Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 14

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2017 оны 01 сарын 04                             Дугаар 14                                     Баруун-Урт

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4-р баг, сумын төвд оршин суух Чүлтэм овогт Монхооны Сумъяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Сумъяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1981 оны 03-р сараас 1990 оны 07-р сарыг дуустал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үеийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учир ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд 1981 оны 03-р сараас 1990 оны 08-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Чүлтэм овогт Монхооны Сумъяа нь 1981 оны 03-р сарын 01-ээс 1990 оны 08-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2014 оны 12-р сарын 13-ны өдрийн 392/15 тоот цалингийн лавлагаа / Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар 1981-1990 онуудад ажилаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий/, гэрч Ш.Чулуунбаатарын шүүхэд өгсөн: М.Сумъяа нь 1980 онд Үржинхүүтэй гэр бүл болж, 1981 оноос миний хариуцаж байсан суурьт туслах малчнаар ажиллаж байсан. Би 1982 онд нэгдлийн аж ахуйгаар ажилд ороход миний суурийг авч үлдэж байсан. Нэгдэл хувьчлагдахад 1992 онд би эдний сууриас ирж хонь авч байсан. М.Сумъяа нь 1981-1991 онуудад тасралтгүй хонин суурь маллаж байсан хүн юм. М.Сумъяатай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1964-1981 он хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар, 1982-1992 онуудад мөн нэгдэл аж ахуйгаар тус тус ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч З.Дуламын шүүхэд өгсөн: “М.Сумъяа нь 1981-1990 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд манай туслах малчнаар ажиллаж байсан. Нэг жил орчим ажиллаад манай нөхөр Ш.Чулуунбаатар нэгдлийн аж ахуйгаар ажилласан. Тухайн үед манай хонин суурийг хүлээн авч хонин суурийн ахлагчаар ажиллаж байсан. 1991 онд нэгдэл тараад өмч хувьчлал явагдах үед манайх эдний сууриас хувьчлалын малаа авч байсан. М.Сумъяатай хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Би 1973-1991 онуудад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид нэг нутаг усанд, нэг баг, бригадад олон жил хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Чүлтэм овогт Монхооны Сумъяа нь 1981 оны 03-р сарын 01-ээс 1990 оны 08-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.Сумъяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Чүлтэм овогт Монхооны Сумъяа нь 1981 оны 03-р сарын 01-ээс 1990 оны 08-р сарын 01-ийг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Дарьганга” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч М.Сумъяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА