| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0292/Э |
| Дугаар | 0326 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 0326
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Н.Ундрах,
хохирогч Л.Д, Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч Л.Цэндоо,
шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Лд холбогдох 1908046090253 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Партизанд мал малладаг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, Б овогт Цийн Л /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Ц.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Халзангийн Давааны ам гэх газарт Л.Дтай “Давааны ам гэх газарт гүү, мал барина, бариулахгүй” гэж маргалдсаны улмаас таарамжгүй харьцаа үүсгэн, архи ууж байсан шилэн стакан шидэж, түүний эрүүл мэндэд нь зүүн чамархайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол, мөн “Аавыгаа өмөөрлөө” гэх шалтгааны улмаас Д.Эыг нурууны зүүн хэсэгт болон зүүн шанаа руу нь хутгалж, эрүүл мэндэд нь бүсэлхий, эрүүнд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол yчpyyлcaн,’ гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Нарангийн энгэрийн оршуулгын хойно халзангийн давааны аманд байх гэртээ би ганцаараа байж байгаад саахалт айлын Д бид 2 хамтдаа уруудсан. Тэгээд замдаа Дтай таарч оршуулгын дээд талд пиво хувааж уусан. Тэгээд бид 3 хамтдаа Д ахын гэрт очиж архи хувааж уусан. Тэнд бид 3-аас гадна Дын эхнэр, бас нэг жолооч залуу байсан. Тухайн үед Д ах намайг эхлээд алгадсан, тэгээд бид 2 муудалцаад би стакан шидсэн юм шиг байсан. Би тухайн үйл явдлыг сайн санахгүй байна, учир нь би согтуу байсан. Э манайд намайг ална гэж ирсэн гэсэн. Бас намайг эхэлж цохисон гэсэн, би юу ч санахгүй байна. Дыг цохисноо муухан санаж байгаа, харин Эыг хутгалснаа санахгүй байна. Д нь маргааш намайг тэр газраас хөөсөн, манайх малаа аваад хойшоо нүүсэн байгаа. Би хутга авч явдаггүй, Д өөрөө ч мэдэж байгаа шүү дээ. Би эмнэлэгт байхад хохирлыг төлсөн, манай эхнэр 600.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Одоо би хохирол төлөхгүй, төлөх боломж ч байхгүй” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “..Тухайн өдөр Д, Л бид 3 архи уусан. Л бид нар маргаад Л гарахдаа миний толгойг хагалчхаад гарсан. Энэ хүн Дыг болгох гэж их үзсэн. Манай рүү Э дараа нь ирж миний толгойг харчихаад яваад өгсөн, тэгсэн Лд хутгалуулсан байсан” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг гэртээ байж байхад Туяа эгч утсаар яриад танай аав, Л 2 алга байна, хайгаад олдохгүй байна гэхээр нь би орой явж очиход аав цустайгаа холилдсон байхыг нь харчхаад гараад явж байхад Д тааралдаад “танай аавыг чинь Л цохисон” гэж хэлэхээр нь түүнийг хайгаад гэрт нь очиход байхгүй байсан. Тэгээд машиндаа суугаад явж байхад Л нь жалганд байгаа нь машины гэрэлд харагдсан. Намайг машинаас буугаад очиход Л ах шууд хутгалсан ба тэр үед Л ахын хүүхэд Хуягаа гүйгээд ирэхээр нь би “танай аав намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн Хуягаа аавыгаа татаж аваад байж байтал Л ах ахиад хүрч ирээд миний эрүүн тус газар хутгалсан. Мөн цээжний хэсэгт 2 газар зүсэгдсэн байгаа. Л ахын гарт цагаан юм гялалзаад байсан. Би энэ зүссэн асуудлыг үзүүлээгүй, яах юм гээд орхисон, зөвхөн хутгалагдсан шархаа үзүүлсэн байгаа. Би цэргийн эмнэлэгт оёдол тавиулсан, 6 хоног хэвтэж эмчлүүлсэн байгаа. Гомдолтой байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөн талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Дын мэдүүлэг /хх-ийн 25-27х/, хохирогч Д.Эын мэдүүлэг /хх-ийн 28-29х/, гэрч Л.Гийн мэдүүлэг /хх-ийн 14х/, гэрч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 15-16х/, гэрч Г.Дын мэдүүлэг /хх-ийн 92-93х/, гэрч Ч.Баяраагийн мэдүүлэг /хх-ийн 93-94х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10746 дугаартай дүгнэлт /хх-ийн 19х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10745 дугаартай дүгнэлт /хх-ийн 20х/, Ц.Лгийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 44х/, мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 45х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 49х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 50х/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 51х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52х/, шүүгдэгч Ц.Лгийн мэдүүлэг /хх-ийн 111-113х, шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 6 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Халзангийн Давааны ам гэх газарт иргэн Л.Дтай “гүү, мал барина, бариулахгүй” гэх асуудлаас үүдэн маргалдсаны улмаас архи ууж байсан шилэн стакан шидэж, түүний эрүүл мэндэд нь зүүн чамархайд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол,
