Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0922/З |
Дугаар | 40 |
Огноо | 2018-01-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 40
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранчимэг, иргэдийн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ТББ,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл,
Гуравдагч этгээд: “М” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “М” ХХК-ийн Увс-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Ц, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С, гэрч С.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ТББ-ын тэргүүн Я.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Төслийн талаарх орон нутгийн санал шийдвэр, баг, хороо иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, огноо дугаар, аймаг сумын санал гэж ирсэн. Мөн хариуцагчаас гарч байгаа болон эрх бүхий байгууллагаас гарсан усны дүнгийн нөөцийн мэргэжлийн дүгнэлтийг олж хардаггүй. Хэрэв хариуцагч байгууллагаас нэг технологийн алдаа гарлаа гэхэд усны цэвэр усны нөөц болон тэнд хүчтэй хорын асуудал үүслээ гэхэд бүхэл бүтэн Увсын хотгор тэр чигээрээ ундны эх үүсвэргүй болох аюултай байдал бий болох учраас ямар байгууллагын дүгнэлтээр нотлогдож байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шинжээч өөрөө бүрдүүлбэрийг нь бүрдүүлэхдээ орон нутгийн санал шийдвэрийг иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл гээд заагаад өгсөн байдаг.
Төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа орон нутгаа хариуцдаг. Манайх Монголын гол нуруудын нэгдсэн х*******ий гишүүн байгууллага. Энэ байгууллага нь өмнө шүүхэд хандаж байсан туршлага байдаг. Засгийн газрыг хууль хэрэгжүүлээгүй гэдэг зүйлээр, мөн байгальд учруулсан хохирлын хэмжээг барагдуулаагүй гэдэг үндэслэлээр шүүхэд хандаж байсан. Манай байгууллага нь Увс аймагт үйл ажиллагаагаа явуулдаг учраас нэхэмжлэл гаргасан. Монголын гол нуруудын нэгдсэн х*******ий гишүүн байгууллага нь Монгол даяар явагдсан.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох шийдвэр хууль бус болохыг тогтоох гэдэг зүйл заалтаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Мөн шинжээчийг шүүмж хийх үед газрын тосны хайгуул хийх энэ төслийн нарийвчилсан үнэлгээг боловсруулахад, Засгийн газрын журам дээр заагдсан мөн хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн газрын даргын ерөнхий мэргэжлийн зөвлөлийн даргын журмуудад заагдсан, төслийн талаарх орон нутгийн санал шийдвэр, өөрөөр хэлбэл баг хороо, иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, огноо дугаар, аймаг, сумын санал гэх мэтчилэн зүйлүүд маргаан бүхий байгаа үнэлгээний тайланд хавсаргагдсан уу, тэр тал дээр тодорхой шүүмж гаргаж байсан уу, үүнийг асууж байгаа шалтгаан нь Байгаль орчны яамны архивт байгаа зүйлд үзлэг шүүхийн санаачлагаар хийсэн. Энэ үзлэгээр баримтууд огт байхгүй байсан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: “...Тайлангийн хурал нийт гишүүдийн ил санал хураалтаар шийддэг учир дахин түүн дээр түүнийг баталсан баримт бичиг гаргах шаардлагагүй байдаг. Ил санал хураалтаар асуудлыг шийддэг. Тайлангийн хурлын процедурын асуудлыг илүүд шүүмжилж байна. Энэ нь хууль батлагдсанаас хойш ийм процессоор хэрэгжсээр ирсэн. Дан ганц процедуртай холбоотойгоор хурлын тайланг хүчингүй болгоно гэж байхгүй. Иймд хурлын тэмдэглэлээрээ үйл ажиллагаа хууль ёсны гэдгийг баталдаг, хохирол учирна гэж дүгнэх боломжгүй юм.
Мөн өмнө явуулж байсан үйл ажиллагаанд Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж болохуйц төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан. Үүн дээр ямар нэгэн гомдол чирэгдэл, олон нийтийн эрх зөрчигдсөн асуудал гараагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газраас бодлогын хүрээнд газрын тосны салбар хоёр хөршөөс хамааралтай байна гэсэн стратегийн ач холбогдлыг үнэлж хөрөнгө оруулалтыг тухайн салбарлуу аль болох их хэмжээгээр оруулж ирэхийг зорьдог. Зорилгынхоо хүрээнд гэрээ байгуулж энэ ажил явагдаж байна. Монголд тогтсон жишгээр үнэхээр ажил хийх боломжтой гэж ойлгож гадаадын хөрөнгө оруулалтад орж ирдэг боловч нэг бэрхшээлтэй тулгардаг. Орон нутагийн удирдах байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүрэг нь тухайн төслийг дэмжиж ажиллах үүрэгтэй байдаг боловч үүргээ хэрэгжүүлдэггүй нь эргээд хуулийн хариуцлага тооцох үндэслэл болохгүй байх жишээтэй. Манай байгууллага ажлаа зогсоосон байгаа шалтгаан бол эсэргүүцэл юм.
