мэдэхгүй тул үнэлүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
Гэрч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хамгаалагчийн ажлаа хийж байхад шөнө 02 цагийн үед бааран дотор хүмүүстэй согтуу залуус маргалдаад байхаар нь хоорондоо маргалдсан хоёр хүнийг гаргаж ирээд олон нийтийн газар маргалдаж болохгүй гэж сануулаад буцаж оруулаад байж байхад согтуу гурван залуугийн нэг нь агсам тавиад ширээ сандал өшиглөж, хүмүүс рүү пивоны шил барьж дайраад байсан. Би хамгаалагч Ггийн хамт тэр гурван залууг хүчээр гаргахад өндөр залуу нь намайг цохих гээд дайраад байхаар би баруун гараараа нэг удаа нүүр рүү алгадсан тэр үед намхан залуу ирээд би найзыгаа аваад явлаа гэсэн. Тэгээд Г тэр гурван залууг аваад гарсан. Би хэсэг байж байгаад араас нь гарахад Г намхан залуутай шатан дээр барьцалдаад хэвтэж байхаар нь би тэр хоёрыг босгоод Г намхан залууг юм ярина гээд дагуулж алхаад тэр намхан залууг нүүр рүү нь гараараа нэг удаа алгадсан. Тэгээд эргээд харахад Г намхан залуутай муудалцаад байхаар нь би намхан залууг нь салгаад явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12531: “...Б.Дын биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 16х/,
Шүүгдэгч Х.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Ж бааранд хамгаалагчийнхаа ажлаа хийж байхад гаднаас үл таних дөрвөн залуу орж ирээд бааранд сууж пиво захиалж ууцгаасан. Удалгүй дотор бүжиглэж үйлчлүүлж байсан хүмүүстэй маргаан үүсгээд байхаар нь тэр залуусыг гурван удаа гаргасан чинь буцаж орж ирээд үйлчлүүлэх гээд байсан, тэр дундаас /залуу сүүлд нэрийг мэдсэн/ Д бид нар асуудал гаргахгүй найзуудыгаа аваад явчихна гэж гуйгаад байхаар нь түр суулгасан чинь хажууд сууж байсан залуустай хамт явсан /сүүлд нэрийг мэдсэн/ М гэх залуу маргалдаад байхаар нь би хамгаалагч Өын хамт очиход М Өын өөдөөс салаавч гаргаад байхаар нь бид хоёр тэр залуусыг хөөж гаргаад Мыг би хаалгаар түлхээд гаргатал намайг татаж унаад бид хоёр дээр доороо орж байтал Д хүрч ирээд миний хувцас тэлээнээс татаад хоёулаа уулзъя гэж татаж чангаагаад байхаар нь би гарыг тавиулах гэтэл Д миний салтаа руу тэлээнээс барьж байсан гараараа түлхэж цохиод байхаар нь би түүнийг гараа атгаж байгаад буруу зүүн шанаа хацар орчимд хоёр удаа цохисон юм. ...Би үйлдсэн хэргээ зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х.Г нь тус бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлэгч нартаа зөв шаардлага тавих, гэмт хэрэг үйлдэгдэх ямарваа нөхцөл байдал үүссэн тохиолдолд цагдаад мэдэгдэх, таслан зогсоох арга хэмжээг хууль ёсны дагуу авахын оронд хүч хэрэглэхээ урьтал болгож тухайн байгууллагаар үйлчлүүлж байсан иргэн хохирогч Б.Д-ыг “бие болон хувцсанд хүрлээ, хувцаснаас чангаалаа” гэсэн шалтгаанаар зодож, хохирогчийн зүүн чихний хэнгэргийг цоолсон буюу эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Х.Гн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч нь холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч Х.Г нь түүнд 200,000 төлсөн гэх боловч ямар нэгэн баримтгүй байх тул хохирогч Б.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа нотолсон баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Ггаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...Би өмнөх торгуулийн ялыг биелүүлсэн байгаа. Би төгсөх курсийн оюутан, бас ажил хөдөлмөр эрхэлдэг тул энэ байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Х.Гд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг арилаагүй, шүүгдэгч Х.Гн хувийн байдал /тэрбээр оюутан, мөн давхар ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан Х.Гд 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Х-ын Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд 1350 /нэг мянга, гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая, гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гд оногдуулсан 1350 /нэг мянга, гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая, гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Д нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Ггаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