мөн тус өдрийн орой 21 цагийн орчимд хохирогч Л.Дын хүү Д.Эыг “аавыгаа өмөөрлөө” гэх шалтгаанаар нурууны зүүн хэсэгт болон зүүн шанаа руу нь хутгалж, эрүүл мэндэд нь бүсэлхий, эрүүнд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Л.Дын өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн энгэрийн оршуулгын хойно халзангийн давааны аманд ...17 цагийн үед хажуу айлын Лгийн хамт доошоо уруудаж явж байгаад зүс таних Дтай тааралдаж бид гурав нийлээд 2.5 литрийн хэмжээтэй пиво нэгийг хувааж уугаад дараа нь манай гэрт очоод 2.5 литрийн хэмжээтэй пиво гуравыг хувааж уугаад Д, Л хоёр хоорондоо морь ярьж байгаад маргалдсан. Тэгсэн Л гэрээсээ гарахдаа нэг юмаар миний толгой руу цохичхоод гараад явчихсан. Би ч бас согтсон байсан болохоор бас Лд хандаж чиний гүүг энд бариулахгүй, энэ тэр гэж олон юм хэлсэн юм шиг байгаа юм. Дын хэлснээр Л таны толгой руу пиво ууж байсан шилэн зузаан стакан шидчихлээ гэсэн. Би зарим зүйлээ санахгүй байна. ...Сүүлд Д бид хоёр гэрээс гарч Лг хайгаад явж байхад хүү Э хүрч ирээд таны толгойноос цус гараад байна ш дээ гэхээр нь би Л нь нэг юмаар цохичхоод зугтаачихлаа гэхэд Э машинаа унаад Лг хайгаад явсан. Бид нар хайж байгаад Лгийн гэрийн баруун урд талд жалганы хажууд хүү Э, Л хоёр барьцалдсан байхаар нь очиход хүү Эын нурууны зүүн хэсэгт, зүүн шанаанд зүсэгдсэн шархтай цус гарсан байсан. Би Эаас юу болсон талаар асуухад Л намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27х, 82х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10745 дугаартай: “...Л.Дын биед зүүн чамархайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20х/,
Хохирогч Д.Эын өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ...би хойно аавын гэрт яваад очиход аав Д, Л, Д нар нийлж пиво уугаад Л ах аавын толгойг юмаар цохиод цус гаргасан байсан. Тэр үед миний уур хүрээд Л ахын гэрийн гадаа очиж “хаана байна, ална” гэж орилоход эхнэр Туяа, хүү Ганхуяг нар нь “гэртээ байхгүй ш дээ, юу болсон юм” гэсэн. Би “Л ах аавын толгойг хагалчихсан байна алга” гэж хэлээд машиндаа суугаад явж байхад Л ах жалганы хажууд явж байсан. Би машинаасаа буугаад Л ахтай барьцалдаж аавын толгойг хагалсан байна гэж хэлэхэд Л ах гартаа барьсан гялгар зүйлээр нурууны зүүн хэсэгт нэг удаа хатгаад би доошоо суухад зүүн шанаа руу ахин нэг удаа хатгасан. Тэр үед Ганхуяг ирж салгаад намайг авч явж Туяа эгч, Л ах хоёр тэндээ үлдсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 64х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10746 дугаартай: “2019.09.02 СРТ: “...хэвлий хөндий бага аарцгийн хөндийн соронзон резонанст томограммуудад хэвлий хөндий, бага аарцгийн хөндийн цуллаг болон хөндийт эрхтэнүүдэд илэрхий гэмтлийн өөрчлөлтгүй, сул шингэн хий тодорхойлогдохгүй, арьсан доор хий тодорхойлогдохгүй, яснуудад илэрхий гэмтлийн өөрчлөлтгүй” гэх,
“...Д.Эын биед бүсэлхий, эрүүнд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19х/,
Гэрч Л.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “...Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, орбитын ... тоот гэртээ машинаа янзалж байхад хажуу айлын Э ирээд Л хаана байна, аавын толгой хагалсан байна, одоо ална гээд байсан. Би Э ахад “аав гэртээ байхгүй байна, юу болсон юм бэ” гэхэд машиндаа суугаад явчихсан. Би араас нь ээжтэй цуг явж байхад аав гэрийнхээ доохон талд явж байсан ба Э ах аав дээр түрүүлж очоод барьцалдсан, наанаас нь би ээжтэй хамт очиход, цаанаас Д ах бас хүрээд ирсэн. Тэгээд бид гурав Э ах, аав хоёрыг дундуур нь орж салгахад Э ахын нуруу, зүүн шанаанаас нь цус гараад би алчуураар дараад машинд нь суулгаад аваад явсан. Би хутгалж байгааг хараагүй, ямар хутга байсныг мэдэхгүй байна. Аав, ээж хоёр Д ахтай үлдсэн. ...