Шүүх ажиллагаа явагдаж байгаа учраас бид нар жил гаран ажиллаагүй. Тийм учраас дээрх асуудлыг харгалзан үзэж компанийн хувьд бол бүр зүйл хууль журмын дагуу Монгол Улсын төлөөлж байгаа байгууллагуудаас ажлаа зохистой хэмжээгээр хийж гүйцэтгэж явсан гэсэн хүлээлттэй байгаа. Хэрвээ энэ асуудал өөр талруугаа хөндөгдөх юм бол компанийн зүгээс зардлын асуудал гарах байх гэсэн хүлээлттэй байгаа. ” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгчийн хувьд ундны усны асуудал болон иргэдийн эрүүл мэндийн асуудал, Байгаль орчны тэнцвэрт байдал дээр эмзэглэж байгаа зүйл ажиглагдлаа.
Хариуцагчийн хувьд олон нийтийн оролцоог хангаагүй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа засгийн газар нь бүхэл бүтэн шийдвэрийг хурлын тэмдэглэлээр баталгаажуулах нь зүй зохистой хэрэг мөн үү. Шийдвэрээ цахим хэлбэрээр баталгаажуулах арга хэмжээг авсан бол ийм асуудал яригдахгүй байсан гэж дүгнэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад дараах хууль зүйн үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“А” ТББ нь “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, байгаль орчныг хамгаалах талаар саналаа холбогдох байгууллагад уламжлах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төсөл, зөвлөмж аргачлал боловсруулах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авчээ.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 162 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Увс-1 талбайд Газрын тосны газар болон “М” ХХК-ийн хооронд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Газрын тосны газар олгож, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Увс-1” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагджээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана”, 8.2-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Магес консалтант” ХХК нь малчин суманд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулж, Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар тус тайланг баталжээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ыг баталжээ.
Тус журмын 6 дугаар зүйлийн 6.4-д “Мэргэжлийн зөвлөл нь үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, шийдвэрийн төсөл, үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 6.5-д “Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.6-д заасны дагуу Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч гарын үсэг зурж албажуулна” гэжээ.
Дээрхээс дүгнэвэл Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаас тус журмын 6.4.1-6.4.3 заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар журамласан байх ба 6.4.1-д зааснаар тайланг баталсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр зөвшөөрөхөөр байна.
Гэтэл тус зөвлөлийн хуралдааны нарийн бичгийн дарга гэрч Л.Гүнбилэг “хуралдаанаас эрхийн акт гараагүй”, гэрч С.Баярцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “хуралдаанаас тусгайлсан эрхийн акт гардаггүй, хуралдааны тэмдэглэлээр зөвшөөрсөн шийдвэр нь баталгааждаг” гэжээ.
Нөгөөтэйгүүр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадалгаа хийнэ” 11.2-т “Хянан магадалгааны дүгнэлт гаргах хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч тогтоож, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр ажлын хэсэг томилон ажиллуулна” гэжээ.
Тус шүүхээс Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар шинжээчийн дүгнэлт /хянан магадлах асуулга бөглөсөн дүгнэлт/ хэлэлцүүлсэн эсэх, тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тодруулахаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн архивын баримт бичигт үзлэг хийсэн боловч шинжээчийн дүгнэлт дүгнэлт /хянан магадлах асуулга бөглөсөн дүгнэлт/ хадгалагдаагүй, хуралдааны тэмдэглэл нь аудио /дуу/ бичлэгээр хадгалагддаг гэх боловч мөн тус баримт нь байхгүй, мэргэжлийн зөвлөлөөс маргаан бүхий асуудлаар шийдвэр гаргасан, төсөл хэрэгжүүлэхийг албан бичгээр зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байх тул хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул дахин шинэ акт гартал Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “М” ХХК-ийн Увс-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хуралдаан нь эрх зүйн үр дагавар бий болгодог тухайлсан харилцааг зохицуулдаг онцлогтой байна.
Гэтэл 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл1 нотлох баримтаар авагдсан боловч уг хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал хэрхэн хэлэлцэгдсэн нь тодорхойгүй, ирцийн бүртгэл дутуу, шинжээчийн дүгнэлт /хянан магадлах асуулга бөглөсөн дүгнэлт/ хэлэлцүүлсэн эсэх нь тодорхойгүй, хуралдааны тэмдэглэлийн эх баримт байхгүй байх тул Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар “М” ХХК-ийн Увс-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан үйл ажиллагаа хууль заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэх хууль зүйн дүгнэлт хийж боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 эх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А******* н******* М******* х*******” ТББ-ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдох Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “М” ХХК-ийн Увс-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг дахин шинэ акт гартал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “М” ХХК-ийн Увс-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэр хүчингүй болохыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
М.БАТЗОРИГ
Г.МӨНХТУЛГА