Э ах гэрт ирээд аавыг асуухдаа бие нь зүгээр байсан. Ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... тоот гэртээ хүү Ганхуягийн хамт байж Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Нарангийн энгэрийн оршуулгын ард халзангийн давааны аманд байдаг хөдөө гэртээ очиж, хүү үхрээ хураагаад, би үнээгээ сааж байхад хажуу айлын Э гэрийн гадаа ирээд “Лг ална, миний аавын толгойноос цус гарсан байна, Л зодсон байна” гээд байсан. Би гэрт байхгүй байна гэж хэлэхэд Э машиндаа суугаад уруудаад явсан. Би хүү Ганхуягийн хамт араас нь явж очиход Э, Л хоёр хоорондоо барьцалдсан байсан. Хүү Ганхуяг түрүүлж очоод тэр хоёр дундуур орж салгаж байгаад эргээд харахад “Э хутгалуулчихлаа” гээд биеийн зүүн тал нь цус болчихсон байсан. Би хүүдээ цусыг нь дараад аваад яв гээд Э, Ганхуяг хоёрыг явуулсан. Эын биед учирсан гэмтлийг нөхөр Л учруулсан, Э өөр хүнтэй барьцалдаж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х/,
Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л би энэ газарт гүү мал барина, цагаан сарын айргаа хийх гээд байна гэж хэлэхэд Д ах “хотын А бүсэд мал байлгахгүй, чи аштайхан малаа байлгаж байгаад хаврыг үзээд малаа аваад явцгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Л “чи энэ газрыг өмчлөөд авчихсан, чиний газар нутаг юм уу” гэж хэлээд пиво ууж байсан шилэн сэнжтэй стаканыг аваад нүүрний зүүн нүдний дээд хэсэг рүү нь шидчихээд шууд гараад явчихсан. Д ахын зүүн нүдний дээд хэсгээс цус гоожоод байхаар нь би даавуугаар цусыг нь арчиж өгөөд байж байхад Д ахын хүү Э гаднаас орж ирээд юу болсон бэ, та ямар учиртай хүн юм бэ гэж асуухад би Д ахын хуурай дүү нь байгаа юм, Л аавын чинь толгойг хагалчхаад зугтаачихлаа гэж хэлсэн. ...би араас нь гараад булгын зүгт явган явж байхад хажуу талд цэнхэр өнгийн Вонго машин ирж зогсоод, уг машиныг Лгийн хүү барьчихсан, хажуу талын суудал дээр Д ахын хүү суучихсан, намайг Л ах хутгалчихлаа, манай ээж ирж байгаа, үнэн зөвөөр хэлээрэй гэж хэлсэн. Эын зүүн талын эрүүний орчим цус болчихсон, баруун талын бүсэлхий орчим газраа гараараа дараад байх шиг байсан, харин Лгийн хүү балай юм боллоо. Гэмтлийн эмнэлэг явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93х/,
Гэрч Ч.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчим манай нөхөр Д миний гар утас руу залгаж “Л миний толгойг хагалчихлаа, харин хүүг маань хутгалчихлаа” гэж надтай утсаар ярьсан. Тэгээд нөхөр Дыг аваад гэмтлийн эмнэлэг очоод нөхрийнхөө толгойд 8 см оёдол тавиулсан. Гэмтлийн эмнэлгээс хөдлөөд Цэргийн төв эмнэлэг дээр очсон. Тэгэхэд хүү маань хагалгаанд орно гэж байсан. Коридорт Лгийн эхнэр Туяа бид хоёр зогсож байхад Туяа уйлаад “айлын ганц хүүг Л муу новш олон удаа хутгалж хүн алах нь байна шүү дээ, би одоо таны өмнөөс хэлэх үг алга, Л гутлын түрийндээ байнга л жижиг цагаан хутга авч явдаг уг хутгаараа морины дэл сүүл, сур янзалдаг” гэж хэлж байсан. Мөн уг жижиг цагаан хутгаараа өдөр үхрийн шир хусаад байж байсан гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94х/ болон бусад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Тус хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Ц.Л, хохирогч Л.Д, гэрч Г.Д ... нар нь нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хоорондоо морь уралдуулах, гүү барих зэрэг асуудлыг хөндөж ярилцаж байх үедээ үзэл бодол нь нийлээгүйн улмаас хоорондоо маргалдаж улмаар шүүгдэгч Ц.Л нь ууж байсан пивоны шилэн аягыг хохирогч Л.Дын нүүрний зүүн хэсэг рүү шидэж гэмтэл учруулсан болох нь хохирогч Л.Д, гэрч Г.Д нарын мэдүүлэг зэргээр, Л.Дын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээчийн 10745 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Ц.Л нь Л.Дын хүү Д.Эыг өөр дээр нь явж очиход нь “аавыгаа өмөөрч ирлээ” гэх шалтгаанаар /хутга/ зэвсэг хэрэглэж, түүний бүсэлхий болон эрүүнд хутгалж гэмтэл учруулсан болох нь хохирогч Д.Эын тогтвортой мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсоноос гадна гэрч Л.Г, Б.Т, Г.Д нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байх тул хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадсан гэж үзэхээр байна.
Хэдийгээр шүүгдэгч Ц.Л нь Д.Эыг хутгалснаа санахгүй байна, хутга авч явдаггүй гэж мэдүүлсэн боловч хохирогч Д.Эын “...Ц.Лгийн гарт цагаан юм гялалзаад намайг хутгалсан гэж”, гэрч Л.Гийн “...Э ах, аав хоёрыг дундуур нь орж салгахад Э ахын нуруу, зүүн шанаанаас нь цус гараад...” гэж, гэрч Ч.Баяраагийн “...Лгийн эхнэр Туяа бид хоёр зогсож байхад Туяа уйлаад “айлын ганц хүүг Л муу новш олон удаа хутгалж хүн алах нь байна шүү дээ, Л гутлын түрийндээ байнга л жижиг цагаан хутга авч явдаг, уг хутгаараа морины дэл сүүл, сур янзалдаг” гэж хэлж байсан. Мөн уг жижиг цагаан хутгаараа өдөр үхрийн шир хусаад байж байсан гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн, мөн шинжээчийн 10746 дугаартай дүгнэлтэд “...Д.Эын биед бүсэлхий, эрүүнд хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна” гэж тусгагдсан байх тул шүүгдэгч Ц.Лг хутга хэрэглэж хохирогч Д.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэснээс шалтгаалан юу хийснээ мэдэхгүй, санахгүй байна гэсэн нь түүнийг гэм буруугүйд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Лгийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д, Д.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Л.Дын хувьд шүүгдэгч Ц.Лгээс хохирол нэхэмжлэхээс татгалзсан байна.
Харин хохирогч Д.Э нь олох байсан орлого гэж 6.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 2.382.000 төгрөг, нийт 8.382.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх-ийн 54х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч Д.Эын гаргаж өгсөн баримтуудыг харьцуулан үзэж, үнэлж дүгнэхэд зарим баримтууд нь тус хэрэгт хамааралгүй баримтууд авагдсан буюу бөөрний эмчилгээндээ зарцуулсан /тус гэмт хэргийн улмаас бөөр болон дотор эрхтэн гэмтээгүй болох нь КТГ болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ дүнг оруулж нэхэмжилсэн байх тул дээрх зардлын үнийн дүн болох 910.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Хохирогч Д.Э нь эмчилгээнд 702.000 төгрөг, эмнэлэг явахад зарцуулсан шатахууны зардалд 50.000 төгрөг, нийт 752.000 төгрөг зарцуулсан гэх баримтуудыг тус хэрэгт хамааралтай хэмээн үзэж шүүгдэгч Ц.Лгээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ц.Л нь хохирогч Д.Эад эмчилгээнд нь зориулж 240.000 төгрөг төлсөн байх тул хасаж тооцон /752.000-240.000=512.000/ 512.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Д.Эын нэхэмжилж буй нэхэмжлэлээс олох байсан орлого гэж нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийг энэ тогтоолоор гаргах боломжгүй байна. Учир нь, тус орлогыг нэхэмжилж, гаргаж өгсөн 3 компанийн тодорхойлолт нь огноо, дугааргүй, мөн түүний олох ёстой байсан орлогын хэмжээг бүрэн илэрхийлэх баримт бус байна. Иймд хохирогч Д.Э нь энэхүү нэхэмжлэлийг хангалттай нотолсон баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.
Мөн Д.Э нь цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ гэх тул цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Лгээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.Лгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан баримтуудад шүүгдэгч Б.Л нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, орлого олдог эсэх талаар баримтгүй, мөн үйлдсэн гэмт хэргийн шинж, 2 хүний эрүүл мэндэд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэмтэл учруулсан, хохирлыг төлж барагдуулаагүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цийн Лг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лг 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Эын нэхэмжлэлийн дүнгээс 910.000 /есөн зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Ц.Л нь хохирогч Д.Эад 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лгээс 512.000 /таван зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эад олгож, хохирогч Д.Э нь цаашид эмчилгээ хийлгэх зардал болон олох ёстой байсан орлого зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Лгээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